Монголын амьд хөгжмийн амьд домог “Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ сард болно. Энэ бол зөвхөн “Харанга” хамтлагийн ой бус Монголын рок, поп урлагийнхны баяр юм. Өнгөрсөн зууны 70-аад оны дундуур социалист Монголын залуус эстрад урлагт татагдаж, барууны хамтлагуудын пянзыг гараас гар дамжуулан сонсдог байв. Ц.Энхманлай тэдний нэг. Түүнийг Монголд рок хамтлаг байгуулна гэхэд найзууд нь шоолж байсан гэдэг. Харин Ц.Энхманлай хүсэл мөрөөдөл, зорилгоосоо ухарч, няцаагүй ажээ. 14 жилийн дараа мөрөөдөл нь биеллээ олж Улсын драмын театрын дэргэд “Харанга” хамтлаг байгуулагдсан түүхтэй. Ийнхүү тэд 1989 онд “Амьдрал” тоглолтоороо үзэгчидтэйгээ анх уулзжээ. Тиймээс “Харанга”-ын 30 жилийн ой бол “Амьдрал” тоглолтын ч 30 жилийн ой билээ. Гурван аравны тэртээ анхны тоглолтоо хийж байсан тэр л бүрэлдэхүүнээрээ өнөөдрийг хүртэл уран бүтээлээ туурвисаар байгаа “Харанга” хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Цэндсүрэнгийн Энхманлайг “Үндэстний ТОЙМ” сэтгүүл дугаарын зочноор урилаа.
“Главлит”-аар батлуулсан“Амьдрал”
Анх урлагтай хэрхэн нөхөрлөсөн түүхээс тань яриагаа эхэлье.
Ээж маань хөгжим тоглодог, дуулдаг, бүжиглэдэг, харин аав зураач, ах балетын бүжигчин хүн. Нэг үгээр хэлбэл би урлагийн гэр бүлд төрсөн, урлагтай хар багаасаа ойрхон байсан. Тиймээс гэр бүл маань миний урлагт хөл тавих үндэс суурь нь болсон. Хамгийн анх надад гитар зааж өгсөн хүн бол миний төрсөн ах. Намайг нэгдүгээр ангид байхад тухайн үед урлагийн сургуульд сурч байсан ах маань гитар авчирч өгсөн юм. Тэгээд ганц хоёр барилт заалгаж аваад анх сурсан дуу нь манай үеийнхэн бүгдээрээ ярьдаг “Кавказад болсон явдал” киноны дуу. Ингэж өөрөө ганц хоёр дуу тоглож сурсандаа урамшаад цаашаа улам мэрийж ноцолдсоор хөгжимтэй холбогдсон доо.
Гэхдээ таныг урлагийн сургуульд сураагүй өөр чиглэлээр явсан гэдэг юм билээ?
Төмөр замын техникумын барилгын техникийн ангид сурч байсан. (инээв) Тухайн үед ах маань урлагаар явсан болохоор манай гэрийнхэн нэг гэрт хоёр урлагийн хүнээр яадаг юм бэ гээд л намайг өөр чиглэлээр сургуульд оруулсан. Ах маань Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгсөөд хойшоо явж урлагийн сургууль төгссөн, балетын бүжигчин. Одоо ДБЭТ-т бүжиглэж байгаа. Би багадаа нисгэгч болно гэж ярьдаг байсан. Тиймээс техникумд оруулсан байх. Мэдээж хөгжимд дуртай болохоор хоёрдугаар курсээ төгсөөд сургуулиа хаясан. Хамгийн анх өөрийн гэсэн хамтлагийг 1975 онд манай Одсүрэн бид хоёр Улаанбаатар төмөр замын дэргэд “Ногоон гэрэл” нэртэй байгуулсан. Тэндээс өөрийнхөө зохиосон дууг тоглох, хөгжмийн найруулгаа хийх гэх мэтээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн.
Тэр үед хамтлаг цөөхөн байсан байх даа?
Бас ч гэж байгууллагууд ажилчдынхаа урлаг, соёлын арга хэмжээнд анхаарч нэлээд хэдэн байгууллага хөгжимтэй, ажилчид нь чөлөөт цагаараа тэр хөгжмөөр нь тоглодог байсан. Харьцангуй сэргэлэн даргатай байгууллагууд тийм байсан. Тэр үед Одсүрэн бид хоёр төмөр замд нэг дор цуг ажиллаж байгаад хамтлаг байгуулсан. Бид хоёр хоёулаа рок сонсдог, Монголдоо рок хамтлаг байгуулах юмсан гэж ярьж, мөрөөдөж, зарим найзууддаа шоолуулаад л. “Та нарын рок хамтлаг байгуулна гэж юу байсан юм” гэж шоолуулдаг л байлаа. Бид хоёрын мөрөөдөл 14 жилийн дараа биелж, 1989 онд “Харанга” хамтлагаа байгуулсан.
“Ногоон гэрэл” хамтлагт байхдаа та хоёр хамтарч ямар уран бүтээлүүд хийсэн бэ?
Нэлээд хэдэн дуу бий. Түүнээс яг одоо “Харанга”-ын урын санд байгаа нь миний “Шивнээ” гэж дуу байна. 1976 онд “Ногоон гэрэл” хамтлагт байхдаа зохиосон. Тэр дуу маань “Харанга”-ын 1991 оны “Дэлхий ертөнц” концерт дээр сэргээгээд, аранжировкийг нь рок болгон дуулснаас хойш өнөөдрийг хүртэл дуулагдаж байгаа.
“Харанга” хамтлаг байгуулах тохироо хэрхэн бүрдсэн бэ. Хамтлаг байгуулахад нэлээд хугацаа оржээ дээ?
Тэр үед хүн бүр цэргийн алба хаах ёстой байсан. 1977 онд Одсүрэн цэргийн албанд явж, би 1978 онд цэрэгт явсан. Цэрэгт очоод байж байхад намайг албан хүчээр цэргийн ангиас татан Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн чуулга руу явуулсан. Тэнд очсон чинь манай Чука байсан. Үлгэр жишээ үлээвэр хөгжмийн хоёр дахь групп болох “Нөхөрлөл” гэж хамтлагт Пүүжээ байсан. Тэнд Чука бид хоёр хань татан бие биеэ олж авсан. 1982 онд Одсүрэн цэргийн албаа хаагаад “Соёмбо” хамтлагт орсноор үндсэндээ манай хамтлагийн дөрөв нь бүрдсэн. Би рок хамтлаг байгуулна гэдэг бодлоороо 1983 онд яаж ийж байгаад цэргээс халагдсан. Цэргээс халагдах чинь хэцүү байлаа. Арга саам хийж байгаад халагдсан. Тэгээд нөгөөдүүлээ нэг нэгээр нь сугалж авахын тулд “хор найруулна” гэдэг шиг л юм болсон доо.
Хяналт шалгалт хэр байсан бэ. Барууны хөгжим гээд та нарын дууг заавал уран сайхны хэлтсээр хэлэлцэж байж баталдаг байсан гэдэг биз?
Ер нь тэр үед ямар нэгэн дуу зохиогоод шууд дуулж болдоггүй байсан. Үгийг нь Зохиолчдын хороон дээр очиж батлуулдаг. Аяыг нь Хөгжмийн зохиолчдын хороон дээр очиж батлуулж байж нийтэд дуулж болно гэдэг зөвшөөрлийг авдаг байлаа. Гэхдээ нийтэд дуулж болно гэсэн дуу байлаа ч радио, телевизэд бичүүлэх юм бол нэвтрүүлж болно, болохгүй гэсэн бас нэг шалгууртай. Их нарийн байсан. Тийм болохоор тэр болгон зохиосон дуунууд маань дуулагдахгүй, ганц хоёр дуулагдаад хаягддаг байсан.
Та “Харанга”-аас өмнө хэд хэдэн хамтлаг байгуулалцаж байсан юм билээ?
1977 онд Одсүрэнг цэрэгт явсны дараа би “Мэргэжлийн байгууллага хөөнө, мэргэжлийн хөгжимчин болох хэрэгтэй” гээд Үйлдвэрчний соёлын төв ордонд ажилд орсон. Тэнд очоод “Айзам” хамтлагийн суурийг тавилцаж байлаа. Уг нь гитарчин байсан чинь тэнд бөмбөр тоглосон. Учир нь гурван гоцлол гитарчин нийлсэн. Ганболд, Нямдорж бид гурав гурвуулаа гоцлол тоглодог. Гурвуулаа эхлээд газар, тэнгэрдэж азаа үзээд, тэгээд хуруудаад дийлсэн нь гоцлол гитараа авна гээд. Нямдорж дийлээд гоцлол гитар, Ганболд басс гитар тоглоод би хоёуланд нь хожигдсон учир бөмбөр тоглож байсан. Тэндээсээ цэрэгт явсан. Цэргийн алба гурван жил хааж ирээд би Улсын циркт хөгжимчнөөр орсон. Учир нь циркт хамтлаг байхгүй шүү дээ угаасаа. “Чи хамтлаг байгуулах гэж байгаа бол хуучин цирк дээр “Цирк эстрад” гэж байгуулах нь. Тэнд хамтлаг байгуул” гээд. Тэнд “Цирк” гэж хамтлаг байгуулж “Учралын хорвоо” зэрэг уран бүтээлүүдээ дуулсан. Тэгээд 1988 оны сүүл, 1989 оны хоёрдугаар сард “Цирк”-ээс гараад Драмын театр дээр очсон. Хамтлагаа байгуулах гэж их явсан. Мэргэжлийн газраа түшмээр байдаг. Филармони дээр очлоо, болсонгүй ээ. Мухардчихаад сууж байсан чинь хүмүүсийн ярьдгаар рок Мөнхсайхан “Та нар манай театрын дэргэд ирээч” гэсэн. Мөнхсайхан тухайн үед драмын жүжигчин байсан юм. Мөнхсайханд “Юу ч гэсэн чи захиргааныхандаа танилцуулаач. Ийм хүсэлт тавьж байна гээд хэлээд өг” гэлээ. Долоо ч хонолгүй уулзья гэж байна гэхээр нь очсон. Ардын жүжигчин Н.Сувд эгч хүлээж авч уулзсан. Тухайн үед Н.Сувд эгч намын үүрийн дарга, уран сайхны удирдагчаар ажиллаж байсан. Тэрээр “Ямар учиртай юм. Яагаад манай байгууллага дээр хамтлаг байгуулах гэж байгаа юм бэ. Өөр хөгжмийн соёлын ордон байна шүү дээ” гэхээр нь би санаагаа хэллээ “Бид бүгдээрээ мэргэжлийн хөгжимчид. Тэгэхээр уран сайханчид байдаг газраас гармаар байна. Монголын хамгийн анхны дуу хөгжмийн хамтлаг “Соёл-Эрдэнэ” Ардын дуу, бүжгийн чуулгын дэргэд байгуулагдаж байсан. Тэгвэл Драмын театрын дэргэд яагаад шинэ хамтлаг байгуулагдаж болдоггүй юм гэсэн санаа байгаа юм” гэсэн “За би захиргаатайгаа ярилцаадахъя” гээд хоёр бил үү гурав хоноод дуудсан. Тэгээд зөвшөөрсөн. Ингэж л “Харанга” хамтлаг байгуулагдах зам шулуудсан.
Хамтлагтаа “Харанга” нэрийг хэн өгсөн юм бэ?
Бид драм дээр бэлтгэлээ хийгээд тоглолт ч дөхсөн. Хавар зургаадугаар сард хамтлагтаа нэр авахын тулд Драмын театр, Ардын дуу бүжгийн чуулгын бүх уран бүтээлчдийн дунд уралдаан зарласан юм. Хамгийн оновчтой нэр өгсөн хүнийг нэг сарын цалингаар нь шагнана гэсэн болзолтой. Тэр үед Чингис хаан, Улаанбаатар, Өгөөдэй, Сүбээдэй гэх мэт 200 гаруй нэр ирсэн. Тэр дундаас Ардын дуу, бүжгийн чуулгын бүжигчин Сүхбаатар гэж залуу (бид Гоорон Сүхээ гэдэг) одоогийн “Харанга” нэрийг яг л тэр бичлэгээр нь бичээд “Та нарт энэ нэр л тохирох юм байна” гээд орж ирсэн. “Чи наад нэрээ тайлбарлаад хамгаал” гэсэн чинь “Ер нь бол харангаар дэлдэж их эзэн бүхнийг цуглуулдаг, эхлүүлдэг байсан. Тийм болохоор рок хамтлаг байгуулагдаж байгаа учраас бүхнийг байлдан дагуулна гэсэн утгатай. Тэгээд ч харанга бол хөгжмийн зэмсэг. Дуугаралт, агуулгаараа ч зохино” гэсэн. Бид ч дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч “Харанга” нэрийг авсан.
Анхны тоглолт, анх тавуулаа тайзан дээр гарсан үеэ дурсаач?
1989 оны аравдугаар сарын 26-нд “Амьдрал” нэртэй анхны тоглолтоо хийсэн. Яг тэр өдрийн 12.00 цагт тухайн үеийн Соёлын яамны уран сайхны зөвлөлийн 17 хүний бүрэлдэхүүнтэй комисс тоглолтыг маань хянаж байлаа. Бид ч тоглолоо. Зөвлөл цаг хэртэй хуралдан гарч ирээд шүүмжүүд явж эхэлсэн. Зарим нь “Далдаганаж салбагнасан барууны урсгалтай юм Монголд байх хэрэг байна уу?” гээд л. Тэр зөвлөлийг төрийн шагналт, ардын жүжигчин Э.Оюун гуай даргалж байсан. Эхлээд 7-8 хүн баахан шүүмж ярьсны дараа Э.Оюун гуай “Амьдрал” дууны дахилтыг эш татаад “Хүүхдүүд ээ,
Ай даа, хүний амьдрал
Эгэл жирийн боловч
Энэхэн биедээ багтахааргүй
Их хүслийн далай юм аа” гээд үнэхээр гоё хэлж. Градский шиг. Би дэмжиж байна. Энийг тоглох ёстой. Монголд ийм зүйл хэрэгтэй гэсэн. Тэгсэн чинь нөгөө болохгүй гээд байсан бүх хүн магтаад эхэлсэн. Тэгж л тоглох зөвшөөрөл өгсөн дөө. Манай хамтлагийн тоглолтоос хойш мэргэжлийн уран сайхны зөвлөл татан буугдсан. Соёлын яамны уран сайхны зөвлөлөөр концертоо батлуулсан мэргэжлийн урлагийн байгууллагын хамгийн сүүлxийнх нь “Харанга” хамтлаг байсан байх. 1990 он болоод Соёлын яам ч байхгүй болж, театрууд дотоод хяналт л хийдэг болсон.
“Амьдрал” дуу хэний үг ая, вэ?
“Амьдрал” дуу миний үг, ая. Анх тэр тоглолт дээр дуулагдаж тэр дуугаараа концертоо нэрлэсэн.
Тоглолт, хийж дуу бичүүлэхэд тухайн үеийн техник хэрэгсэл ямар байв. Хэр бэрхшээлтэй байсан бэ?
Тухайн үед зөвхөн радио, телевиз хоёр дээр бичдэг байсан. Өөр бичлэг хийдэг газар байхгүй. Тэгээд ч тэр нь санаан зоргоор олдохгүй. Драмын театрын дууны инженер Сүхээ гэж залуу бид хоёр 1978 оноос хойш танил, найзууд байсан. Тэр нөхөр маань Драмын театрын тайзан дээр микрофонуудаа зоогоод, дээр дууныхаа өрөөн дотор анхны бичлэгүүдийг маань хийсэн. Тэр үед чинь одоогийнх шиг биш алдвал засаад явдаг арга байгаагүй. Хөгжим нэг удаа алдахгүй тоглоно, дуучин нэг удаа алдахгүй дуулна. Дамартай хальстай, хоёр замтай, ганц том суурь магнитафон байсан. “Амьдрал” концертоос “Шүүдэр цэцэг”, “Рок бидний хүслэн”, “Найм дахь гариг”, “Амьдрал” дуунуудаа тухайн үед кассетанд бичиж хувилаад гаргаж байсан.
Анхны тоглолтын тасалбар хэдэн төгрөгөөр зарагдсан бэ. Хэр их үзэгчтэй байв. Нэлээд шуугиан тарьсан биз?
Зургаа хоног тоглосон. Драмын театр 600 хүний суудалтай, байнга л дүүрнэ. Зүгээр нэг алгаа ташаад сууж байдаг үзэгч цуг дуулж, бүжиглэдэг болсон. “Харанга” үзэгчдээ тэгж сургасан гэх юм уу. Тасалбар нь том хүн 6 төгрөг, хүүхэд 3 төгрөг гэж байсан.
Анхны CD-гээ “Mercedes Benz”, “Siemens”-ээр ивээн тэтгүүлсэн
Радиод “Харанга”-ын дуу анх хэзээ бичигдсэн бэ. “Амьдрал” тоглолтоос хойш уу?
Дараа нь хийгдсэн. Өмнө нь яг “Харанга”-аараа биш Пүүжээ, Оогий би, одоо СУИС-ийн хөгжмийн багш, төрийн шагналт хөгжмийн зохиолч Соронзонболд бид дөрөв гурван дуу радиод бичүүлж байсан. Гэхдээ эфирээр цацаагүй.
Яагаад?
Ардын дуунуудыг рок найруулгаар дуулсан чинь барууны юм болохгүй гээд нэвтрүүлээгүй, зүгээр тэр бичлэгээ л аваад үлдсэн.
Одоо тэр бичлэг танд байдаг уу?
Байдаг. Би тэрийг ирэх жил гаргах цомогтоо оруулна гэж бодож байгаа. Би өөрөө дуулсан юм.
Ямар гурван дуу вэ?
“Алчуур” гээд үзэмчин дуу. Мөн “Өргөн хангай нутаг”, нөгөө нь “Гадаа шон дээр уяатай байгаа Ганган борлог хэнийх вэ” гэсэн үгтэй дууг рокоор найруулаад дуулсан.
Хоёр дахь тоглолтоо хэзээ хийсэн бэ. Анхны тоглолт мэдээж ихээхэн урам зориг өгсөн байх?
Эхний хэдэн жил бид нэг жил өнжөөд л шинэ уран бүтээл хийж байсан. 1989 онд “Амьдрал” концертоо тоглоод 1991 онд “Дэлхий ертөнц” концертоо хийсэн. Тэр үед ардчилал гарч театр биеэ даах болоод биднийг хамтлагаар нь цалинжуулахаа больсон. Тиймээс 1990 онд “Харанга рок төв” гэж төрийн бус байгууллага байгуулан тусдаа гарсан. Залуучуудын холбооны нэг өрөөнд байрлаж, Монголбанкнаас хэдэн төгрөгийн зээл авсан. Бидэнд тухайн үед хөгжим, тоног төхөөрөмж байгаагүй. Авсан зээлээрээ баахан савхин куртка аваад Энхболд, Батжаргал гээд манай хоёр найз Орос руу явж нөгөөхийг маань зараад 12 иж бүрдэл хөгжим оруулж ирж байсан. Тэр хөгжмүүдээсээ өөрсдөө хэрэглэхийг нь хэрэглээд бусдыг нь зарсан. Монголд хөгжмийн иж бүрдэл гэж байгаагүй. Тэнд биднийг байрлаж байхад манай хажууд “Хурд”-ынхан байлаа. Тэдэнд байр, хөгжим гэж байхгүй, манай хөгжим дээр үдээс өмнө бид өөрсдөө бэлтгэлээ хийнэ. Үдээс хойш “Хурд”-ынхан бэлтгэлээ хийнэ. Мөн “Болор” гэж хамтлаг байсан. Тэд манай хөгжим дээр бэлтгэлээ хийнэ. Дээр нь “On’n Off”-ын Ононбатын “Beat song” гээд энэ гурван хамтлаг манай дээр ээлжилж бэлтгэл хийдэг байлаа. Бид “Beat song”, “Болор” хоёр хамтлагийн плакат, хувцсыг нь захиалж, тоглолтыг нь хийлгэж байсан. Зөвхөн өөрсдийгөө бодоод байгаагүй. Тэндээ нэг жил бэлтгэл хийж байгаад 1991 онд “Дэлхий ертөнц” концертоо Залуучуудын театр буюу одоогийн “Улаанбаатар” чуулгын байранд хийсэн.
1993 онд “My Rock” концертоо тоглосон. Тоглохын өмнө 1992 онд бид санхүүгийн тал дээр хэцүү болоод байсан үе л дээ. Гэхдээ цаашаа явбал болох л байсан юм. 1992 онд нэг шөнө Чука 02.00 цагт гэр рүү утасдаад “Буян”-гийн Жагаа уулзья гээд байна гэхээр нь яваад очсон. Тэгсэн Жагаа “Dynacord” гээд цоо шинэ хөгжмүүд оруулаад ирсэн. “Та нар энийг аваад бэлтгэлээ хий, концертоо хий” гэнэ. Тэр хөгжим нь үнэхээр гоё, Монголд байхгүй юм байлаа. Гурав юм уу, таван жилийн гэрээ хийгээд ажиллая гэж байна. Тэгэхэд нь би жаахан муу санаалсан гэх юм уу, “Би чамайг мэдэхгүй, чи биднийг мэдэхгүй. Эхний удаад жилийн хугацаатай гэрээ байгуулья” гэсэн. Тэгээд “Буян” дээр очсон. Бас болоогүй ээ бидэнд сардаа хэдэн төгрөгийн цалин өгдөг. Тэр хөгжим дээр нь бэлтгэлээ хийсээр байгаад 1993 онд “My Rock” концертоо тоглосон. Тэр үед үзвэрийн тасалбарын үнэ 300-330 төгрөг байсан байх. Жагаа “Урлагийн нэр хүндийг жаахан өсгөнө. Билетийн үнээ нэг доллар болго” гээд 500 төгрөгөөр билетээ зарж байсан. Улсын циркт зургаан өдөр тоглосон.
1993 онд “Харанга”-ын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон. Тэр нь бид тав дээр хөгжмийн зохиолч Хангалын Булган нэмэгдсэн. “My Rock” концерт хөгжмийн онолын хувьд маш их үсрэлт хийсэн концерт болсон. Түүнд Булган маань гол үүрэгтэй байсан. Булган маань “Бодлын тэнгис”, “Зөвхөн Монголдоо” дуунуудын найруулгыг маш гоё хийсэн. Энэ нь “Харанга”-ын уран бүтээлийн чанар чансаанд маш их нөлөөлсөн. Булганыгаа дурсахгүй байж болохгүй. Хэдийгээр залуугаараа тэнгэрт хальсан ч гэсэн бидэнд маш их зүйл үлдээсэн хүн дээ.
“Харанга”-ын урын санд Булган агсны хэдэн дуу байдаг вэ?
“Зэрэглээ”, “Илүүдсэн дурлал”, “Гэгээ”, “Зүүд” гэх мэт таван дуу бий.
1995 онд “Харанга” хамтлаг “Тэртээх өдрүүд” тоглолтоо хийснийг санаж байна. Эртний дуунуудаа сэргээж дуулж байсан даа?
1995 онд “Тэртээх өдрүүд” гээд поп концерт хийсэн. Чукагийн, Одсүрэнгийн, миний 1970-аад оны үед зохиосон дуунууд тэр концертод орсон. “Ногоон гэрэл”, “Соёмбо” хамтлагт байхдаа зохиосон дуунуудаа дуулсан. Хэдүүлээ уучны дуунуудаа түүх болгон үлдээе, поп концерт хийе гэж ярилцсан юм. Тэр концертоо Дуурийн театрт хийсэн. Тухайн үедээ сонгодог урлагийн тайзан дээр рокууд гарч ирж дууллаа гэлээ гээд нэлээд хэл ам болж л байлаа. Гэхдээ ямар ч байсан тоглосон. Ингээд 1997 оны хавар “Эрин зууны хөг” концертоо ийсэн. Энэ концертоо бид Соёлын төв өргөөнд тоглосон. Тэгээд долдугаар сарын сүүлээр Германд “Монголын соёлын өдрүүд” болж, Соёл, урлагын газраас “Харанга”-ыг авч явсан юм. Тэнд нэгдсэн арга хэмжээн дээр 4-5 дуу дуулж, соёлын арга хэмжээний хүрээнд “Харанга” дангаараа хоёр тоглолт хийсэн. Ерөнхийлөгчийн зөвлөх, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Л.Пүрэвсүрэн тухайн үед Германд соёлын атташе, цэргийн атташегээр сууж байсан. Бид түүнд санал тавин “Нэгэнт ийм гоё газар ирсэн юм чинь CD-нийхээ бичлэгийг хийлгэе. Монголд дэлхийн чанартай CD хийдэг газар байхгүй. Тийм газар олоод өгөөч” гэлээ. Пүрэвсүрэн явж байгаад Бонн хотын Рок төвийн студитэй ярьж өгсөн. Тэд зөвшөөрсөн. Тэгээд үлдээд бичлэгт орьё гэтэл мөнгө байхгүй. Ахиад спонсор олоод өгчих гэлээ. Соёлын өдөрт орсон хүмүүс буцаад бид шийд хүлээгээд үлдсэн. Тэгсэн чинь тэрээр нэг өдөр олсон шүү гээд ороод ирсэн. Бид их азтай Германы “Mercedes Benz”, “Siemens” гэж хоёр компани биднийг ивээн тэтгэхээр болсон. Хоёр компани ивээн тэтгэхээр болж байгаа юм чинь нэг мөсөн хэдүүлээ хоёр CD хийчихье гээд Германд хоёр сар болж хос CD-гээ хийлгэсэн. Яг дуу бичихийг нь 20-иод хоногт хийдэг. Миксинг, мастеринг хийгдээд хэвлэлтэд яваад ирэх гэж арван хэд хоносон. Анхны цомгоо Германы хоёр том компаниар ивээн тэтгүүлж хийлгэсэн. 1997 он бас тийм нэг үсрэлтийн жил байлаа.
“Буян”-гийн Жагаатай хийсэн гэрээгээ сунгасан уу?
Нэг жил болоод дууссан. Сайхан хамтарлаа гээд салцгаасан даа.
“Хурд” хамтлагийг “Эрэл” компани ивээн тэтгэн “Эрэл Хурд” нэртэй нэг хэсэг дуулж байсан. Танайд компаниудаас хамтран ажиллах санал хэр их ирж байв?
Ганц нэг компани байсан. Бид “Харанга”-ынхаа урд ямар нэг нэр оруулахгүй гээд татгалздаг байсан.
Германд хийсэн тоглолт хилийн чанадад хийсэн анхны тоглолт уу?
Өмнө нь урагшаа Өвөрмонголд, ОХУ-ын Эрхүү, Улаан-Үдэд тоглож байсан. Тэр бол гуравдагч оронд хийсэн анхны тоглолт.
Нэг жил алгасаад 1999 онд “Бодлын тэнгис” анплаггед тоглолтоо Үйлдвэрчний соёлын төв ордонд зургаан удаа хийсэн. Тэр тоглолтод акустик банзан гитартай, Улсын филармонийн симфони оркестр бүрэлдэхүүнээрээ тоглосон. Тэр симфони оркестрт “Харанга”-ын дуунуудыг хөрвүүлсэн хүн нь төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав агсан. Тэрээр бүх оркестрын тавилтыг хийж өгсөн. Бидний СD-г сонсоод л бүх аранжировкийг хийсэн. Б.Шарав бид хоёр түүнийг Багшийн сургуульд сурч байхад танилцсан, найзууд. Тийм болохоор их ойрхон.
Хамтарч дуу хийж байсан уу. Б.Шарав гуайн дууг дуулж байв уу?
Б.Шаравын дуунаас ганц хоёрыг “Харанга” дуулсан. Гэхдээ концертдоо байнга дуулаад байдаггүй. Мань эр биднээр дуулуулчхаад аваад явдаг байсан. “Миний Монгол” дууг нь Лхагваа дуулж, би гитарыг нь тоглосон. Саяхан бурхан болохынх нь өмнөхөн бас нэг дууг нь Лхагваа дуулаад би бас гитарыг нь тоглосон. 1999 оны симфони оркестртой тоглосон тоглолт Монголд анхных. Бүрэн бүтэн оркестртой тоглосон анхны хамтлаг бол “Харанга”. Өмнө нь камерный оркестр буюу арай жижиг бүрэлдэхүүнтэй тоглосон хамтлагууд бий. 70-аад хүнтэй бүтэн симфони оркестртой бүрэн хэмжээний тоглолт хийсэн. Рок попын хөгжилд бас нэг шинэ алхам болсон.
Танай хамтлаг олон анхдагчийн эзэн шүү дээ?
Ер нь хамтлаг, дуучид манайх анхны гээд л яриад байхаар бид ичээд байдаг. Яг анхдагч гээд ярих юм бол зөндөө юм бий. Германд CD бичүүлэхээс өмнө 1991 онд Москва явж найман дуугаа бичүүлсэн. Савхин куртка зараад хөгжим оруулж ирсэн тэр үе шүү дээ. Тэгж явж байхдаа Москвад очиж “Машина Времени” хамтлаг дуугаа бичүүлдэг студид CD-ний бичлэгээ хийлгэж байсан. Түүгээрээ бол мэргэжлийн студид цомгоо бичүүлсэн анхны хамтлаг манайх. Москвад сар гаруй болж байж дуугаа бичүүлж байлаа. Тэр хөгжмийн студи нь шөнө л бичлэг хийдэг. Өдөр бичдэггүй. Учир нь өдөр студийн дээд талын замаар трамвай явдаг болохоор дуу чимээ ихтэй. Шөнө 00 цаг болж чимээ шуугиан намжихаар дуугаа бичиж эхлээд өглөө 06.00 цагт тардаг. Бид түүнд нь захирагдаад өдөр унтаж шөнө ажилладаг болчихсон. Нэг хэсэг бидний талаар яриа хүртэл гарсан байсан. Шөнөжин бичлэг хийлгээд өглөө 06.00 цагт буудал руугаа метрон дотор нойрмоглосон хүмүүс явж байхад “Өө, энэ “Харанга”-ынхан хар үүрээр шал согтуу явж байсан” гээд ярьсан байдаг юм. (Инээв) Угтаа ажлаа хийгээд буудал руугаа явж байгаа нөхөд шүү дээ.
1991 он гэхээр Монголд мэргэжлийн дуу бичлэгийн студи байгуулагдаагүй байсан үе байх нь?
Тэгэлгүй яах вэ. Монголын анхны мэргэжлийн дуу бичлэгийн студи “Сонор рекордс” 1996 онд байгуулагдаж байсан. Тэр үед би гэртээ хувийн студитэй байсан. “Полтекс” гээд дөрвөн замаар бичдэг, өөр дээрээ кассетны хальсан дээр бичлэг хийдэг Монголд байхгүй тоног төхөөрөмжтэй байсан. Түүн дээр хоёр замаар нь хөгжмийг нь оруулаад, хоёр зам дээр нь дуучдын хоолойг бичиж өгдөг халтуур хийж л явлаа.
1999 оноос хойш дараагийн тоглолт хүртэл нэлээд завсарласан байх аа?
2004 он хүртэл яагаад ч юм завсарласан. Шинэ дуунууд ганц нэгээрээ гараад тоглоод байсан л даа. Кино, жүжгийн дуу хийгээд тэр нь дуулагдаад л өнгөрсөн. Тэр дунд жижиг тоглолтууд буюу хүмүүсийн ярьдгаар халтуурны тоглолтууд ч зөндөө байсан. Ингээд 2004 онд “Ертөнцийн өнгө” концертоо хийсэн. Энэ тоглолтыг хийхэд “Харанга” Улсын филармони дээр байрлаж байлаа. Тухайн үед Филармонийн дарга урлагийн гавьяат зүтгэлтэн Ухнаа гуай байсан. Бид “Танай энд чинь нэг өрөөнд байрлая. Хааяа хэдэн төгрөг өгч байя” гээд. Тэр үед Филармонид нэг “Лада” машин авах гээд мөнгө нь дутаад байхад бид талыг нь өгч байсан. Тэнд байрлаж байхдаа “Ертөнцийн өнгө” тоглолтын бэлтгэлээ хийгээд дуунуудыг нь “Сонор рекордс” дээр бичсэн. Тэр тоглолтоо “UB Palace”-т хийсэн. Гэм нь цомгоо гаргачхаад ганц нэг клип хийчихээд тоглоогүй болохоор хүн цөөн байсан. Түүнээс хойш дандаа урсгал тоглолтууд хийсэн. Ер нь бид хамтлагийнхаа 5, 10, 15, 20, 25 жилийн ойн тоглолтуудыг хийсэн. Өнгөрсөн жил 30 жилийн ойгоо угтаад “Хайрла” тоглолтоо хийсэн. 20 жилийн ойгоороо 21 аймгийг бүтэн тойроод дандаа аймгийн төвүүд дээр гадаа үнэгүй тоглосон. 2010 онд бас нэг тойрч тоглосон. Ингээд энэ жил 30 жилийн ойгоо тэмдэглэж байна.
30 жилийн ойгоо нүсэр тэмдэглэх нь гэж ойлгосон. Хос пянз, дөрвөн цомгоо нэгтгэн гаргаж байгаа гэсэн. Бас хамтлагийн 30 жилийн түүхийг өгүүлсэн үзэсгэлэн гээд л?
Ер нь ажил их байгаа. Мэдээж хэрэг 30 жилийн юмыг базна гэдэг бол асар хүнд ажил юм байна. Маш олон хүн ажиллаж байна. 2-3 энтертайнмент оролцож байна. Зөндөө хүн сэтгэлээрээ тусалж байна. Манай лдарт шог зураач С.Цогтбаяр “Би оролцьё, үзэсгэлэнг чинь хариуцъя” гээд л. Ингэж сэтгэлээрээ тусалж байгаа хүн олон байна.
Үзэсгэлэнд түүх өгүүлсэн сонин гэрэл зураг дэлгэгдэх байх даа. Өөр содон сонин юу байх бол?
Дээр нэрлэсэн олон тоглолтууд дээр өмсөж байсан хувцаснаас, тэр үеийн тоглолтуудын тасалбар, дуугаа зохион ноотоо бичиж байсан ноорог, өөр юу байна тэднийг нэгтгэн үзэсгэлэн зохион байгуулна. Дээр нь манай зураачид рок, попынхныг их зурсан шүү дээ. Тэд “Харанга”-ынхныг бараг бүгдийг нь зурсан байдаг. Тэр бүхнийг нийлүүлээд нэлээд хөөрхөн үзэсгэлэн болчих юм шиг байна лээ. “Харанга”-ын фэн клубийнхэн
энэ ажилд идэвхтэй оролцож байгаа.
30 жилийн ойн тоглолтын өмнө телевизийн реалити шоуг “Боловсрол” телевизийнхэнтэй хамтран хийнэ гэсэн байх аа?
Бидэнд “Боловсрол” телевизийнхэн санал тавьсан. Бид яг “Никитон”-ынхон шиг биш өөрөөр хийе. Ажил ихтэй байхад хонож, өнжөөд яах вэ. Бас олон дугаараар яах вэ гээд ярьж ярьж найм дээр тогтож байх шиг байна. Анх 14 хоног гэж ярьсан ч сүүлдээ зав цаг гаргах талаа бодоод бусад ажлаа ч алдахгүй байхын тулд, дээр нь хэтэрхий сунжирч байснаас цөөхөн аятайхан шоу хийе гээд ингэж тохирсон.
Германд цомгоо хэвлүүлэхдээ хамтлагаараа тэнд хоёр сар байсан гэсэн шүү дээ. “Харанга” хамтлагийнхан цугтаа хамгийн удаан ямар хугацаанд хаана байсан бол?
Шинэ уран бүтээл хийхэд өдөр, шөнөгүй нүдээд хононо шүү дээ. Тоглодоггүй үедээ л гэр, гэртээ байгаа юм. Яг нэг дор хамт байсан гэвэл Германд анхны хоёр цомгоо бичүүлсэн хоёр сар гаруйн хугацаа юм уу даа. Дараа нь “Бодлын тэнгис” анплаггед СD-гээ бас Германд бичүүлсэн. Тэрийг бичүүлэхэд бас “Mercedes Benz” спонсороор оролцож байсан. Тэр цомгийг Андернах гэж хотод байдаг студид бичүүлж байсан. Бас хоёр сар болсон. Бид цомгоо бичүүлээд дундуур нь АНУ явж тоглож байлаа. 2000 онд хамгийн анх АНУ-д очиж тоглосон хамтлаг гэвэл “Харанга” байна. Ингээд цааш нь анхдагч гээд яривал ярина. Бид чинь даруухан болохоор ярихгүй байсаар байгаад анхдагчид Монголд зөндөө болсон байна лээ. Тухайлбал бид 1992 онд Казахстанд болдог “Азы даузер” гэж олон улсын фестивальд оролцож байсан. Анх удаа гадаадын том фестивальд оролцсон нь тэр юм.
“Gibson Les Paul” гитартайгаа 25 жилийг үджээ
30 жил анхны бүрэлдэхүүнээрээ тоглож байгаа хамтлаг бас танайх?
“Харанга” анх байгуулагдсанаасаа хойш бүрэлдэхүүнээ сольж байгаагүй хамтлаг. Булган маань арай сүүлд ороод, тэнгэрт хальсан болохоос анх “Амьдрал” концертыг тавуулаа тоглож байсан. Одоо тавуулаа л байж байна.
Лхагваа ахыг хамтлагтаа анх авч байсан тухайгаа ярихгүй юу. Хоёр дуучинтай хамтлагт нэмж дуучин авсан түүх сонин шүү дээ?
Чука бид хоёр дуугаа хувааж дуулаад л бэлтгэлээ хийдэг байсан. “Томоотой хүн” дууг Чука дуулдаг байсан. Мань хүн “Энэ дууг дуулахад их хэцүү юм. Ер нь рок хамтлаг чинь гоцлол дуучинтай байдаг биз дээ, дуучин авья” гээд. Тэр рок дуулдаг дуучин чинь хаана байна гэсэн чинь. “Нэг гайгүй бацаан байна аа” гэнэ. Тийм гайгүй дуулдаг юм бол дагуулаад ир л дээ шалгая гэсэн чинь Лхагвааг авчирсан. Лхагвааг өөрийнхөө хамгийн
сайн мэддэг дуугаа дуул гэсэн чинь “Шүүдэр цэцэг”-ийг дуулсан. “За гарч бай, чи” гэчихээд бид ярилцсан. Хоолой нь дажгүй юм байна. Гэхдээ рок сэтгэлгээ алга, түүнийг нь засаад өгье гээд л.
Тэгээд оруулж ирээд “Чи насан туршдаа бидэнтэй хамт байж чадах юм уу?” гэсэн “Чадна” гэнэ. Тэгээд Лхагвааг хамтлагтаа авч байсан.
Тэгж анх андгай өргөж хамтлагт орж байжээ?
Тийм. Би дуулж чадахаа болих юм бол грушик ч хамаагүй хийнэ гэж байлаа. Лхагваа Эрдэнэтэд найзуудтайгаа нийлээд нэг хамтлаг байгуулчихсан байсан. Тэр хамтлагаас нь гаргаад авч байсан.
Одоо ч хамтлагийнхан нэг нэгнийхээ үйлдлийг бараг харцаараа уншина биз?
Тийм шүү. Яах гээд байгааг нь харахад л ойлгомжтой.
Урлагийнхан тэр бүр баяр, ёслолыг гэр бүлээрээ тэмдэглээд байж амждаггүй. Урилга, заллага ихтэй л өнгөрүүлдэг. “Харанга” хамтлагийн халуун ам бүлийн хувьд баяруудыг хэрхэн тэмдэглэдэг вэ?
Баяраар гадуур хүн баярлуулж яваад дуусна. Дараа нь нэг заримдаа хамтлагаараа цуглаж тэмдэглэнэ. Эсвэл тус тусдаа явна. Нэгнийхээ төрсөн өдрийг бүгдээрээ нийлж тэмдэглэдэг.
Танай хоёр хүү хоёулаа урлагийн хүмүүс байх аа?
Том хүү гитар тоглож байгаа. “Байгаль” гэх мэт цуврал цомог гаргасан “Ертөнц” хамтлагт тоглодог. Бага хүү бас дуулдаг. Одоогоор түр завсарлаад байгаа.
Мэдээж танаас гитарын тань талаар асуухгүй байж чадахгүй нь. Одоо барьж байгаа “Gibson Les Paul” гитартайгаа хэр удаан нөхөрлөж байна?
Одоо барьж байгаа гитарыг “Харанга” хамтлагийн таван жилийн ойгоор Чука надад авчирч өгсөн. Тэр чинь 1994 он. Чука Сингапураас өөртөө нэг басс гитар, надад миний одоо барьж байгаа “Gibson Les Paul” гитарыг, Оогийд нэг гитарыг өөрийнхөө мөнгөөр аваад ирсэн. Хамтлагаа гэсэн сэтгэл гаргасанд баярлаж явдаг, өнөөдрийг хүртэл. Миний одоо барьж байгаа гитар мөрөөдлийн гитар маань. 100 гаруй жилийн түүхтэй
“Gibson” үйлдвэрийнх. Би энэ гитараа 25 жил барьж байна. Маш сайн гитар. “Амьдрал” концерт дээр нэг гитар барьж байсан. “Дэлхий ертөнц” дээр бас өөр гитартай байсан. “My Rock” концерт дээр “Буян” компани дээр байсан иж бүрдэл хөгжмийн гитараар тоглосон. Тэгээд л одоо барьж байгаа гитараа 1994 оноос хойш барьж байна.
Олон жил барьсан гитар гарт ордог биз?
Ганц нэг зүйл нь муудна. Тэрийг нь засаж сэлбээд солиод л явдаг. Дуугаралтын хувьд бусад гитаруудаас өөр дуугараад байдаг. Хүмүүс бас гайхдаг. Нэг гараар бариад олон жил тоглосон гитар ер нь тийм болдог. Гэхдээ зөв тоглосон гитар. Тэгээд ч гадаадад хүмүүсийн олон жил тоглосон гитар шинэ гитараасаа харьцангуй өндөр үнэтэй. 50, 60, 70 мянган доллар хүрдэг.
Хөгжмөөс өөр таны хобби юу вэ?
Нэг хэсэг пянз их цуглуулдаг байлаа. Гэхдээ пянз сэргэлэн, ажилсаг хүний ажил юм билээ. Байсан цуглуулгаа пянз тоглуулагчтай нь зарчихсан. Хэнд гээч. Хамтлагийнхаа Одсүрэнд. Одоо тэр пянз тоглуулагч Оогийгийн эгчийнд байдаг гэсэн. Оогий тэрийг гэртээ авчирна л гэж байсан. Хэтрүүлээд байна гэж эхнэртээ загнуулдаг нэг хобби бий. Кино үзэх дуртай. Техникийн талын юм оролддог байсан. Гитартаа тухайн үед гардаг байсан техникийн сэтгүүлээс харж байгаад пидал хийж байлаа. Мөн “Амьдрал” тоглолтын дараа манай хамтлагийнхан Драмын театрт нэмж 10 өсгөгч хийж дуугаа бичүүлж байсан. Ингэхдээ өсгөгчийг нь
гаднаас авчраад өөрсдөө модон хайрцгийг нь урлан дуугаралтыг нь улам нэмсэн гэх үү дээ.
Ямар чиглэлийн кинонд дуртай вэ?
Ерөнхийдөө детектив, зөгнөлт кинонд дуртай.
Хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ?
Зөндөө. Өдөр бүр л кино үздэг байсан. “Харанга”-ын 30 жил гээд бүгдийг нь хаасан. Кино үзээгүй 2-3 сар болж байгаа. Гэхдээ завсраар нь ганц нэг кино үзээд л байгаа.
Нээрээ, “Харанга”-ынхан киноны хөгжим тоглож байсан даа?
“Өдрийн оддын зүгт” гээд кинонд “Харанга” хамтлагаар гардаг. Тэр киноны хөгжмийн зохиолчоор би ажиллаж, “Харанга”-ын дуунуудаас ашиглан “Харанга” хамтлаг бүрэлдэхүүнээрээ тоглож байгаа зураг авсан. Миний, Чукагийн, Одсүрэнгийн бичсэн кино, жүжгийн хөгжим зөндөө бий.
“Харанга”-ынхан тусдаа бие дааж уран бүтээл гарган цомог хийсэн. Та л цомгоо гаргаагүй. Яагаад вэ?
20 жилийн ойгоороо манайхан цомгууд гаргасан ч би хийгээгүй. Хойшлуулсаар байгаад өнгөрсөн. Гэхдээ ирэх жил цомгоо хийнэ. 10-аад жил хойшлуулсан материалууд байгаа. Мөн “Харанга” хамтлагийн ойгоор ном
гарч байгаагүй. 30 жилийн ойгоо хийсний дараагаар манай хамтлагийнхнаас дурсамжаа бичнэ, номоо гаргана гэсэн ганц нэг хүмүүс чих дэлсэж байна лээ. Гэхдээ яг бичих нь үү, эсвэл 40 жил хүртэл явах нь уу, мэдэхгүй.
“Түрүүлж үхсэн нэгийгээ амиа хичээсэнд тооцно шүү!”
Танайхан чинь 30 настай ид залуу хамтлаг гэж яриад байгаа шүү дээ?
Хамтлаг маань залуухан шүү дээ. 30-хан настай юм чинь. Уран бүтээл гэдэг дотоод сэтгэлгээний юм. Хүн амьдралыг яаж харж байна. Юу гэж түүнийг тусгаж авч байна. Хүмүүсийн амьдралыг дотор нь орж хараад тэдэнд үүнийг л ингээд ойлгуулчих юмсан гэсэн тэр сэдвээ барьж дууны үгээ хийгээд түүндээ дагуулж аяа зохиогоод дуулаад явдаг. Түүнээс зүгээр нэг гоё шүлэг олоод “Өө үүгээр чинь дуу хийе” гээд хийчихдэг
ч юм биш. Бид концерт хийхдээ эхлээд нэрээ өгдөг. “За энэ “Амьдрал” гэдэг сэдэв дотор юу багтах вэ? Сэдэв үлдээхгүй шүү” гээд л. Тиймээс дуртай юмаа хөөхдөө биш, дуртай зүйлээ хүмүүст хэрэгтэй юм болгохын тулд яах вэ гэдгээ эрэлхийлэх ёстой. “Харанга”-ын дууг сонсоод амьдралаа өөрчилсөн олон хүн байдаг. Над дээр ирж хэлсэн хоёр хүн бий. Чукад очиж хэлсэн нэг хүн, Оогийд очиж хэлсэн хүмүүс гээд байдаг. “Харанга”-ын дуунуудаас тэр дууг сонсоод би амьдралаа өөд нь татлаа гэдэг. Над дээр ирсэн нэг компанийн захирал “Би архи уугаад эхнэр, хүүхдэдээ хөөгдөөд гудамжинд гараад явж байхдаа “Амьдрал” дууг чинь сонсоод бүхнийг ойлгож ухаарсан. Одоо засраад, буцаад амьдралаа босгоод компанийн захирлаа хийж байна. Би танд баярладаг шүү” гэж хэлж байсан. Тэгэхээр миний түрүүн хэлсэн дууны үг тэр хүний сэтгэл зүрхийг хөндөж, тэндээс тэр хүн ухаарчээ. Чукатай ирж уулзсан нэг хүн “Би хэцүү болоод байсан үедээ “Замд гаръя” дууг чинь сонсоод боссон шүү” гэх жишээтэй.
Тиймээс “Харанга”-ын 30 жил зөвхөн бидний 30 жил биш. Тэр хэлсэн хоёр хүнээс гадна хэлээгүй олон хүн байдаг гэсэн. Тэр хүмүүсийн баярын өдөр. Урлагийг зарим нь өнгөцхөн хардаг. Тайзан дээр гараад дуулчихаад яваад өгдөг улс шиг л боддог. Гэтэл ард нь философи байдаг. Нийгмээсээ 10-20 жилээр түрүүлж сэтгэдэг байх ёстой гэж ярьдаг. Тийм зүйлийг олж харахын тулд нийгмээ мэдрэх ёстой. Тийм ирээдүйг бий болгохын тулд бид юугаа засах ёстой юм. Ямар замаар явах ёстой юм бэ гэдгийг дуу хөгжмөөрөө хүмүүст ойлгуулах хэрэгтэй. Түүний төлөө л 30 жил зүтгэсэн зүтгэлийнхээ үр шимийг үзэх гэж байна.
Одоо та “Харанга”-ын дараагийн 30 жилийг зураглаж эхэлж байна уу?
Дараагийн 30 жил гэхээр хэцүү л дээ. Ямар ч байсан 10 жилийнх нь зураглал харагдаж байгаа. Хамгийн гол нь бид өөрсдөө эрүүл саруул байх ёстой. Тэр ч утгаараа бие биедээ маш өндөр шаардлага тавьж байна. Нөхөр минь элдэв юм битгий хэрэглэ, эрүүл бай. 10 жилийн дараа 40 жилээ хийчихмээр байна шүү, нөхөр минь. Аятайхан байгаараа гээд л.
Ер нь хүний толгой ажиллаж байхад бусад нь болчихно. Эрүүл байх юм бол хуруу гар хөдөлнө, хоолой дуугарчихна. Тийм болохоор 10 жил нэг их хол харагдахгүй байгаа.
Харин дараагийн 10 жилд бид юу хийж бүтээх вэ гэдэг нь асуултын тэмдэг байгаа. Дотроо бодсон зүйлс бий. Гэхдээ одоохондоо задлахад эрт байна. Бид юуг хийж амжаагүй билээ. Даяаршиж байгаа энэ үед юу хийх ёстой юм. Даяаршил зөв ч юм уу, буруу ч юм уу. Эцсийн эцэст үүнийг олон улсын хэмжээнд зөв гэж тайлбарлахгүй л байна. Эргээд үүнийг шүүмжилсэн зүйлс гарч ирээд байна. Энэ бүхнийг харж байж бид дараагийн уран бүтээлийн сэдэв, тусгалыг олж дуулах ёстой. 10 жилийн дараа Монголын өнөөгийн нийгмийн байдал, хүмүүсийн амьдрал ухамсар, тэс өөр болсон байна. Би маш хурдацтай өөрчлөгдөнө гэж бодож байгаа. Тэр үед бид өнөөдрийнхөө сэтгэхүйгээр юм хийвэл хүнд хүрэх үү гэдэг асуудал бас байгаа. Дотор төлөвлөсөн юмнууд бий. Үүнийг цаг хугацаатайгаа зөв уяад холбоод хийвэл ганц нэг уран бүтээл гарчих болов уу гэж бодож байгаа.
Монголын рок эрчимтэй хөгжиж байна. Үзэгчид нь ч хөгжиж байгаа шүү дээ?
Тийм. Анх “Харанга” хамтлагийг тоглож байх үеийг бодвол үзэгчид маань дэлхийн урлагийн хөгжилтэй харьцуулаад сонсдог учраас тэдэнтэй л харьцуулж харна. Биднийг анхны тоглолтоо хийж байхад цөөхөн л хүн гаднын тоглолт үзсэн байлаа.
Эхнээсээ “The Hu” хамтлаг дэлхийд гарч ирлээ.
Тийм. Магтмаар. Баярламаар. Дашдондогт баяр хүргэмээр байна.
Та бүхэн дэлхийд гарна гэж зорилго тавьж байв уу?
Нэг их тэгж шунаж байгаагүй. “Дэлхий ертөнц” концертыг хийж байхад англи хэлний багш хөлслөөд англи хэл заалгаж эхэлсэн. Тэгээд бүгдээрээ залхуураад хаяцгаасан. Тэр бол “Харанга”-ынхны алдаа байсан. Хэрвээ хэлтэй болчихсон байсан бол, ганц нэг дуугаа англиар дуулаад явуулсан бол юмыг яаж мэдэх вэ дээ. Ер нь алдаа оноо зэрэгцээд явдаг шүү дээ. “Харанга”-ын хувьд алдсан алдаа нь тэр. Тэгж алдаа
гаргахад нь хүргэсэн ахлагч миний буруу. Буруугаа хүлээж байна. Гэмшиж байна. (Инээв)
Танай хамтлагийнхан доторх хамгийн ажилсаг, хамгийн сахилгагүй гээд хамгийн, хамгийныг нэрлэвэл?
Бүгдээрээ л сахилгагүй. Гэхдээ бүгдээрээ цэрэг хүн шиг үүргээ ухамсарлана.
Танаас айх уу?
Надаас айхгүй ээ. Зарим нь надад эрхэлдэг.
Та яаж энэ олон эрчүүдийг, энэ өөр өөр араншингуудыг нэг дор зангидаад байна аа?
Бид анхнаасаа зорилго нэгтэй, өөрсдөө түүндээ хайртай байсан.
“Харанга” хамтлаг анхны “Амьдрал” тоглолтоо үзэгчдэд тоглож дуусаад хөшиг хаагдангуут тойрч тавуулаа тэврэлдэж зогсоод түрүүлж үхсэн нэгийгээ амиа хичээсэнд тооцно шүү гэж тангараг тавьсан. Тэр тангаргаасаа хэн нь ч няцаагүй.
Түүнээс заавал уурлаж бухимдаад зандраад байх шаардлага байхгүй. “Хөөе чи өргөсөн тангарагтай шүү. Аятайхан байгаарай” л гэхэд болно. Бүгд цэргийн алба хаасан, диктатураа мэднэ. Тийм болохоор нэг их бариад, базаад, эвлүүлээд байх зовлон байхгүй. Яах вэ хааяа алдаа гаргаж байгаа нэгэнд нь хэлэх юм гарна. Би ч гэсэн алдаа гаргавал тэд хэлчихнэ. Тийм байсны хүчинд 30 жил цуг байна. Буруу зүйл хийсэн нь буруугаа хүлээн уучлал гуйчихдаг. Түүнээс “Аа, битгий хуцаж бай” гээд явбал юун 30 жил гурван сар болоод л тарна биз дээ. Зорьсон зорилгодоо үнэнч байна гэдэг чинь хүнд үнэнч байхыг хэлдэггүй. Чи өөртөө л үнэнч байх ёстой. Тэр чинь тэртээ тэргүй чамайг чирээд аваад явна.
Өөрийгөө хуурах юм бол хажууд чинь алт байгаад ч нэмэргүй. Чи тэгээд л шүүрнээс гоожоод явна. Тийм болохоор хүмүүс “Харанга”-ын 30 жил хамт байсны нууц гэж яриад байдаг юм. Нууц биш ил шүү дээ. Зорилгодоо үнэнч бай. Буруу зүйл хийсэн бол буруугаа хүлээгээд уучлал гуйж чаддаг бай. Алдаа засагдаад явна. 30 жил ингэж л явсан. Эхлээд тавуулаа таван өөр араншинтай хүмүүс нийлсэн ч явсаар байгаад нэг хүн шиг болоод, өөрийн чинь асуусан шиг харцаараа л бие биеэ ойлгодог болчихсон байна.
Ярилцсан Г.Сонинбаяр, Г.Дашдулам