Энэ сарын эхээр АИ-92 бензиний үнэ литр тутамд 260-300 төгрөгөөр, дизель түшний үнэ литр тутамд 100 төгрөгөөр нэмэгдсэн. Наадмын өдрүүдэд нийслэл хотоо эзгүйрүүлж орхиод хөдөө орон нутгийг зорьсон хүмүүс бензин шатахууны үнийн энэхүү өсөлтийг “арьсаараа” мэдэрсэн байх. Бензиний үнэ хөдлөхөд дагаад бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ “доргино”. Гэлээ гээд газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ нь импортоос 100 хувь хараат манай улсын хувьд дэлхийн зах зээлийн үнэ, ханшийг дагахаас өөр аргагүй.
Учир нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 2021 оны нэгдүгээр сараас эрс өссөн. Энэ өсөлт бүр өнгөрсөн 2020 оны зургадугаар сараас эхэлсэн юм.
“Goldman Sachs” энэ оны дунд үеэс газрын тосны үнэ 70 ам.долларт хүрнэ гэж таамагласан бол “JPMorgan” оны эцэст 100 ам.долларт хүрч өсөх төлөвтэй гэжээ. Гэвч манай улс долдугаар сар гартал бензин шатахууны үнээ нэмээгүй нь Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай холбоотой байв. Зах зээлийн нөхцөл байдлаас илүү улс төрийн оноо, олон нийтийн эерэг уур амьсгал эрх баригчдад чухал байсан тул үнэ нэмэлгүй нам барьжээ. Тухайлбал, гадаад зах зээл дэх өсөлтийг сөрж, 2020 оны тавдугаар сараас хойш АИ-92 төрлийн автобензиний жижиглэнгийн үнийг Улаанбаатар хотод 1450 төгрөгөөр, орон нутагт 1480-1670 төгрөгөөр тогтвортой барьсан. Энэ нь үерийн усыг алгаар хаах гэсэнтэй адил явцгүй шийдвэр байв. Тиймээс наадмын өмнө шатахууны үнийн урсгал хаалт хоригоо зад татан, сад тавьсан ажээ.
Гадаад зах зээлийн орчны төлөв байдлаас харахад шатахууны үнэ цаашид ч өснө. Шуудхан хэлэхэд бензиний үнэ нэг бус удаа шат дараатайгээр нэмэгдэнэ.
Манай хоёр хөршид шатахууны үнэ он гарсаар хэд хэдэн удаа нэмэгдчихээд байгаа. БНХАУ он гарсаар газрын тосны бүтээгдэхүүний үнээ 12 удаа нэмж, зургадугаар сарын 28-ны байдлаар авто бензиний литр тутмын үнэ 3,274 төгрөг, дизель түлшний литр тутмын үнэ 2,887 төгрөгтэй дүйж байгаа аж. Харин ОХУ-д АИ-92 авто бензиний литр тутмын үнэ 1,950 төгрөг, дизель түлшний литр тутмын үнэ 1,918 төгрөгтэй тэнцүү байна. Бараа бүтээгдэхүүний үнийг зохицуулж байдаг зах зээлийн үл үзэгдэгч гарыг улстөрчид халаасандаа шургуулснаас болж эдийн засгийн цусны эргэлт хаагджээ. Хэдийгээр “өвдөлт” мэдрэгдэх ч гэлээ эмчилгээ чухал. Тиймээс бензин шатахууны үнэ дахиад нэмэгдэхэд гайхах хэрэггүй юм.