ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “COVID-19”-ийн халдвар болон эмчилгээ, оношилгооны талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь лабораториудад нийт 255 хүнд шинжилгээ хийснээс 253 хүнээс коронавирусийн халдвар илрээгүй байна. Харин 2020 оны тавдугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр оюутанд 10 хоногийн дараа коронавирус илэрчээ. Ийнхүү манай улсад илэрсэн коронавирусийн батлагдсан тохиолдол 193 болсон байна. Үүнээс 71 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарчээ. Өчигдөр нэг оюутан бүрэн эдгэрч гарсан бөгөөд тэрбээр өнгөрсөн тавдугаар сарын 13-нд ирж, маргааш нь халдвартай болох нь оношлогдон, эмчилгээ хийлгэж эхэлсэн ажээ.
ХӨСҮТ-д эмчлэгдэж буй коронавирусийн халдвартай хүмүүсийн хувьд 108 хүний биеийн байдал хөнгөн, 14 хүн хүндэвтэр байгаа аж. Наймаас 16 насны хүүхэд нэг, жирэмсэн эмэгтэй гурав, элэгний хорт хавдартай хүн нэг, чихрийн шижин өвчтэй хүн нэг тус тус эмчлэгдэж байгаа юм байна.