Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцох үеэрээ Монгол Улс ирэх арван жилд тэрбумаар тоологдох мод тарина хэмээн мэдэгдэж, улмаар тухайн оны арваннэгдүгээр сард Ойн салбарын үндэсний чуулганыг өөрийн ивээл дор зохион байгуулж байсан юм. Уг чуулган дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Манай улс 1938 онд Усны аж ахуй, 1958 онд Ойн аж ахуйг анх байгуулж энэ салбарыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх суурийг тавьснаар зарим аймаг, орон нутгийн ДНБ-ий 5-10 хувийг ойн салбараас бүрдүүлж байсан түүхтэй. Өнөөдөр улсын хэмжээнд ойн салбарын 1,200 гаруй, усны салбарын 4,200 орчим боловсон хүчин байна.
Иймд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд ойн салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, дадлагажуулах тогтолцоог боловсронгуй болгох, мод тарьж ургуулж буй олон улсын тэргүүний техник, технологи, арга, аргачлалыг судлан нэвтрүүлэх, нутагшуулах, хашаандаа мод тарьж буй иргэдийг мэдлэг, мэдээлэлтэй болгох шат шатны сургалтуудыг хийж хэвших шаардлагатай байна. Аливаа салбарын мэргэжлийн чадварлаг боловсон хүчний нөөц бол тухайн салбарын хөгжлийн хөдөлгөх гол хүчин юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1,000 сургагч багш бэлтгэнэ” хэмээн хэлсэн юм.
2021 оны байдлаар манай улсын хэмжээнд ойн аж ахуйн инженер мэргэжлээр ердөө гуравхан оюутан суралцаж байгаа гэсэн статистик байв. Ийнхүү ойн салбарын дээд мэргэжилтэй боловсон хүчин хомстсон нь ерөнхий боловсролын сургууль төгсөж буй хүүхдүүд ихэвчлэн бизнес, сэтгүүл зүй социалоги, хууль эрх зүйн чиглэлийн мэргэжил сонгож байгалийн ухааны чиглэлээр сонголт хийх нь эрс багассантай холбоотой. Мөн нөгөө талаар ойн нөөцийг баяжуулж, ой модыг нөхөн сэргээх чиглэлээр ажилладаг ойн аж ахуйн инженер мэргэжлийн ач холбогдлыг залууст сайн ойлгуулж сурталчилдаггүй нь ч нөлөөлж байсан аж. Харин Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш ойн инженер мэргэжлээр суралцах хүсэл эрмэлзэлтэй залуусын тоо эрс нэмэгдэж, ХААИС-д л гэхэд жилд 20-30 оюутан ойн мэргэжлээр элсэн суралцах болсон байна. Энэ нь 2021 оноос өмнөхтэй харьцуулбал 7-8 дахин өссөн үзүүлэлт юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн ийнхүү хүүхэд залуусын мэргэжил сонголтод эерэгээр нөлөөлж байна. Хүн бүхэн хуульч, эдийн засагч, сэтгүүлч болохгүй. Байгаль экологио хайрлан хамгаалж, ой модоо нөхөн сэргээж, шинжлэх ухааны үндэстэй судалгаа шинжилгээ хийх ирээдүйн инженерүүд олон арваараа эрдмийн танхимд номын дуу сонсож байгаа нь ирээдүйн тэрбум модыг ургуулах эзэд юм.