Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам хэдхэн хоногийн дараа ашиглалтад орох гэж байгаа ажээ. Яг хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа уг төмөр замын бүтээн байгуулалттай танилцаж байсан юм. Тухайн үед 10 гаруй жил гацсан Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замыг гацаанаас гаргаж бүтээн байгуулалтыг нь эхлүүлээд байсан юм. Тэгвэл өнөөдөр гашуун түүхтэй Гашуунсухайтын төмөр зам гацаанаас гарч, гацаанаас гараад зогсохгүй ашиглалтад орж байна.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн зорилтын хүрээнд Монгол Улсын Гашуунсухайт боомт, БНХАУ-ын Ганцмод боомттой холбогдож экспортын ачаа шилжүүлэн ачих байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн хавар эхлүүлсэн. Мөн энэ оны хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын цэгийг эцэслэн тохирсон. Ингэснээр 14 жил гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн, нарийн царигийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн юм. Нөгөө талаар энэ бол Замын-Үүд-Эрээний боомтын холболтын цэгийг эсэслэснээс хойш 70 гаруй жилийн дараа хоёр дахь боомтын холболтын цэгийг эцэслэсэн гэдгээрээ онцлог байлаа. Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомтоор гаргадаг.
Хэрэв Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам улс төржин гацалгүй бүтээн байгуулалт нь өрнөж 2013 онд дууссан бол 375 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортолж, хамгийн багадаа 80 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олох байсныг холбогдох мэргэжлийн байгууллагууд тооцоолон гаргасан. Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж, томоохон төслүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэх бодит боломж үүссэн юм. Алдагдсан боломжийг нь тооцвол манай улсын гадаад өртэй тэнцэх хэмжээтэй. Гэхдээ ирэх он жилүүдэд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаас улс орны эдийн засагт оруулах үр ашиг, өгөөж түүнээс ч илүү байх бизээ.