Дуулим их говийн хаяанаас, дурдан хөх тэнгэрийн цээлнээс энэхэн дэлхий дахиныг, илхэн бүхий амьтан бүгдийг мөхдөлгүй ивээгч наран урган мандав. Их газрын чулуу хэмээх байгалийн хосгүй урлал, төгс гоо сайхан бүтээл нүд, сэтгэл баясган тодорлоо.
Зээ,
Уяхан замбуутивийн наран
Энэхэн бүхий дэлхий даяхнаараа
Мөхдөлгүй мандсаар чиг билүү…
Уртын дуу ийн шуранхайлж, уяхан замбуутивийн нараа угтав. Монгол Улсын Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзадын нэрэмжит Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид, уртын дуучид, морин хуурчид их дуучийнхаа нэрэмжит уртын дууны цогцолбор хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, “Уяхан замбуутивийн наран” уртын дуугаа шуранхайлуулан ургах нарыг угтав. Эдүгээгээс 17 жилийн тэртээ 2006 онд Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит дуун хөшөөт цогцолборыг бүтээн сүндэрлүүлсэн түүхтэй. Уг хөшөөг Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач П.Цэгмидийн зураг төслөөр бүтээн залжээ. Хөшөөг байгуулах газрыг Н.Норовбанзад дуучны охин Б.Дэлгэрмаа олж товлосон бөгөөд Шашны дээд сургуулийн захирал, гавж Ш.Сонинбаяр ламтан уг газрыг үзээд ихэд олзуурхан таалсан гэнэ. Ийнхүү Их газрын чулууны баруун урд үзүүрт орших харууц сайтай бяцхан товцог дээр “Уяхан замбуутивийн наран” уртын дууны бадаг бүхий гэрэлт хөшөө амилан босжээ. Энэ хөшөөнд дуучид заавал ирж мөргөдөг болсон гэнэ.
Их газрын чулуунд зохион байгуулсан “Уяхан замбуутивийн наран” урлагийн их наадмын нэгэн гайхамшигт агшин алдарт дуучин Намжилын Норовбанзадын нэрэмжит уртын дууны гэрэлт хөшөөнөө нар угтах ёслолоор тохиов. Ерөөс энэ л газар нутаг яах аргагүй дуу хуурын авшиг, шүншигтэй орон хангай ажээ. “Уяхан замбуутивийн наран” уртын дуу гурван өдөр эгшиглэж, уул тал, хангай, говио баясган шуранхайлав. Үзсэн хүмүүний нүд баясаж, сонссон хүмүүний сэтгэл сэтгэх сайхан наадам Их газрын чулуунд болов.
Наадмын эхний өдөр Их газрын чулуун дахь задгай театрт Эрдэнэт хотын хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчдийн “Эрт урьдын цагт” хүүхдийн тоглолт болж, орой нь Н.Норовбанзадын нэрэмжит Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчдийн “Их хүндэтгэл” тоглолт байгалийн задгай театрыг жинхэнэ доргиов. Хурсан олныг ёстой л огшоосон тоглолт бэлджээ. Яах аргагүй дуу хуурын өлгий Дундговь аймгийнхан гэдгээ харуулсан. Маргааш нь буюу бямба гаригт “Уяхан замбуутивийн наран” урлагийн их наадмын хоёр дахь өдөр 3000 мянган морин хуурч, уртын дуучдын тоглолт үнэхээр гайхамшиг гэдгийг харуулав.
Энэ наадмыг үзэхээр 50 мянган хүн Их газрын чулуунд хуран чуулсан ажээ. Бүхэл бүтэн нэг аймгийн хүн амтай тэнцэх тооны наадамчид Их газрын чулуунд гурван өдөр хуран цуглаж, дуу хуурын гайхамшгийг мэдэрч бахдав. Их газрын чулуу задгай асарт гол том тоглолтууд болсноос гадна, Их газар, Бага газар асруудад урлаг, соёлын тоглолт, чөлөөт хөгжимтэй чилл орчинг бүрдүүлсэн байв. “Айрагны амт” адуун соёлын үзүүлбэр, “Нүүдлийн өв соёл” дөрвөн улирлын гэр музей, үндэсний спорт наадгайн үзүүлбэр, “Говийн цагаан шувуу” хоолны гудамж дахь гудамжны хоолны худалдаа, “Уран үгсийн чуулган” яруу найргийн цэнгүүн гээд бүхий л үйл ажиллагааг маш сайн төлөвлөж зохион байгуулжээ. Зөвхөн урлагийн тоглолтуудад л гэхэд 300 уран бүтээлч оролцсон гэхээр хэр нүсэр, том наадам болсон нь ойлгогдоно.
Соёлын яамны хийж чадаагүй, сэдэж сэтгэж амжаагүйг ийнхүү дундговьчууд хийлээ. Хийх хийхдээ үлгэр жишээ, жишиг загвар болохоор сайхан хийлээ. “Уяхан замбуутивийн наран” урлагийн их наадам улам улмаа өргөжин тэлж, гадаадын жуулчдын үзэх дуртай эвент болох нь тодорхой.