Thursday, November 21, 2024

Дараагийн 30 жилийг эхлүүлсэн цахим реформ

Date:

ЦАР ТАХЛЫГ СӨРСӨН ЦАХИМ ДАВЛАГАА

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрдээд 2021 оны хоёрдугаар сарын 3-нд анхны хуралдаанаараа цахим засаглалын шилжилт буюу төрийн хүнд суртлыг халах асуудлыг хэлэлцэж байв. E-Mongolia платформыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх тухай Ерөнхий сайд үүрэг, чиглэл өгснийг санаж байна. Тэрбээр “Цар тахлын үеийн сэтгэл зүй сорилт болон боломжийг аль алийг нь авчирсан. Боломж нь цахим засаглалтай холбоотой хөгжлийг өөрчиллөө. Бид хоцорч болохгүй. Засгийн газар эхний 100 хоногт багтааж цахим шилжилтийн хоёр дахь давлагааг хийж амжуулах хэрэгтэй” гэсэн юм. Цар тахлын хүнд сорилттой нүүр тулж, хөл хорио тогтоогоод байсан тэр цаг үед цахим шилжилтийн ач холбогдлыг иргэд маш сайн мэдрээд байв. Гурван жилийн өмнө буюу 2021 оны нэгдүгээр сарын байдлаар 182 үйлчилгээг E-Mongolia-д нэгтгээд байлаа. Уг тоог 513 болгоно гэдгээ Засгийн газрын шинэхэн тэргүүн мэдэгдсэн юм. “Цаашид нугалаа үүсгэдэг, бухимдал, хүнд суртал гаргадаг үйлчилгээг бүгдийг нь E-Mongolia-д холбох ёстой” хэмээсэн Ерөнхий сайдын үг цахим шилжилтийг тууштай, зоригтой хийх нь гэсэн итгэлийг олон нийтэд төрүүлсэн билээ. Манай улс 2020 оны аравдугаар сарын 02-нд “E-Mongolia 1.0” системийг нээж, төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар 86 байгууллагын 1106 үйлчилгээг тус цонхонд нэгтгэж, 1.7 сая хэрэглэгчтэй болж, цахимаар 36.5 сая удаагийн үйлчилгээ үзүүлж, 706.9 тэрбум төгрөгийг иргэдээс хэмнэсэн байна. Мөн сар болгон 1.3 сая ширхэг А4 форматын цаас хэмнэж байгаа аж.

Үндэсний цахим үйлчилгээний E-Mongolia нэгдсэн системийг 2020 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн юм. Уг системийн нээлтэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлжээ.

“E-MONGOLIA 4.0” ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ АШИГЛАНА

2023 оны тавдугаар сард “E-Mongolia 3.0” систем нээлтээ хийснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах боломж бүрдэж, ААН-үүдийн бүртгэл хялбар, шуурхай болж, нотариатын үйлчилгээ нэмэгдсэн юм. Үүнээс хагас жилийн дараа буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 13-нд “E-Mongolia 4.0” системийг нээсэн. Энэхүү системд хиймэл оюун ухааныг ашиглан илүү боловсронгуй, хүртээмжтэй үйлчилгээг эрхэмлэж буй бөгөөд зөвхөн үйлчилгээний тоог нэмэхээс гадна хэрэглээг хялбарчлахад голчлон анхаарсан нь “4.0” шинэчлэлийн онцлог болжээ.
“И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран “E-Mongolia 4.0” системийн шинэчлэлийн талаар танилцуулахдаа “Бид E-Mongolia-гаас гадна ХУР, ДАН, erp emongolia, lavlagaa.mn e-cabinet, docx.gov.mn, тоон гарын үсгийн систем, мэдэгдэл хүргэх систем, opendata.gov.mn зэрэг төрийн 29 системийг хариуцан хөгжүүлж байна. Хувийн хэвшилтэй өрсөлдөх биш хамтран ажиллах зарчим баримталдаг. Тухайлбал, ХУР системтэй холбогдож, мэдээлэл авч ашиглаж буй 462 байгууллагын 329 нь хувийн хэвшлийнх. Цаашид бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх үндэсний аян эхлүүлэх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар манай улсын цахим ур чадварын үзүүлэлт 48.3 хувь байна. E-Mongolia 4.0 системийн хүрээнд төлбөрийн нэгдсэн шийдлийг ирэх онд нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэжээ. “E-Mongolia” систем динамик хэлбэртэй болсноор ачаалал ихтэй үед ачааллыг даахаас гадна хэрэглэгч бага хандаж байгаа тохиолдолд ачааллын хурдыг бууруулах боломжтой болсон байна.
Цаашид “E-Mongolia 4.0” системийн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын нэгдсэн платформыг хөгжүүлэх, Улаанбаатар хотын нийтийн тээвэр, хаягжилт, төрийн үйлчилгээ зэрэг асуудлуудыг НЗДТГ-тай хамтран шийдвэрлэх, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг хамтран хийх, төрийн байгууллагуудын бичиг цаас солилцоог цахимжуулах, төлбөр тооцооны нэгдсэн системийн шийдлийг “E-Mongolia”-г түшиглэн төр, хувийн хэвшил хамтран боловсруулах зэрэг ажлуудыг хийнэ. Мөн бүх нийтийн цахим ур чадварыг дэмжих аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагаанд цахим шийдлийг эрхэмлэх зэрэг санаачилгуудыг Засгийн газар дэмжиж ажиллах юм.
“E-Mongolia 4.0” систем нь хиймэл оюун ухааныг ашиглан илүү боловсронгуй, хүртээмжтэй үйлчилгээг эрхэмлэж, үйлчилгээний тоог нэмэхээс гадна хэрэглээг хялбарчлахад голчлон анхаарсан. Цаашид төр систем хөгжүүлэхгүй, тооцоо судалгаа, стандарт, загварчлалаа гаргаж хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх зарчим баримтална.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гийн баг хамт олонтой хийлээ. 2023.11.13

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЦАХИМ ШИЛЖИЛТ БОЛ ЗӨВХӨН ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ БИШ, ЦАХИМ РЕФОРМ ХИЙХ УЛС ТӨРИЙН ЭР ЗОРИГ, ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ ЮМ

“E-Mongolia 4.0” системийн нээлтийн үеэр Ерөнхий сайд ийн хэлсэн. 1990-ээд оноос хойш гучаад жил ярьсан цахим шилжилт сүүлийн гурван жилд эрчимжсэн нь үнэн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар цахим үндэстэн болох том амбийцаа зарласан. Энэ нь хоосон амбийц төдий биш бодитой ажил хэрэг болж, хөрсөн дээр буусанд хамгийн гол учир бий. Дижитал дэд бүтцийн бэлэн байдлыг хангах хүрээнд улсын хэмжээнд дамжуулах сүлжээний багтаамжийг нэмэгдүүлж, үнэ тарифыг бууруулах бодлого боловсруулж ажилласан, хот хоорондын шилэн кабелийн уртыг эрс нэмэгдүүлсэн, интернэт гарцын багтаамж болон Монгол Улсаар дамжиж буй олон улсын интернэтийн транзит урсгалын хэмжээ нэмэгдсэн, 4G сүлжээний нийт хэрэглэгчдийн тоо нэмэгдсэн гээд олон статистик бий.
НҮБ-аас эрхлэн гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол Улс 2022 онд 18 байраар урагшилж, 74 дүгээр байрт орсон. Программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлзэр үйл ажиллагаа явуулдаг комланиудыг татварын бодлогоор дэмжих, мэдээллийн технологийн гарааны бизнес эрхлэгч компаниудыг 2023 оны нэгдүгээр сараас эхлэн таван жилийн хугацаанд мэдээллийн технологийн үйл ажиллагаанаас олсон орлогын албан татвараас чөлөөлөх болсон. Мэдээллийн технологи үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэнд, уул уурхай, татвар, нийгмийн даатгал, газрын харилцаа гээд олон салбарт цахим платформууд бий болж, ил тод байдал сайжирч, цахим үйлчилгээ, мэдээллийн сан арвижжээ.

“ЦАХИМ МОНГОЛ”-ЫН АЛСЫН ХАРАА

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичигт “Цахим монгол (иргэн, төр, хувийн хэвшлийн нэгдсэн систем)” гэсэн бүлэг зорилт бий. Уг зорилтоо “Хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлнэ” гэж тодорхойлсон байдаг. Уг зорилтыг хэрэгжүүлэх үе шатыг арав арван жилээр гурван үе шаттай хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлж буй дараагийн шинэ 30 жил юм. Шинэ 30 жилийг эхлүүлэхэд, төрийн хүнд суртлыг бууруулан, авлигыг таслан зогсоох, бүтээмжийг нэмэгдүүлэх, ил тод, нээлттэй, шударга байдлыг төлөвшүүлэхэд цахим шилжилт, цахим реформ чухал үүрэгтэй.
Гурван жилийн өмнө батлагдсан “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын эхний шатанд мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, үр дүнтэй цахим засаглалын бодлогын болон хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, төлөвшүүлэхээр зорьж байгаа. Энэ хүрээнд дэвшүүлсэн зорилтууд дараах байдлаар томъёологджээ. ,
1.Цахим засаглалыг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж, хүн амыг өндөр хурдны интернэтийн сүлжээнд холбоно.
2.Цахим мэдээллийн нэгдсэн сан, дэд бүтэц бий болж хөгжинө.
3.Цахим хэлбэрт шилжсэнээр цаг хугацаа, орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээ шат дамжлагагүй, шуурхай болно.
4.Төрийн байгууллага хоорондын болон төр, иргэний нийгэм, бизнесийн байгууллагуудын мэдээллийн солилцоо сайжирч, захиргааны зардал бууран, үйлчилгээний үр дүн сайжирна.
5.Төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл явцад иргэд, олон нийтийн саналыг цахимаар авах нөхцөл бүрдэж, мэдээллийн ил тод байдал нэмэгдэнэ.
Эдгээр зорилт хэрэгжсэнээр хоёр дахь шатанд эдийн засаг, нийгмийн бүх салбарт мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшил, инновацыг нэвтрүүлэх замаар бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх үе шат, гурав дахь шатанд хүний хөгжлийг дэмжсэн цахим засаглалыг хөгжүүлэх үе шатыг тус тус хэрэгжүүлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...