Friday, November 22, 2024

Арван хоёр жилээс тэмээ биш ямаа хасагджээ

Date:

Одоогоос 4.5 тэрбум жилийн өмнө Ангараг гаригийн хэмжээний том биет Прото манай Дэлхийтэй мөргөлдсөн байдаг. Энэ “ослоос” болж манай цэнхэр гаригийн зарим хэсэг тасран агаар мандал руу шидэгдсэний үр дүнд Сар үүсчээ. Мөргөлтөөс хойшхи хэдхэн долоо хоногийн хугацаанд Дэлхийгээс салсан материалууд чулуурхаг ганц бүхэл бөмбөрцөг болж нийлсэн нь Сар юм. Ингээд 4.5 тэрбум жилийн турш Дэлхийн ганцхан дагуул болон 29.5 хоногт нэг удаа манай гаригийг тойрон эргэлдэж байна.

Сарны нас эхний үед онолын хэмжээнд батлагдаж байсан. Хожмоо 1972 онд Америкийн “Аполлон-17” хөлгийн багийнхны Сарны уулархаг нутгаас авчирсан чулуулгийн дээжийг шинжлэхэд 4.5 тэрбум жилийн настай болох нь тогтоогдсоноор үүнд эргэлзэх хэрэггүй болж эрдэмтэд санал нэгдсэн билээ. Нэмж хэлэхэд, Сарны өөрийнхөө тэнхлэгийг нэг бүтэн эргэх хугацаа 29.5 хоног нь Сар Дэлхийг нэг удаа тойрч эргэх хугацаа 29.5 хоногтой яг тэнцүү тул ганц энэ дагуул үргэлж ганцхан талаараа манай гариг руу харж байдаг.
Хамгийн гол нь Сар Дэлхийг тойрон эргэлдэхэд харагдах гэрэлтэй хэсэг нь ихэсч арвидах, багасч хомсдох нь тогтмол давтамжтай байгааг эрт цаг дор хүмүүс ажигласан байдаг. Энэхүү давтамжийг цаг хугацааг хэмжих мөчлөг нэгж болгосноор Сарны тооллыг үүссэн гэж үздэг.

Бидний монголчууд өнөөдөр Нарыг Дэлхий тойрох хугацааг харгалзсан Григорийн цаглабарыг албан ёсоор өдөр тутам, харин Сарны хөдөлгөөнийг харгалздаг Төгсбуянтын шинэ зурхайн тооллыг шаардлагатай үедээ хэрэглэж байгаа.
Сүүлчийнхийг нь Чингис хааны төрсөн өдөр-Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд бүх нийтээр амрах баярын нэг өдөр, түүнчлэн Хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд Цагаан сараар бүх нийтээр золгон амрах баярын гурван өдөр хэзээ вэ гэдгийг тогтооход жил бүр зайлшгүй хэрэглэдэг. Григорийн цаглабар нь 2017 оны төдөн сарын төдний өдөр, долоо хоногийн тийм гариг гээд явдаг бид бүхний хамгийн сайн мэдэх Аргын тоолол. Төгсбуянтын шинэ зурхай нь хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь хонь, бич, тахиа, нохой, гахай жил, мөн хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь хонь, бич, тахиа, нохой, гахай сар, мөн хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь хонь, бич, тахиа, нохой, гахай өдөр гэх мэт явдаг Билгийн тоолол.

Билгийн тооллын шинэ жил эхлэх буюу Хаврын тэргүүн сар нь үргэлжид жил болгон Бар байдаг. Гагцхүү Бар сарын 1 нь Григорийн тоололтой харьцуулахад тогтмол нэг өдөртэй давхацдаггүй. Зарим жил хоёрдугаар сарын 10-даар, заримдаа 20-доор байх жишээтэй. Тухайлбал, өнгөрсөн 2016 оны хоёрдугаар сарын 9-нд бич жилийн хаврын эхэн цагаан Бар сарын 1 давхцаж байсан бол 2017 оны хоёрдугаар сарын 27-нд тахиа жилийн хаврын эхэн хар Бар сарын 1 тохиосон билээ.
Билгийн тооллын 12 жилд зориулсан Монгол ардын аялгуу сайхан дуу бий. Энэ нь “Арван хоёр жилийн магтаал” гэсэн нэртэй.
Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг
Эрүү цагаан хулгана нэгэн жил
Эвэр сүүл нь тэнцүүхэн байдаг
Эзэндээ ээлтэй үхэр хоёр жил
Арын модонд алаглаад байдаг
Алаг эрээн бар гурван жил
Дэлхий дээгүүр дэгдээд байдаг
Дэлдэн чихтэй туулай дөрвөн жил
Хөх тэнгэрт хүржигнээд байдаг
Хүч ихтэй луу таван жил
Цаг үргэлж цагариглаад байдаг
Цагаан эрээн могой зургаан жил
Холын газрыг товчлоод байдаг
Хомбон туурайтай морь долоон жил
Хотгор газрыг хорголоор дүүргэдэг
Хотондоо ээлтэй хонь найман жил
Үзсэн бүхнээ элэглээд байдаг
Илбэчин эрдэмтэй бич есөн жил
Үүрийн жингээр донгодоод байдаг
Эвэр хошуутай тахиа арван жил
Хортон дайсныг хоргоогоод байдаг
Хон хон дуутай нохой арван нэгэн жил
Хөрст газрыг сэндийлээд байдаг
Хөндлөн соёотой гахай арван хоёр жил
(Арын газрыг хадраад байдаг
Алтан соёотой гахай арван хоёр жил).

Хятадын цагаан сарын 12 жилийн тоололд хонины оронд ямаа зурсан байх нь элбэг тохиолдоно.

Билгийн тооллын “эрүү цагаан хулгана нэгэн жил” хэмээн дуулагдаж байгаа хулганын оронд тэмээ байж болзошгүй тухай Монгол ардын уран зохиомжит үлгэр бий. Энэхүү ардын уран зохиолд өгүүлэх нь:
-Сүн далайг шалбааг байхад, Сүмбэр уулыг гүвээ байхад Бурхан багш Билгийн тооллын 11 жилийг төлөөлөх амьтдыг шууд нэрлээд, харин “Хамгийн эхний жилд ямар амьтны нэр өгөх вэ?” хэмээн түр бодолхийлжээ. Гэтэл тэмээ хулгана хоёр нэрээ оруулж 12 жилд багтахаар булаалджээ. Бурхан багш аль алиныг нь гомдоохгүйн тулд “Өөрснөө шийд” гэж айлджээ. Тэр хоёр маргааш өглөөний мандах нарны туяаг хэн түрүүлж харсан нь 12 жилд орно гэж болзол гаргаж өвөр хоорондоо тохирсон байна. Үүрээр тэмээ наран мандах зүүн зүг харж хүлээж зогсов. Харин хулгана тэмээний бөхөн дээр гарч эсрэг тал руу нь баруун зүг харан уулын орой ширтэж байв. Тэгж байтал ургах нарны анхны туяа баруун уулын оройд туссанд хулгана үүнийг хараад “Нар гарлаа гэж хашгирчээ”. Ингээд хулгана 12 жилд багтаж, тэмээ хасагдах болсон гэнэ.
Тэмээ хожигдсондоо бухимдан хулганыг дэвсэх гэж ухасхийтэл овоолоотой үнсэн доогуур орж нуугджээ. Тэр цагаас хойш тэмээ үнс асгасан газар харагдах бүрт өнөөх өстөн хулганыг нуугдсан гэж бодоод бяц дарах санаатай үнсийг дэвсэлж хөрвөөдөг болсон байна. Хамгийн сонирхолтой нь, тэмээ 12 жилд багтаагүй боловч тэдгээр бүх амьтны шинжийг цөмийг нь биедээ агуулсан байдаг ажээ. Уг шинж нь гэвэл: хулгана чихтэй, үхэр гэдэстэй, бар тавагтай, туулай хамартай, луу биетэй, могой нүдтэй, морин дэлтэй, хонин ноостой, мичин бөхтэй, тахиа өрөвлөгтэй, нохой гуятай, гахай сүүлтэй юм байна.

Дээр өгүүлсэн зүйл бол зүгээр л ҮЛГЭР. Харин Хубилай хааны үеийн Монголын эзэнт гүрэн Юань улсын зоосон дээрх бичгийг уншихад 12 жилийн нэр нь: хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, ямаа, мич, тахиа, нохой, гахай гэж байна. Тэгэхээр 12 жилээс тэмээ хасагдсан тухай үлгэрт үнэмшиж байснаас ямаа хасагдаж оронд нь хонь орж иржээ гэвэл “үг нь үнэн, баримт нь баттай” байгаа юм.
Ямар ч болов “Арван хоёр жилийн магтаал”-д
“Хотгор газрыг хорголоор дүүргэдэг
Хотондоо ээлтэй ЯМАА найман жил” гэж хэсэг хугацаанд дуулагдсан байх магадлал байна. Гагцхүү Монгол билгийн тооллын 12 жил дэх ямаа хэдийд хонинд байраа тавьж өгснийг он цагаар нь тодруулах нь судлаачдын үүрэг биз ээ.

Сэтгүүлч, нийтлэлч Б.Ерэнтэй

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...