Saturday, November 23, 2024

Баатрууд

Date:

Монгол Улсад зэвсэгт хүчин байгуулагдсаны 99 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна. 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг бататгах анхны түүхэн ялалтаа байгуулсан түүхтэй. БНМАУ-ын Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 1946 оноос эхлэн энэ өдрийг албан ёсоор тэмдэглэх болсон юм. 2003 онд УИХ Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийг батлан гаргаж, гуравдугаар сарын 18-ныг “Монгол цэргийн өдөр” болгож, нийтээр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол цэргийн түүхэнд алдар гавьяа нь мөнхөрсөн гурван баатрын тухай дурсамж тэмдэглэлээ толилуулж байна. Тэд бол Монгол Улсын баатар Пунцагийн Чогдон, Норпилын Жамбаа, Дүгэрийн Гуулин нар юм. Домогт Халхын голын Сүмбэрийн заставаас төрөн гарсан эх оронч, эрэлхэг хилчин баатруудын тухай хүүхэд ахуйгаас сонсож, уншиж, П.Чогдон баатрын охин Ч.Оюунцэцэг, Д.Гуулин баатрын гэргий Б.Цэендэлэг гуай нартай уулзаж ярилцаж байсан тэмдэглэлээ сэргээн сийрүүлж, чадан ядан тэрлэсэн минь энэ ээ.    

Япончуудтай Халхын голд, Токиод хоёронтоо  тулалдсан нь

…“Суварган цэнхэр уулс” киноны зураг авалт ид үргэлжилж байсан үе. Шөнийн зураг авалтын дараа уран бүтээлчид хэсэгхэн зуур амарч байв. П.Чогдон баатар гутлаа тайлчихсан нэлээд ядрангуй сууж байна гэнэ. Г.Жигжидсүрэн найруулагч буурал хурандааг өрөвдөж “Баатрыг урьд шөнө нойргүй хонуулчихав уу даа” гэхэд “Халхын голд миний нойргүй хонох шөнийн тоо дуусаагүй л юм байна” хэмээн өгүүлсэн гэдэг. Жийгээ найруулагч энэ тухай дурсахдаа “Мөн гоё хэлж байгаа биз” гээд сэтгэл хангалуун инээж билээ. Эх оронч хэмээн алдаршсан буурал хурандаагийн Халхын голд нойргүй хонож явсан олон шөнө, амь дүйсэн тулалдаануудынх нь тухай өнөөгийн бид  хэр мэдэх билээ.

Монгол Улсын баатар П.Чогдон Халхын голын дайны хамгийн хүнд сорилтыг үүрсэн Сүмбэрийн заставыг удирдаж явсан домогт хилчин. 1939 онд дорнод хил дээр дүрэлзсэн дайны гол талбар нь Сүмбэрийн долдугаар застав байв. Энэ заставаас Монгол Улсын баатар Н.Жамбаа, Д.Гуулин, эрэлхэг эх оронч М.Гаасүрэн нарын олон арван эр зоригтнууд төрөн гарсан юм. П.Чогдон баатар Халхын голын дайн эхлэхээс дуустал бүхий л тулалдаан, тулгаралтуудад оролцож, хатуу хөтүүг биеэр туулжээ. Энэ тухайгаа тэрээр сэрүүн тунгалагтаа Халхын голын ялалтын ойн баярын хурал, уулзалт, цуглаанууд дээр хэлсэн үг, дурсамждаа дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг юм билээ. Бас баатарын намтар түүх, дайнд хэрхэн оролцсон тухай нь өгүүлсэн цөөнгүй ном хэвлэгджээ.

П.Чогдон баатар болон түүний удирдаж байсан Сүмбэрийн заставынхны тухай домог шиг яриа олон бий. Гуч гаруйхан хүнтэй энэ заставынхан ар талаас гол хүч ирэх хүртэл хэдэн арав дахин илүү хүн, хүчтэй дайсныг тогтоон барьж байв. Энэ түүхээс сэдэвлэн “Зарлаагүй дайны оршил” киног бүтээсэн гэдэг. П.Чогдон баатар “Халхын гол өөрийгөө хамгаалаад үлдсэн нутаг байгаа юм” хэмээн ярьдаг байжээ. Энэ л нутгийн дов толгод, гуу жалга бүхнийг хилчид андахгүй. Харин японууд машин тэрэгтэйгээ хамаагүй тууж ороод шаварт суучихдаг, эсвэл элсэнд шигддэг байж. Мөн П.Чогдон баатрын заставынхан морин маневрыг гарамгай хийдэг байжээ. Хэдэн манхнаа тойрч давхиад л, тав зургаахан хүн байлаа гэхэд хэдэн арван хүн шиг л тал талд гарч буудаад байхаар самурай нарын толгой эргэж орхидог байв. Хүч давуу дайсанд бүслэгдээд амь дүйсэн үхлийн ирмэг дээр морин атакаар бүслэлтийг сэт цохин гарсан нь ч нэгээр тоологдохгүй. Энэ мэт эрэлхэг гавьяа байгуулсны учир түүнийг эх оронч Чогдон гэж нэрлэх болсон байна. Харин тэрээр нэлээд хожуу буюу 1971 онд БНМАУ-ын баатар цолоор шагнуулжээ.      

Халхын голын дайны амьд гэрч болсон буурал хилчин энхийн цагт ч эх орныхоо даалгаврыг олонтаа хүлээж, тэр үүргээ нэр төртэй биелүүлж явсан ажгуу. Тэрээр самурай нарыг газар нутгаа чөлөөлөхийн төлөө цус урсган тулалдсаныхаа дараа буюу 1948 онд Токиод очиж японуудтай “цусгүй тулаан” хийжээ. Энэ “тулаан” Халхын голд зэвсэг барин тулалдахаас ч хэцүү байв. Халхын голд цус асгаруулсан дайныг хэн өдөөсөн бэ гэдгийг гэрчилж, нотлох үүрэг хошууч П.Чогдонд ногджээ. Токиод болсон цэрэг, дайны гэмт хэрэгтнүүдийн шүүн таслах олон улсын хуралд тэрээр Монголын талын гэрчээр оролцох үүрэг хүлээсэн нь тэр юм. Энэ шүүх хуралд оролцох болсон түүх нь  ч тун сонин. 1948 оны эхээр болсон энэхүү олон улсын шүүх хуралд оролцуулахын тулд маршал Х.Чойбалсангийн тушаалаар П.Чогдон баатарыг зүүн хилээс дуудан ирүүлж, эх орны даалгавар, ээлжит тушаалыг сонсгожээ. Тэрээр Улаанбаатарт хоёр сар хэртэй сууж Халхын голын дайны тухай баримт, материалтай танилцаж, дараа нь Москвад очих хүртлээ ийм тусгай даалгавар биелүүлэх гэж байгаагаа мэдээгүй гэдэг. Тиймээс гэр орныхондоо ямар нэгэн сураг чимээ ч хүргэж чадаагүй байна. Москвад очсон хойно нь түүнийг Японы цэргийн гэмт хэрэгтнүүдийг яллах олон улсын шүүх хуралд оролцох ёстой гэдгийг хэлж, тусгайлан бэлтгэсэн байна. П.Чогдон баатар энэ тухай хожим нь дурсахдаа “Би ээж, аавын хүү биш эх орны хүү. Тиймээс эх орныхоо төлөө, Монгол Улсынхаа төлөө явж байна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан” хэмээн өгүүлжээ. Маршал Х.Чойбалсан түүнд энэхүү хариуцлагатай үүргийг хүлээлгэн илгээхээр дуудаж уулзахдаа “Залуу зан битгий гарга. Төлөв буурьтай байгаарай” хэмээн захисан гэдэг. Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн энэ түүхэн үйл явдлын тухай “Гэрч” хэмээх баримтат кино бүтээсэн байдаг.

Халхын голын дайн эхлэх угтал болсон олон жижиг тулаанууд П.Чогдон баатрын удирдаж байсан Сүмбэрийн долдугаар заставын хариуцсан нутаг дэвсгэрт болж өнгөрчээ. 1939 оны тавдугаар сарын 11-нд Халхын голын дайн эхэлсэн гэдэг юм. Энэ тулаанд мөн л Сүмбэрийн долдугаар заставынхан гол үүрэгтэй оролцсон байна. Тавдугаар сарын 14-нд тус заставын хилчид дайсны нэг морьт хороо, 13 машин цэрэгтэй байлдаж, 200 гаруй хүнийг нь устгажээ. Хүч тэнцвэргүй тулалдаанд сум нь дуусмагц дайсныг гэнэдүүлж байгаад атаклан дайрч бүслэлтийг сэтэлж гарсан гэдэг. Энэ мэт амь дүйсэн олон тулалдаанд ялалт байгуулж Сүмбэрийн домогт застав хэмээн алдаршжээ. Энэхүү домогт заставаас хожим нь Монгол Улсын баатар гурав төрөн гарсан нь заставын дарга эх оронч Пунцагийн Чогдон, эх оронч Норпилын Жамбаа, эрэлхэг хилчин Дүгэрийн Гуулин нар юм.

Чогдон баатрын гурван баатар

Халхын голын дайныг эхнээс нь дуустал бүх тулаанд оролцож, застав командалж явахдаа П.Чогдон баатар цэл залуу 24-хөн настай байв. Түүний баруун гар болсон шилдэг гурван байлдагч нь хожмийн улсын баатар Н.Жамбаа, Д.Гуулин, эх оронч М.Гаасүрэн нар байжээ. Энэ тухайгаа П.Чогдон баатар олонтаа дурссан байдаг. Баатрууд баатруудаа олж таньж, онож нөхөрлөдгийн жишээг энэ л эх оронч, эрэлхэг хилчид харуулжээ. Чогдон баатрын шадар гурван хилчний нэг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Моломын Гаасүрэн 1939 оны есдүгээр сарын 17-нд ЗХУ, Японтой найрамдах гэрээнд гарын үсэг зурж, дайны гал зогсоохоос хоёрхон долоо хоногийн өмнө тулааны талбарт эрэлхэгээр амь үрэгдсэн юм. Эх оронч  хэмээн алдаршсан эрэлхэг хилчин М.Гаасүрэнд улсын баатар цол олгох саналыг анд нөхөд, нутаг усныхан нь удаа дараа гаргаж байжээ.

П.Чогдон баатрын охин Ч.Оюунцэцэг “Аав Л.Дандар баатартай дотно нөхөрлөнө. Н.Жамбаа баатрынхтай хамт зусланд гардаг, орой үдэш нэгнийдээ цуглаж ярьж хөөрдөг байсан. Дайчин нөхдөө их дурсдаг байв. Халхын голын дайнд эрэлхэгээр амь эрсэдсэн эх оронч М.Гаасүрэнг их дурсч ярьдаг байсан. Тэр хүн аавын цэрэг нь байсан юм. Дайны талбарт түүн шиг зоригтой хүн байгаагүй гэдэг сэн” хэмээн дурссан юм.

Сум гээдэггүй мэргэн буучид

1939 оны тавдугаар сарын 14-нд Сүмбэрийн заставын найман хилчин дайсны 600 гаруй морин цэрэг, 13 машин явган цэрэгт бүслэгдэн хагас өдөржин байлджээ. Эцэстээ манай дайчид сумаа ашигтай зарцуулахын тулд Н.Жамбаа, Д.Гуулин, Лувсандамбаа гуравтаа бүх сумаа шавхан өгч буудуулаад, эцэст нь гранатуудаа дэлбэлэн морин атакаар дайран бүслэлтийг сэтлэн зургаа нь амьд мэнд гарч байжээ. Энэ тулалдаанд Д.Гуулин баатар нөхдөөсөө авсан 20 сумнаасаа нэгийг ч гарздалгүй мэргэн буудаж, энэ нь дайсны зүрхийг үхүүлж, зоригийг мохоосон байна.

Н.Жамбаа баатар энэ тулааны тухай “Дайны хүнд хэцүү үед тушаал шийдвэрийг үг дуугүй биелүүлдэг, мэргэн бууддаг, айхыг мэддэггүй цэрэгтээ дарга хүн илүү хайртай. Бас хамт тушаал биелүүлэхээр авч явах дуртай байдаг. Манай Гуулин яг тийм цэрэг байсан. Би гуравдугаар тасгийн дарга. Манай тасгийн хамгийн гарамгай байлдагч нь Гуулин яах аргагүй мөн. Бид хоёр нэг удаа хамт харуулд гарч байхад хагас километрын цаана дайсны нэг машин явж байгаа харагдахад би жолоочийг нь бууд гэсэн тушаал өглөө. Манай хүн ч буудсан, машин ч  зогссон. Очоод харахад жолооч нь хоёр гараа ташраар нь буудуулсан байж билээ. Миний багцаалан бодож байгаагаар хүн бүрийн устгасан дайсан, дайсанд учруулсан хохирлыг нь тус тусад нь тооцдогсон бол Гуулин заставтаа лав тэргүүлэх байсан. Тэрээр 100 гаруй дайсныг устгасан хүн” хэмээн дурсчээ.

П.Чогдон баатар дурсахдаа “Байлдагч Гуулин гайхалтай мэргэн бууддаг, ямар ч үед тэвдэж сандардаггүй, айхыг мэддэггүй, олон таван үггүй, өндөр сахилга баттай, өлчир чийрэг цэрэг байсан. Хамгийн хүнд цэгт энэ цэрэг зогсдог байлаа. Гуулин манай заставын онц буудагч бөгөөд ганц сум газар гээдэггүй хүн дээ. Манайхан түүнийг 400 метр дотор япон цэргийн төмөр малгай алддаггүй гэж бахархцгаадаг байлаа” хэмээн дурссан байдаг.

Нэг удаа байлдагч Халтар дайсанд олзлогдож, заставын нөхөд нь түүнийг чөлөөлөхөөр давшилтад оржээ. Энэ тулгаралтад дайсны нэг пулемёт дээр солигдон очсон дөрвөн хүнийг Д.Гуулин ээлж дараалан тархиар нь төмөр малгайг нь цоо буудан устгаж, анд нөхрөө амжилттай чөлөөлөн авч байжээ.

Мөн Н.Жамбаа, Д.Гуулин нар дайсны фронтын ард үлдсэн заставын нөхөддөө галын шугамаар нэвтэрч ар талтайгаа холбогдон хоол хүнсээр хангах онц чухал амь дүйсэн даалгаврыг биелүүлжээ. Тэд 50 гаруй хонь тууж, хоёр богц дүүрэн тамхи аваад буцаж галын шугам нэвтрэхдээ арав гаруй хонио алуулсан ч өөрсдөө эсэн мэнд амжилттай даван гарч байжээ.  

Норпилын Жамбаа баатар отрядынхаа комиссар Цэвэгжавын хамт хилийн манаа эргэж яваад Японы 10 гаруй этгээдийг олзолсон удаатай аж. Энэ мэт олон гарамгай гавьяа байгуулж эх оронч хэмээх алдрыг хүртсэн Н.Жамбаа баатар Халхын голын дайны гуравхан сарын дотор хоёр удаа Байлдааны  гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байсан гэдэг. Тэрбээр Халхын голын дайны дараа 1945 оны чөлөөлөх дайн, 1948 оны баруун хилийн тулгаралтад мөн оролцож, эрэлхэг гавьяа байгуулж, гурав дахь удаагаа Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаажээ. 1979 онд маршал Ю.Цэдэнбал түүнд улсын баатрын алтан таван хошууг зүүж өгөхдөө “Чи бол дайны ч баатар, энхийн ч баатар” хэмээн хэлсэн гэдэг.

Энх цагийн баатрууд

Халхын голын домогт Сүмбэрийн заставын гурван баатар дайны дараа энх цагийн хөдөлмөрт гарамгай амжилт үзүүлж байжээ. П.Чогдон баатар Барилгын хэрэг эрхлэх газрын хэлтсийн дарга, хотын барилга конторын дарга, барилга трестийн дарга, Байшин үйлдвэрлэх комбинатын даргаар ажиллаж Налайхын уурхайн барилга байшингууд, Төв шуудан, төв музейг бариулж, Сонгинын барилгын цэргийн ангид ажиллаж байхдаа Био комбинатын барилгуудыг барихад гар бие оролцсон байна. Харин Н.Жамбаа баатар дайны дараа тээврийн жолооч болж БХЯ-ны харьяа тээврийн 26-р ангид ажиллажээ. Халхын голын эрэлхэг хилчин баатар тээврийн тэрэгний жолоо мушгин ган, зуд гээд байгалийн бэрхшээл бүхнийг туулан эх орныхоо дөрвөн зүг найман зовхист ачаа тээж явжээ. Тэрбээр 1963 онд Говь-Алтайн цасанд боогдсон малчдад өвс тэжээл хүргэхээр Мааньт, Нурамтын давааны их цасыг 13 хоног малтан байж зорьсон газраа хүрч, “Шударга журам” медалиар шагнуулж явж.

Д.Гуулин баатар цэргээс халагдаад төрөлх нутаг Говь-Алтай аймгийнхаа Цогт сумын “Давшилт” нэгдэлд элсэн 32 жил тасралтгүй хонь хариулжээ. Ингэхдээ дайны баатар маань энх цагийн бүтээн байгуулалтад ч бас хөдөлмөрийн баатрын энтэй амжилт гаргасан гэдэг. Тэрбээр сумынхаа хөдөлмөрийн аваргаар хоёр удаа, энх сүрэгтэн өрхөөр дөрвөн удаа шалгарч байсан нь үүний гэрч юм. Мөн Д.Гуулин баатар мэргэн буудагч, сайн анчны хувьд сумынхаа Худалдаа бэлтгэлийн ангийн түүхий эдийн төлөвлөгөөг биелүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байжээ. Халхын голыг дайны баатрууд, нэгэн заставын эх оронч, эрэлхэг хилчид ийнхүү эх орныхоо энх цагийн бүтээн байгуулалтад гар бие оролцон, хөдөлмөрийн баатрын дайтай гавьяа байгуулцгаажээ. Тэд үнэхээр дайны ч, энхийн ч баатрууд билээ.  

Г.Сонинбаяр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...