Tuesday, July 22, 2025

Зууны домогт хилчин, зургаадай таягтай генерал

Date:

Баян оросын хамжлага Баяндун сумын дарга болсон нь

…Хавтгай цагаахан Улз хангайн сайхан уулсын дундах цэнхэр номин хөндийгөөр угалзран хээтэн урсана. Дөрөө зурам өвс халиурсан уудам тэнүүн нугад үхэр, хоньд багшран бэлчиж, хаа нэгтээ буриадын жижигхэн модон байшин үзэгдэнэ. Энэ л нутагт бага насаа үдэж, эргэх дөрвөн улиралд баян оросын мал хариулж явсан Цэдэн-Иш хүү хорин нас шүргэж эрийн цээнд хүрчээ. Эхийн хайрыг амсалгүй өссөн ч ухаант эцгийн уужим холч сургаалыг даган, хатуу бэрхийг сэтгэлийн тэнхээгээр даван хат сууж, ажил хөдөлмөрийн үр шимийг  амталж мэдэрсэн залуу хөвүүн нутаг, нугын зон олныхоо хайр хүндэтгэлийг татах болов. Бэрх хэцүү амьдралд нухлуулж байсан ч сурч мэдэхийг эрхэм болгон 11 настайдаа авга ах Цэрэнгээр монгол бичиг, дөрвөн аргын тоо заалган сурсан нь түүнд хожмоо ихээхэн тус болжээ. 1906 онд Оросын Чита мужид төрж, балчир насаа тэнд үдсэн Цэдэн-Иш хүү аав Базар болон үеэл гурван эгчийн хамт 1918 онд  Монголд ирж, Дорнод аймгийн Баяндун суманд суурьшсан гэдэг. Орост хаант засаг нуран унаж, Чита мужийг япончууд эзэлсэн үймээн самуунтай тэр цаг үед дайн дажны хөлөөс дүрвэн элэг нэгт монголчуудаа түшин нүүдэллэж ирсэн буриадуудын нэг хэсэг нь тэднийхэн байв. Базарынх хойно байхдаа хамаг малаа зуданд алдаж хотоо харлуулаад, арга буюу баян орос Семён Долговын малыг хариулж, сүү цагаан идээг нь боловсруулан авч амьжиргаагаа залгуулж байсан аж. Тийн орос айлын мал хариулж, ойр дөт нутаглаж байхдаа угийн сэргэлэн цовоо, ой тогтоолт сайтай Цэдэн-Иш хүү орос хэл гадарлах болсон гэдэг. Хүний ганц хүү аавдаа гар хөл, нүд чих болно. Мал хариулахаас гадна ан гөрөө хийх, өвс хадлан бэлтгэх гээд бүхий л ажлыг нугална. Хөөрхий эцэг нь хүүгээ дэргэдээсээ холдуулахыг яахин бодох билээ. Тиймээс хошуу тамгынханд насыг нь дарж хэлнэ. Ингээд Цэдэн-Ишийг 1927 онд арга буюу Улз голын буриад хошууны захиргааны шийдвэрээр төрийн алба хашуулахаар мордуулжээ.   

Хорин нэгхэн настай идэр залуу хөвүүнийг зүүн хойд хязгаарын Хөх Ишгэнт дэх Гэртийн цагдаагийн харуулын даргаар томилсон нь түүний эрдэм боловсролыг үнэлж, их итгэл хүлээлгэсэн хэрэг байв. Тусгай сургууль, тэнхимд боловсрол эзэмшээгүй ч гэрийн сургалтаар монгол бичиг, дөрвөн аргын тоо сурч, амьдралын туршлага, ардын цэцэн ухаанаас оюуны саваа дүүргэсэн нь Цэдэн-Иш хөвүүнийг ийм хариуцлагатай албанд тохоон томилоход хүргэжээ. Тэрбээр цагдаагийн харуулын даргаар ажиллаж байхдаа хилийн шугам, цэс бичиг, овоо тэмдэгт, тодорхойлолт зэрэгтэй танилцан, тэдгээрийг  хуулбарлах, газар дээр нь тулган шалгах ажлыг гүйцэтгэж байсан нь хожмын их үйлсийнх нь эхлэл байв.

Харуулын даргаар хагас жил хэртэй ажиллаад байтал түүнийг Дорнод аймгийн Баяндун сумын нарийн бичгийн даргаар томилох нь тэр. Сумынхаа хүн ам, мал, хөрөнгийн тооллого бүртгэлийг гаргах, албан татвар ногдуулан хураах зэрэг ажлыг залуухан дарга тун чадамгай зохион байгуулж байсан аж. Удалгүй тэрбээр Дашбалбар сумын даргаар томилогдов. Хагас жил хэртэй саатан хүлээгдээд байсан сумын ажлыг цэгцэлж, эв зүйг нь олохын тулд залуу боловч туршлагатай дарга Б.Цэдэн-Иш нойр хоолгүй зүтгэжээ. Түүний зүтгэл ч талаар болсонгүй. Улз голын буриад хошуудын хамгийн баян нь болох Дашбалбар сумын ажил, амьдрал удалгүй жигдэрчээ. Залуу даргын хичээл зүтгэл, мэдлэг чадварыг үнэлж Улз голын буриад хошууны Тамгын газарт нягтлан бодогч болгосон байна. Хошууны нягтлан бодогчийн ажлыг Б.Цэдэн-Иш мөн л хийсэн шиг хийж, улсын хөрөнгөнөөс сохор зоос ч дутаасангүй. Сангийн яамны сайд Довчин өөрийн биеэр хүрэлцэн очиж баримт, дансыг нь шалгаж, мөнгөний авдрыг нь нээлгэн тоолж үзээд илүү, дутуугүй тохирсонд сайшаан, түүнийг ямар сургууль төгссөнийг асууж байсан гэдэг.               

Дөрвөн жил сум, хошууны Тамгын газарт ажилласан залуу эр 1931 оны намар эр цэргийн албанд татагдсанаар Базарын Цэдэн-Иш хэмээх энэ эрхэм хүмүүн, эх оронч, эрдэмт мэргэн буурлын бахархалтай бөгөөд гайхамшигтай хилчний амьдралын гараа эхэлсэн түүхтэй. 

Жирийн цэргээс жинхэнэ штабын ажилтан

Ардын армийн Холбооны тусгай хороонд алба хаахаар очсон байлдагчийн халаасанд генералын мөрдэс явсныг тэрхэн үед яахин мэдэх билээ. Цэргийн алба хаах хугацаандаа тоо бүртгэл хариуцсан бичээч, эх зохиогч, салааны захирагч, штабын туслахын албыг хашиж байсан түүнийг 1937 онд Хязгаарын цэргийн штабын даргын нарийн бичгийн даргаар томилжээ. Энэ үедээ тэрбээр Оросын цэргийн мэргэжилтэн С.Н.Тамаркины хамтаар Дорноговь аймгийн Сулинхээрийн отрядаас зүүн тийш хилийн зургаан отряд байгуулах төлөвлөгөөг газрын зурагт нарийвчлал, үндэслэл сайтай боловсруулсан учир жинхэнэ штабын ажилтан гэж үнэлэгдэж байв.

Ийнхүү Улз нутгийн эгэл жирийн буриад хөвүүн улс, эх орныхоо төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэх он жилүүд эхэлсэн байна. Тэрбээр 1938-1941 онд Дотоодыг хамгаалах газрын төв сургуульд хичээл ангийн эрхлэгч, штабын даргаар ажиллаж байгаад 1941-1945 онд Фрунзийн нэрэмжит цэргийн академид суралцжээ. Цэргийн дээд боловсрол эзэмшсэн шижигнэсэн залуу офицер 1945-1950 онд Хязгаарын болон дотоодын цэргийн Хэрэг эрхлэх газрын тасаг, хэлтэс, штабын дарга, Гадаад яамны Консулын хэлтсийн даргаар ажиллажээ. Тухайн үед тэрбээр 1948-1950 онд баруун хилийн байлдааныг удирдахад оролцжээ. 1956 онд БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны элчин зөвлөх, 1958 онд Худалдааны яамны гадаадын жуулчдад үйлчлэх газрын дарга, 1960 онд Гадаад явдлын яамны хэлтсийн даргын эрхтэйгээр өмнө зүгийн хилийн байдлыг шалгах улмаар хилийн хэлэлцээрт бэлтгэх ажлын хэсгийн дарга, 1970-1976 онд НАХЯ-ны орлогч сайд, Хязгаарын болон дотоодын цэргийн Хэрэг эрхлэх газрын дарга, 1976-1979 онд НАХЯ-ны сайдын хилийн асуудал эрхэлсэн зөвлөх, хилийн комиссын зөвлөх, хилийн түүх судлах группийн даргаар ажиллаж байв. 

Нэгэн хүний нас, бие яаж хүрэлцэв гэмээр их зүйлийг хийж бүтээсэн энэ эрхэм буурал хилчин Монгол Улсын хилийг тогтоон баталгаажуулж, газар нутгийнхаа бүтэн байдлыг хангахад үнэлж баршгүй гавьяа байгуулсан юм. Тэрбээр Монголын орчин үеийн хил судлалын шинжлэх ухааныг үндэслэн, хил судлалын анхны байгууллагыг удирдаж байв. Монгол Улс хөрш улсуудтайгаа нийт 8220 километр урт зурвасаар хилээ тогтоон, ямар нэгэн маргаангүйгээр баталгаажуулсан нь Б.Цэдэн-Иш хэмээх энэхүү домогт хилчний гавьяа билээ. Тэрбээр Монгол Улсын хилийг тогтоох ажлыг санаачлан, 1962 онд БНМАУ, БНХАУ-ын хооронд, 1976 онд БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд хилийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулах ажлыг зохион байгуулах комиссыг ахалж энэ түүхэн үйл хэргийг амжилттай гүйцэлдүүлсэн байна. Эх орныхоо дархан хилийг ийнхүү бүрэн бүтэн баталгаажуулахын тулд тэрбээр олон арван жил уйгагүй судалгаа, шинжилгээ хийж, хилийн торгон зурвас, овоо тэмдэгт бүхэнд биеэр очиж, нүдээр үзэж явжээ. Сүүлд улсын хил шалгах ажилд ч биеэр оролцож өөрийн арвин баялаг мэдлэг, туршлагаа залуу халаа хилчдэдээ хэлж, сургаж байв. Монголын хилийн амьд лавлах, нэвтэрхий толь гэгддэг энэ буурлаас үг сонсоно гэдэг чухам ховорхон аз завшаан. 

Түүхт хилийнхээ ширхэг чулууг ч андахгүй

1962 онд БНХАУ-тай, 1976 онд ЗХУ-тай улсын хил тогтоох ажлыг удирдан зохион байгуулж, өөрийн улсад хамгийн ашигтайгаар шийдвэрлүүлэн, улмаар НҮБ-д бүртгүүлэн, олон улсын хэмжээнд баталгаажуулахад гол үүрэг гүйцэтгэжээ. Тэрбээр улсын хил тогтоох бүрэлдэхүүнийг ахлан ажиллаж, хилийн дагуух нийт 30 хэсэг газрын 17321 км квадрат газар нутгийн асуудлыг хэлэлцэн, 5700 км квадрат газрыг БНХАУ-ын саналаар, 12314 км квадрат газрыг БНМАУ-ын саналаар гэрээ байгуулжээ. Ингээд 1962 оны арванхоёрдугаар сарын 26-нд Бээжин хотноо БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, БНХАУ төрийн зөвлөлийн дарга Жоу Энь Лай нар гэрээнд гарын үсэг зурж байжээ.  Гэрээ байгуулсны дараа Жоу Энь Лай “Монгол, Хятадын хооронд албан ёсоор тогтоосон хил байгаагүй. Одоо бид хилээ албан ёсоор шуурхай баталгаажуулж авлаа. Энэ бол Монгол, Хятадын ард түмэнд цаашдаа найрамдал, хамтын ажиллагааг шийдвэрлэх их чухал хүчин зүйл боллоо” гэж хэлжээ.

Энэ түүхэн үйл явдлын талаар Б.Цэдэн-Иш генерал хожим нь “Монгол Улсын хилийг 1921 онд тусгаар тогтносноос хойш 41 жилийн дараа 1962 онд Хятадаас тусгаарлах хилийн хэлэлцээр явуулж амжилтад хүргэн, Монгол, Хятадын хилийн гэрээнд Ю.Цэдэнбал, Жоу Энь Лай нарыг гарын үсэг зуруулж нэг их баярласан” хэмээн дурссан байдаг.

Хилийн хэлэлцээрийн гэрээнд гарын үсэг зурахын өмнө зарим асуудлаа шийднэ гээд хоёр улсын удирдагчид нэг өрөөнд оржээ. Нэлээд удсан гэнэ. Хэлэлцээрийг хийсэн ажлын хэсгийнхэн үүдэнд нь хүлээгээд зогсож байтал хоёр дарга гараад иржээ. Жоу Энь Лай царай нь нэлээд улайчихсан харагдаж. Харин Ю.Цэдэнбал сэтгэл хангалуун байдалтай инээчихсэн, хил тогтоох комиссын Монголын талын гишүүдийнхээ дэргэдүүр өнгөрөхдөө “Манай саналаар болсон, манай саналаар болсон” гэхэд Б.Цэдэн-Ишийн хоёр нүдний нулимс энгэр рүү нь сул асгараад явчихсан гэдэг. Тэгж их сэтгэл зовж байжээ. Чөмгөө дундартал олон сар зүтгэж, бэлтгэсэн хилийн хэлэлцээр нь талаар өнгөрсөнгүй. Хэлэлцээр Монголын талд ашигтайгаар шийдэгдсэн юм. Энэ бол буурал генералын түүхэн гавьяа байлаа.

…Хил тогтоох хэлэлцээ тийм ч амар байсангүй. Хоёр тал санал зөрөлдөх зүйл олон байв. Тэр бүхэнд Б.Цэдэн-Ишийн туршлага, мэдлэг, хурц ухаан, манлайлах чадвар, ноён нуруу, төрийн хүний тулхтай чанар тодрон гарч байжээ. Тухайлбал хэлэлцээр дээр хэлэлцэж, тогтож чадахгүй 30 хэсэг асуудал байсан гэдэг. Үүний 24-ийг нь Цэдэн-Иш гуайн гаргасан саналаар, өөрөөр хэлбэл Монголын талын саналаар шийдсэн аж. Үлдсэн 6 асуудлыг аль нэг талын саналаар шийдэж чадахгүй тул хамтарсан комисс дээр ярилцаж шийдэж байв.

Хэлэлцээрийн үеийн тухай Б.Цэдэн-Иш генералын хүү, ТЕГ-ын Үндэсний тагнуулын академийн багш асан, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Ц.Энхжаргал “Аав урд зүгийн 4000 гаруй км үргэлжилсэн хилийн шугамыг нэгд нэгэнгүй тайлбарлаж ярьсан гэдэг. Тэгэхэд 15 метр урт газрын зураг дэлгэж байгаад бүгдийг нь тайлбарлаж хоёр цаг 15 минут ярьжээ. Хятадууд мэл гайхаж гэнэ. Тэд хил залгаа аймаг, мужуудийнхаа дарга нарыг тэр хил тогтоох комисстоо оруулсан аж. Тиймээс мэргэжлийн хилчин хүн байхгүй. Аав шиг газар нутаг, хилийн асуудлыг сайн мэддэг хүн байхгүй. Тиймээс хятадууд аавын яриаг сонсоод шоконд оржээ” хэмээн дурссан байдаг.  Б.Цэдэн-Иш генерал Монгол Улсын  Засгийн газрын байр суурийг тийнхүү ямар ч маргаангүй баримт, хөдөлшгүй нотолгоотой ярьсны дараа ажлын хэсгийн хятадууд хэлэлцээрт гурав хоног ирээгүй гэдэг. Цочирдсон хэрэг. Тэгж газар нутгаа ширхэг чулуугаар нь таньж мэддэг хүн тэдэнд байх ч үгүй, мэдэх ч үгүй. Тиймээс маргалдах юмгүй болчихож л дээ. Ингээд манай тал маш ашигтайгаар хэлэлцээрийг хийжээ. Тухайн үед ийм л баримт, нотолгоотой хэлэлцээ хийж байж Оюутолгой, Тавантолгой гээд эдүгээ нээгдээд буй ордуудыг авч чадсан байдаг. Тэр үед газрын дор юу байгааг мэдээгүй. Гэхдээ Монгол Улс авах ёстой л газраа авсан нь тэр юм. 

Б.Цэдэн-Иш гуай хил тогтоох хэлэлцээрт хэрхэн нягт нямбай, ул суурьтай, судалгаатай хандаж, хичээл зүтгэл гаргаж байсныг нотлох олон баримт бий. Тэрбээр уйгагүй сураглаж, хөөцөлдөн 1925 оны газрын зургийг олж авсан нь маш том эх сурвалж болжээ. Уг зурагт Хятадтай тогтоох гэж байгаа хил Өвөрмонгол, Ар Монголын газар нутаг маш тодорхой орсон байдаг аж. Тиймээс хил тогтоохдоо үүгээр багцаа авсан байна. Хоёр улсын хил дагуу 191 түүхт овоо байв. Монголчууд эртнээс хилийн овоогоо босгоод дор нь пайз хийчихдэг байжээ. Ар, Өвөр Монгол бараг 300-гаад жилийн турш  нааш цааш нүүдэл суудлын хөл дунд байсан ч хилийн овоо хөдөлшгүй баримт болсон гэдэг. Тухайн үед 37 овоо Хятадын нутагт, 60-аад овоо Монголын нутагт, 91 овоо яг улсын хилийн шугам дагуу байв. Тэр бүхнийг олж тогтоожээ. Хилийн гэрээ гэдэг бол түүхэнд хоёр улсын хил хаагуур байв, яаж хамгаалж байв гэдэг уг сурвалжтай холбоотой.

Хойд хилийн хэлэлцээрийг санаачлан, удирджээ

Б.Цэдэн-Иш 1970-1976 онд НАХЯ-ны орлогч сайд, Хязгаарын болон дотоодын цэргийн Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа БНМАУ, ЗХУ хоёр орны хилийн хэлэлцээрийг 1975 онд Чита хотноо хийж, хилийн шугамыг тодотгох асуудлыг хэлэлцжээ. Хоёр улсын хилийн дагуух 145 хэсэг газрын 69565 км квадрат газрыг БНМАУ-ын саналаар, 109 хэсэг газрын 120,6 км квадрат газрыг ЗХУ-ын саналаар тохиролцон, 1976 онд Москва хотноо  гэрээ байгуулжээ.

Тэрбээр 10 гаруй жилийн өмнө өмнөд хилээ тогтоох хэлэлцээрийг хийсэн тул чамгүй туршлага хуримтлуулсан байв. Тиймээс хойд хилийг судлах гэж нууц байдлаар, ээлжийн амралтаараа, өөр ажлын далимаар хойд хилийн дагуу 1973-1975 оны хооронд олонтаа явж, түүхт хилийн 83 овооноос 81-ийг нь газар дээр нь бүртгэж, хилийн хэлэлцээрт бэлтгэжээ.

Л.И.Брежнев Монголд ирэхдээ 1975 онд Ю.Цэдэнбал даргаар нэг асуудлыг зөвшөөрүүлж чадсан нь хоёр улс хилээ маргаангүй болгож, эцэслэн тогтооё, бүх зардлыг нь бид даая гэсэн санал байв. Энэ саналыг хүлээн авснаар хилийн хэлэлцээр тун шуурхай хийгджээ. Б.Цэдэн-Иш генерал энэ тухай мөн дурсамждаа “Цэргийн газрын зургийн алдааг өөрчлөхөөс биш газар нутгийн хэлэлцээр хийгээд байх юмгүй, түүхийг нь баримтжуулаад л гэрээ байгуулсан. 1976 оны аравдугаар сарын 19-нд Москвад Кремлийн ордонд Ю.Цэдэнбал, Л.И.Брежнев хоёрыг гарын үсэг зуруулж хоёр дахь их баяр болсон” гэжээ. 

Түүний дараа үеийн хилийн цэргийн гарамгай удирдагчдын нэг хошууч генерал Ж.Ишдорж дурсахдаа “1967 онд Цэдэн-Иш гуай Хилийн цэргийн штабын дарга болсноос хойш Дорнодод очих болгондоо “Намайг энд ирсэн гэж битгий хэлээрэй” гэдэг байсан” гэсэн нь бий.

Буурал генерал тэгж явахдаа дандаа хилийн судалгаа хийсэн аж. Зөвлөлтийн хилийн цэргийн командлагчтай байнга утсаар ярьдаг байж. Б.Цэдэн-Иш гуай нэг удаа түүнд “Хоёр улсын хил тогтоох асуудлаар ярьвал яадаг юм бол” гэжээ. Нөгөөх нь “Тэгье” гэсэн гэнэ. Энэ санаагаа дээшээ зарим даргад хэлсэнд “Ах, дүүгийн найрамдалт улстай тийм юм ярьж болохгүй” хэмээн болгоомжилж байжээ. Тэгэхээр нь шууд Ю.Цэдэнбал дарга дээр нэг оров.

-Зөвлөлттэй хил тогтоох асуудлаар ярьвал ямар вэ?

-Тэг. Чи армийн генерал Матрасовтой ярьсан уу?

-Хэлсэн.

-Тэгвэл наад ажиллагаагаа эхлэ, бэлтгэлээ ханга

Ингэж асуудал шийдэгджээ. Ю.Цэдэнбал дарга “Би Зөвлөлтийн хүргэн нь болохоос хүү нь биш” гэж хэлсэн гэх яриа бий.  Зөвлөлттэй энгэр  задгай тавьсан биш өөрийнхөө эх орны хил хязгаарыг бататган тогтоох сэтгэл түүнд байжээ. Хоёр улс хилийн цэсээ тогтоох ажлын хэсэг байгуулаад уулзалт хийсэн байна. Зөвлөлтийнхөн зарим газраа манай нутгийг бүр нааш нь татчихсан байж. Тэр бүхнийг ярьж залруулж байж хилээ  тогтоож тохирсон гэдэг.

Хойд хилийг тогтооход 1896 онд Хаант Орост хэвлэсэн газрын зураг чухал эх сурвалж болжээ. 1727 оны Буурын гэрээгээрээ хоёр улсын хилийн зурвасыг зурсан байдаг. Түүнийг л баримталж хилээ тогтоохоос өөр аргагүй байв. Хойд хилийн хэлэлцээрийн протокол дээр Монголын талаас Б.Цэдэн-Иш гуай гарын үсэг зуржээ. ЗХУ-ын талаас Дотоод явдлын яамны орлогч сайд Раскадров гарын үсэг зурсан аж. Гэрээн дээр мөн л Монгол Улсын Бүрэн эрхт Элчин Б.Цэдэн-Иш үзэглэсэн бол ЗХУ-ын талаас Бүрэн эрхт Элчин сайд Смирнов гарын үсэг зурсан байна. Үүний дараа нь МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Сайд нарын  зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, ЗХУ-ын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежнев нар гарын үсэг зурсан түүхтэй.

Хойд хилийн хэлэлцээ амархан, хурдан болсон мэт ч хөшигний цаана мөн л “цусгүй дайн”, далд тэмцэл явагджээ. Хойд хилийн дагуух 87 түүхэн овоог Б.Цэдэн-Иш гуай бүгдийг нь олсон гэдэг. Ийн хилийн овоо тогтоож байх үедээ Дорнодын чиглэлд нэг овоог эрээд олохгүй байжээ. Ерөнхийдөө багцаа мэддэг ч овоог олсонгүй. Ингээд баахан улс дагуулаад яваад байж. Нэг өглөө Цэдэн-Иш генерал уулан дээр гарчихсан нөхдөө дуудаж байна гэнэ. Яваад очсонд “За миний зогсож байсан газрыг ух, энэ дор хилийн овоо байна” гэжээ. Хамт явсан хүмүүс нь “Өвгөн зөнөчихөж. Энэ дор ямар овоо байдаг юм” гэж л бодож. Гэтэл нэг метр хэртэй ухсан чинь овооны чулуу цухуйжээ. Ухаад байсан чинь таван ханатай гэрийн хэрийн буйртай том овоо нь байв. Овооных нь дороос пайз нь хүртэл гарч ирсэн гэдэг.

Монгол-Хятад, Монгол-Зөвлөлтийн хооронд хилийн гэрээ байгуулагдаж, улсын  хилийн шугамыг газар дээр нь тогтоон тэмдэглэж, хоёр хөршөөсөө нутаг дэвсгэрээ албан ёсоор тусгаарлаж авсан нь түүхэн ач холбогдолтой үйл явдал байв. Ийнхүү улсын нутаг дэвсгэр, хил хязгаарын асуудал бүрэн шийдэгдсэнээр тусгаар тогтносон БНМАУ батжин бэхэжсэн юм. Б.Цэдэн-Иш генерал “Газар нутаг, хилийн асуудал бол тусгаар тогтносон улсын хөдөлшгүй баталгаа. Улс гэж юу вэ гэдэг олон улсын эрхийн заавар бий. Нэгт газар нутаг, хоёрт хил, гуравт үндэсний соёл, дөрөвт засаг төр, тавдугаарт ард түмэн байх ёстой гэж үздэг” хэмээн хэлсэн нь хойч үедээ үлдээсэн сургаал, захиас байлаа. 

Хилийн цэргийг дахин байгуулсан гавьяатан

Б.Цэдэн-Иш генералын бас нэг түүхэн гавьяа бол хязгаарын цэргийг дахин байгуулсан явдал байлаа. Тэрбээр хязгаарын цэргийг дахин байгуулах ажлын 1960-аад оны дунд үеэс эхлүүлж, 1968 онд хязгаарын цэргийн бүтцийг шинэчлэн хилийн төлөөлөгчийн аппаратыг хилийн отряд, хилийн пунктуудыг хилийн застав болгон өөрчлөн зохион байгуулсан нь өнөө хүртэл хэвээр хадгалагдаж байна. Мөн улсын хил хамгаалалтын эрх зүйн үндэс болох Монгол Улсын хилийн тухай хууль болон хилийн отряд заставын дүрмийг батлуулах ажлыг 1972-1975 онд удирдан зохион байгуулж батлуулсан байдаг.

Тэрбээр хилийн цэргийг дахин байгуулсан тухайгаа “Улсын хилээ тогтоосноос хойш 15 жил болоход хил эзгүйрсэн. Тодолж тогтоосон хилийн багана тэмдэгтийг эзгүй орхиж болохгүй гэж бодсон” гэсэн байдаг. Тухайн үед БНХАУ Вьетнамд дайн зарлан цэргээ оруулахтай зэрэгцэн Зөвлөлтийн 39 дүгээр арми Монголд ирж  суурьжээ. Энэ үед генералын толгойд “Хүний арми орж ирж болж байхад өөрсдийнхөө хилийн цэргийг яагаад байгуулж болдоггүй юм” гэсэн бодол төржээ. Ингээд Ю.Цэдэнбал даргыг ятгасаар байж зөвшөөрөл авчээ. Ийнхүү хилийн цэрэг татан буугдаад 17 жил болсны дараа 1967 онд дахин байгуулагдсан юм. Б.Цэдэн-Иш генерал тухайн үед Гадаад харилцааны яаманд ажиллаж байгаад хилийн цэргийг дахин байгуулах ажлыг гардан зохион байгуулахаар буцаж ирсэн байна. 1967-1970 оны хооронд хилийн цэргийг одоогийн байгаа бүтэц, зохион байгуулалт, хүчин чадалтайгаар байгуулж, хөгжлийнх нь шинэ үеийг эхлүүлсэн гавьяа аанай л домогт хилчин, буурал удирдагчид бүрэн хамаарна. Мөн “Эх орны манаа” сонин, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Биеийн тамир спортын “Хүч” нийгэмлэг зэргийг тэрбээр үүсгэн санаачилж, удирдан зохион байгуулсан билээ.

Хилийн цэргийг дахин байгуулсан тухайгаа тэрбээр “Миний хийсэн сүүлчийн ажил” хэмээн даруухан өгүүлсэн байдаг. Эрхэм генералын хийсэн энэ ажил үндэсний аюулгүй байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах, орчин цагийн  хил хамгаалах байгууллагын хөгжил дэвшлийн суурь болсон юм.

Түүнийг улсын хил хамгаалах байгууллагыг зохион байгуулж, бэхжүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлэгч, хил хамгааллын түүх судлалын үндсийг тавигч гэж зүй ёсоор үнэлдэг. 1957 оноос эхлэн Монгол Улсын хилийн түүхэн үүсэл, хөгжлийн судалгаанд тулгуурлан хилийн тухай илтгэл, нийтлэл, тайлбар 80 гаруйг бичсэний гадна Монголын хилийн талаар дорвитой судалгаа хийж “Төрөлх нутгийн төө газрын төлөө” (1976) , “Монгол улсын хил хязгаар бүрэлдэн тогтсон түүхэн тойм” (1983) сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл нь “Монгол Улсын хил хязгаар бүрэлдэн тогтсон түүхээс” тэргүүн болон дэд дэвтэр болон хэвлэгдэж Монгол Улсын дархан хилийн нэвтэрхий толь болсоор байгаа билээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хууль зүйн ухааны доктор, дэслэгч генерал Базарын Цэдэн-Ишийн түүхэн гавьяаг мөнхжүүлэх зорилгоор 2015 оны дөрөвдүгээр сард болсон Дорнод аймгийн ИТХ-ын XI хуралдаанаар Дорнод аймгийн Баяндун сумын нутаг “Түргэн” багт орших хилийн 0275 дугаар ангийн 2 дугаар заставыг, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2016 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор хилийн 0243 дугаар ангийг тус тус түүний нэрэмжит болгожээ.

Монгол төрийн Элчин сайд

Эх орныхоо торгон хилд болд шиг хатаагдан, команд штабын чиглэлээр мэргэшсэн шилдэг удирдагч болон тодорсон Б.Цэдэн-Ишийг 1950 онд тухайн үеийн МАХН-ын Улс төрийн товчооны шийдвэрээр дипломат албанд шилжүүлжээ. Гадаад явдлын яамны дэргэд Консулын алба байгуулагдахад анхны даргаар нь ажиллан консулын байгууллагын өрхийг татаж галыг асаалцан дүрэм, журмыг нь боловсруулсан, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөхөөр ажилласан гээд дипломат албанд зүтгэж энэ салбарт хийж бүтээсэн зүйл түүнд олон бий.

1958 онд түүнийг Гадаадын жуулчдад үйлчлэх газрын даргаар томилов. Уг албыг хоёр жил хашихдаа 1959 онд нийслэлээр овоглосон анхны байгууллага болох “Улаанбаатар” зочид буудлыг барьж байгуулах саналыг анх гарган, зураг төслийг нь хийлгэж, улмаар ашиглалтад оруулсан байна. 1960 онд Гадаад явдлын яамандаа эргэн ирж, хэлтсийн даргын эрхтэйгээр өмнө зүгийн хилийн байдлыг шалгах, улмаар хилийн хэлэлцээрт бэлтгэх чухал албыг хаших болсноор Монгол Улсын хилийг албан ёсоор хөрш хоёр  улстай тогтоож, олон улсын баталгаатай болгох түүхэн онцгой үйл хэргээ эхлүүлжээ.

Жаргаах зурвас

Жирийн малчнаас төрийн сайд, жагсаалын байлдагчаас дэслэгч генерал, багийн даргаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хүртэлх түүний ажил, амьдралын түүхэн замнал үнэхээр бахархалтай. Тэрбээр 80 гаруй жил улс, эх орондоо хөдөлмөр зүтгэлээ зориулж 100 насны босго хэдийнэ алхсан авч эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа үргэлжлүүлсээр, хийж бүтээхийн ид хав, үлгэр дуурайлыг үзүүлсээр байсан гэдэг. Үргэлж шинийг сэдэж, амарч цуцахыг мэдэлгүй хөдөлмөрлөж, өөрийгөө хөгжүүлж байснаараа бие эрүүл, ухаан саруул байж урт удаан насласан нь дамжиггүй.

Базарын Цэдэн-Иш хэмээх энэ эрхэм буурлын амьдралын намтар, түүхийг харахад эх орныхоо төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн эгэлгүй хүн, цэргийн гарамгай зүтгэлтэн, авьяаслаг удирдагч, улсынхаа торгон хилийг зүрх сэтгэлдээ хадгалж, оюун бодолдоо цогцлоосон бахархам эрдэмтэн, бахдам гавьяатай эрэлхэг хилчний дүр төрх тодрох бөлгөө. “Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиад эргэн бодохын цагт дахин амьдарсан мэт сэтгэл ханах болно” хэмээн Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам айлдсан байдаг. Энэ үгийн эзэн болж нэгэн насны амьдралд хийж амжимгүй их үйлийг бүтээсэн хүн бол Улз нутгийн унаган хүү, хорь буриадын бодонгууд овгийн Базарын Цэдэн-Иш билээ. Хилийн цэргийн алдарт командлагч, хорьдугаар зууны манлай домогт хилчин хэмээн зүй ёсоор нэрлэгддэг энэ эрхэм хүмүүний улс эх орондоо байгуулсан гавьяаг үнэлж дэслэгч генерал, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол өргөмжилж, Сүхбаатарын одонгоор гурван удаа, Байлдааны болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, “Алтангадас” одонгоор тус бүр хоёр удаа шагнаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч цол хүртээсэн юм. Мөн ЗХУ-ын Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа шагнаж байжээ. Зуу насалж зургаадай таяг тулсан буурал генералын туулсан амьдралын замнал, сэдэж гүйцэлдүүлсэн үйлс, бүтээсэн туурвилын тухай цухас төдий өгүүлэхэд ийм буюу.  

Сэтгүүлч Г.Сонинбаяр

2024 он.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын шатрын холбооны амжилтыг үнэлж, “OUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” шагналаар шагнажээ

Монголын шатрын холбооны 2025 оны эхний хагас жилийн амжилтыг...

Төрийн далбааны эхийг зохиосон төгөлдөр авьяастан Додийн Чойдог

Дорнод аймгийн Баяндун сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой...

Хоошорюү С.Бямбасүрэн бэртлийн улмаас башёг орхилоо

Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн Нагоя башёгийн тав дахь...

Наадмын нээлтээр “дэбют”-ээ хийсэн соёлын шинэ сайд

Жилд нэг удаа болдог төрт ёсны их баяр наадмын...