Friday, November 22, 2024

Авлигачдыг айлгасан “5Ш” ажиллагаа

Date:

Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааг эхлүүлээд яг хоёр сар өнгөрч байна. Ийнхүү гүйцэтгэх засаглал өөрөө санаачлан авлигатай тэмцэх үйл ажиллагааг манлайлж, авлигыг таслан зогсоохоор ажиллаж эхэлсэн нь олны анхаарлыг татсан юм. 2022 он дөнгөж гарангуут Засгийн газар Хөгжлийн банкны хэргийг олон нийтэд ил тод зарлаж, намар нь нүүрсний хэрэгт мөн шүгэл үлээсэн зэрэг нь ийнхүү авлигатай тэмцэх жилийг зарлах үндэслэл болсон бизээ. Юутай ч өнгөрсөн хоёр сарын хугацаанд “5Ш” ажиллагааны хүрээнд ямар үйл явдлууд өрнөж, ямар үр дүнд хүрснийг тоймлоё.

“Шувуу” ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт, “Шүүр ажиллагаа”, “Шилжүүлэн авах ажиллагаа”-ны хэрэгжилтийг хариуцан зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд, “Шил ажиллагаа”-г Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгасан. Харин “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсэг Ерөнхий сайдын 2023 оны 20 тоот захирамжаар байгуулагдаж,  Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахлан ажиллаж буй. Авлигатай тэмцэх “Таван Ш ажиллагаа”-ны хэрэгжилтийг хариуцан зохион байгуулж ажиллах Ажлын хэсгүүд ажлаа эрчимжүүлж, Засгийн газрын хуралдаанд сар бүр танилцуулж байхыг Ерөнхий сайд үүрэг болгожээ.

 Шүгэл ажиллагаа

-Хувийн хэвшлийг үйл ажиллагаа явуулахад нь төрийн байгууллага, албан тушаалтан саад учруулсан, ажлаа хийхэд нь эс үйлдэл үзүүлбэл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг тогтолцоог тодорхой болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгов.

-“Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд Авлига, албан тушаалын гэмт  хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг батлуулах, төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах юм. Ажлын хэсгийнхэн баасан гариг бүр Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд ажиллаж, иргэдтэй уулзаж байгаа юм.

Шүүр ажиллагаа

Төсвөөс цалинжиж байгаа 225 мянга, орон нутгийн өмчийн компаниудад 75 мянга орчим хүн бий. Төрийн алба төрийн бодлогыг бүх түвшинд ард иргэдэд хүргэж байх үндсэн үүргээ бүрэн төгс хэрэгжүүлдэг байх ёстой. “Шүүр” ажиллагааны хүрээнд зургаагаас найман мянган албан хаагчтай холбоотой асуудал яригдаж байгаа гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэв. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд Ковидын хууль хэрэгжээд энэ оны нэгдүгээр сараас зогссон. Үүний үр дүнгээр 2000 орчим албан хаагчдын, удирдах албан тушаалтны асуудал хөндөгдөж, өнөөдрийг хүртэл шийдэгдээд явж байна. Нэг ёсондоо Ковидын хуулиар томилогдсон албан хаагчид албан тушаалаасаа чөлөөгдсөн. 2023 оны улсын төсвийг Засгийн газраас өргөн барьж батлуулахдаа энэ оноос эхлэн тэтгэвэр авч байгаа хүн төсвөөс цалинжихгүй байх зохицуулалт хийсэн байдаг. Өнөөдрийн байдлаар 5000 орчим хүн тэтгэвэр аваад, цалинжиж байгаа. Бүх шатны удирдах албан тушаалтан өнөөдөртөө багтаж бүх мэдээллээ нэгтгээд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт мэдээлэл ирүүлэх ёстой” гэв. 

 Шувуу ажиллагаа

-Гуравдугаар сарын 15. “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчирч, хариуцлага хүлээлгэнэ гэж мэдэгдлээ. Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 92 хүний нэрийг зарласан. Эдгээр хүнийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ гэдгийг ХЗДХ-ийн сайд, “Шувуу ажиллагаа”-ны Ажлын хэсгийн дарга Х.Нямбаатар мэдэгдэв.

-Гуравдугаар сарын 22. “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчирч, хариуцлага хүлээлгэхээр болов. Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 92 хүний нэрийг зарласан. Оргон зайлсан хүмүүсийн тоо 18-аар нэмэгдсэн гэдгийг Х.Нямбаатар сайд мэдээлэв. Эдгээр хүнийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх үүргийг хуралдаанаас өгсөн байна. Оргон зайлсан хүмүүсийн дансыг царцаах чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэдгээ мэдэгдэв.

-Хэрэг бүртгэлтийн шатнаас оргон зайлж, хилийн чанадад гарсан УИХ-ын гишүүн, сайд асан Т.Бадамжунайг Филиппин улсын Сэбу арлаас баривчлан авчрав. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Т.Бадамжунайд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэж яллагдагч Т.Бадамжунай нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан буюу “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр түүнийг яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлээд байна.

“Шувуу” ажиллагааны хүрээнд “Тавантолгой төмөр зам” компанийн захирал асан Н.Удаанжаргалыг Аргентинд бүгж байгааг олж тогтоосон бөгөөд түүнийг Монголдоо авчрах талаах тус улсын эрх бүхий байгууллагуудтай хэлэлцээ хийж эхэлжээ. Мөн АНУ-д амьдарч буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Монголоос дансаа цэнэглэх сувгуудыг нь хаасан байна.

Шилжүүлэн авах ажиллагаа

-Засгийн газрын гуравдугаар сарын 7-ны ээлжит хуралдаанаар авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад төвлөрүүлсэн орлого, төрд хураагдсан хөрөнгийг эх, хүүхдийн эрүүл мэнд, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбогдох эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах, барилга барихад зарцуулах чиглэл баримтлан ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт үүрэг болгов.

Мөн авлига, албан тушаалын хэрэгт төрд хураагдсан барилга, байгууламжид үнэлгээ хийж, эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжийг судлан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрүүл мэндийн сайдад даалгасан.   

 Шил ажиллагаа

“Шил ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар дөрөвдүгээр сарын 5-нд гарав.
·      Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ, газар ашигласны төлбөр төлөлтийн байдал, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээний явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагавар, тэдгээрийг арилгах арга хэмжээг тогтоосон байгаль орчны нөлөөллийн үнэлгээ болон газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн мэдээлэл;
·      Барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт;
·      Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, авч байгаа цалин хөлс, урамшууллын дүн, албаны цахим шуудангийн хаяг, тухайн хуулийн этгээдийн удирдлагад тавигдах шаардлага, удирдлагыг сонгон шалгаруулах журам, сонгон шалгаруулах ажиллагааны тов, сонгон шалгаруулалтад оролцогчдын талаарх мэдээлэл;
·      Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт;
Эдгээр мэдээллийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад 2023 оны зургадугаар сарын 1-ний дотор хүргүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга, Засгийн газрын тусгай сангийн удирдлага, захирал нарт тус тус даалгалаа.
Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж, мэдээллийг нэгтгэн үр дүнг 2023 оны зургадугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...