Энэ жилийн баяр наадмаар монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд идэр залуу арслан, гарьд, харцага, начингууд тодорлоо. Тэдний нэг бол Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх Монгол Улсын харцага Мөнхжаргалын Бэлгүтэй. Тэрбээр тавын даваанд улсын заан Д.Анарыг давж начны болзол хангаад, зургаагийн даваанд энэ жилийн баяр наадмын түрүү бөхийн тааварт багтаад байсан улсын арслан Б.Орхонбаярыг өвдөг шороодуулж, олныг шуугиулсан юм. Улсын үлэмж бадрах, улам нэмэх арслан Баярсайханы Орхонбаяр бол 2022 онд Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн баяр наадамд ес даван үзүүрлэж арслан цол хүртсэн, өнгөрсөн жилийн наадамд мөн үзүүрлэсэн, энэ цагийн идэр залуу хүчтэнүүдийн нэг.
1.
Жил жилийн наадмын түрүү, үзүүр бөхийн тааварт яригдаж буй идэр арсланг давж начин цолыг алгасан харцага цолонд хүрснээрээ Мөнхжаргалын Бэлгүтэй энэ жилийн наадмын нэгэн дуулианыг тарив. Гэхдээ Бэлгүтэйн хувьд баярлах, хөөрөхөөс илүү асар том ачаа нуруун дээр нь ирж байгааг мэдэрч байгаа байх. Бөх бол хүч биш ухаан гэдгийг хэлэх юун. Цаашид харцага цолондоо бүрэн дүүрэн эзэн байх, улмаар цолоо ахиулах том давааны бэлд тэр ирлээ. Энэ даваа руу ганцаараа л мацна. Ганцаараа л зүтгэнэ. Бүх зүйл гагцхүү өөрөөс нь шалтгаална. Магтаал, ерөөл, шагнал урамшуулал, үнсэлт, тэврэлт, газар гишгүүлэхгүй шахам тойрон хүрээлж байгаа олон найз нөхөд бүгд бэлдээ л үлдэнэ. Ухаан, авьяас, эрч хүч, зориг, тэсвэр тэвчээр, хөдөлмөр зүтгэлээ үүрээд оргилд гарахад чинь тэд чамайг дахин угтана. Дахин тэвэрнэ. Харин алдаж эндэхэд дэргэд чинь тийм ч олон хүн байхгүй. Ганцаараа л үлдэнэ. Үүнийг бодож дүү минь уйгагүй, цуцалтгүй хөдөлмөрлөөрэй. Олон наадмын дэвжээ чамайг хүлээж байна. Дэвжээ бүхэн Улзын торгон ногоон зүлэг шиг зөөлөн байхгүй ч Дорнын тал шигээ уужим сэтгэлт түмэн, Улз нутгийн зон олон чинь чамайг түшнэ. Тиймээс хичээгээрэй.
2.
М.Бэлгүтэй зургаа даваад төрийн есөн хөлт их цагаан тугаа тойрч байхдаа өвөөгөө л бодсон хэмээн сурвалжлагчдад ярьжээ. Бэлгүтэй бол удамт бөх. Түүний өвөө сумын заан цолтой бөх хүн. Хилчин аав, багш ээжийн хүү, айлын гурван хүүгийн дундах нь. 1993 оны тавдугаар сарын 05-нд төрсөн, энэ жил 33 настай. Түүнийг бөхийн спортод хөл тавиулж, үндэсний бөхөд дурлуулсан хүн бол Дорнод аймгийн Баян-Уул сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн биеийн тамирын багш Энхтуяагийн Батбаяр юм. Бэлгүтэй зургаан настайдаа ээжээрээ хөтлүүлэн Э.Батбаяр багшийн бөхийн секцэнд хичээллэж, бөх болох замналаа эхлүүлжээ. Ирээдүйн улсын харцага тэргүүтэй Улз нутгийн хүчтэнүүдийн бөхийн замыг засаж өгсөн Э.Батбаяр багш эдүгээ Говьсүмбэр аймгийн хоёрдугаар дунд сургуульд багшилж буй.
3.
Наран ургах Дорнод нутаг бол хүчтэнүүдийн өлгий билээ. Должингийн Гомбожав буюу Хүдэр, Омбойн Гэлэгсэнгэ, Санбэйсийн Хөгнө хавиар нутагтай Галын голын Дугар, Ульхан харуулын Жамъян нарын Даншиг болон Арван засгийн наадмын алдарт аваргууд, Ёндонжунай арслан, Дашдоной заан, Лувсан заан, Даш заан, Нэрэн начин тэргүүтэн хүчтэнүүд XIX, XX зуунд төрөн гарсан түүхтэй. Дашдоной зааны удам нь XX зууны хоёр Мөнхтэй нэгэн үед монгол бөхийн дэвжээнд хүч бяраа гайхуулж явсан Монгол Улсын арслан, зургаан үе дамжсан хүчит бөх Өлзийсайханы Эрдэнэ-Очир билээ. Түүний аав нь 1941 оны наадамд үзүүрлэж БНМАУ-ын арслан цол хүртэж байжээ. Өвөг дээдэс нь өнөөгийн Дорнод аймгийн Халхгол сум, хуучнаар Сэцэн хан аймгийн Илдэн засгийн хошуу буюу алдарт То вангийн хошууны харьяат Даншигийн заан Бат-Очир, арслан Хас-Очир, заан Саманд, арслан Дашдоной, арслан Хас нар юм.
Ардын төрийн наадамд Дорнод нутгаас Ш.Гэлэг арслан, Л.Балсан арслан, У.Дамчаа арслан, Х.Өлзийсайхан арслан, Л.Жаргал заан, Д.Гонгор заан, Ч.Дугарсүрэн заан, Д.Түвшин заан, М.Чимэддорж начин, Д.Цогзолдорж начин, Д.Анар заан нарын улсын цолтой 21 хүчтэн төрөн гарсан. Улсын харцага М.Бэлгүтэй 22 дахь нь юм.
Эдүгээгийн Дорнод аймгийн Баян-Уул сум хуучнаар Сэцэн хан аймгийн Мин засгийн хошууны нутаг Ульхан харуул орчмоор XIX зууны эхэн, дунд үед Даншигийн аварга Жамъян нутаглан амьдарч байсан түүхтэй. Жамъян аварга 1816 оны даншигт 1032 бөхөөс арван нэг давж түрүүлж, 1813, 1817 онд үзүүрлэн, 1821 онд ес давж шөвгийн дөрөвт үлдэж байв. Мөн 1824 онд долоо, 1925, 1927 онд тав давжээ. Харин Арван засгийн наадамд 1820, 1821, 1822, 1826, 1829 онуудад нийт таван удаа түрүүлж, 1825 онд давж шөвгийн дөрөвт үлдсэн, 1828 онд зургаа, 1829 онд хоёр давсан нь монгол бөхийн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Тэрбээр хүч бяр ихтэй, цэрвүү барьцнаас хөдөлгөөн дундаа сайн суйлдаг, хав барьцнаас шуудагт нэг л хүрвэл ямар ч бөх тогтохын аргагүй, хав золгосон бөхөө өргөж явж байгаад дуртай газраа аваачиж тавьдаг байсан гэх домог яриа бий.
Ульхан харуулын бөх Даншигийн аварга Жамъянгийн нэрэмжит өсвөр үеийн үндэсний бөхийн барилдааныг Дорнод аймгийн Баян-Уул сумын үндэсний бөхийн холбоо, “Тулгат” дэвжээнээс санаачлан жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн тавдугаар сард уг тэмцээний 22 дахь “аварга” тодорсон. Сурагч М.Бэлгүтэй Жамъян аваргын нэрэмжит энэхүү тэмцээний дэвжээн дээр зодоглож, түрүүлж явсан нь хожмоо их хүчтэний өлгий нутгаас идэр залуу харцага жигүүр дэлгэхийн эхэн ерөөл байсан ажээ.
Сэтгүүлч Г.Сонинбаяр


