Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэх, дотооддоо хязгаарлалтад буй үйлчилгээний байгууллагуудыг халдваргүйтгэл, ариутгалын дор нээх зэрэг асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаар Нийслэлийн онцгой комиссын танилцуулга, мэдээллийг сонсож, цар тахлын нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой шийдвэр гаргасан байна. Тухайлбал, улс орны хэмжээнд мөрдөж буй өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг долоодугаар сарын 15 хүртэл сунгаж, энэ хугацаанд хязгаарлалтад орсон үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг шат дараатай нээхээр болжээ.
Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нар хэвлэлийнхэнд танилцууллаа.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг: Долооудугаар сард 3000 иргэнээ хилийн чанадаас татан авчирна
-Улсын онцгой комисс хуралдлаа. Мөн Монгол Улсын Засгийн газар хуралдаж зохих шийдвэрүүд гаргалаа. Улсын бэлэн байдлын зэргийг долоодугаар сарын 15 хүртэл сунгав. Үүнтэй уялдуулж дотооддоо аж ахуйн нэгж, байгууллагууд, ялангуяа хязгаарлалтад ороод байсан үйлчилгээний байгууллагуудаа шат дараатай нээхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Улсын онцгой комиссоос үүрэг, чиглэл болголоо.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 оронд “COVID-19” тархаж 10.4 сая хүн халдвар авч, 500 орчим мянган хүний алтан амь эрсдээд байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй холбоотойгоор улс орондоо дотооддоо халдвар тархаахгүйн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, төрийн шат шатны байгууллагууд анхаарал болгоомжтой ажиллаж байна. Цаашид хилийн чанадад байгаа иргэдээ тусгай нислэгээр татан авчирсаар байх болно. Зургаадугаар сард 2000 иргэнээ татсан бол долоодугаар сард Улсын онцгой комиссын тооцоолсноор 3000 гаруй иргэнээ тусгай үүргийн нислэгүүдээр татахаар төлөвлөж байна.
Үйлчилгээний байгууллагууд, тэр дундаа нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой, хүн амын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх аж ахуйн нэгжүүдийг эдийн засгийн үзүүлэлт, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт дээр үндэслэн үйл ажиллагааг нь нээнэ. Хүүхдийн зуслан, үйлчилгээний бусад газруудыг шат дараатай нээх чиглэийг аймаг, нийслэлүйн удирдлагуудад чиглэл болгож байна.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан: Компьютер тоглоомын газруудыг нээхгүй
-Улс, нийслэлийн эдийн засаг, ялангуяа хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын байрыг хадгалах чиглэлээр Улсын онцгой комисс, Засгийн газраас аймаг, нийслэлийн удирдлагуудад хэд хэдэн удаа үүрэг өгсөн. Улсын онцгой комиссын 2020 оны 24-р хуралдааны тэмдэглэлээр нийслэлийн Засаг даргад энэ талаар судалж танилцуулах үүрэг өгсөн. Энэ дагуу өнөөдөр Улсын онцгой комиссын хуралдаан дээр танилцуулга хийлээ.
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд болон мэргэжлийн холбоод бидэнд санал ирүүлсэн. Өмнө нь нийслэлийн Засаг даргын зүгээс болон Улсын онцгой комиссоос шийдвэр гарган, хэд хэдэн чиглэлээр үйлчилгээний байгууллагуудыг үе шаттай нээсэн. Бүх төрлийн дэлгүүр, худалдаа үйлчилгээний зарим байгууллага ялангуяа хоол үйлдвэрлэлийн байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттай нээсэн. ДЭМБ болон ЭМЯ-наас иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлсний үндсэн дээр ийм арга хэмжээ авсан. Саяхан музей, номын сангуудын үйл ажиллагааг нээсэн. Нийслэлийн онцгой комиссын хувьд жагсаал цуглаан болон нийтийг хамарсан спортын үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байгаа. Түүнчлэн дэлхий нийтэд хамгийн их эрсдэл үүсгэж байгаа үйлчилгээ болох бага насны хүүхдүүд олон цагаар нэг дор цуглардаг компьютер тоглоомын газрууд, диско бааруудыг нээхгүй байх чиглэл өгсөн гэлээ.
Нийслэлийн онцгой комиссоос Улсын онцгой комисын хуралдаанд компьютер тоглоомын газраас бусад хүүхдийн тоглоомын газруудыг нээх санал оруулжээ. Түүнчлэн биллиард, шашин, соёл, урлагийн газрууд, тухайлбал үзвэр үйлчилгээ буюу кино театруудыг тодорхой дэглэмийн дагуу үйл ажиллагааг нь явуулах юм байна. Ингэхдээ Улсын онцгой комиссын Шуурхай штаб дээр тухайн үйлчилгээний байгууллагуудыг ямар хэлбэрээр халдвар хамгааллын ажлаа зохион байгуулж, иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах арга хэмжээ авч, ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлсэн бэ гэдгийг нь харгалзан үзэж үе шаттай нээх чиглэл гарчээ.
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 25 зуслан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үйл ажиллагааг нь нээснээр эдгээр аж ахуйн нэгжид нийт 160 гаруй ажлын байр хадгалагдах юм байна. Хүүхдийн тоглоомын үйлчилгээ эрхэлдэг 24 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр 220 гаруй ажлын байр хадгалагдах бол соёл, урлагийн үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд тухайлбал 10 театр, чуулга, 21 кино театр зэрэг нийт 31 байгууллага нээгдсэнээр 750 гаруй ажлын байр хадгалагдах бололцоотой болох ажээ.
Нийслэлд энгийн баар 390 гаруй, караоке баар 460 гаруй, спорт баар 26, нийт 880 аж ахуйн нэгж энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ салбарт 5500 гаруй ажлын байр хадгалагдах тооцоо гарчээ. Нийт 1000 орчим байгууллагын 10 мянган ажлын байр идэвхжих бололцоотой, үүнээс ч илүүгээр нэмэгдүүлэх боломжтой гэж Улсын онцгой комиссоос тооцоолсон байна. Ингэхдээ үйлчилгээний байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ хийж, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргасны үндсэн дээр үе шаттайгаар нээнэ гэдгийг онцолж байгаа юм.
Өндөржүүлсэн бэлэн байдлыг долоодугаар сарын 15-наас хойш цуцлах боловч хил нээхгүй, гадаадаас иргэдээ тусгай үүргийн нислэгээр татан авчрах чиглэлийг Улсын онцгой комиссоос баримталж байгаа ажээ.