Friday, November 22, 2024

Арслан

Date:

“Тэнгэр мэднэ”

1969 он. Улсын драмын театр. Тайзнаа жүжигчид Ч.Ойдовын “Далан худалч” жүжгийн бэлтгэл сургуулилалтыг хийгээд завгүй байв. Тайзны урд талын хөшигний хажууд цэрэг ногоон өмд, цамцтай өндөр туранхай залуу зогсоно. Алтан үеийн ахмадуудаас гадна Улсын багшийн дээд сургуулийн жүжигчний ангийг дүүргэсэн Монголын анхны дээд мэргэжлийн жүжигчид болох Мэндбаяр, Лхамхүү, Зориг, Батсүх, Сэлэнгэ, Бужгар, Нарантуяа гээд шижигнэсэн залуус тайзнаа бужигнаж байсан үе.

Өнөө цэрэг хувцастай залуу тэр олон жүжигчдээс, бас  найруулагчаас айж эмээсэн шинжгүй. Ц.Гантөмөрийн салга баяны хэсэг, Л.Жамсранжавын Далан  худалчийн хэсэг дээр бүр сэтгэлээсээ хөхөрч, тайзны хөшгийг нааш цааш хөдөлгөх аж. Инээдээ барьж ядан хөшигний араар орсноо эргэж гарч ирэх нь их л содон.

Театрын жүжигчин хүүхнүүд өнөө залууг анзаарч жиг жуг хийцгээнэ. “Энэ нэг хачин цэрэг хувцастай хүн чинь ямар чөлөөтэй, тайзан дээр орж ирчихээд байж байдаг байна аа” хэмээн нэг нь хэлэхэд нөгөө нь “Гадны улсыг гаргавал таарах юм” гэх дуулдав…

Нэрт найруулагч Г.Доржсамбуу аав, ээжийн хамт.

Хагас зууны тэртээх тэр хачин хүн бол хожмоо Монголын театрын нэгэн үеийг түүчээлсэн нэрт найруулагч, жүжигчин, багш Гүрсэдийн Доржсамбуу байлаа.

Цэргийн албанаас дөнгөж халагдаж ирсэн 20-хон настай залуу Улсын драмын театрт дагалдан жүжигчнээр орохоор тухайн үеийн театрын дарга Таяа гуай дээр орж зөвшөөрсөн хариу авчихаад дөнгөж гарч ирсэн нь тэр байв. Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуайн дурсамжинд ийнхүү тод сонихон дүрээрээ зурагдан үлдсэн тэрхүү цэрэг хувцастай өндөр залуу Монголын тайз, дэлгэцийн урлагт насан туршдаа үнэнч цэрэг нь явж, өөрийн гэсэн өндөр дээд эрэмбэ, өргөн уужим орон зайг бий болгож, бүтээн туурвиж үлдээсэн билээ.

Тэрхүү орон зай нь өнөөдөр ч гэсэн дүүрэн байгаа гэдгийг эдүгээгээс яг нэг жилийн өмнө тохиосон нэрт найруулагчийн 70 насны ойн хүндэтгэлийн ёслол, дурсамж тоглолт харуулсан. Энэ өдөр Г.Доржсамбуу найруулагчийн гэр бүл, үр хүүхдүүд, шавь нар, хамтран зүтгэгчид,  театрын урлагийн үе үеийн уран бүтээлчид нь хайртай жүжигчнээ, нэрт найруулагчаа, эрхэм багшаа санан дурсч, хүндэтгэл  үзүүлсэн юм.

Энэ үеэр Г.Доржсамбуу найруулагчийн Монголын театрын тайзнаа хөтлөн авчирсан Г.Ибсений “Нора” болон Л.Ванганы “Эмч нар”, П.Баярсайхан “Хүн гөрөөс” жүжгүүдийг анхны баг бүрэлдэхүүн нь тайзнаа тоглож, үзэгчидтэйгээ дахин уулзсан нь онцлох агшнууд байв.

Г.Доржсамбуу найруулагч Норвегийн зохиолч Г.Ибсений “Хүүхэлдэй байшин” буюу “Нора” жүжгийг 1984 онд найруулан тавьснаараа өөрийгөө найруулагчийн хувьд сорьж, Монголын театрын урлагт “шинэ драм” оруулж ирсэн төдийгүй сонгодог жүжиг тавих өвөрмөц арга барил, дэг жаягийг бий болгосон гавьяатай.  

Тайзнаа 35 жилийн өмнө анх тавигдсан “Нора”-г өнгөрсөн жил Г.Доржсамбуу найруулагчийн шавь нар багшийнхаа тэр л тавилт, дэгээр хэд хэдэн удаа сэргээн тавьж, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Нэрт найруулагчийн 70 насны ойд зориулсан “Тэнгэр мэднэ” дурсамж тоглолтын тайзнаа “Нора”-гийн анхны баг бүрэлдэхүүн П.Цэрэндагва, Г.Мягмарнаран, Н.Сувд, Д.Мэндбаяр нарын дөрвөн ардын жүжигчин гарч ирсэн нь найруулагчдаа үзүүлсэн  нэгэн сайхан хүндэтгэл болсон юм.

“Ц.Гантөмөр гуай шиг жүжигчин болохсон”

Г.Доржсамбуу найруулагч 1966 онд Улсын драмын театрт анх дагалдан жүжигчнээр орсон бөгөөд хугацаат цэргийн алба хааж ирээд театртаа эргэн орж тайзнаа олон арван дүр бүтээжээ. Тайзнаа бүтээсэн анхны дүрүүд нь Л.Ванганы “Эзэд” жүжгийн Гант, П.Хорлоогийн “Алтан үст охин”-ы сахиул баатар, Ч.Чимэдийн “Арын албаныхан” жүжгийн Балдорж байв. Тэр дундаа Б.Брехтийн “Эхийн сэтгэл буюу Кавказын цэрдэн дугуй” жүжгийн Давидын дүр нь судлаачдын анхаарлыг ихэд татаж байжээ. Ганцхан үзэгдэлд гардаг дүрийг тэрээр гол дүрийн хэмжээнд гаргаж чадсан нь жүжигчний авьяас, мэдрэмжийнх нь илрэл байв. А.Папаяны “Цаг өөр болжээ” жүжгийн Эдуард, М.Горькийн “Егор Булычевийнхан” жүжгийн Достигаев лам зэрэг дүрүүдийг Г.Доржсамбуу тайзнаа чадварлаг амьдруулжээ.

Бас нэг онцлох дүр нь Ч.Чимидийн “Маш нууц” жүжгийн Жамъяндоогийн дүр. Эсрэг дүр Жамъяндоогийн биеийн гадаад төрх байдал, дүрдээ тохирсны дээр урвагчийн зан чанар, шинж байдлыг зөв гаргаж чадсаныг нь тухайн үед театрын судлаачид шүүмждээ онцолж байв.   

Жүжигчин О.Норолхоо:

Г.Доржсамбуугийн нэг сайхан чанар нь бол өөрөө маш сайхан жүжигчин байсан. Их мэдрэмжтэй, их уран жүжигчин байсан. “Кавказын цэрдэн дуган буюу эхийн сэтгэл” жүжигт мань эр Давид гээд бүдүүн поошиг дотор цаашаа хараад сууж байгаа шалдан эрийн дүрд тоглодог. Зүгээр л цаашаа хараад сууж байгаа юм. Тэгэхэд тэр хүний ааш араншин аливаа бүхэн тэндээс нэвт харагдаж байна аа гэдэг хүн болгон хийчихдэг дүр биш. “Маш нууц”-ын Жамъяндоо гээд Богд гэгээний өргөмөл хүүд тоглосон. Эсэргүү энэ тэр гээд Япон руу гараад явчихдаг. Тэр жүжгийг санах бүр самсаа шархирдаг. Г.Доржсамбуугийн тэр үг үнэхээр агуу. Монгол нутгаа санаад хэлдэг үг бий л дээ. “Би нутагтаа очоод, Монголдоо очоод сайхан махаа идээд, тэр сайхан хээр тал нутаг дундуур морьтойгоо давхих юм сан. Уул талаар давхих юмсан” гэж хэлдэг. Одоо хүртэл тэрийг нь ингээд хэлэхэд л би уйлах гээд байна. Ямар гоё хэлдэг гээч. Зритель уйлж байгаа юм ш тээ. Тэр дүрийг дайсан гэж бодохгүй байна шүү дээ. Г.Доржсамбуу тийм л дүр бүтээдэг, тийм л үг хэлдэг. Тэгээд л тэр нь шигтгээ болно. Бүтээсэн дүр болгон нь тийм.

Залуу жүжигчин Г.Доржсамбууг уран бүтээлчийнх нь хувьд нээж өгсөн “Маш нууц” жүжиг бол ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдоржийн дипломын ажил байв. Монголын театрын нэгэн үеийн ачааг нуруундаа үүрч явах үүрэг хүлээсэн хоёр найруулагч ийнхүү “Маш нууц” жүжгээр анх бие биеэ олж нээсэн ажээ. Б.Мөнхдорж найруулагч Г.Доржсамбуу найздаа “Маш нууц” жүжгийн хамгийн сайхан дүрийг чи гаргаж өглөө хэмээн чин сэтгэлээсээ хэлж байжээ.

Г.Доржсамбуу найруулагчийг олонд таниулсан дэлгэцийн дүр нь “Говийн зэрэглээ” киноны Арслан. Энэ бол анхнаасаа Г.Доржсамбуу найруулагчид зориулсан дүр. Б.Балжинням найруулагч 1980 онд киноныхоо зохиолыг бичиж, батлуулчихаад Арслангийн дүрд Г.Доржсамбуу найруулагчийг л тоглуулна гэж шийджээ. Г.Доржсамбуу найруулагч Киевийн театр урлагийн их сургуулиа дүүргэчихээд байсан үе. Мань эр сургуулиа төгсчихөөд гурван сар гаруй хугацааг хойно найз нөхөдтэйгөө наргиж, зугаалж өнгөрүүлжээ. Энэ хооронд Б.Балжинням найруулагч киноныхоо гол дүрийг хүлээсээр тэвчээр алдах шахаж байсан гэдэг. Арсланд өөр хүн тоглуулъя гэхээр тэрээр огт зөвшөөрдөггүй байж. “Доржсамбууг ирэх л юм бол хэлээрэй” хэмээн гэргийд нь захьчихсан. Түүнгүйгээр “Говийн зэрэглээ” киноны зураг авалт эхлэхгүй гэдэг нь тодорхой байв. Ингээд Г.Доржсамбуу найруулагчийг Киевээс ирэнгүүт бараг маргааш нь Дундговь руу зураг авалтад гарч байсан гэдэг.

Арслангаа удтал хүлээсэн минь үнэхээр оносон шүү гэж Б.Балжинням найруулагч сүүлд  олонтаа дурссан байдаг.

Энэ дашрамд дурдахад Г.Доржсамбуу найруулагчийн хувьд дэлгэцэнд бүтээсэн анхны дүр нь “Тунгалаг Тамир” кинонд үзэгдээд өнгөрдөг танхай лам бандийн жижигхэн дүр байв. Б.Балжинням, И.Нямгаваа нарын найруулсан “Гарын таван хуруу” киноны хөрш эр, Р.Доржпаламын найруулсан “Саруул талын ерөөл”-ийн Балбар, “Мөнгөн буйл”-ын Содов, Х.Дамдингийн найруулсан “Загийн алим”-ын геологич, Ж.Сэлэнгэсүрэнгийн найруулсан “Ирэх хаврын цэцэг”-ийн хартай эр, “Их замын тоос”-ын Хөнхөр гээд дэлгэцнээ бүтээсэн дүрүүд нь ард түмний сэтгэлд мөнхөрч, эдүгээ ч амьдарсаар байгаа билээ.

Харин тайзнаа дүр бүтээх тухайд тэрээр  “Би яг Гантөмөр гуай шиг жүжигчин болох сон гэж мөрөөддөг” гэж хэлж байжээ.

Жүжигчин төрүүлдэг найруулагч

Г.Доржсамбуу найруулагч гадагшаа сургуульд сурахаар өргөдөл өгөөд хоёр ч удаа буцаагдсаны эцэст 1975 онд сая нэг юм зөвшөөрсөн хариу сонсч, тухайн үеийн ЗХУ-ын Украйны нийслэл Киев хотын Театр урлагийн дээд сургуулийн анхны монгол оюутан болжээ. Хөгжилтэй түүх сөхөхөд хойшоо явах оюутнуудыг цуглуулж Соёлын яамнаас заавар зөвлөгөө өгөх болоход эдүгээгийн урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, найруулагч Г.Доржсамбуу нар цуг очжээ. Яамныхан “Ар гэрийнхэн нь гараарай” хэмээн мань хоёрыг хөөх шахаж, “Бид бас оюутан болох гэж байгаа юм” гэхийг нь сонсоод  итгэж ядаж байсан гэдэг. Ирээдүйн найруулагчид тухайн үед гэр бүл хэдийнэ зохиочихсон, “хөгшин” оюутнууд болоод байсан хэрэг. Ингээд Улсын драмын театрын жүжигчин Г.Доржсамбуу Украйны Киев хотын Театр урлагийн дээд сургуульд Укайны ардын жүжигчин Тарас Шевченкогийн нэрэмжит шагналт С.К.Смиян, Украйны ардын жүжигчин, найруулагч В.Н.Судец, Украйны гавьяат жүжигчин, найруулагч А.Н.Сгибенко нарын шавь болжээ.

Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж:

-Б.Мөнхдорж, И.Нямгаваа гэж нэрд гарч, дархлагдсан хоёр том найруулагчийн дунд мань эр орж ирээд асар богино хугацаанд “Хүний санаа”-гаар шуугиан тарьж, “Болд хэрхэн хатаагдсан нь”, “Найрын ширээний ууц”-аар өөрийгөө зарлаж, алдарт, сонгодог “Нора”-гаар байр сууриа эзэлсэн. Ингэж Доржсамбуу том найруулагч гэдгээ баталсан юм. Тэр найруулга, тавилтын өөрийн гэсэн шинэлэг арга барилтай, жүжигчнийг төрүүлэх асар их нөөцтэй найруулагч. Тэрээр,  Станиславскийн дэг буюу үйл хөдлөлөөр дүрийг судлахад онцгойлон анхаарч, бүх жүжигчдийг суулгаж байгаад өөрөө  тайлбарлаж  лекц ордог байлаа.

Г.Доржсамбуу найруулагч Киевт сургуулиа төгсч ирээд 1980-1990 онд УБДС-д багшлан, жүжигчин сонгох элсэлтэд ажиллаж, олон арван авьяастныг урлагийн замд хөтлөн оруулсан билээ. Өнөөдөр тайз, дэлгэцийн урлагт амжилттай яваа жүжчигчдийн гурван үе түүнтэй багш, шавийн холбоотой. Тухайн үед кино драмын ангид хоёр жилд нэг удаа элсэлт авдаг байв. Харин Г.Доржсамбуу найруулагч энэ тогтсон дэгийг өөрчилж 1981 онд жил дараалан авсан онцгой элсэлтийн ангийнхнаа өөрөө гардан төгсгөсөн гэдэг. Түүний ийнхүү гардан төгсгөсөн ангийнхнаас эдүгээгийн УДЭТ-ын дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, Төв аймгийн “Монгол туургатан” театрын дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг агсан, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Пүрэвдорж, Дундговь аймгийн театрын дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн Доржсүрэн, гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг, С.Лхагвасүрэн нарын гавьяатууд төрөн гарчээ.     

Зөвхөн өөрийнх нь даасан ангиас гадна 1980-1990 оны хооронд УБДС, СУИС-ийг төгссөн жүжигчид Г.Доржсамбуу найруулагчийн шавь  нар юм.

Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг:

-Би одоо “Сити” дээд сургуульд багшилж байгаа. Би шавь нартаа багшийгаа л заадаг. Өөр юу ч заадаггүй. Манай багш ингэж шаардлага тавьдаг байсан, ингэдэг байсан. Миний багш хэлэхдээ ингэдэг байсан гээд л заадаг. Миний сургалтыг Доржсамбуугийн сургалт гэж хэлж болно. Хэрвээ Доржоо багш минь байсан бол яг ингэж хэлэх байсан гэж үргэлж боддог. Би шавь нартаа Доржсамбууг л заадаг. “Зүрхээ савлуул, цусаа булиглуул, тархиа ажиллуул. Бүх юм дуусаа”. Ингэж хэлдэг байсан. Ийм хүн хорвоод ховор л доо. Би маш их бахархдаг. Маш их онгирдог. Би ийм хүнийг тулж түшиж, ийм хүнтэй цуг насныхаа бараг талыг шахуу хамт өнгөрүүлж, хувь заяаныхаа нэгээхэн эрин зууныг дуусгаж байгаадаа би үнэхээр онгирно шүү дээ. “Би Г.Доржсамбуугийн шавь шүү дээ. Би Украйны школтой байхгүй юу” гэж онгирдог юм. Би тэрэн дээр ёстой омог бардам байдаг.

Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан:

-Миний баярлаж явдаг зүйл гэвэл Г.Доржсамбуу найруулагч миний жүжигчний амьдралд төдийгүй хувийн амьдралд ч гэсэн маш их нөлөөлсөн. Яагаад гэвэл “Халуун газар” гэдэг жүжигт намайг авч тоглуулснаараа дараа дараагийн найруулагч нарт “За энэ Жаргалсайхан гэдэг залуу ийм жүжигчин юм байна шүү. Ер нь цаашдаа ямар төрлийн, ямар жанрын жүжигт тоглож болохоор юм” гэдэг ч юм уу, миний тайзан дээрх хамгийн анхны гарааг нээж өгсөн том буянтай хүн. Хоёр дахь том буян нь юу вэ гэхээр 1989 онд намайг “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд тоглуулж, өнөөдөр Хасар Жагаа гэж овоглуулах болсон тэр дүрд түлхэж Б.Балжинням найруулагчид гардуулж өгсөн ийм буянтай. Тэгээд ч тэр кинонд Г.Доржсамбуу найруулагч өөрөө жүжигчидтэй харьцаж, жүжигчдийн тоглолтыг хариуцсан ассистент найруулагчаар ажиллаж байсан. Тиймээс миний амьдралд энэ хүн гарцаа байхгүй маш том нөлөө үзүүлсэн гэж боддог.

1990-ээд онд нийгэм бүхлээрээ уналтад ороод байсан тэр үед театрын гал голомтыг сахиж үлдсэн хүн бол Г.Доржсамбуу найруулагч. Гэрийнхээ зурагтыг зарж байгаад жүжигчид, уран бүтээлчдийнхээ цалинг тавьж байсан үе түүнд бий. Шилжилтийн тэр хэцүү хүнд үед Г.Доржсамбуу найруулагч Энэтхэгийн Р.Таагүрын “Цусан тахилга”, Испанийн Гарсиа Лоркагийн “Цуст хурим” жүжгийг найруулж, Эстонийн найруулагчийг авчирч “Макбет” жүжгийг тавиулж байв. Мөн хөрш ОХУ-ын Буриадаас найруулагч урьж авчирч жүжиг тавиулж, монгол жүжигчдээ Буриадын театрт тоглуулж, харилцан солилцоо хийж байлаа.

Ийнхүү дэлхийн сонгодог жүжгүүдийг үзэгчдэдээ хүргэж, маш олон шинэлэг оролдлого хийж, олон төрөл жанрыг Монголынхоо театрт оруулж ирснийг нь театрынхан нь, театрт хайртай үзэгчид нь өнөө дурсан санасаар байна.

Яруу найрагч Б.Ичинхорлоо:

-Амьдралыг яг өрнөж байгаа гал тогоо, эргэн тойрон дунд  ороод харна гэдэг бол дүрээ судалж байгаа жүжигчний харах төвшин. Харин найруулагч дээрээс нь хардаг юм билээ. Доржсамбуу ах нийгмийг дээрээс нь хардаг хүн байсан. Жүжгийг бүтэн зургаар нь хардагавьяас нь нийгмийг бүтэн зургаар нь харж чаддаг том төлөвшилд хүргэсэн.

Сэтгүүлч Г.Сонинбаяр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...