Таазнаас унжих торон хөшиг, дээрээс дүүжлэгдсэн уутанцар мэт торонд хэвтэх хүмүүс, ийш тийш нь харуулж байрлуулсан сандлууд, тольтой хана, олон янзын гэрлүүд… Энэ миний төсөөлж байсан “жүжиг” биш байв. Үзэгчид ороод яахаа мэдэхгүй эргэлзэн зогсоход ГОЛ ДҮР ярьж эхлэв. “Сая ямар чимээ дуулдсан бэ, та нарт?”

Спикер чанга дуугаар “ярьж” эхэлнэ. Тэр ойлгуулах гэж хичээж байна. Ярих гэдэг үйлийг зөвхөн хүмүүс бид хийдэггүй. Амьгүй биет одоо бидэнтэй ярьж, бүр биднийг чимээгүй болгож байгаад өөрийгөө ойлгуулж байна. Энэхэн мөчид амьгүй биетийн эрхшээлд орсон мэт, тэндээс гараад гүймээр мэдрэмж төрж байв. “Энд зөвхөн би л ярина. Ганц би л дуу гаргана. Өнөөдөртөө”
Өнгөрсөн амралтын өдрүүдээр “Амьгүй биет” контемпорари драм олны хүртээл боллоо. Зохиолч Ө.Үлэмжтөгсийн энэхүү бүтээлийг жүжигчин Я.Билгүүнсар найруулан үзэгчдийн хүртээл болгожээ. Бид гоёмсог зассан тайзны урд эгнэсэн сандал дээр сууж жүжиг үздэг. Сонгодог хөгжмийн аянд бүжигчид бүжиж, эсвэл шүлэглэсэн яруу зохиолын үгсийг бидэнд толилуулна. Энэ бол бидний сайн мэдэх тайзны урлаг. Харин өсгөгчийн чанга дуу чимээнд ийш тийш харан сууж, үгүй бол хэвтэж, нүдээ аньж эсвэл нээж “амьгүй биет”-ийн яриаг сонсох нь урлаг мөн үү? Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” контемпорари драм нь энэ асуудлыг хөндөж, бидний тархин дахь нэгэн хэвийн хайрцгийг эвдэв.

Контемпорари урлагийн тухайд
XX зууны дунд үеэс өрнөдөд хүчээ авч эхэлсэн энэхүү урлагийн төрөл нь ямар ч хязгаарт баригддаггүй гэдгээрээ онцлогтой. Энэ чиглэлийг шинэ, шинэлэг гэсэн үгсээр тодорхойлох ч багадах мэт санагдана. Хязгааргүй, дуусаагүй, тэрслүүд, ярвигтай гэх мэт үгсээр контемпорари урлагийг тодорхойлж болох ба энэ чиглэл нь араасаа маш олон асуултыг дагуулдаг. Урлаг гэж юу вэ? Контемпорари чиглэл тэгвэл урлаг мөн үү? гэх мэт эдгээр асуултыг ‘’Амьгүй биет’’ жүжиг хөндөж өгснөөрөө нэг шинэ хуудсыг нээв.
Монголд контемпорари урлаг хөгжөөгүй гэж хэлэх нь өрөөсгөл юм. Тодорхой хэсэг бүлэг зураач, уран бүтээлчид энэ урсгалын дор бүтээлээ туурвисаар ирсэн. Тухайлбал, Г.Эрдэнэбилэг, Ё.Далх-Очир, Б.Гансүх, С.Машбат, С.Баянмөнх, Б.Вандан, З.Өсөхбаяр, М.Хуяг-Очир нар 1989-1990 оны үед “Ногоон морь” гэж анхны нийгэмлэгээс гадна “Тэнгэр”, “Ситаарт”, “Эгоарт”, “Шинэ урлагийн холбоо” үүсгэн байгуулж, урлагийн шинэ тунхаг зарлаж явсан түүхтэй. Мөн 2002 онд байгуулагдсан “Хөх нар” төвийнхөн контемпорари чиглэлээр уран бүтээлээ хийдэг. Харин Монголд энэ урлагийн төрлийг хүлээн авах үзэгчдийн орон зай дутмаг байна.
“Бухимдаад л зураад байсан. Зогсонги үеийг бид эвдсэн. “Ногоон морь” нийгэмлэгийнхэн “Тунхаг” гаргаж байлаа” Зураач С.Машбат
Контемпорари урлагт хязгаар гэж үгүй билээ. Бүтээлчид нийгэмд өрнөж буй зүйлсийг урлагаар дамжуулан шүүмжилж бидэнд тусгал болгон харуулж байна. 1990-ээд оны үед нийгэм, улс төрийн шилжилт, өөрчлөлт, түүнээс шалтгаалсан урлагийн зогсонги байдлыг шүүмжилж байсан бол, өнөөдөр “амьгүй биет” ахуйдаа хорогдсон биднийг шүүмжилж байна. Бүтээлч өөрийн санааг илэрхийлэх, бодит байдлыг шүүмжлэн харуулахад контемпорари урлагийн чиглэл маш тохиромжтой байдаг. Учир юу вэ гэвэл энэ урлагт хүрээ гэж байхгүй. Видео, аудио, амьд болон амьгүй биет, үйлдлийн урлаг, гэрлийн урлаг зэрэг бүхий л элементүүдийг ашиглаж болох чөлөөт орон зай юм. Энэхүү орон зайг “Амьгүй биет” жүжигт сайтар ашиглажээ.


Амьгүй биетийн мөн чанар оршихуй
Одоо эргээд жүжиг рүүгээ орцгооё. Энэ жүжигт тайз гэж байхгүй. Гагцхүү тэр “тайз” нь бидний оюун санаа. Бидэнд бидний тухай хүүрнэх явцдаа гол дүр биднээс “асууж” байв. Гол дүр бидэн рүү “Та нар яг хэн юм бэ, та нар өөрсдийгөө таних уу, яагаад чанга дуу гарахгүй байгаа үед бие биенээ сонсдоггүй юм бэ? Зөвхөн хүн л ярьж чаддаг гэж үү?’’ гэж хашхирна.
Энэ жүжиг яг л бидний тусгал мэт санагдав. Толь байрлуулсан нь ч тийм учиртай биз. Жүжгийн тэн хагастай тэнцэх хугацаанд үзэгчид толь руу харан сууна. Дээрээс дүүжлэгдсэн торонд хэвтэх хүмүүс бас л бид юм биш биз? Зэрвэс харахад эвгүйцмээр, аймаар боловч хүний амьдрал гээч угаасаа л тор мэт байдаг биш үү? Ахуйдаа хүлэгдсэн бид тэнд тарчлан байна. Харин жүжгийнхээ тухай зохиолч өөрөө ийн өгүүлжээ:
“Бид өнөөдөр агаарын бохирдол, хөрсний бохирдол гэж их ярьдаг. Гэтэл яг одоо нэг чимээгүй тахал биднийг эзэлж байгаа нь дуу чимээний бохирдол юм. Хүн байгалийн дуу чимээнд хэзээ ч стресстдэггүй юм билээ. Харин хүн өөрийн бүтээсэн эд зүйлс, тоног төхөөрөмжийн дуу чимээнээс болж сэтгэлийн хямралд ордог. Үйлдвэр, машин тэрэг гээд л өчнөөн чимээ шуугиан хүмүүсийг гүн хямралд автуулж байна. Нөгөө талаас нь хэлбэл энэ зүйлс биднийг эзэгнэж эхэлж байгааг анзаарахгүй байж болохгүй”.
Зохиолчийн концепц эндээс тодорч байна. Уран бүтээл дэх концепц бол зөвхөн санаа төдий биш тэр санааны агуулгыг боловсруулсан үр дүнг хэлдэг. Орчин үеийн дүрслэх урлагаас үүнийг харж болох бол жүжигт ч мөн адил санаа ба боловсруулсан санаа өөрөөр хэлбэл үр дүн чухал гэдгийг “Амьгүй биет” харууллаа.
Орчин үеийн дүрслэх урлагт концепц ба түүнийг боловсруулах болон бүтээлч судалгааны явц нь нэгдүгээрт тавигддаг бөгөөд, үүгээрээ сонгодог ба уламжлалт дүрслэх урлагийн төрлүүд дэх бүтээлчийн гарын ур, урлах арга барил, эцсийн дүнд гарах бүтээлд гол анхаарлаа хандуулдаг зарчмаас ялгагдах гол онцлог юм. Урлаг судлалын ухааны доктор Ц.Цэндпүрэв
“Чих өвдөж, биечилж, хэвтмээр санагдаж, бухимдлаар санаа алдаж, гармаар санагдаж, толгой дүүрч байсан. Нийтийн унаанд суучихаад түгжрээн дунд хэзээ харина даа гэхээс бухимдал минь тал дүүрэн бэлчиж, тараг айрагтай исэлдэж эхэлдэг шиг дарамттай атал дуулгавартай догисоор байх ёстой энэ цагийн, энэ хормын, эгшин тутмын эвхэрмээр, эвхэрмээр, элэгдээд авмаар, эцсийг нь үзмээргүй-эрхэлж унаад өгмөөр мэдрэмжүүддээ би өөрөө тоглож, бас тоглуулж, шоглуулж байх шиг” Утга зохиол судлаач, шүүмжлэгч Х.Чойдогжамц
Жүжгийн явцад хүмүүсийн бие чилэх нь чилж, заримынх нь чих шуугиж ядарч, зарим нь юу юугүй гараад явах нь уу гэлтэй харагдана. Дуу чимээний бохирдол гэх гол санаагаа ийнхүү хүмүүсийн бие дээр бодитоор, хурцаар, чангаар ойлгуулж буй нь энэ байв. Аливаа урлаг гэх зүйл заавал сайн сайхныг үзүүлж таашаал өгөх албагүй гэдэг жүжгийн бас нэг тэрслүү санаа энэ байлаа. Орчин үеийн урлаг “уламжлалт гоо зүйн ойлголтыг эвдсэний үндсэн дээр бүтээлийг хүний нүдэнд “гоо зүйтэй” харагдуулах зорилгыг өвөртөлдөггүй” билээ.
“Амьгүй биет” жүжиг нэлээд олон асуултыг хөндсөн, контемпорари урлагийн тухай ойлголтыг баяжуулж, үзэгчдэд таниулсан урлагийн хөгжил дэх шив шинэ үзэгдэл болж чадлаа. Энэ жүжигт харин хариулт нь алга. Надад асуулт л үлдлээ.
Өлзийхутгийн Үлэмжтөгсийн зохиол контемпорари төрлийн жүжиг болох “Амьгүй биет” нь миний хувьд “Биегүй амь” гэж санагдсан.
“Чи өөрийгөө сайн чагна” гэсэн санаагаа ойлгуулж, мэдрүүлж чадсан. Найруулагч, зураач, тайз засал гээд уг жүжгийн шийдлийг шийдсэн залуус маань урлагийн төрөл жанр бүрийг тэмтэрч, өөр өөрийн сонирхлыг бодьжуулж буй нь сайхан санагдаж байна. Зохиолч Т.Бум-Эрдэнэ
Нийтлэлч: МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын урлаг судлалын 3-р курсын оюутан С.Солонго



