Friday, November 22, 2024

Ерөнхий сайд өвлийн аялал жуулчлалд бэлтгэж эхлэх чиглэл өглөө

Date:

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2023 оны хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг нээж Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.

Тэрбээр Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилт, өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлын зарим үр дүнгээс дурдаад цаашид өмнөх шийдвэрүүддээ дүгнэлт хийж, ололт амжилтаа бататган ажиллах хэрэгтэйг тэмдэглэв. Тухайлбал, “Welcome to Mongolia” арга хэмжээг Япон, БНХАУ, БНСУ-д зохион байгуулж, тус уриан дор Эдийн засгийн форумыг зохион байгуулан, нийт 2000 гаруй зочин, гадаадын өндөр түвшний 500 гаруй зочин, төлөөлөгчид Монголд ирсэн байна. Мөн “Welcome to Mongolia” арга хэмжээний хүрээнд  CNN, Financial Times, Washington Post зэрэг 40 гаруй дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай улсын тухай эерэг мэдээ, нийтлэл гарчээ. Мөн агаарын тээврийн либералчлалын бодлогын үр дүнд 2023 онд 40 гаруй улсын 150 чиглэлд нислэг хийх боломж бүрдсэн төдийгүй долдугаар сарын 1-нээс дотоодын нислэгүүдийг сэргээж эхэлснээс хойш нийт 32 мянган хүн тээвэрлэсний ихэнх нь гадаадын жуулчид байгаа юм.

Мөн “Аялал жуулчлалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга батлагдсан. Цаашид хуулийн хэрэгжилтийг шуурхайлж, аялал жуулчлалын үйл ажиллагааны менежментийг мэргэжлийн холбоонд шилжүүлж, төр гагцхүү бодлого, хууль, журмаа улам боловсронгуй болгож, төр, хувийн хэвшлийн түншлэлээр аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх  нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд онцлов. “Жуулчдын тоо нэмэгдэж байгаатай зэрэгцэн ариун цэврийн байгууламжийн асуудал хөндөгдөж буй. Аялагч, жуулчдын санал, шүүмжийг ажил хэрэгтээ тусгаж, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд орчин үеийн ариун цэврийн байгууламжийг аялал жуулчлалын гол маршрутын дагуу барьж байгуулсан, аялал жуулчлалын иж бүрэн стратегитай байх ёстой” гэдгийг хэллээ. Түүнчлэн “Гадаадын аялал жуулчлалын зах зээлд танигдаж эхэлсэн “Welcome to Mongolia” уриа, арга хэмжээндээ түшиглэн өвлийн аялал жуулчлалын концепц, стратегийг яаралтай гаргаж, хэрэгжүүлэх ажлыг одооноос эхлүүлэх шаардлагатай” гэв.

Хуралдаанаар жуулчдад зориулсан ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор, отоглох цэг байгуулах ажлын явц, тулгамдаж буй асуудал, өвлийн аялал жуулчлалын стратеги төлөвлөлт, гадаад зах зээлд чиглэсэн маркетинг, жуулчдын эрх ашгийг хангах утасны үйлчилгээ зэрэг асуудлыг хэлэлцэж, санал солилцов.

Ариун цэврийн байгууламжийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх, тооцоо судалгаа хийж танилцуулах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад хугацаат үүрэг даалгавар өгөв. Манай улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдалд үнэлгээ, дүгнэлт хийх, цаашид аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнийг тодорхойлоход хамтран ажиллах боломжит, аялал жуулчлалын салбарт нэр хүнд бүхий олон улсын зөвлөх компаниудын талаар судалж, танилцуулахыг Соёлын сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нарт даалгав. Мөн ирсэн жуулчдаа сэтгэл хангалуун буцаах нь цаашид олон жуулчин татах нөхцөлийг бүрдүүлэх тул жуулчдын эрх ашгийг хангах үйлчилгээ үзүүлэх, санал гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх утсыг ажиллуулах, уг Үндэсний хороог байнгын ажиллагаатай Ажлын албатай болгож, аялал жуулчлалын салбарын мэргэжлийн хүмүүсийг бүрэлдэхүүнд нь оруулан ажиллуулах зэрэг асуудлыг судалж, дараагийн хуралдаанд танилцуулахыг тус тус үүрэг болголоо.

Манай улс одоогийн байдлаар 387,034 жуулчин хүлээн аваад байгаа бөгөөд жуулчлалын тоо баримтаас харахад аравдугаар сар гэхэд 500 мянга орчим жуулчин ирсэн байх төлөвтэй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...