Thursday, November 19, 2026

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн тэргүүн рүү чиглэсэн гүтгэлгийг таслан зогсоож нэр төрөө сэргээлгэхийн тулд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу УИХ-ын чуулганы 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, 92.3 хувиар дэмжлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

“Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм хүндэт монгол төрийн түшээд ээ,

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаас хойш Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргийг сахин биелүүлж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, өнө эртний түүхт монгол төрийн эрхэмсэг оршихуй, энх тайванч гадаад бодлогыг дэлхий дахинд сурталчлан таниулахыг зорьж ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүн бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч бөгөөд Монгол Улсыг олон улсад бүрэн эрхтэй төлөөлдөг нэн хариуцлагатай албан тушаалтан билээ.

Төрийн тэргүүний нэр төр бол бүрэн эрхт тусгаар улсын нэр хүнд, монгол төрийн дархлаа, манай ард түмний эв нэгдэлтэй салшгүй холбоотой эрхэм зүйл байдаг.

Тиймээс төр, ард түмнийг хагалган бутаргаж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулах гэсэн улс төр, бизнесийн гэмт бүлэглэлийн гүжир гүтгэлэг, гэмт үйлдлийг таслан зогсоож, монгол төрийн дархлааг хамгаалахын тулд миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхэм хүндтэй албан тушаалаас өөрийн хүсэлтээр ийнхүү чөлөөлөгдөж байна.

Манай ард түмэн төрт ёсоо хүндэтгэн дээдэлж, “Төрийн минь сүлд өршөө” хэмээн төрийн сүлдэндээ сүслэн залбирч, амь нас, ажил үйлсээ даатган сүүнийхээ дээжийг өргөдөг түүхэн сайхан уламжлалтай ард түмэн.

Худал хуурмаг, гүжир гүтгэлэг хэт даамжирвал төрд итгэх түмэн олны итгэл суларч, гадаад ертөнцөд Монгол Улсын нэр хүнд сэвтэх аюултай.

Тиймээс улс төрийн тохиролцоо хийж, хуулийн хариуцлага, ял шийтгэлээс зугтах гэсэн атгаг санаа, улс төрийн ашиг хонжоо олох гэсэн бузар санаархалд миний бие цэг тавихаар энэхүү эрс шийдвэрийг гаргаж байна.

Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй.

Гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдэд ял завшуулж болохгүй.

Төрийн түшээ хүний хамгийн том дархлаа бол ард түмнийхээ өмнө нүүр бардам зогсож чадах, үнэн мөнөө дэнслүүлж чадах эр зориг байх учиртай.

Энэхүү шийдвэр цаашид Монголын улс төрд ёс суртахууны жишиг болж, залуу үе, төрийн түшээдэд ёс зүйн манлайлал үзүүлж чадна гэдэгт би итгэж байна.

Эрхэм нөхөд өө,

Дэлхий дахины дэг журам өөрчлөгдөж, олон улсын харилцааны систем шинэ сорилтуудтай тулгарч, худалдаа, эдийн засгийн хүндрэл бэрхшээлүүд гарч буй энэ цаг үед монголчууд бид дотооддоо үндэсний эв нэгдлээ улам бататган, эдийн засгийн аюулгүй байдлаа хангаж, гадаад ертөнцөд улс орныхоо нэр хүндийг өргөж, тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх явдал нэн чухал юм.

Их гүрнүүдийн өрсөлдөөн ширүүсэж, улс орнуудын харилцан итгэлцэл суларч буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад бодлогын бие даасан, тэнцвэртэй байдлыг хадгалж, идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлэн, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа.

Өнгөрсөн хугацаанд мөнхийн хөрш ОХУ, БНХАУ-тай тогтоосон “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ гуравдагч хөрш улс орнуудтай харилцааны түвшингээ шат ахиулан, Япон Улстай “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”, Франц, Солонгос, Герман, Казахстан, Турк, Итали улстай “Стратегийн түншлэл”, Вьетнам, Лаос, Чех, Польш, Узбекистан, Киргиз улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоож, Төв Азийн орнуудтай харилцаагаа шинэ шатанд гаргаж, бүс нутгийн худалдаа, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг эрчимжүүллээ.

Мөн энэ хугацаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЮНЕСКО-ийн ерөнхий захирал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал, Япон, Бутаны эзэн хаад, ОХУ-ын Ерөнхийлөгч, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга зэрэг дэлхийн 23 улсын төрийн тэргүүн, эрхэм дээд зочид манай улсад төрийн айлчлал хийлээ.

Миний бие Монгол Улсыг хандив, тусламж гуйдаг биш, харин харилцан ашигтай хамтын ажиллагааг санал болгодог, гуйж очдог биш, уригдаж айлчилдаг улс болгохыг зорьж ажиллалаа.

Энэ бол “дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” таниулах төрийн тэргүүний бодлого байсан юм.

Энэ хугацаанд манай улс НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоож дууслаа.

Гадаад харилцааны салбарын ололт амжилт, түүхэн үйл хэргийг хамтран бүтээлцсэн эрхэм хүндэт дипломатчид, төрийн албан хаагчид, Гадаад харилцааны яамны хамт олонд баярлалаа.

Улс эх орныхоо хөгжил дэвшил, эдийн засгийн тусгаар тогтнолд нэн чухал ач холбогдолтой стратегийн олон бүтээн байгуулалтыг миний бие Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа эхлүүлж, бас ашиглалтад оруулсан.

Тухайлбал, стратегийн ач холбогдол бүхий таван чиглэлийн нийт 1,000 гаруй км урт төмөр зам, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Шинэ төв цэвэрлэх байгууламж, “Чингис хаан” үндэсний музей, Үндэсний төв номын сан, Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, Дарханы зам, Хөшигийн хөндийн хурдны зам, Налайхын зам, Яармаг, Сонсголон, Олимпын гүүр, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв, Улсын хоёрдугаар эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Эх эмэгтэйчүүдийн үндэсний хоёрдугаар төв зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг дуусгаж, ашиглалтад оруулсан.

Түүнчлэн Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэний усан цахилгаан станц, Солонго 1, 2 дугаар хороолол, Байгалийн шинжлэх ухааны музей, Монголын археологи, угсаатны зүйн музей, Боомтуудын шинэчлэл, Ерөнхийлөгчийн нэрэмжит спорт цогцолбор, хүүхдийн “Мазаалай” спорт цогцолбор зэрэг бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хийсэн...

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...

Ц.Галбадрахын уран хайчилбарын “Үзэсгэлэнт Монгол” цомогийн нээлт боллоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт...