Дорнод аймгийн Баяндун сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ өдрүүдэд болж байна. Баяндун нутгаас төрөн гарсан алдартнуудын нэг нь Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Додийн Чойдог билээ. Тэрбээр Монголын орчин цагийн дүрслэх урлагийг үндэслэгчдийн нэг юм. Монголын урчуудын эвлэлийн хороог санаачлан байгуулж, анхны даргаар нь ажиллаж байсан бөгөөд БНМАУ-ын 1945 онд батлагдсан Төрийн далбааны эх загвар, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтангадас”, Цусан гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одон, Байлдааны гавьяаны медаль, “Бид ялав” медаль, Ардын хувьсгалын 15 жилийн ойн медаль, Ударникийн тэмдэг, Халх голын тэмдэг, Чойбалсангийн нэрэмжит шагналын тэмдэг гээд өнөөгийн алдар гавьяатнуудын энгэрийг мялааж байгаа бүх одон медалийн эх загварыг бүтээсэн хүн юм. Мөн маршалын дүрэмт хувцас, маршалын од, бүс, маршалын сэлэм, цэргээс эхлээд маршал хүртэлх цэргийн мөрдэс, таних тэмдэг зэргийн эхийг урласан Д.Чойдог зураач урласан түүхтэй.
1945 онд батлагдсан Төрийн далбаа буюу өнөөдөр бидний хэрэглэж буй Төрийн далбааны эхийг зохиосон хүн нь мөн л Д.Чойдог юм. Төрийн далбааг хэрхэн зохиосон талаар Ардын зураач Л.Гаваа дурсамждаа,
-Чойдог гуай их ухаантай, эрдэмтэй хүн. Бид бүгдтэй ярилцан зөвлөлдөж байсан. Төрийн далбаа хөх тэнгэрт л мандана. Түүний өнгө зохицол хэрхэн харагдах байдлыг их бодох хэрэгтэй. Хэрвээ далбааны хоёр зах талд хөх өнгөө хийчихээд голд нь улаан өнгийг хийвэл ямар харагдах вэ? Далбааны хоёр талын хөх, тэнгэрийн өнгөнд уусаж, голын жижиг улаан л тод харагдана биз дээ гэж ярьж байсан. Энэ бүгд өнгөний зохицол, цаад бэлгэдлийг бүгдээр ярилцан байж энэ шийдлийг Чойдог гаргаж билээ хэмээн дурсчээ.
Ташрамд сонирхуулахад, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Додийн Чойдогийн төрсөн ах нь Монголын багш нараас анх Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Гавьяат багш Додийн Базар юм.


