Sunday, September 7, 2025

Монгол, Казахстаны парламент хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

Date:

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд найрамдах Казахстан улсад айлчилж байна. Манай улсын төлөөллийг Казахстан улсын парламентын Мажилисийн дарга Ерлан Кошанов Мажилисийн ордны өмнө хүндэтгэн угтан авч, улмаар хоёр улсын парламентын удирдлагууд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Тус улсын парламентын даргын зүгээс Монгол, Казахстан улс хооронд олон жилийн найрсаг харилцаа бэхжин тогтож, сүүлийн жилүүдэд олон салбарт эрчимжиж байгааг тодотгоод, УИХ-ын дарга 22 жилийн дараа албан айлчлал хийж буйд талархал илэрхийлэв. Тэрбээр, Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаевыг ноднин Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын харилцааны стратегийн түншлэлийн хүрээнд худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилт дэвшүүлж, олон талт хамтын ажиллагааны 11 баримт, бичигт гарын үсэг зурсан. Энэхүү үйл явдлын дараахан Монголын талаас УИХ-ын дарга айлчилж байгаа явдал бол төрийн дээд, өндөр яриа, хэлэлцээний давтамжийг хадгалах ач холбогдолтой төдийгүй хоёр улсын харилцааны шинэ үе эхэлсний илрэл юм хэмээлээ. Парламентын Мажилисийн дарга Е.Кошаев, парламентын бүлэг хоорондын олон талт харилцааг эрчимжүүлж, хууль тогтоох ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшилтэт хэлбэрүүдийг нэвтрүүлэх зэрэгт хамтрах хүсэлтэй байгаа гэсэн саналыг дэвшүүлсэн юм.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан эртнээс улбаатай түүх соёл, өв уламжлалын гүн гүнзгий холбоо бүхий хоёр улсын харилцааны тулгуур нь парламент хоорондын хамтын ажиллагаа байх болно хэмээгээд Төв Азийн бүс нутаг дахь анхны стратегийн түнш Казахстан улсад хийж буй энэхүү айлчлал нь хоёр улсын стратегийн түншлэлийг баталгаажуулахад чухал ач холбогдолтойг онцоллоо. Тэрээр, Казахстан улс бол монголчуудын хувьд бүс нутгийн чухал түнш төдийгүй Төв Азитай холбосон бат бөх гүүр юм гэж тодотгов. Цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд анхаарч, улс хоорондын хэлэлцээг бодитоор хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл гаргах, ялангуяа тээвэр логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарт олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Ингэхдээ худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн хэлхээ, холбоо чухал гэдгийг тэмдэглэв.

Талууд Байнгын хороо, парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын парламентын Тамгын газар хооронд тогтмол харилцаа тогтоох, хууль тогтоох үйл ажиллагааг харилцан дэмжих, туршлага судлах нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг хөндсөн юм. Ийнхүү албан ёсны хэлэлцээ өргөн цар хүрээг хамарч, УИХ, Бүгд найрамдах Казахстан улсын парламентын Мажилис хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Санамж бичигт УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Казахстан улсын парламентын Мажилисийн дарга Е.Кошанов нар гарын үсэг зурлаа.

Мөн Ховд аймаг болон Дорнод Казахстан муж хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Дорнод Казахстан мужийн захирагч Нурымбек Сактагонов нар гарын үсэг зурсан юм.

Албан ёсны хэлэлцээний УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга У.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Т.Аубакир, Х.Жангабыл, С.Замира, С.Зулпхар, Б.Пунсалмаа, П.Ганзориг, Б.Жаргалан, Ц.Мөнхбат, М.Сарнай, Г.Хосбаяр, Б.Хэрлэн, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нарын албаны хүмүүс байлцав.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дуурьсахуйн гүн ухаантан

Тал нутгийн сэрүүн шөнө тэргэл саран дор хүлэг морин...

Явган зорчигчид зам тавьж өгөөд баруун эргэх 11 уулзварыг танилцуулж байна

Нийслэлийн авто замын 11 уулзварт баруун гар тийш эргэх...

Тээврийн хэрэгслүүдийн дуу чимээний түвшинг хэмжжээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт шөнө, оройн цагаар мотоцикл болон том...

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар...