ЯРИЛЦСАН Г.СОНИНБАЯР
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоо бид өргөн дэлгэр тэмдэглэхээр хөл хөөрцөг болцгоож байна. Гэтэл их эзэн Чингис хааны маань төрсөн газар маргаантай хэвээр. Эдүгээгийн Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Дэлүүн болдогийг их хааны төрсөн газар хэмээн түр тогтоод буй. Ер нь Чингис хаан болон Их Монгол Улсын үеийн түүхэн үйл явдлуудтай холбоотой газар усыг өнөөдөр хэрхэн олж тогтоогоод байна вэ? Энэ сэдвээр доктор, профессор О.Сүхбаатартай ярилцлаа.
-Эрдэмтэн мэргэд багагүй маргалдсаны эцэст Чингис хааны төрсөн газрыг Дадалын Дэлүүн болдогийг гэж түр тогтсон. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Түр тогтооно гэдэг байж болохгүй зүйл. Энэ бол нэр томьёоны хувьд буруу. Чингис хааны түүхэн газар зүйн талаар гадаадын улс орнуудад 200-гаад жилийн өмнөөс яригдаж эхэлсэн байдаг юм. Хятадууд Өвөрмонголын Ордост Чингис хааныг төрсөн гэсэн яриаг их тараасан. Харин Оросууд үүнийг зөвшөөрөөгүй. Тэд одоогийн ОХУ-ын Чита мужийн нутагт Онон мөрний хөвөөнд Чингис хааны төрсөн газар Дэлүүн болдог бий гэж үзэн энэ тухай хүчтэй бичиж эхэлсэн. Түүгээр зогсохгүй 1880-аад онд Агын буриадын нутагт хөшөө босгосон. Энэ нь дэлхийн эрдэмтдийг нэлээд шуугиулсан даа. Үүнийг зарим нь зөв гэж үзэж зарим нь буруушааж Дэлүүн болдог Монголд байгаа гэж байв. Хятадууд үүнд маш дургүйцсэн. Энэ үед “Монголын нууц товчоо” олдоогүй байсан болохоор хятадуудын хувьд түүхийг яаж ч гуйвуулж болохоор байв. Угаасаа тэд гуйвуулж ч байсан. Хятадад дэгдсэн хар тамхины дайны үеэр оросын эрдэмтэн П.Кафаров Бээжингийн хааны номын сангаас “Монголын нууц товчоо”-ны эхийг олсон. Тэгээд л “Монголын нууц товчоо”-нд Чингис хааныг Ононы Дэлүүн болдогт төрсөн гэж бичсэнийг оросууд өлгөж аваад Читад хөшөө босгосон хэрэг.
-Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Дэлүүн болдогийг хэзээ олж тогтоосон юм бэ?
-1921 онд ардын хувьсгал ялсны дараахан тэр үеийн төрийн зүтгэлтнүүд болох А.Амар, Д.Бодоо, Д.Догсом, Да лам Цэрэнчимэд нарын хүмүүс Чингис хааны төрсөн газрыг олж тогтооё гэдэг санааг анх гаргасан. Хувьсгалаас бүр өмнө 1913 онд энэ санааг Да лам Цэрэнчимэд гаргаж байсан юм билээ. Ингээд О.Жамьян гуай Чингис хааны төрсөн газар Ононы Дэлүүн болдог хаана байгааг тодруулахаар нэлээд хайж явсан. Гэхдээ яг хаана байгааг нь олж тогтоож чадаагүй. Харин янз бүрийн домог яриа маш олныг цуглуулж тэмдэглэж үлдээсэн.
О.Жамьян гуай Дэлүүн болдогийг Дадалын Гурван нуурт гэж яг нотлоогүй. Нутгийн ард олны дунд Чингис хаантай холбоотой ийм ийм домог байна аа гэдгийг л гаргаж ирсэн юм. Хожим 1961 оны долоодугаар сард Ж.Самбуу, Ю.Цэдэнбал нар МАХН-ын Улс төрийн товчоог хуралдуулж Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоол гаргасан. Энэ тогтоолоор Чингис хааны хөшөөг босгох, мөн их хааны дүртэй марк гаргах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэсэн ажлуудыг төлөвлөсөн байв. Нэг ёсондоо Чингис хааны ойг тун сонгодог хэлбэрээр зохион байгуулахаар болсон хэрэг. Маркийг 1961 оны сүүлчээр хэвлэн гаргасан. Харин хөшөөг нь 1962 онд босгосон түүхтэй. Энэ хөшөөг босгосон нь Д.Төмөр-Очиртой ямар ч холбоогүй. Түүнийг 1962 оны хоёрдугаар сард МАХН-ын Төв хороонд очихоос өмнө Чингис хааны ойг тэмдэглэх бүх тогтоол нь гарчихсан байсан.
-Гурван нуур дахь Чингис хааны гэрэлт хөшөө нэлээд адармаатай түүхийг туулсан гэдэг байх аа?
-Дээр хэлсэн МАХН-ын Төв хорооны тогтоолд Чингис хааны хөшөөг барьж босгох төсвийг тусгасан. 1962 оны нэгдүгээр сард Намын дээд сургуулийн багш Д.Төмөр-Очирыг МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн даргаар томилсон юм. Ю.Цэдэнбал өвчтэй байсан учир Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх ажлыг Д.Төмөр-Очир хариуцсан. Ингээд Чингис хааны ойг тэмдэглэх үеэр манай зарим сэхээтнүүд хэт үндсэрхэг үзэл цухалзуулснаас болж тэр үеийн ЗХУ-ын эрдэмтэд түүнийг их буруушаасан л даа. Ийм нөхцөлд Дэлүүн болдогийг яг хаана байгааг тогтоох нь чухал бус хамгийн гол нь Монголын төр засгаас Чингис хаандаа зориулан хөшөө босгох нь чухал байв. Тиймээс ч Дадалын Гурван нуурт гэрэлт хөшөөг яаравчлан босгосон. Энэ хөшөө бол үнэхээр Монголын төр засгаас их хаандаа зориулан босгосон түүхэн том хөшөө. Үүнийг зарим хүмүүс өөрчилнө гээд байгаа. Хөшөө бүтээгдсэний дараа ч ийм яриа хүчтэй яригдаж л байсан. Уг нь нэгэнт барьж босгосон хөшөөг хэзээ ч өөрчилдөггүй юм шүү дээ. Тэрчлэн Дадалын Дэлүүн болдог Чингисийн төрсөн газар биш гэсэн яриа ч гарч ирсэн л дээ.
-Үүнийг та хүлээн зөвшөөрч байгаа юу? Үнэхээр Дэлүүн болдог хаана байна аа?
-“Монголын нууц товчоо”-ны 59,97,211 дүгээр зүйлд Чингис хааныг Дэлүүн болдогт төрсөн гэж бичсэн байдаг. 59 дүгээр зүйлд “Ононы Дэлүүн болдогт чухам тэнд Чингис хаан төрсөн” гэсэн бол 211 дүгээр зүйлд Чингис хаан “Намайг Ононы Дэлүүн болдогт төрөхөд…” хэмээн айлдсан байдаг. Үүнээс уламжлаад Дадалын Гурван нуур бол “Монголын нууц товчоо”-нд дурдсан Дэлүүн болдог биш гэсэн яриа их гарсан. Үнэхээр тэгж үзэх үндэслэл бий. Гурван нуур Онон мөрнөөс 30 километр хол, харин Балж голдоо илүү ойр. Тэгэхээр Онон мөрний Дэлүүн болдог гэхэд үнэмшилгүй болоод байгаа юм. Гэхдээ ингэлээ гээд Гурван нуурт босгосон Чингис хааны гэрэлт хөшөөний ач холбогдлыг бууруулж болохгүй. Их хааны анхны хөшөө учир эрхэмлэж байх ёстой.
Хэсэг эрдэмтэд Дэлүүн болдогийг Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт бий гэж үзэж байгаа. Биндэр сумын төвийн урдхан талд эрт дээр үед Дэлүү гэж нэрлэдэг байсан ухаа бий. Энэ ухааг хожим Хүрээ ухаа ч гэж нэрлэдэг байсан. Мөн нэлээд сүүл үед Ламын ухаа гэх болсон. Энэ газрыг л Чингис хааны төрсөн Дэлүүн болдог гэж үздэг хүмүүс цөөнгүй. Миний хувьд үнэхээр энэхүү Ламын ухаа буюу Дэлүү ухаа нь Дадалын Дэлүүн болдогоос илүү түүх сурвалжид ойр, зөв юм болов уу гэж боддог. Ц.Дамдинсүрэн гуай “Монголын нууц товчоо”-г хөрвүүлэхдээ 97 дугаар зүйлд “Тэргүүн Ононы Дэлүүн болдог…” гэсэн. Ц.Дамдинсүрэн гуай бол “Монголын нууц товчоо”-ны олон эхийг харьцуулсан хүн. Мөн тэрбээр 1940-өөд оны үед малчдыг сурвалжлах нэрийдлээр Хэнтийгээр маш их явсан. Энэ нь орчуулгадаа алдаа бага гаргахын тулд “Монголын нууц товчоо”-ны газар усыг мэдэж авах, тодруулах зорилготой байв. Дадалын Дэлүүн болдог бол Чингисийн төрсөн газар биш гэдгийг хамгийн анх Ц.Дамдинсүрэн гуай хэлсэн гэж болно. “Монголын нууц товчоо”-г орчуулахдаа “Тэргүүн Ононы Дэлүүн болдог” гэсэн нь Дадалд Дэлүүн болдог байх ёсгүй гэдгийг хэлээд байгаа хэрэг. Ер нь Монголд Чингис судлалыг үндэслэгч нь Ц.Дамдинсүрэн гуай шүү дээ. Энэ их хүн Дадалын Дэлүүн болдог эргэлзээтэй гэдгийг анх хэлжээ.
-Тэгэхээр Чингисийн төрсөн газар мөн гэж саяхан шав тавьж хөшөө босгосон Биндэрийн Ламын ухааг Тэргүүн Ононы Дэлүүн болдог гэж үзэх хэр үндэслэлтэй вэ?
-Монголчууд Онон, Хурхын бэлчирээс дээш хэсгийг Ононы дээд бие гэдэг. Харин Онон, Хурхын бэлчирээс доош Балж гол хүртэлхийг Ононы дунд бие, түүнээс цаашаа бол доод бие гэж ярьдаг. Биндэрийн Ламын ухаа буюу Хүрээ ухаа бол Ононы дээд биед байдаг. Хүрээ ухаа гэдэг нь хүрээ хийд гэсэн үг биш хүрээлж бууж болох бэлчээрийн даацтай газар гэсэн утгатай нэр. Сүүлд Хурхын хойд эрэгт Хүрээ ухаагийн энгэрт 1800-аад оны дунд үед хийд байгуулагдсан. Энэ үеэс л Хүрээ ухааг Ламын ухаа гэдэг болсон юм билээ. Үүнийг шарын шашин Монголд дэлгэрэх үед энэ шашнаар дамжуулан Чингисийн угсааны ноёд, тайж нарын эрх мэдлийг бууруулах, Чингис хааны түүх домогт газар усыг мартуулах гэсэн бодлого явуулж байсны нэг илрэл гэж болно. Биндэрийн Хүрээ ухаа бол Ононы Дэлүүн болдог гэдэгтэй би санал нийлж байгаа. Энэ тухай анх бичсэн хүний нэг нь би. Хүрээ ухаа бол жинхэнэ дэлүү хэлбэртэй.
Тэгээд ч Дадалын Гурван нуурын хойхно буй Дэлүүн болдог бол Балж голын нэг мөргөцөг юм. Түүнийг 1960-аад оны үе хүртэл Доод Яргайт гэж нэрлэж байсан. Мөн Жанцанхорол гэж нэрлэдэг байжээ. Үүнийг Дэлүүн болдог мөн гэж О.Жамьяан гуай хэлсэн гэдэг худлаа. О.Жамьяан гуай яг таг нотлоогүй, зүгээр Чингисийн төрсөн газар Дэлүүн болдогийн тухай ийм домог байдаг юм байна л гэдгийг гаргаж тавьсан. Би гадаадын нэртэй монголч эрдэмтэдтэй хамт Дадалд очиж байлаа. Австралийн Рахвилц, АНУ-ын Жек Ветерфорд, Том Шенгли нар бүгд Гурван нуурт очоод “Монголын нууц товчоо”-нд гардаг Ононы Дэлүүн болдогтой тохирохгүй байна гэж шууд хэлж байсан. Хятадын Минсүүлин ч мөн л Ононы Дэлүүн болдогтой нийлэхгүй байна гэсэн.
-Мэдээж үүнийг Хэнтийн Дадалынхан хүлээн зөвшөөрөхгүй дээ?
-Монголын түүх, Чингисийн түүхийн асуудалд нутгархаж, бүлгэрхэж огт болохгүй. Аливаад “Монголын нууц товчоо”-гоо л гол тулгуураа болгох хэрэгтэй. Мөн Хятадын “Юань ши” сударт хэт хөтлөгдөж болохгүй. 1370 оноос хойш Юань улс задарч, хятадуудын дунд монголчуудыг үзэн ядах үзэл нэн хурцадсан Мин улсын үед энэ бүтээл бичигдсэн. Ийм номыг манайхан архивын гол материал болгож байгаа нь буруу.
Хятадын Мин улсын түүхчид өөрсдийг нь дарлаж байсан монголчуудын түүхийг хэзээ ч зөв бичихгүй шүү дээ. МУИС-ийн багш С.Отгонжаргал энэ талаар хэд хэдэн удаа бичсэн. Ер нь Хятадын түүхчид үндэстнийг мөхөөхийн тулд түүх рүү нь довтлох ёстой гэж үздэг. “Юань ши” зохиол ч энэ үзлээс ангид бичигдээгүй. Магадгүй бүр энэ үзлийг гол болгож бичсэн тийм зохиолыг юм бүхэнд эш татах нь маш учир дутагдалтай. Энэ зохиолыг үндэслээд хятадууд XVI-XVII зууны үед Чингис хааны түүхийг их гуйвуулж эхэлсэн. Тэгэхээр “Юань ши”-гээс болгоомжлох хэрэгтэй. Харин “Юань ши”-г бодвол “Судрын чуулган” гажуудал багатай. Учир нь “Судрын чуулган”-ыг Ил хаадын улсын ерөнхий сайд хүн Монголын бичгийн хүмүүстэй хамтарч бичсэн. Тэгээд ч “Юань ши”-гээс 100-аад жилийн өмнө зохиогдсон байдаг юм.
-Бид Чингис хааныхаа төрсөн газар төдийгүй төрсөн оныг ч бас л түр тогтоод байна. Хэзээ бүр тогтоох юм бол оо?
-Хятадын түүх бичлэгт бас нэг уламжлал байдаг. Тэр нь гадаадын улс орнуудын хаадыг их эрт нас барснаар бичдэг явдал. Энэ бол бидний санаж явах зүйл. Хятадууд ер нь хаад ноёд 73 хүрэлгүй нас барахыг сайн зүйл гэж үздэггүй. Гэтэл Персийн түүхчид Чингисийг 73 настайдаа нас барсан гэж бичдэг. Харин хятадууд 65-тайдаа нас барсан гээд байдаг. Тэр үзлийнхээ үүднээс Тэмүүжинг 1162 онд мэндэлсэн гэдгийг гаргаж ирсэн. Үүнийг сайн судлах ётой юм. “Монголын нууц товчоо”-нд Чингис хааны төрсөн газрыг чухам тэнд хэмээн тодорхой зааж, мөн тайчуудаас оргосон, Жамухаас салж нүүсэн зэрэг үйл явдлын өдөр, сарыг бичсэн атлаа Чингис хааны төрсөн жил, сар, өдрийг ерөөсөө бичээгүй. Чингис хаан морин жил төрсөн гэдэг үг “Монголын нууц товчоо”-нд огт байхгүй. Хүний төрсөн жил, сарыг нуудаг нь бөөгийн шашинтай холбоотой. Хараал зүхэл хийхэд мэнгэ, суудал, жил хэрэгтэй байдаг. Чингис хаан бөөгийн шашинтан байсан учир үүнийг сайн мэдэж, төрсөн жил, сар, өдрөө нууцалдаг уламжлалыг баримталж байсан байх. “Монголын нууц товчоо”-нд Чингис хаан төдийгүй бусад хүмүүсийн төрсөн жил, сар, өдрийн тухай ерөөсөө бичээгүй байгаа. Энэ бол төрсөн жил, сар, өдрөө монголчууд маш нууцалдаг байсны гэрч. “Монголын нууц товчоо”-нд хүний настай холбоотой зүйл гэвэл Тэмүүжинийг есөн настай байхад дүү нар нь хэдэн настай байсан тухай л дурдсан бий. Тэгэхээр Чингис хааны төрсөн оныг олж тогтоохоос эхлээд Хятадын түүхийн материалуудын нөлөөнд автахгүй байх ёстой. Жинхэнэ чухал түүхэн сурвалжууд Перс, Турк, Иран мөн Оросын зарим архивуудад байгаа. Эндээс нийтэд түгээгүй материалуудыг олж үзэхийг хичээх хэрэгтэй. Одоо бол манайхан “Монголын нууц товчоо”-гоо ч сайн уншихгүй “Юань ши”-г хуулаад л байна. Уг нь “Монголын нууц товчоо”-гоо уншвал асар их юм гарна даа.
-“Монголын нууц товчоо”-нд дурдагдаж байгаа газар усны хэчнээнийг нь өнөөдөр олж тогтоосон бэ?
-“Монголын нууц товчоо”-нд бол 230 орчим газар усны нэр дурдагддаг. Үүний 130-аад нь Монгол нутагт байгаа. Гадаадын улс оронд байгаа газар усыг эрдэмтэд олоод тогтоочихсон. Ихэнх нь нэрээрээ байгаа. Харин Монгол нутаг дахь “Монголын нууц товчоо”-нд дурдагддаг газар усны нэр шашны бодлогоор нэлээд өөрчлөгдсөн. Шарын шашин бол Чингисийн угсаа, алтан ургийнхны хүч нөлөөг бууруулж улс төр, эдийн засгийн эрхшээлийг нь алдагдуулах зорилготой байсан. Тиймээс Чингистэй холбоотой тахилгат уул усны нэрийг бүгдийг сольсон. Энэ нь түүхэн газар усыг судлахад их бэрхшээлтэй болгосон л доо.
Гэхдээ “Монголын нууц товчоо”-нд гардаг газар усны 80-аад хувийг нь түүхэн үйл явдлаар нь хөөгөөд олчихсон. 1970-аад оноос л энэ ажил эхэлсэн. Ингэхдээ бүр бодит байдлаар туршиж үзэж байж олж тогтоосон юм шүү.
-Бодит байдлаар яаж туршсан хэрэг вэ?
-Морин тэргээр нүүж газар нутгийн баримжааг тогтоож байсан. Айл харганыг гэхэд л тэгж байж олж тогтоосон. Тэмүжин Айл харганаас найман шаргаа алдаад наран ургах зүг гурван өдөр яваад Наху баяны хүү Боорчитой уулзсан тэр газрыг олохоор мориор явж үзээд Хэнтий аймгийн Батноров сумын нутаг Хөхүүрийн талыг гэж тогтсон.
-Чингисийн тухай ярих хориотой байсан 1970-аад оны үед “Монголын нууц товчоо”-ны газар усыг олж тогтоосон нь сонирхолтой санагдлаа?
-Ж.Самбуу гуай үндэсний үзлийг маш их дэмждэг байсан. Тэрбээр “Монголын нууц товчоо”-г судлахаар их олон газар усны нэр гарах юм. Хааны нүүж байсан газар их бэлчээрийн даацтай, нөмөр нөөлөгтэй байсан байх. Түүнийг олж тогтоон хэдэн бор малчид, нэгдэлчдээ нутаглуулъя гэсэн. Ингэж далд ухаанаар Чингис хаантай холбоотой газар усыг тодруулах ажлыг эхлүүлсэн түүхтэй. Түүнээс биш Чингисийг судал, Чингис хаантай холбоотой газар усыг олж тодруул гэж шууд үүрэг өгөх аргагүй байсан үе шүү дээ. Ж.Самбуу гуай сүүлд нь бидний араас ажлын далимаар яваад олж тогтоосон газруудыг үздэг байсан. Тэгээд Хэрлэний Бүрги эрэгт гэхэд л сүү хөргөх станц, Хар зүрхний Хөх нуурт амралт байгуулах зэргээр тэр түүхэн газруудыг мартуулахгүй тулд ямар нэгэн арга хэмжээ авч байлаа. Гурван нуурын амралтыг өргөжүүлсэн нь ч ийм учиртай.
-Бурхан Халдун уул хэд хэд бий болчихоод байгаа. Эдгээрийн аль нь зөв юм бол оо?
-Ер нь одоо болтол маргаантай газар нэлээд бий. Х.Пэрлээ гуай Хэнтийн нурууг бүхэлд нь Бурхан Халдун гэж болно гэсэн. Үүнийг ч бид зөвшөөрч байгаа. Гэтэл сүүлийн үед буриадын Бурхан Халдун, хэрээдийн Бурхан Халдун гэх мэтээр ярьж бичих болж. “Монголын нууц товчоо”-нд өгүүлснээр Бурхан Халдунд урианхан, тайчууд гээд л хэд хэдэн овог, аймгууд ан гөрөө хийн тойрон нутаглаж байсан тухай гардаг. Тэгэхээр жирийн нэг уул бол тийм байхгүй.
-Өөр ямар газар усны талаар эргэлзээ, маргаантай байна вэ?
-Хүйтэний тулалдаан болсон газрыг Өвөрмонголын нутаг Хянганы нуруунд байгаа Хүйтэн голыг гэдэг. “Монголын нууц товчоо”-г уншаад үзэхээр Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адарга сумдын заагт байгаа Хүйтэний гол бол тэрхүү алдарт тулалдаан болсон газар яг мөн болох нь тодорхой байдаг. Монгол нутагт Хүйтэн гэдэг нэртэй газар бол олон л доо. Манайхан Чингис хаантай холбоотой газрыг олж тогтоохдоо нэг зүйл дээр алддаг. Хааны олон айл, малтай хүрээг огт тооцдоггүй. Их хааны хүрээг жирийн нэг хоёр айлтай адил бодож алддаг шиг санагддаг. Гэтэл Чингис хааны орд буух газар бэлчээрийн асар их нөөц, даацтай, өвөлд нөмөр нөөлөгтэй байх учиртай. Чингис хаан адуу, үхэр олонтой мөн тэмээ ч ихтэй байсныг “Монголын нууц товчоо”-ноос мэдэж болно. Газар усыг тогтоохдоо үүнийг алдаж тооцож болохгүй. Зүгээр нэг үзэсгэлэнтэй толгой, тунгалаг устай голыг түүхэн газар ус гээд тогтоогоод байх нь утгагүй. Түүхэн үйл явдлын царааг сайн бодох хэрэгтэй.
-Арван жилийн өмнө Бодончарын гэрийн буурийг олж тогтоосныг санаж байна. Энэ мэтээр хөдөлбөргүй тогтоогдсон газар олон бий юу?
-Бодончарын гэрийн буурыг нэлээд барьцтай зөв тогтоосон. Бүр 1970-аад онд Бодончарын нутаглаж байсан Балжийн арлыг хайх судалгаа явуулж байлаа. Балж голын хойд тал Баянцагааны хойд энгэрийг Балжийн арал гэж тогтоосон. Энэ газар “Монголын нууц товчоо”-нд өгүүлж байгаа зүйлүүдтэй яв цав нийцдэг. Балжийн арал бол өвсөн эмбүүл барьж болох газар байх учиртай. Мөн хар хур шувууг бор харцага барьж байгаа тухай өгүүлснээс үзэхэд ойн зах газар байх ёстой. Хавар эрт нугас галуу ирдэг тухай “Монголын нууц товчоо”-нд өгүүлсэн бий. Энэ бүхэн бидний олж тогтоосон газарт яг таарч байгаа. Тэнхлэг горхи нь ч Тэнхэлэг гол нэртэй хэвээр байж байна. Энэ бүхнийг үндэслэн 1996 онд “Сувдан сондор” аяллын үеэр Бодончарын амьдарч байсан Балжийн аралд дурсгалын багана босгосон. Энэ газрыг олж тогтоосон нь их ач холбогдолтой. Бодончар бол “Монголын нууц товчоо”-нд “Богд” гэж цоллогдсон цорын ганц хүн. Бодончар Монгол төрийн гол сургаалыг хэлсэн. Түүнийг нь Чингис хаан болон Алтан ургийнхан баримталж байжээ. Бодончарын эхний сургаал “Бие тэргүүтэй, дээл захтай нь сайн” гэдэг үг. Энэ дашрамд хэлэхэд сүүлийн үед дээлийг ташуу захтай зурж байгаа. Монголчууд эрт цагт ийм дээлийг зөвхөн ёслолын үед л өмсч байв. Нийтлэг хэрэглээнд ялангуяа дайн байлдааны цагт босоо захтай дээл л өмсөхөөс өөр аргагүй.
“Их бага, муу сайн, адаг түрүүгүй эн чацуу хялбар иргэнийг эзлэхэд амархан” гэж Бодончар хэлсэн тухай “Монголын нууц товчоо”-нд бий. Үүнийг монголчууд ямагт баримталж ирсэн. Энэ мэтээр Монгол төрийн үзэл баримтлал Бодончараас эхтэй. Гэтэл зарим хүмүүс Монгол төрийн үзэл баримтлал Чингисээс эхэлсэн гэж үздэг.
-Богд гэснээс бид Эзэн Богд Чингис гэж их бичдэг. Харин саяхнаас “Богд” гэсэн үгийг хэрэглэхгүй байхаар болсон. Энэ нь зөв үү?
-Нэрийн тухай ярихад Бодончарын нэрийн Бодон гэдэг нь эзэн гэсэн үг. Эзэн улаан Бодон гэж тууль ч бий. Бодон бол гахайн сүргийн тэргүүн. Гахай маш цэвэр идэштэй, хэнд ч дайсагнадаггүй, хамгийн эмх цэгцтэй амьтан. Тэгэхээр Бодон гэдэг их учиртай. Тиймээс Бодончар богд гэж өргөмжилж ирсэн байх. Чингис богд гэдгийг болиулж байгаа явдал бол маш буруу. Энэ нь нэг ёсондоо “Монголын нууц товчоо”-г уншаагүйнх. Чингис богд гэж уул хүртэл бий шүү дээ. Богд гэдэг үгнээс айх хэрэггүй.
“Монголын нууц товчоо”-ны 121 дүгээр зүйлд “Бодончар богдын барьсан эмээс төрсөн…” гэж өгүүлдэг. Мөн Өэлүн эхийг хутагт, хувилгаан гэж хэлсэн бий. Энэ богд, бурхан, хутагт, хувилгаан гэдэг үгс монгол хэлэнд эртнээс байсан. Түүнийг нь шашин авч хэрэглэсэн юм. Монголчуудын хамгийн эрхэм нандин, ариун дээд үгсийг нь авч хэрэглэх нь шашныханд ашигтай байв. Ер нь “Монголын нууц товчоо”-г сайн уншаагүйгээс зарим үг хэллэгийг буруу хэрэглэх явдал гарч байна. “Монголын нууц товчоо”-ны 217,218 дугаар зүйлүүдэд Чингис хаан “Хуйлдар анд хамгийн түрүүнд ам нээж миний өмнөөс тулаанд ороод амь эрсэдсэн учир ургийн урагт өнчдийн авилга авч бай” хэмээн зарлигдсан тухай өгүүлдэг. Төрийн төлөө амиа өгсөн хүмүүсийг ургийн урагт ингэж тэтгэж байв. “Монголын нууц товчоо”-ны 218 дугаар зүйлд Чингис хаан Нарийн Тоорилд, чиний эцэг Цагаан гуа миний өмнө хичээн Даланбалжуудад чин зоригийг барьж байлдаж яваад амь эрсэдсэн. Чи Нэгүс ах нараа цуглуулан нэг мянган болгон захирч бай. Ургийн ураг хүртэл өнчдийн авилга автугай хэмээн зарлиг болов гэжээ. Тэгэхээр авилга гэдэг өнөөгийн бидний яриад байгаа хээль хахууль биш ургийн урагт өгдөг хамгийн хүндэтгэлтэй соёрхол байв. Авилга гэдэг үгийг хээл хахуультай хольж хутгаж болохгүй.
-Чингис хааны Жамухатай байлдсан Даланбалжууд одоо хаана байна вэ?
-Далан гэдэг нь эртний монгол хэлэнд олон гэсэн утгыг заадаг. Балж гэдэг бол балчиг намагтай гэсэн үг. Даланбалжууд бол өдгөөгийн Балж гол мөн. Балжид олон гол цутгадгаас Даланбалжууд гэх болсон бизээ. Далан Нөмрөг гэх мэт далан гэсэн үг орсон нэртэй газар “Монголын нууц товчоо”-нд дурдагддаг.
-Тэгвэл Чингис хаан Жамухад хүч түрэгдэн шургасан Зээрэн хавчил Дадал сумын нутагт байгаа Ононы Дэгэн Жигэн хавцал мөн үү?
-Биш байх аа. Тэмүжин олон цэрэгтэйгээ нуугдан шургахад Жамуха араас нь оролгүй буцдагийг бодоход Зээрэн хавчил нэлээд уужим, модтой байх ёстой. Дэгэн Жигэнийг би очиж үзсэн. Хэрвээ тийшээ Тэмүжин нуугдан шургасан бол Жамухад амархан баригдахаар юм билээ.
-Ижил нэртэй газрууд олшроод аль нь жинхэнэ түүхэн газар ус болох нь тодорхойгүй болж байх шиг?
-Манайхан түүхэн газар усыг тогтоохдоо ойролцоо дуудлагатай л бол мөн гэж үзэх хандлага ажиглагдаж байна. Нөгөө талаар Монгол нутагт ижил нэртэй газар маш олон. Отгонтэнгэрт л гэхэд Ононгийн рашаан гэж бий. Энэ мэт жишээ олныг дурдаж болох юм. Сүүлийн үед бас газар усны нэр, домгийг хуурамчаар зохиох болсон. Чингисийн холбогдолтой газар усны нэрийг ч ингэж будилуулдаг. 1980-аад оны үед Чингисийн тухай мэддэг хүн цөөхөн байв. Гэтэл одоо домог түүхийг нь мэддэг хүн маш олон болчихсон. Тэгээд л сонин хэвлэлд буруу зөрүү зураг нийтлүүлдэг. Хэрлэний Бүрги эрэг гээд шугуйн зураг тавьчихсан байх жишээтэй. “Монголын нууц товчоо”-гоо уншаад үзэхэд Бүрги эрэгт хонь хяргаж байгаа тухай өгүүлсэн бий. Тэгвэл шугуйд хонь хяргах монгол хүн гэж байхгүй шүү дээ. Тэрчлэн “Монголын нууц товчоо”-г үгүйсгэсэн домгууд ч гарч байна. Тэв Тэнгэрийг төрийн бөө байсан гэж эрдэмтэд бичээд байгаа. “Монголын нууц товчоо”-нд ийм зүйл гардаггүй. Харин Үсүн өвгөнийг цагаан дээл өмсгөж цагаан морь унуулан залсан гэж өгүүлсэн байдаг. Чингис гэдэг нэрийг Тэв Тэнгэр өгсөн гэх домог яриагдах болж. Гэтэл Хар зүрхний Хөх нуурт Тэмүжинийг хаан ширээнд өргөмжилж Чингис хэмээн нэрийдэх үед Тэв Тэнгэр эцэгтэйгээ хамт Жамухыг дагаж явсан.
Тайз дэлгэцийн бүтээлд хэвтүүл гээд босоо зогссон цэргүүдийг гаргаад байх юм. Энэ нь “Монголын нууц товчоо”-той нийцэхгүй. “Хэвтүүл шөнө орд орчим хэвтэнэ. Үүд дарсан хэвтүүл орж ирсэн хүний толгойг дэлд, мөрийг мөлт цохь” гэж Чингис хаан айлдсан.
Хэвтэж байгаа хүн шөнө бараа хамгийн сайн хардаг төдийгүй маш сайн чимээ сонсдог. Газар хэвтэхээр жиндэх тул унтаж үүрэглэхгүй. Хоромсого сумны хорт хийх чимээнээр босдог гэж хэвтүүлийг хэлсэн нь ийм учиртай. Хэвтүүл бол харуулын сонгодог хэлбэр байв. Гэтэл ийм нарийн зохион байгуулалттай хэвтүүлийг босоо болгож дүрслээд байж болохгүй биз дээ.
-Тун саяхан яруу найрагч, сэтгүүлч Ч.Ууганбаяр “Чингис хаан Ононы Дэлүүн болдог гэдэг газар төрөөгүй” гэсэн сонирхолтой ном гаргажээ. Энэ номын тухай өгүүлэл манай сонинд нийтлэгдсэн. Энэ номд бичсэнчлэн Чингис хааныг Хөвсгөлд төрсөн гэдэгт та ямар байр суурьтай байна вэ?
-Хөвсгөл гэдгийг гүн уст нуур гэх мэтээр тайлбарладаг. Гэхдээ энэ буруу байх. Хөвсгөл нуурын баруун талд Хөх өвсний уул гэж байгаа. Хөвсгөл гэдэг нэр энэ хөх өвс гэдэгтэй л холбоотой байх. Хөвсгөл нэртэй газар ер нь олон. Дорноговьд Хөвсгөл гэж гурван уул байдаг. Хөвсгөл аймгийн Тариалан, Булган аймгийн Хутаг, Баян-Агт сумдын заагт Хөвсгөлийн нуруу гэж бий. Дорнод, Хэнтий аймгийн заагт Хөвсгөл толгой гэж байна. Чингис хаан Хөвсгөлд төрсөн гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй.
-Добу мэргэн малиг баяуд хүнээс хүүг нь боолоо болгож авдаг үйл явдлаас үндэслээд Ч.Ууганбаяр арван баядын овгийн хүн 200 километр алс Хэнтий орж зарцлагдана гэж үгүй гэсэн сонирхолтой нотолгоо гаргасан байх юм?
-Баяуд гэдэг бол хаа сайгүй байсан овог. Баядуудын жинхэнэ нутаг нь Хэнтий шүү дээ. Малиг баяуд гэх мэт хоёр гурван овог баядууд байсан. Чингисийн үед ч баядын хүрээ байсан тухай “Монголын нууц товчоо”-нд дурдагддаг. Баядууд их эртний овог л доо.
-Чингис хааныг Хөвсгөлд төрсөн гэж нотлохдоо дээрх номыг зохиогч дархад ястныг дурдсан байна. Дархадуудыг Хэнтийгээс Хөвсгөл рүү нүүж суурьшсан гэх аргагүй. Тэд угаас Хөвсгөлдөө олон мянган жил идээшсэн улс гэх мэт санааг дэвшүүлжээ?
-Тийм юм байхгүй. Нутаг нутгаараа ингэж яриад байж болохгүй. Хөвсгөлийн дархадууд бол нэлээд хожуу Гэлэг ноёны үеийнх. Чингисийн дархад гэж байсан. Тэр үед овог, аймгийн ноёд, гавьяатай хүмүүсээ дархалж дархад болгодог байсан.
–Хантайширын нурууны ард байдаг Шарилын нурууг Ихсийн газар биш биз гэсэн таамаглал хэр үндэстэй вэ? Чингис хааныг Алтайн нуруунд онголов гэж зарим түүхэн сурвалжид байдаг шүү дээ?
-Хантайширын ард их том булш бий. Тэдгээр нь их эртний бунхнууд. Гэхдээ XIII зуунд шарилыг бунхалдаггүй байсан. Энэ бол Ихсийн газар биш.