Энхийг сахиулагчдын хоёр дахь цуврааны бүрэлдэхүүн эх орондоо ирлээ

0
25

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагааны XI дүгээр ээлжинд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны хоёрдугаар цуврааны бие бүрэлдэхүүн өнөө орой буюу 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдөр эх орондоо ирлээ.

Даян дэлхийн энх амгалангийн үйлсэд бодит хувь нэмрээ оруулан 12 сарын хугацаатайгаар энхийн үйлсэд үүргээ нэр төртэйгээр гүйцэтгээд ирж буй энэхүү ээлжийн цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчдыг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албаны дарга хурандаа Т.Мөнхбаяр, ЗХЖШ-ын АУГ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга дэд хурандаа Б.Энхцаг нар угтав.

Дээрх ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны эхний ээлжийн бүрэлдэхүүн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эх орондоо газардсан бол өнөөдөр хоёр дахь цуврааны бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгэснээ эх орон, төр, ард түмэн, элгэн садандаа нэр төртэйгөөр илтгэж буй нь энэ билээ.

Тэднийг угтах ёслолын ажиллагааны үеэр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг хэлсэн үгэндээ “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэсэн өмнөх цэргийн багуудын ололт амжилтыг бататгаж, энхийг сахиулах ариун үүргээ амжилттай биелүүлсээр ирсэн Та бүхэнд ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүдийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе. Өнгөрсөн хугацаанд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлага Та бүхэнтэй байнгын холбоотой байж, албан үүргээ амжилттай гүйцэтгэх бүхий л боломж, нөхцөлийг тань бүрдүүлж ажилласан. Та бүхэн цаг агаарын болон цагийн байдлын хүнд нөхцөлд энхийг сахиулах ариун үүргээ амжилт дүүрэн гүйцэтгэсний зэрэгцээ өөрийн эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг улам өндөрт өргөж, “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” хэмээх бахархалт алдрыг дуурьсгаж чадсанд талархал илэрхийлье. Цаашид өөрсдийн мэдлэг, дадлага, туршлага, ур чадвараа улам бүр хөгжүүлж, нэгтгэл, анги, салбарынхаа хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна” гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: ЗХЖШ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу