Thursday, November 13, 2025

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: 2026 оны төсөв нэг намын биш харин Монгол Улсын төсөв боллоо

Date:

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулиудыг баталсантай холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь толилуулж байна.

Гадаад орчны нөхцөл байдал тогтворгүй, АНУ-ын татварын бодлого, геополитикийн ээдрээтэй байдал, дайн үргэлжилж, өмнөд хөршийн эдийн засаг саарч, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ ханш буурсан үед Монгол Улсын нэгдсэн төсвийг баталлаа.

Манай улсын эдийн засгийн гол түүхий эд болох нүүрсний үнэ 100 орчим хувиар огцом буурч, газар тариалангийн салбарт ургац 40 хувиар алдсан, инфляцыг өдөөгч гол хүчин болох шатахууны нийлүүлэлт тасалдаж, хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн амьжиргаа хүндэрсэн энэ үед иргэдийн олонхын санал авсан эрх баригч нам хоёр хуваагдан талцсан нь төсөв батлах ажилд багагүй саад учруулсныг дурдахгүй өнгөрч боломгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 25.7-д заасан төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан улсын төсөв батлах үндсэн үүргээ биелүүлсэн Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ талархал илэрхийлье.

Ирэх жилийн төсвийн хувьд төсвийн зарлага жилээс жилд огцом тэлдэг байдлыг таслан зогсоож, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн өсөлтөд дулдуйдсан урсгал зардлын тэлэлтийг 2.0 хувиас хэтрүүлээгүй нь онцлог байна. Мөн нийгэм эдийн засгийн чухал ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг дэмжиж, боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж тус салбарт ажиллагсдын цалин, ахмадын тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан нэмэхдээ урсгал зардлынхаа хэмжээг хэвээр хадгалж шийдсэн нь мөн онцлог байлаа. Гэвч хувийн хэвшлээ татварын бодлогоор дэмжих, татварын хэт ачааллыг бууруулах, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, иргэдээ хөдөлмөрлөх боломжоор хангахад чиглэсэн бодлого үгүйлэгдэж байгааг Засгийн газар цаашид анхаарч ажиллана гэдэгт итгэж байна.

Улс орныг удирддаг төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдах ёстой гэдгийг олон жил ярилаа. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл дорвитой шийдвэр гарсангүй. Улсын Их Хурлын тэс өөр хоёр бодлого мэт үзэж, тус тусад нь баталж ирсэн. Төсөв тэлэх тусам Монголбанкны бодлогын хүү чангардаг, бодлогын хүү чангарах нь арилжааны зээлийн хүү өсөх дохио болдог учир банкнууд өндөр хүүтэй, эрсдэл өндөртэй зээл гаргахын оронд өндөр өгөөжтэй, Төв банкны үнэт цаас худалдан авахыг чухалчилдаг. Иймээс аж ахуйн нэгжүүдэд арилжааны зээлийн олдоц эрс хумигддаг юм. Энэ нь аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаагаа зогсоох, эсвэл бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхөөс өөр сонголтгүй болгодог тул ирэх жилийн төсвийг мөнгөний бодлоготой уялдуулж оруулж ирэх ёстой.

Төсвийн нийт орлогын 27.0 орчим хувийг уул уурхайн салбараас бүрдүүлнэ. Уул уурхайн салбараас 2022 онд 4.3 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлж байсан бол энэ үзүүлэлт 9.3 их наяд болон тэлжээ. Энэ нь бидний ам нээх бүрдээ өгч ирсэн эдийн засгаа солонгоруулах тухай амлалт амьдрал дээр эдийн засаг, уул уурхайгаас улам бүр хараат болох бодлого, төсвөөр дамжин хэрэгжиж байгааг харуулах үзүүлэлт юм. Түүхий эд экспортлогч орнууд төсвийн зарлагын хэт өсөлтөөс татгалзах, түүхий эдийн үнийн өсөлтийн бодлогоо бүгдийг нь эдийн засагтаа цутгахгүй байхад анхаарч, хуримтлалын санд түлхүү хуваарилах, ирээдүйд тулгарч болзошгүй хүндрэл, хямралаас сэргийлэх, эсвэл гадаад өрийн хэмжээгээ нэмүүлэхэд зориулдаг бодлого ирэх жилийн төсөвт тусгалаа олох учиртай.

2022 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 2.0 их наяд төгрөг төвлөрүүлэх тооцоо хийж байсан бол ирэх жил 6.5 их наяд төгрөг хүрч хүрч, гурав дахин нэмэгдэж байна. Хувь хүний орлогын татвар 2022 онд 1.2 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 2.5 дахин өсөхөөр тооцсон байна. Төсвийн орлогын 90 хүртэлх хувиа татвараар бүрдүүлж ирлээ. Эндээс аж ахуйн нэгжүүд болон иргэдийн нуруун дээр ирж буй татварын дарамт хэрхэн нэмэгдэж байгааг анзаарч болно. Ийнхүү төсвийн тэлэлт эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлж, хувийн хэвшлийн орон зайг улам бүр хумьж байна. Төсөвт төвлөрүүлэхээр тооцсон татварын хэт өндөр тооцоо, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамт, зээлийн өндөр хүүгийн зардал зэрэг нь ирэх онд олон мянган бизнес эрхлэгчдэд хүндээр тусахаар байгааг анхаарч аж ахуйн нэгжийн татвартай холбоотой шинэчлэл, хуулийн төслүүдээ яаравчлан Улсын Их Хуралд оруулж, ажил хэрэгч хандахыг Улсын Их Хурлын гишүүдээсээ хүсэж байна.

Төсвийн хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх зарчим алдагдах учиргүй. Хөрөнгө оруулалтын нийт арга хэмжээний ихэнх нь цааш цаашид төсвийн зарлагыг нэмэгдүүлэхээр байна. Үндсэн хуульдаа Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах баталгаатай эрх эдэлнэ гэж маш тодорхой заасан. Энэ нь манай улсын иргэд хорт хавдрын хэд хэдэн төрлийн өвчлөлийн тоогоор дэлхийд тэргүүлж буй үзүүлэлтийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажил Засгийн газрын тэргүүн зорилт болох ёстой.

Жил бүр олон зуун сая ам.долларын эрчим хүч импортолж байна. Бид энэхүү үрэлгэн байдалдаа цэг тавьж, эрчим хүчний аюулгүй байдалдаа анхаарах цаг ирсэн. Иймд хөрөнгө оруулалтын бодлогоо эрс шинэчилж, урсгал зардлыг нэмэхгүй, ажлын байрыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийн салбарт нийт хөрөнгө оруулалтын ихэнх хувийг төлөвлөхийг Засгийн газарт уриалж байна.

Төсөв эдийн засгаа төрөлжүүлж, илүү тогтвортой, уян хатан эдийн засгийг дунд хугацаанд бүрдүүлэх зорилготой байх ёстой төсөв бол төр оршин тогтнож буй гэдгийг тунхагладаг бодлогын чухал баримт бичиг юм. Ийм учраас гадаад нөхцөл байдал тогтворгүй, дотоодын улс төржилт савнаасаа хальсан ярвигтай энэ үед төсвийн бодлогын баримт бичгийг хуульд заасан хугацаанд Улсын Их Хурлаар батлуулах нь миний үүрэг гэдгийг бол улам ухамсарлаж ажиллалаа. Учир нь улс төрийн хамгийн чухал асуудлын нэг бол олон нийтийн төрд итгэх итгэл юм. Эдийн засгийн тодорхойгүй байдал, хямралын үед бодлогын өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд иргэд, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын итгэл зайлшгүй чухал. Итгэл байхгүй бол бодлогын үр нөлөө суларч, эдийн засгийн хямрал гүнзгийрдэг гэдгийг ухамсарлаж ажиллахыг нийт гишүүдээсээ бас дахин хүсье.

Төсөв бол ялсан намыг санхүүжүүлэх хэрэгсэл ердөө биш. Энэ утгаараа 2026 оны төсөв нэг намын биш харин Монгол Улсын төсөв боллоо гэж дүгнэж байна. Төсөв бол улс орныг хөгжүүлэх, нийгэм, эдийн засгийг удирдах бодлогын баримт бичиг гэдгийг гишүүддээ дахин сануулъя.

Анхаарал тавьсанд баярлалаа.

2025.11.12

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудыг эцэслэн баталлаа

Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод...

УИХ-ын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгож, Х.Ганхуяг Шадар сайдаар томилогдов

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн онцлох томилгоо...

Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулжээ

Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтын хил дамнасан...

Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгджээ

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байгаагаа...