ДЭМБ-ын өчигдрийн хэвлэлийн хурлаар амны хаалтны талаарх зөвлөмжөө шинэчилснээ мэдэгджээ. Халдвар тархсан орон нутагт амны хаалт зүүх нь ач холбогдолтой байгааг тогтоосон гэдгээ тус байгууллага онцолсон байна. Тиймээс олон нийтийн газар, дэлгүүр, худалдааны төвөөр явахдаа амны хаалт зүүхийг уриалж, сурталчлах нь зүйтэй гэдгийг ДЭМБ мэдэгджээ. Амны хаалт зүүх нь коронавирусийн халдвараас сэргийлэх өндөр үр дүнтэйг шинжлэх ухаанаар нотлоогүй ч халдвар тархсан улс орнуудын туршлагаас харахад энэ нь өндөр үр дүнтэй гэдэг нь улам бүр тодорхой болсоор байгаа тул ДЭМБ амны хаалтны таларх өмнөх зөвлөмжөө шинэчилж байна гэжээ. Түүнчлэн гарын ариун цэврийг сахих, зайнаас харьцах зэрэг халдваргүйтгэл, ариун цэврийн дэглэмийг сахих нь чухал гэдгийг ДЭМБ онцолжээ.
Түүнчлэн Их Британийн Эрүүл мэндийн сайд мэдэгдэл хийж тус улсын эрүүл мэндийн салбарын ажилтнууд мэс заслын маск зүүх шаардлагатай болж байгааг зарлажээ. Үүнд өвчтөнүүдтэй харьцаж байгаа эмч нар төдийгүй эрүүл мэндийн салбарын бүх ажилтнууд хамрагдах юм байна.