Friday, July 18, 2025

Наадмын нээлтээр “дэбют”-ээ хийсэн соёлын шинэ сайд

Date:

Жилд нэг удаа болдог төрт ёсны их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа жилээс жилд хэл ам дагуулж, багагүй ярианы сэдэв болсоор ирсэн. Гэвч олон мэргэжлийн уран бүтээлчид, зөвлөх баг ажиллаж эцэслэсэн зохиол, найруулга дээр “сайд” нь орж дураар өөрчлөх, чиглэл өгөх явдал гарч байсангүй. Чиглэл өгөх эрх нь сайдад бий ч төрт ёсны уламжлал, нарийн ёс заншил агуулсан арга хэмжээнд дарга нар “дутах” ёстой юм.

Харин ССАЖЗ-ын шинэ сайд Ч.Ундрам 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, соёл урлагийн арга хэмжээний бэлтгэл хангах хурлын үеэр “Японы эзэн хааны айлчлалтай холбогдуулан хоёр орны ижил төстэй зан заншлыг харуулсан хэсэг оруул” гэсэн чиглэл өгснөөр “тооноор хийсэн дугуйтай тэрэг”, “цэн тогоруутай хэсэг” нэмэгдсэн нь шүүмжлэлийн гол бай болов. Энэ тухай наадмын найруулагч өөрөө ам алдсан ч, Ч.Ундрам сайд тэр даруй “надад ямар ч хамаагүй, зохиол найруулгыг өөрчлөөгүй” гэж шилэн бамбай босгов. Сайд өөрөө “оролцоогүй” гэсэн ч Ерөнхийлөгчид эцэслэн танилцуулсан зохиолд тэрэг түрсэн хүүгийн сцен огт байгаагүй гэх…

Ямартай ч төрийн сайдын нэг чиглэл уран бүтээлчдийн орон зайд халдаж, улс орны нүүр царай болсон үндэсний их баяр наадмын арга хэмжээгээр “дэбют”-ээ хийж оноо авах гэсэн бол энэ нь сайдын хүслээс хальж, төрт ёсны арга хэмжээг “хэрүүлийн алим” руу шидсэн хэрэг болов.

За яахав, сайд хүн сайн санаагаар гуравдагч хөршийнхөө хаанд хүндэтгэл үзүүлэх гэсэн байж болно. Гэвч урьдчилсан үзлэг дээр тус бүр 8 сая төгрөгний цалинтай зөвлөхүүд, шинэ сайд, ерөнхий сайдтайгаа “шалгалт” хийхдээ “тооноор дугуй хийх нь зөв үү” гэж асуусан болов уу?

Ч.Ундрам сайдын хувьд энэ бол өөрийн хүсэж, хүлээж авсан хариуцлагатай албан тушаал. Харин “Зохиол найруулгад оролцоогүй, мэргэжлийнхэнд хүндэтгэлтэй хандсан” гэх гоё үгнүүд бол бодлогын түвшний хариуцлагаас бултах гэсэн оролдлого юм. Буруу чиглэл өгсөн бол хүлээх ёстой нь хариуцлага, уучлалт гуйх ёстой нь ёс зүй юм. Чадахгүй бол “зай тавь” гэх улс төрийн хатуу албан тушаалд ийм эрт “эрхэлж” эхлэх нь зохисгүй.

Соёлын яам бодлого тодорхойлохоос гадна хэрэгжилтийн деталь бүрд оролцдог, хэл ам ихтэй, ард иргэдийн хатуу “шүүлттэй” салбар гэдэг нь өмнөх сайдаас тодорхой харагдсан. Харамсалтай нь салбарын хамгийн их “гал”-тай сэдэв дээр шинэ сайд “гал авч биш, галын шугамаас зугтаж” дэбют хийлээ.

Харин Ч.Номин хэчнээн “балбуулж” байсан ч салбараа цээжээрээ хамгаалаад гардаг байв. Ч.Ундрам сайд харин цаашид “хүндэтгэлтэйгээр мэдэгдэе” гэх тайлбар, салбарынхнаа “урдаа шидэх” явдал хэр олон давтагдахыг таашгүй.

Хэт их оролцох, эс оролцох хоёрын дунд ухаан зарах нь төрийн хүний нарийн мэдрэмж,  чиг шугмыг харуулдаг. Харин энэ хоёр орон зайд эс үйлдэхүй рүү хазайдаг бол төрийн дээд албан тушаалд хэзээ ч тэнцэхгүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ баг Ираны эсрэг тоглоно

Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ баг FIBA "Women’s Asia...

Их хүчтэний нутгаас дүүлсэн идэр залуу харцага

Энэ жилийн баяр наадмаар монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд...

Ерөнхий сайд Г.Занданшатар: Орон нутагт эрх мэдэл түлхүү өгч, бие даан хөгжих, орлого олох нөхцөл бүрдүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар аймаг, сум, дүүргийн Засаг...

3×3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 3x3 сагсан бөмбөгийн үндэсний...