Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Ингээд “Хуулийн төслийг эцэслэн баталъя” гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 107 гишүүний 91 нь дэмжив.
Мөн өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн тав дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дүгээр зүйлийн 1-т “Нэгдсэн хуралдаан даргалагч Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншин сонсгож, зүйл тус бүрээр нь санал хураалт явуулж батлуулна.” гэж заасны дагуу санал хураалтыг явуулсан.
Эцэст нь Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг 110 гишүүний 91 буюу 83.6 хувь, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг 83.6 хувь, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг гишүүдийн 77.5 хувь, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг гишүүдийн 74.1 хувь нь тус тус дэмжлээ.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн таван хууль, хоёр тогтоолын төсөл бүрээр эцэслэн батлах санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.
Ийнхүү ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга үг хэлсэн. Тэрбээр юун түрүүнд хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсэг болон нийт гишүүдэд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг баталсанд талархал илэрхийлэв.
Мөн Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Дэлхийн эдийн засаг эмзэг, үнийн өсөлтөөс үүдэх эрсдэл өндөр, ээдрээтэй цаг үед Монгол төрийн нэн тэргүүний үүрэг нь иргэд, айл өрхийн орлого, амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хамгаалах явдал байсан. Энэ зарчмын дагуу Та бид ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталсан гэдгийг онцолж байлаа.
Мөн Монгол Улсын 3.5 сая иргэн, 220 мянган орчим бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж бүрд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл, ипотекийн зээл, жижиг дунд бизнесийг дэмжих хөнгөлөлттэй зээл зэрэг төсвийн арга хэмжээгээр дамжуулан төсвийн бодлогыг хүргэхийг зорьсон гээд онцлох зохицуулалтаас дурдлаа. Тухайлбал, ирэх онд;
-Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингаас хүн амын орлогын албан татвар авахгүй. Энэ хэмжээгээр иргэдийн гар дээр үлдэх мөнгө нэмэгдэнэ.
-2026 онд төсвийн тодотголоор шийдвэрлэсэн суурь тэтгэвэр 2027 онд бүтэн жилээр олгогдож, дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөгт хүрнэ.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр, тэтгэмж, ахмад настны халамжийн мөнгө 600 мянган төгрөг болон нэмэгдэж, үүнд 171 мянган иргэн хамрагдана. Мөн асаргааны тэтгэмж нэмэгдэнэ.
-2027 оны II улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 10 хувь, төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалин 20 хувиар нэмэгдэнэ. Үүнд 212 мянган төрийн албан хаагч хамрагдана.
-Даралт, зүрх судас, чихрийн шижингийн зарим эмийг Эрүүл мэндийн сангаас 100 хувь хөнгөлнө.
-Ипотекийн зээлд 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэр татаж, 16 мянган иргэнд орон сууцны санхүүжилт олгоно.
– 180 мянга орчим аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн татварын ачаалал 246 тэрбум төгрөгөөр буурна.
-Гарааны бизнесийн эхний гурван ажилтны ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг 36 сар чөлөөлнө. Давхар ажил гүйцэтгэдэг иргэн өөрөө сонгож, зөвхөн нэг ажлаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Бизнес эрхлэгчид ахмад настныг ажиллуулбал нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө.
-Төрийн банкаар дамжуулан 300 сая хүртэлх ам.долларыг олон улсын зах зээлээс татаж, уг эх үүсвэрээс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно.
-“Боловсролд хөрөнгө оруулъя” бодлогын хүрээнд 2027 онд 1.0 их наяд төгрөгийн санхүүжилт олгоно. Улсын хэмжээнд нийт 45 эмнэлэг, 137 сургууль, 72 цэцэрлэг, 41 дотуур байр баригдана.
-Эрчим хүчний хараат байдлаас гарах бодлогын хүрээнд 800 мвт шинэ эрчим хүчний эх үүсвэр бий болно. Ирэх онд 338 км хатуу хучилттай шинэ авто зам баригдана.
-Эко өрхийг бодлогоор дэмжиж, гал түлдэггүй, утаа гаргадаггүй, яндангүй, жорлонгүй гэр хорооллын өрхүүдэд амины орон сууцад ногоон зээл олгож, хүүгийн татааст 25 тэрбум төгрөг олгоно.
-2027 оны 4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт бүрийн ард аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сайжирч, ажлын байр бий болж, үндэсний компаниуд ажилтай, орлоготой байх, орлого нь нэмэгдэх боломж бүрдэнэ гэж байлаа.
Улсын Их Хурал хүлээсэн үүргийнхээ хүрээнд ирэх оны Монгол Улсын төсвийг баталсныг Улсын Их Хурлын дарга дурдаад, харин Засгийн газар дотоодын нийлүүлэлт хомстолоос үүдэлтэй үнийн өсөлт бий болгохгүй байхад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Мөн тэрбээр эдийн засгийн аливаа сорилтод бэлэн байж, иргэдийнхээ орлогыг халаасанд нь үлдээх, дотооддоо хийж болох бүх зохицуулалтыг цаг алдалгүй шуурхай шийдэхийн төлөө хамтдаа зүтгэцгэхийг уриаллаа. Үнийн өсөлтийн дарамтыг иргэн, бизнес эрхлэгчдийн нуруунд үүрүүлэхгүй байх нь Монгол төрийн нэн тэргүүний зорилго гэдгийг хэлсэн үгийнхээ төгсгөлд онцлон тэмдэглэлээ.

