Манай улс газар хөдлөлтийн эрсдэл өндөртэй, идэвхтэй бүсэд оршдог. Мөн үерийн аюул хот суурин газруудад ихээхэн хохирол учруулдаг. Энэ мэт байгалийн гамшигт үзэгдлүүдийн тоо, давтамж сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа нь аюулын харанга дэлдэж буй хэрэг юм. Гэтэл байгалийн гамшигт үзэгдлээс дутахгүй хор хөнөөлтэй эрсдэлт хүчин зүйлүүд ч бий болсоор буй юм. Үүний нэг нь ашиглалтын хугацаа дууссан, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон барилга, орон сууцууд. Нийслэл хот болон хөдөө орон нутагт хэдэн зуугаараа тоологдох ийм барилга, орон сууцанд хүн ажиллаж, амьдарсаар байгаа нь сэтгэл түгшээх асуудал мөн. Газар хөдлөлт байтугай ширүүхэн салхинд нурж унахад бэлэн ийм барилгуудын тооллогыг хийж, бүртгэлжүүлсэн ч шууд нурааж, устгах юм уу ашиглалтаас гаргах боломжгүй ажээ. Тиймээс яг хаана байрлалтай, ямар барилга нурах эрсдэлтэй болоод байгаа вэ гэдгийг олон нийтэд шууд зарлалгүй нууцалж буй юм байна.

Баримт дурдваас, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргасан 556 обьект бий гэнэ. Өнгөрсөн 2018 оны долдугаар сард Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, ээлж дараатайгаар нурааж, шинээр барилга барих шаардлагатай эдгээр обьектийн жагсаалтыг гаргажээ. Эдгээр 556 обьектын 244 нь нийслэл хотод бий. Үүний барилгын 54 нь нэн яаралтай нураах шаардлагатай бөгөөд эхнээсээ ан цав, хагарал үүсч нурж эхэлжээ. Улаанбаатарын хэмжээнд буй ашиглалтын шаардлага хангахгүй болсон дээр барилга, орон сууцанд 6000 гаруй хүн ажиллаж, амьдарч байгаа гэсэн судалгаа гарсан байна.

Гэхдээ энэ тоо улам нэмэгдэх магадлалтай. Учир нь улсын хэмжээнд бүх барилгуудад гамшиг, осолын үнэлгээ хийж паспортжуулах ажил явагдаж байгаа юм. Ийнхүү паспортжуулснаар ашиглалтын шаардлага хангахгүй барилгын тоо цаашид нэмэгдэнэ гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байна.

Ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй сургууль, цэцэрлэг, соёлын төвийн барилга, айлын орон сууцнуудыг 2022 оны гэхэд бүрэн нурааж, шинээр барихаар төлөвлөж улсын төсөвт жил бүр тодорхой мөнгө зарцуулахаар болжээ. Харамсалтай нь энэ ажил УИХ-ын түвшинд урагшилж өгөхгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл эрхэм гишүүд ашиглалтын шаардлага хангахгүй болж, хэзээ мөдгүй нурах гэж байгаа балгас мэт барилга, орон сууцнуудыг нурааж, шинэчлэхэд тун хойрго хандсан байна. Уг нь ийм барилгад хүн ажиллаж, амьдрах байтугай ойрхон явахыг ч хоригломоор. Гэвч гишүүдийн хувьд энэ асуудал чухал биш бололтой. Ингэж хэлэх болсны учрыг дор дурдъя.

Ашиглалтын шаардлага хангахгүй болсон обьектуудыг нурааж буулгахад шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгахад анхаараач гэж Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын бүх гишүүдэд албан бичиг хүргүүлжээ. Өнгөрсөн 2019 оны улсын төсөвт дээрх 556 обьектоос ердөө зургааг нь л буулгах зардлыг тусгуулжээ. Иймэрхүү байдлаар, жилд 5-6 объектийг л нурааж буулгана гэж үзвэл улсын хэмжээнд бүртгэгдсэн ашиглалтын шаардлага хангахгүй бүх барилгыг нурааж дуусахад 92 жил шаардагдах тооцоо гарч байна. Тэгэхээр үүнд хаа хаанаа анхаарал хандуулж, төсвийг нь дор хаяж 10 дахин нэмж байж ойрын 10 жилийн дотор актлагдсан барилгуудаасаа салахаар байгаа юм.

Уг нь хийх хүн аргыг нь олдог, хийхгүй хүн шалтаг олдог гэдэг. Энэ ажлыг нэлээд далайцтай хийе гэвэл УИХ-ын гишүүн бүр тойрогт нь хуваарилагддаг таван тэрбум төгрөгөөсөө тодорхой хэсгийг нь үүнд зарцуулахад болох юм. Даанч гишүүд УИХ-ын чуулганаар 2019 оны төсвийг батлах хэлэлцүүлгийн үеэр нэн тэргүүнд шаардлагатай бус, ач холбогдол бага хөрөнгө оруулалтуудад гол төлөв саналаа өгсөн байна. Энэ нь өнөө л сонгуулийн амлалт, популизмтай нь холбоотой гэдэг нь ойлгомжтой. Улсын онцгой байдлын комиссын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийн дэд даргын хувьд Шадар сайд Ө.Энхтүвшин дахин УИХ-ын гишүүдэд гишүүдэд дахин албан бичиг илгээж хэрвээ энэ жил улсын төсөвт тодотгол хийх юм бол тэргүүнд эдгээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгуудыг буулгах асуудлыг тусгуулаач гэж хүсчээ. Төсвийн тодотгол хийхгүй бол энэ жил нэмж актлагдсан барилга нураах боломжгүй. 2020 он сонгуулийн жил тул гишүүд шинэ байрны тууз хайчлахыг л бодохоос биш ашиглалтаас гарсан хуучин байшин нураахад таван тэрбумаа зарцуулахгүй л болов уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу