Friday, November 22, 2024

Н.Жанцанноров: Билэгийн Дамдинсүрэн бол алтан үеийнхнийг алган дээрээ бойжуулсан хүн

Date:

-“Билэгийн Дамдинсүрэн” номын нээлт боллоо-

Монголын хөгжмийн урлагийн нэгэн суутан, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой 2019 онд тохиосон билээ. Энэхүү тэгш дүүрэн ойд нь зориулан энэ их хүмүүний намтар, уран бүтээлийн бүрэн түүвэр номыг ДБЭТ-аас эрхлэн хэвлүүлжээ. Уг номыг Монгол Улсын Ардын жүжигчин Д.Чимэд-Осорын хүү судлаач, сэтгүүлч Ч.Болд эмхэтгэн хэвлэлд бэлтгэсэн байна. Билэгийн Дамдинсүрэн, Дэндэвийн Чимэд-Осор хэмээх хоёр их авьяастан залуу насандаа “Бөмбөгөр ногоон” театрт ажиллаж, үерхэж нөхөрлөн, нэгэн гэрт хамт амьдарч байсан аж. Тиймээс Ч.Болд судлаач уг номыг аавынхаа болон их хөгжмийн зохиолчийн дурсгалд зориулан олон арван жилийн турш цуглуулсан баримт, ярилцлага, дурсамж сэлтдээ тулгуурлан бүтээжээ. Цаг үеийн нөхцөл байдлын улмаас хойшлоод байсан энэхүү номын нээлт өнгөрсөн долоо хоногт ДБЭТ-т болсон юм. Монголын анхны дуурийн хөгжмийг бичиж, Төрийн дууллын аялгууг туурвин, Дуурь бүжгийн академик театрыг үндэслэсэн энэ их хүмүүн өөрийгөө “Би энэ их айлын /ДБЭТ-ын/ ууган хүү нь” хэмээн хэлдэг байжээ.

“Билэгийн Дамдинсүрэн” номын нээлтэд Монгол Улсын Хөдөмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зураач Ж.Саруулбуян, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Цэнджав, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүй, Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Д.Төрбат, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Ч.Буянхишиг тэргүүтэй урлаг, соёлын зүтгэлтнүүд, ДБЭТ-ын удирдлага, хамт олон, хөгжмийн урлагийн төлөөлөгчид оролцсон юм.

Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров Б.Дамдинсүрэн гуайн тухай, “Жинхэнэ алтан үеийнхнийг хүмүүжүүлсэн гол хүн нь ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэн гуай. Удирдаач Чинбатын аав ардын жүжигчин Ж.Чулуун, Бүтэнбаярын аав ардын жүжигчин Ц.Намсрайжав нарыг 12-13-хан настай байхад л театрт авч, хүмүүжүүлсэн хүн. Намсрайжав гуай, Чулуун гуай эд нарыг бид алтан үеийнхэн гэж яах аргагүй нэрлэнэ. Яагаад гэвэл Чулуун бол маш сайн ёочинчин, Намсрайжав бол маш сайн хуучирч байсан ардын авьяастнууд. Нэг нь хийлч, нөгөөх нь валторнист болоод дэлхийн хэмжээний удирдаачид болцгоосон. Хоёулаа “Бөмбөгөр ногоон” театрын бүтээгдэхүүнүүд учраас бид алтан үе гэхээс аргагүй болчихоод байгаа. Алтан үе дотроо алтан үеийнхнийг хүмүүжүүлсэн хүн нь Билэгийн Дамдинсүрэн. Алтан үеийнхнийг ургуулсан гол үндэс нахиа нь энэ хүн. Өнөөдөр дэлхий даяар алдраа дуурсган дуулж яваа Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нарыг төрөх гол багана, хөрсөн дээр суулгасан үндэс суурь нь энэ Дамдинсүрэн. Монгол гэдэг улс хөгжмийн театр гээч юмыг байгуулаад, Дуурийн театрыг Азидаа хамгийн хүчтэй хөгжүүлсэн гэж яригдаад байгаагийн гол эзэн нь “Бөмбөгөр ногоон”-ы хөгжимчин, удирдаач Дамдинсүрэн” хэмээн өгүүлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...