Д.Билгүүн: Баялгаа өнөөдөр хуваагаад дуусгах биш, хамтдаа өсгөж байж улам их өгөөж хүртэнэ

Date:

Монголчууд баялгаа хуримтлуулдаг тогтолцоотой болоод хоёр жил болж байна. Өөрөөр хэлбэл улсын хамгийн том хадгаламжтай болох эрх зүйн үндэс суурь болсон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 онд УИХ-аар баталсан. Үр дүнд нь  уул уурхайн баялгаас бий болсон орлогыг иргэдийн ирээдүйн сайн сайхан, улсын урт хугацааны хөгжилд зориулан хуримтлуулах эрх зүйн орчин бүрдсэн. Энэ хуулийн хүрээнд Үндэсний баялгийн сан байгуулж, өнөөдрийн баялгийн өгөөжийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх “үндэсний хадгаламж”-ийн тогтолцоо бий болсон юм.Үндэсний баялгийн сангийн үзэл баримтлал, хуримтлалын ач холбогдолын талаар Ирээдүйн өв сангийн тухай хуулийг боловсруулахад оролцсон  Д.Билгүүнтэй ярилцлаа. 

Сайн байна уу, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн  үндсэн зорилго, ач холбогдолын талаар яриагаа эхлүүлье.  

    Миний хувьд Үндэсний баялгийн сангийн тухай хууль дээр бус, түүний суурь болсон Ирээдүйн өв сангийн тухай хуулийн боловсруулалтад оролцсон гэдгээ хэлэх нь зүйтэй болов уу. Энэхүү концепцийн үндсэн зорилго, үзэл баримтлалыг Ирээдүйн өв сангийн туршлагад үндэслэн тайлбарлая.Тус хуулийг боловсруулах гол суурь зарчим нь ‘Уул уурхайн шавхагдаж дуусах хязгаартай баялгийг урт хугацаанд тасралтгүй өгөөж өгөх хязгааргүй санхүүгийн хөрөнгө болгон хувиргах’ байсан. Үүний тулд бид олон улсын сайн ба муу туршлагуудыг нарийвчлан судалж, байгалийн баялгийн ашигтай үеийн орлогоосоо урт хугацааны хуримтлал үүсгэх олон улсын шилдэг загварыг сонгон авсан юм. 

  Гол зорилго, зарчмуудыг дурдвал ирээдүй ба одоо үеийн тэгш байдлыг хангах, баялгийн үр өгөөжийг өнөө үеийн иргэд төдийгүй хойч үеийнхэнд тэгш хүртээх юм. “Ирээдүйн өв сан” гэж нэрлэсэн учир нь энэ. Зарцуулалтыг урт хугацаанд хориглох тухайд сан өгөөжөөрөө ирээдүйн зарцуулалтаа өөрөө даах хэмжээнд хүртэл томрох шаардлагатай. Тиймээс тодорхой хугацаанд мөнгийг нь зарцуулахыг хориглосон. Мөн Монголын эдийн засаг түүхий эдийн мөчлөгөөс хэт хамааралтай. Сангийн хөрөнгийг олон улсын санхүүгийн хэрэгсэлд байршуулснаар тэр мөчлөгөөс хамгаалах юм.Улс төрийн нөлөөллийг хязгаарлахын тулд богино хугацааны улс төрийн шийдвэр, шахалтаас сэргийлэх засаглалын бүтэц үүсгэж, мэдээллийн ил тод байдлын өндөр стандартыг нэвтрүүлэх хэрэгтэй. Дотоодын чадавх хангалттай хөгжих хүртэл хөрөнгө оруулалтын менежментийг олон улсын туршлагатай хөрөнгө оруулалтын менежерүүдээр дамжуулан мэргэжлийн түвшинд удирдуулах шаардлага бий.  Бусад улсуудын гаргасан алдаа буюу ‘Баялгийн хараал’, Голланд өвчнөөс урьдчилан сэргийлж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь чухал.  

Иргэн бүрт өнөөдөр 100 доллар өгвөл тэр мөнгө хэрэглээнд зарцуулагдаад л сарниад алга болно. Харин 3.6 сая иргэний тэр 100 долларыг нэгтгэвэл 360 сая долларын томоохон хөрөнгө болж, олон улсын зах зээлд үе дамжин өгөөж өгөх эх үүсвэр болно.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар  иргэд баялгийн үр өгөөжийг ямар хэлбэрээр хүртэх боломжтой вэ?  

   Баялгийн үр өгөөжийг богино хугацааны бэлэн мөнгөний хуваарилалт гэхээсээ илүү ирээдүйн үнэ цэнэ бүхий боловсрол, эрүүл мэнд, орон сууц, нийгмийн хамгаалал гэсэн шууд бус бөгөөд урт хугацааны хэлбэрээр хүртэх нь хамгийн үр ашигтай.  

   Энд нэг энгийн зарчмыг онцолмоор байна. Иргэн бүрт өнөөдөр 100 доллар өгвөл тэр мөнгө хэрэглээнд зарцуулагдаад л сарниад алга болно. Харин 3.6 сая иргэний тэр 100 долларыг нэгтгэвэл 360 сая долларын томоохон хөрөнгө болж, олон улсын зах зээлд үе дамжин өгөөж өгөх эх үүсвэр болно. “Өнөөдрийн 100 доллар уу, эсвэл Ирээдүйн 100,000 доллар уу?” гэдэг сонголтын ялгаа үүнд л оршиж байгаа юм. Бид 2010–2012 онд Хүний хөгжил сангаас бэлэн мөнгө тарааж үзсэн. Үр дүнд нь инфляц өсөж, төсөвт ачаалал үүсээд, хуримтлал үлдээгүй. Норвегийн сан харин иргэддээ мөнгө тараадаггүй. Гэсэн ч өнөөдөр иргэн тус бүрт 300 мянга гаруй ам.доллар ног дох хэмжээнд хүрсэн. Тиймээс баялгийн үр өгөөжийг хамгийн их хүртэх арга бол түүнийг одоо хувааж авах биш, хамтдаа өсгөх явдал гэж би үздэг. 

Баялгийн сангийн хөрөнгийг иргэдэд шууд хуваарилах нь улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ? 

    Сангийн хөрөнгийг иргэдэд шууд хуваарилбал богино хугацаанд хэрэглээ өсөж, эдийн засаг идэвхжсэн мэт харагдана. Гэвч энэ нь улсын үндэсний баялгийг хуримтлуулахын оронд хэрэглээ болгон хувиргаж байгаа хэрэг. Монголын эдийн засгийн бүтцийн онцлогоос шалтгаалан урт хугацаандаа үр дагавар нь сөрөг байна.Импорт, ханшийн дарамт. Хэрэглээний бүтээгдэхүүний ихэнх нь импортынх. Тиймээс тараасан мөнгө эцэстээ гадагшаа урсаж, гадаад худалдааны тэнцэл болон төгрөгийн ханшид дарамт үүсгэнэ. Баялгийн орлого дотоодод үлдэхгүй, бусад орны үйлдвэрлэлийг дэмжинэ. Мөчлөгийн эсрэг хамгаалалт алдагдана. Түүхий эдийн үнэ унах үед эдийн засгийг тогтворжуулах нөөц үлдэхгүй. Хямралын үед дахин гадаад зээлд найдахаас өөр аргагүй болно.Нийлмэл өгөөж алдагдана. Өнөөдөр тараасан төгрөг бүр ирээдүйд өсөх боломжоо алдана. Үүний гарз нь хойч үеийнхэнд ногдоно. Товчхондоо, хөрөнгийг шууд хуваарилах нь маргаашийн тогтвортой байдлыг золиослон өнөөдрийн хэрэглээг санхүүжүүлэхтэй адил. 

Ногдол ашиг тараасны дараа инфляц, хэрэглээ, хөрөнгө оруулалтад ямар өөрчлөлт гарах вэ? 

   Ногдол ашиг бэлэн мөнгөөр олговол нөлөө нь гинжин хэлхээ маягаар явагдана. Эхлээд хэрэглээ огцом өснө. Дотоодын үйлдвэрлэл түүнийг гүйцэхгүй тул удалгүй үнэ өсөж, инфляц хөөрөгдөнө. Инфляцыг барихын тулд бодлогын хүү, зээлийн хүү өсөж, бизнесийн санхүүжилтийн зардал нэмэгдэнэ. Эцэст нь эдийн засаг удааширч, анх өссөн хэрэглээ ч, хөрөнгө оруулалт ч буурна. Өөрөөр хэлбэл, богино хугацааны идэвхжил урт хугацааны уналтаар төгсөнө. 

   Бид үүнийг 2010–2012 онд өөрсдийн туршлагаар харсан. Хүний хөгжил сангаас бүх иргэнд бэлэн мөнгө тараасан. Хуваарилалтын хэмжээг уул уурхайн бодит орлогоор бус сонгуулийн амлалтаар тогтоосон. Зарим үед тараасан мөнгө ашигт малтмалын орлогоос давж, зөрүүг нь зээлээр нөхсөн. Үр дүнд нь 2011–2012 онд инфляц хоёр оронтой тоонд хүрч, Монголбанк бодлогын хүүгээ өсгөхөд хүрсэн. Төсвийн өр нэмэгдэж, хуримтлал үлдээгүй. Энэ нь 2016 оны төсвийн хямрал, ОУВС-ийн хөтөлбөрт хүргэсэн хүчин зүйлсийн нэг болсон.  Ирээдүйн өв сангийн хуулийг боловсруулахдаа сангийн хөрөнгийг бэлэн мөнгөний хуваарилалтад зарцуулахгүй байх зарчмыг тусгасан шалтгаан нь ч энэ юм. 

Ирээдүй үеийн эрх ашгийг хамгаалахын тулд баялгийн сангийн хөрөнгийг хэрхэн удирдах ёстой вэ? 

    Ирээдүй үеийн эрх ашгийг хамгаалах нь сайн санаанаас биш, хатуу дүрэм, бие даасан засаглалаас хамаарна. Үүнийг дөрвөн асуултаар тайлбарлая. Мөнгө хэрхэн орох вэ? Баялгийн орлогоос сан руу шилжүүлэх хувь хэмжээ хуулиар тогтсон байх ёстой. Жил бүрийн төсвийн хэлэлцүүлгээр түүнийг өөрчлөх, бууруулах боломжгүй байх нь чухал. Мөнгө хэрхэн гарах вэ? Сангийн үндсэн хөрөнгөд гар хүрэхгүй. Зөвхөн хөрөнгө оруулалтын ашгаас, тухайн жилийн ашгаас бага дүнгээр зарцуулна. Жимсний модны жимсийг нь идэж, модыг нь огтолдоггүйтэй адил. Жимснийхээ заримыг нь бас нэмж мод тарихад зориулж авч үлдэнэ. Жишээлбэл, Норвегийн сан 1998 оноос хойш инфляцыг хассаны дараа жилд дунджаар 4 гаруй хувийн өгөөж өгсөн. Гэвч төсөвт жилд сангийн хэмжээний 3 хувиас илүүг зарцуулахгүй байх дүрэмтэй. Өөрөөр хэлбэл, жил бүр зарцуулснаасаа илүү ашиг олж, хэмжээ нь тасралтгүй өсдөг. Харин сан өгөөжөөрөө зарцуулалтаа даах хэмжээнд хүрэх хүртэл зарцуулалтыг бүрэн хориглох ёстой. Жимсний модоо жимс өгдөг болтол нь ургуулахтай адил. Хэрхэн хөрөнгө оруулах вэ? Олон улсын санхүүгийн зах зээлд, олон төрлийн хөрөнгөд тархаан, урт хугацааны хандлагаар байршуулна. Ирээдүйн өв сангийн хөрөнгийг дотоодын төсөл, төрийн өмчит компанийг санхүүжүүлэхэд ашиглах ёсгүй. Ийм зорилгод зориулсан тусдаа Хөгжлийн сан байгаа. Сангуудын үүргийг холих нь хамгийн том эрсдэл. Хэн шийдэх, хэн хянах вэ? Дүрмийг УИХ тогтооно. Хөрөнгийн менежментийг улс төрөөс хараат бус, мэргэжлийн байгууллага хариуцна. Хараат бус аудит, тогтмол ил тод тайлагналаар олон нийт хянана. Энэ зарчим олон улсын Сантьягогийн зарчимд тусгагдсан байдаг. 

Миний бодлоор сангийн хамгийн том эрсдэл нь зах зээл биш, улс төр. Тиймээс зөв удирдлага гэдэг нь ирээдүй үеийн мөнгийг өнөө үеийн шийдвэр гаргагчдаас хамгаалах тогтолцоо юм. 

Баялгийн сангаас иргэдэд ногдол ашиг олгох болон үндэсний хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулахын аль нь илүү үр өгөөжтэй гэж та бодож байна вэ? 

    Энэ хоёрыг сөргүүлэх нь буруу гэж би боддог. Хоёулаа хэрэгтэй. Гол нь аль нь ямар эх үүсвэрээс, ямар дүрмээр санхүүжих вэ гэдэг нь чухал юм. Ногдол ашиг нь иргэнд шууд хүрдэг, ил тод бөгөөд хуулиар тогтоосон дүрмээр олгогдвол улс төрийн нөлөөнд харьцангуй бага өртдөг. Гэхдээ хэмжээ нь бага, эдийн засгийн бүтцийг өөрчлөх урт хугацааны нөлөөгүй. Аляскийн иргэд жил бүр сангаасаа ногдол ашиг авдаг ч Аляскийн эдийн засаг сүртэй хөгжсөн юм байхгүй. 

   Хөгжлийн төсөл зөв сонгогдвол илүү өндөр үр өгөөжтэй. Дэд бүтэц, эрчим хүч, боловсрол зэрэг салбарт оруулсан хөрөнгө оруулалт эдийн засгийн бүтээмжийг өсгөж, ажлын байр бий болгоно. Гэвч эрсдэл хамгийн өндөр. Бид Хөгжлийн банкны туршлагаас харсан. Улс төрийн шийдвэрээр сонгосон төслүүдэд олгосон зээлийн ихэнх нь эргэн төлөгдөөгүй. Тиймээс миний байр суурь бол ирээдүйн өв сан хөндөгдөхгүй байж, зөвхөн олон улсын санхүүгийн хөрөнгөд байршина. Ногдол ашиг зөвхөн хөрөнгө оруулалтын ашгаас, хуулиар тогтоосон дүрмийн дагуу олгогдоно.Хөгжлийн сан зөвхөн арилжааны үндэслэлтэй, хараат бус үнэлгээ хийгдсэн, хувийн хэвшилтэй хамтарсан төслийг санхүүжүүлнэ. 

   Товчхондоо, хөгжлийн хөрөнгө оруулалт илүү үр өгөөжтэй байж чадна. Гэхдээ засаглал сул бол ногдол ашиг илүү аюулгүй сонголт. Учир нь ядаж мөнгө нь иргэнд хүрдэг. 

Ярилцсанд баярлалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа

Улаанбаатар, Хөх хот ах дүү хотын найрамдалт харилцаа тогтоосны...

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн төсвийг хамгаалахын төлөө, хүнээ бодсон төсөв батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

“Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан...