“Таван эрдэнэ” дууны тансаг яруу аялгуу тал, хангай, говь нутагт яг одоо дуурьсан байна. Жил бүрийн хавар малчны хотонд ууган төлийн дуу цангинаж эхлэхтэй зэрэгцэн агаарын цэнхэр долгионоор энэ дуу эгшиглэдэг билээ.
Монголын радио анх 1961 оноос “Энх төлийн дуу” нэртэй нэвтрүүлэг бэлтгэн олны сонорт хүргэж байсөн нь нэг хэсэг хугацаанд “Төл түмний үйлс” нэртэй болж улмаар 1978 оны шороон морин жилийн хаврын тэргүүн сарын арван тавны өдрөөс Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Мятавын Цагааны санаачилагаар “Таван эрдэнэ” хэмээн нэрийдэх болжээ. “Таван эрдэнэ” нэвтрүүлгийг шинэчилснээр нэвтрүүлгийн нэрэмжит дууны уралдааныг зарласан байдаг. Дууны уралдаанд маш олон бүтээл ирж, яруу найрагч Л.Лувсандоржийн шүлэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч З.Батсүхийн хөгжим “Таван эрдэнэ” дуу түрүүлсэн түүхтэй. Ийнхүү уг дуу 37 жил Монголын сайхан оронд энх улирлыг эхлүүлэн эгшиглэсээр байна.
Энэ дууны шүлгийг бичсэн яруу найрагч Л.Лувсандорж бол Монголын радиод ажиллаж байсан авьяаслаг уран бүтээлч билээ. Эгшиг аялгуу мэт яруу үгээр “Таван эрдэнэ”-ийг тэрлэсэн энэ найрагчийн тухай эргэн дурсах хүн олон. Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Т.Галсан түүний багш нь бол төрийн шагналт яруу найрагч З.Дорж үй зайгүй найз нь. Харин төрийн шагналт яруу найрагч Д.Төрбат, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Мягмарсүрэн нар шавь нарынх нь төлөөлөл. “Таван эрдэнэ”-ийн дуу цангинасан хаврын энэ өдөр Л.Лувсандорж найрагчийн тухай эдгээр найрагчдын нандин дурсамжийг уншигчидтайгаа хуваалцахыг хүслээ.
Дурсамжийн хуудас сөхөхийн өмнө найрагчийн намтар, уран бүтээлийн талаар товч өгүүлэхэд, “Сэтгэлд гал байхад зууханд гал олдоно оо…” хэмээсэн энгийн бөгөөд үнэн энэ үгийг хүмүүний зүрх сэтгэлд сийлсэн хүн бол яруу найрагч Лхамжавын Лувсандорж. Цагтаа Монголын яруу найрагт дуутай мөндөр шиг дуулиан тарьж, үгийн ончийг олж үнэн утгыг нээсэн шүлэг найргаараа олныг бишрүүлж явсан энэ найрагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг Цүүрийн голд төрж өссөн байна. Анагаах ухааны дунд сургуулийг дүүргэн эмчийн мэргэжил эзэмшсэн боловч биеийн шаналалаас сэтгэлийн шаналал илүү байдгийг ойлгон сэтгэлийг анагаах үйлс яруу найрагт хүчээ сорьжээ.
Л.Лувсандорж найрагчийн анхны ном “Нартай бороо” нэртэй. Удаахь ном нь “Холын бараа”. “Хүн ганцхан уншаад санаанаас нь гарахааргүй энгийн атлаа уран, гүн утгатай шүлэг бичих” тухай үргэлж ярьдаг байсан нь түүний уран бүтээлийн чин эрмэлзэл байлаа. Энэ хүсэл эрмэлзэлдээ ч Л.Лувсандорж найрагч хүрч чадсан юм. Л.Лувсандорж Баянхонгор аймагт ажиллаж амьдарч байхдаа эгэл ардын амьдрал руу гүнзгий өнгийхийг хичээж, олон олон айлын босго алхахынхаа хэрээр хүмүүсийн амьдралын ялгаа, сайн мууг гярхай ажиж, түүнийгээ шүлэгтээ тусгаж байлаа. Ингээд тэрээр хангай, говийн хонгор нутагт хэдэн жил ажиллаад Улаанбаатар хотноо шилжин ирж ном, эрдэм сурахыг эрхэм болгожээ. Гэтэл тэр үед эмчийн мэргэжилтэй хүнийг уран зохиолын мэргэжлээр сургадаггүй байж.
Л.Лувсандоржийн авьяас билгийг таньж мэдсэн нэрт яруу найрагч М.Цэдэндорж тухайн үед МУИС-ийн захирал байсан Ж.Батмөнхтэй уулзан түүнийг МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангид оруулж өгсөн гэдэг. Ийнхүү тэрээр эрдэмтэн зохиолч С.Дулам, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Х.Зандраабайдий, С.Лочин нартай нэг ширээнд тохой нийлүүлэн сууж нэртэй эрдэмтэн, зохиолчдоор хичээл заалгаж эхэлжээ. Түүнийг яруу найрагт хөл тавихад нь халуун сэтгэлээр тосч авсан хүн бол яруу найрагч Тангадын Галсан. Тэрээр шавийнхаа тухай, “Л.Лувсандорж ёстой л алт асгаж байгаа юм шиг сайхан сэтгэлтэй, хосгүй авьяас билэгтэй хүн байлаа. Амьдралын их мэдлэгтэй, хат хатамж суусны дээр яруу найргийн их авьяас түүнд тэмүүлэх нэгэн үзүүрт сэтгэл… энэ бүхэн түүний шүлэг уран бүтээлд нь шингэсэн байдаг” хэмээн өгүүлсэн юм. Л.Лувсандорж анхны шүлгийн номоороо хүний сэтгэлийн дууч, сул үгийн хөөсгүй жинхэнэ утгын сувдан сондор хэлхээч гэдгээ харуулсан билээ.
Т.Галсан: Түүний шүлгүүдэд нэг ч сул үг байхгүй
-Ламжавын Лувсандорж гэж эгнэшгүй их авьяастай сайхан яруу найрагч байсан. Тэр хүүхэд 1963 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийг төгсөөд тухайн үедээ Долгорын Нямаа, Тоомойн Очирхүү нартай нэг дугуйланд сурч онгод хийморио хөглөсөн хүн. Сургуулиа төгсөөд Баянхонгор аймагт хүний эмчээр очсон юм. Тэгээд очсон даруйдаа надтай уулзаж “Би Архангайн хүн. Намайг аль нэг суманд хөөх байх” гэнэ. Би нутгийнхаа хэдэн сэхээтнийг таньдаг учраас энэ хүүхдийг аймгийн төвд ажиллуулаарай гэсэн. Тэгээд түргэн тусламжийн эмч болсон юм. Өлгийнөөс авс хүртэл, үхлээс амьдрал хүртэл аяны дунд яваа эмч хүнд мэдлэгээсээ илүү сэтгэл нь их чухал байдаг. Л.Лувсандоржийн тэр сэтгэлийн эмзэг мэдрэмж нь шүлэгтээ тусч эхэлсэн учраас Баянхонгор аймгийн утга зохиолын дугуйланд их олзуурхмаар дуутай тийм хүүхэд гарч ирсэн юм. Тэгж байгаад би хөдөө суманд дунд сургуулийн эрхлэгчээр явсан. Миний араас ч хүртэл очиж л байлаа. Энэ нь ганцхан шүлэг бүтээлээ л уншихын тулд…
Би Л.Лувсандоржид хэлэхдээ, манай яруу найрагт тодотгол, чимэг үг хэтэрхий их боллоо. Энэ нь дэндүү эрээн мяраан зурган дундаас гол өгүүлэмж нь бүдгэрдэгтэй адил санааг бүрхэгдүүлж, нуршуудлын хунгар болж байна гэдгийг хэлдэг байсан. Үүнийг хамгийн их эмзэг тусгаж авсан шавийн минь нэг бол Л.Лувсандорж. Л.Лувсандорж маань энэ үгийг их эрт дуулж, ухаарсан. Зөвлөгөөг бол зарим хүн буруудвал бухах гэж авдаг. Зарим хүн амьдралд хэрэглэх гэж авдаг. Миний Л.Лувсандорж үүнийг мөрийн хөтөлбөрөө болгосон учраас түүний шүлгүүдэд нэг ч сул үг байхгүй. Үгийн нүдийг олж сурсан. Үгийн нүдийг олж сурах талаар бол залуу яруу найрагчдад, хойч үеийнхэнд Л.Лувсандоржийн шүлэг үнэхээр сургамжтай юм.
Д.Төрбат: С.Удвал даргын гар дээр ургах цэцэг
-Ламжавын Лувсандорж гэж сайхан яруу найрагч яг гучин долооныхоо жил 1981 оны есдүгээр сарын 27-нд автомашины ослоор нас барсан юм. Түүнтэй анх танилцаж шүлгээ уншсан минь 1975 он юм. Тэр үед Лууяа багш МУИС-ийг төгсөөд “Залуучуудын үнэн” сонинд ажилд орох гэж байсан юм билээ. “Залуучуудын үнэн” сонинд би илгээлтийн эздийн тухай шүлэг өгсөн юм. Тэр шүлгийнхээ хариуг авах гэж очтол “Залуучуудын үнэн” сонины ажилтан Дамдиндорж гэж хүн “За чиний шүлгийг энд нэг хүнд уншуулсан. Түүнээс хариугаа ав” гэсэн. Тэгээд очсон чинь нэг залуухан хүн байсан. Миний шүлгийг уншиж үзчихээд “Чи юу хийдэг хүүхэд вэ?” гэсэн. Би “Барилгын ТМС төгсөөд нимгэн төмөрчин хийж байгаа” гэлээ. Тэгсэн чинь “Аа, тэгвэл дархан хүн бурхан ухаантай. Сайн шүлэг бичээрэй” гээд надад нэг номоо дурсгасан. Тэр нь одоо ч бий. Тэр бол “Нартай бороо” гэж яруу найрагчийн анхны түүвэр нь юм. Хүүхний гар дээр ургасан цэцэгний зурагтай ном байсан. Хавтасны зургийг нь Бавуугийн Лхагвасүрэн зурсан. Б.Лхагвасүрэн надад хэлэхдээ “Чи бол С.Удвал даргын гар дээр ургах цэцэг шүү дээ” гэж хэлээд ийм зураг зурж өгсөн юм аа гээд надад номоо дурсгасан. Ингээд би тэр хүнд шүлэг найргаа уншдаг болсон.
Их шооч, их сайхан сэтгэлтэй хүн байлаа. Намайг очих болгонд сайхан сонгинотой мах хуурч өгнө. Тэгээд “Оюутан хүн өлсөж байгаа байлгүй, ид ид” гэдэг байсан. Тэгэхэд Дуулга, Дуурьсах хоёр гарчихсан байсан. Нэг ахтайгаа цуг байдаг байсан санагдана. Ийм айл байлаа.
Лууяа багшийн “Хуурын аялгуу” гэж их сайхан шүлэг бий л дээ.
“Ханын толгойд туссан
Нарны хормой атгаж
Хангал атны таваг шиг
Баргил гар дээшлэв
Аргалын утаа зуусан
Эцгийн морин хуурыг
Завгын хялгас ч хөндөлгүй
Зарлигын бичиг шиг авав
Эмнэг азарга чихэддэг
Эв дүйгүй хуруу
Эмзэг хоёр чавхдаснаа
Үегүй юм шиг бүжив
Ээрэм холын замд
Хүний л үртэй ханилдаг
“Эр бор харцагын” ая
Илдэн жигүүрээ дэлгэв” гэж. ”Монгол зан”, ”Балдан өвгөний үг” гэх зэрэг их олон сайхан шүлэг бий. Дууны хувьд гэвэл “Таван эрдэнэ” гэж радиогоос зарласан уралдаанд шалгарсан сайхан дуу бий. “Өндөр хоршооны хөөрхөн Бурмаа” гэж дуу байдаг юм. За тэгээд хэдэн сайхан найраглал бий дээ. “Хархул хааны балгас”, ”Хануй” гэж сайхан найраглалууд бий. “Роберт Бёрнсийн дуулсан дуу” гэж их сайхан шүлэг байдаг юм.
“Айлын бүсгүйн гоёл руу
Атаархаж ширтээд яахав дээ Нэнси,Нэнси
Арав таван зоос оллоо ч
Амь зуухад хүрдэггүй шүү дээ Нэнси,Нэнси
Амбан эздийн танхил авхай ч
Авсанд орохоороо чамтай ижил Нэнси,Нэнси” гэж. Тэр үед ийм үгийг хэлэх юм бол их хэцүү шүү дээ. Багш амьдралдаа ”Нартай бороо”, ”Холын бараа” гэж хоёрхон ном гаргасан. Сүүлд нь “Шүлэг найраглал” гэж түүврийг нь С.Дулам багш эмхэтгэж гаргасан. Ингээд бодоход энэ яруу найрагч 37-хон жил амьдарсан ч гэсэн ардаа унших их өв, бүтээл үлдээсэн хүн.
З.Дорж: Монголд ганцхан Л.Лувсандоржоос л айна
Авьяас билэгтэн бүхнийг дайрдаг хавчлага хардлага, хүнд бэрх амьдрал Л.Лувсандоржийг тойрсонгүй. Үнэн шулуун үгтэй, шударга бус зүйлтэй эвлэрч чаддаггүй зангаасаа болж ажлаасаа халагдан, үзэл суртал хэвлэл мэдээллийн газарт ажиллуулж үл болно гэсэн бичиг тодорхойлолт гаргуулж явжээ. Уран бүтээлийн талаархи түүний хатуу бөгөөд үнэн, заримдаа гашуун егөөтэй үг нь бусдыг эмзэглүүлдэг байсан ч бодоод үзэхэд эцэст нь өөрт нь эм болохоор байдаг байлаа. Үзэл суртлаас болж “Тоншуул” сэтгүүлээс халагдсаных нь дараа түүнийг Монголын радиогийн дарга Н.Мятав дэмжин радиогийнхоо гадаад нэвтрүүлгийн редакцид авч ажиллуулжээ.
-Л.Лувсандорж бид хоёр сайн хэлүүлэх, муу хэлүүлэх, магтуулах матуулах энэ бүхнийг эн тэнцүү эдэлж явсан хоёр байгаа юм. Тэр үед уран нийтлэлийн уралдаан их болдог байсан. Сонин хэвлэлүүдийн ой, том том үйл явдлыг тохиолдуулж найруулал, тэмдэглэл, нийтлэлийн уралдаан зарладаг, тэр уралдаануудад Л.Лувсандорж бид хоёр алгасалгүй оролцдог байсан. Тэгэхдээ бид хоёр таваас доош байр эзэлж байснаа санахгүй байна. Л.Лувсандорж бол маш зоримог хүн байсан. Хүний үгийг сонсдог. Өөрийнхөөрөө боддог. Ямар ч нөхцөлд хүн дагаж дууриадаггүй. Цол гавьяатай, нэртэй алдартай хүнтэй уулзалт хийгээд л гар хөлийг нь бариад л, тойроод л долдигноод, ажлыг нь магтаад л, сэтгүүлчид зохиолчид арай л авгайг нь магтахгүй л долдигнож долоочих гэж байхад Л.Лувсандорж л гал халуун үг хэлдэг. Таны хэлж байгаа тэр чинь бол тийм шүү дээ гээд л урдаас нь сөрөг үг хэлдэг тийм хүн байсан. Л.Түдэв гуай Г.Дэлэг гуайтай ярьж байгаад “Тоншуул” сонинд Лууяаг ажилд оруулчихсан юм. Л.Лувсандоржийг авчих, авьяастай залуу гээд. Тэгсэн чинь яасан ч юм. Улс төрийн лекц болгон дээр Л.Лувсандорж босч нэлээд ширүүн үг хэлээд, тэгээд “Тоншуул”-аас хөөгдөөд Монголын радиод очиж байсан юм. Монголын радио руу Л.Түдэв гуай яриад л Л.Лувсандоржийг авчихад ер нь зүгээр шүү гэж хэлсэн юм байна л даа. Түүнийг Л.Түдэв гуай нэлээд дэмждэг байсан юм. Тэгсэн чинь Н.Мятав гуай намайг дууддаг юм байна. Лууяа бид хоёрын найзыг мэднэ л дээ. Н.Мятав гуай: “Тэр Л.Лувсандорж гэдэг залуу чинь ямар янзын хүн байна. Энд тэнд жаахан нэр муутай, хөөгдөж туугдаад л ажилтай, ажилгүй яваад байдаг шиг байна” гэнэ.
Би, “Өө тэр үнэнийг л хэлчихдэг юм. Тэгэхээр үнэнд дургүй улсууд л Лууяаг муу хэлж байхгүй юу. Түүнээс биш түүн шиг сайн яруу найрагч Монголд хаана байна. Түүн шиг сайн уран нийтлэл бичдэг хүн Монголын радиод нэг ч байхгүй. Би уралдах юм бол Монголд ганцхан Л.Лувсандоржоос л айна. Бусдаас нь бол огт айхгүй, тэр тийм л хүн байгаа юм“ гэсэн чинь “Аан тийм юм байж” гээд ширээгээ тогшиж байсан. Тэгсэн тэр өдөрт нь Лууяаг дуудаад ажилд авчихаж. Лууяа өрөөнд орж ирээд “Өвгөн чинь энд ажилд орчихлоо” гэнэ. “За өвгөөн одоо ёстой дарга нарыг шүүмжлэхгүйхэн шиг аятайхан эвтэйхэн ажиллана шүү дээ. Улаан халз шүүмжилбэл дахиад хусаад хаячихна шүү дээ” гэсэн чинь “Аа тэр зангаас ч салж чадахгүй байх аа. Энэ ч намайг насан туршид зовоох зан байх аа” гэж байсан. Л.Лувсандоржийн шүлэг яруу найраг их сод.
Л.Мягмарсүрэн: М.Цэдэндорж багшаас салдаггүй байсан
Л.Лувсандорж МУИС-д сурч байхдаа Зурагтын хажууханд байсан нийтийн аж ахуй үйлчилгээний байр гэгддэг хэдэн навтгар байшингийн нэгэнд амьдарч, амь зуулгаа залгуулахын тулд хичээлийнхээ зав чөлөөгөөр галт тэрэгний буудал дээр нүүрс буулган хэдэн төгрөг олдог байлаа. Ийм л амьдралын дунд шүлэг найргаа цаг үргэлж тэрлэж, уужим холч бодлоор “Сэтгэлд гал байхад зууханд гал олдоно оо” хэмээн бичиж байсан юм. Л.Лувсандорж нэрт яруу найрагч, орчуулагч Мишигийн Цэдэндоржийг ихэд хүндэлдэг, хаа явсан газар нь хамт байдаг байж. Түүнтэй ойр дотно үерхэж явсан хүмүүс гэвэл яруу найрагч Д.Даваашарав, Ж.Зана, З.Түмэнжаргал нарыг нэрлэж болно. Тэдний нэг нь яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн.
-Л.Лувсандорж гэж сайхан яруу найрагчтай Монголын радиод хоёр гурван жил хамт ажиллах хувь олдсон би их бэлэгшээж, баярлаж явдаг юм. Энэ хүнийг би оюутан ахуй үеэсээ эчнээ таньж мэдэх болсон. Тэр юунаас улбаалсан юм гэвэл, “Нартай бороо” гэж маш сайхан ном гарсан. Тэр номыг бүтээгч нь Л.Лувсандорж гуай байлаа. Жинхэнэ ясны яруу найрагч гэвэл тэр хүнийг хэлнэ дээ. Маш сайхан монгол сэтгэлгээтэй, монгол хэлтэй, зөв өгүүлэмжтэй, яруу сайхан, гүн гүнзгий утга агуулсан тийм бүтээл туурвидаг яруу найрагч байсан юм. Дараа нь “Холын бараа” гэж сайхан ном гаргасан. Чухам юунаас болсон юм, Зохиолчдын эвлэлд их хожуу, ер нь бурхан болохынхоо өмнөхөн элссэн юм шүү дээ. Нэг өдөр Зохиолчдын хороон дээр явж байсан чинь Л.Лувсандорж гуай даргын өрөөний үүдэнд сууж байна. “Лууяа ах та яаж яваа юм” гэсэн. “Ах нь одоо л нэг Зохиолчдын эвлэлд элсч байна аа. Тэгээд би батлахаа авах гээд сууж байна” гэж байсан. Тэгээд түүндээ их баярлаж байсан юм. Тэр хүн бол
“Арилжаа буман агтны сүүл цацсан гүйдлээр
Ариун цагаан Хануй суналзан урсана
Тэнүүн өргөн толионд нь ойчсон саран
Тэнхээ мэдэн эрэг өөд нь хөвнө” гэх мэтээр шүлэглэдэг байлаа. Харамсалтай нь яг ид туурвин бүтээх насандаа цаг бусаар одсон юм. Үүнд маш харуусч явдаг. Гучин долоохон насандаа шүү дээ. Түүнийг нэг их дурсч ярихгүй байгаа юм. Гэхдээ нэгэнт бүтээл зохиол нь байгаа учраас хэрхэн хэзээ мартагдах билээ. Доктор С.Дулам гуай шүлэг найргийнх нь түүврийг хэвлүүлснээс хойш тэр хүний ном зохиол, өв бүтээлийг эмхэтгэж хэвлэсэн юм алга. Үүнд их сэтгэл дундуур явдаг. Хэрвээ би өөрийн хэр чинээ, бэл бэнчинтэйсэн бол тэр хүний бүтээл туурвилыг бүрэн биш гэхнээ ямар нэг хэмжээгээр эмхэтгэн хэвлүүлж, түмэн олондоо барьвал мөн ч их өлзий буян болохсон доо гэж санаж явдаг.
Мишигийн Цэдэндорж гэдэг хүнийг тэрээр тэнгэр мэт шүтдэг байлаа. Түүний шавь байсан юм. Дамдинсүрэнгийн Алтанхуяг гэж дуун хөрвүүлэгч тэр хоёр М.Цэдэндорж багшаас салдаггүй байсан. Энэ хоёр шавиараа тухайн үедээ Цэ багш бахархдаг байсан байх. Шавь нар нь хоёр талаас нь сугадчихсан явж байдаг. Би тэднийг алсаас харна. Анх уулзаж учраагүй үедээ харахад их бахархалтай санагддаг байсан. Л.Лувсандорж гуай бол туурь, түүхэн найраглалаар гаргууд, онцгой сайхан бүтээлүүд хийсэн. Энэ тухай судлаач шүүмжлэгчид амьд ахуйд нь ч дуугарч байгаагүй, бурхан болсон хойно нь ч чимээгүй л байна. Би энэ хүнийг сэтгэлдээ үргэлж дурсч явдаг. Үнэхээр сайхан яруу найрагч. Хэрвээ өдийд байсан бол төрийн соёрхлыг нь ч авах байсан, соёлын гавьяат нь ч болох байсан. Ардын уран зохиолч гэдгийнх нь босгон дээр л ханхайгаад зогсч байх хүн байсан. Л.Лувсандорж бол Монголын уран зохиолд дуутай мөндөр шиг орж ирээд л тэнгэрийн дуу шиг тасхийгээд л аянгын гялбаа шиг үзэгдээд өнгөрсөн хүн байгаа юм. Тэр хүн олон хүний хайрыг татсан итгэл хүлээсэн хүн байсан. Тухайн үедээ Сайд нарын зөвлөлийн харьяа Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны дарга Н.Мятав гуай сансрын тухай найраглал бичсэнийг нь уншчихаад “Монгол хэлийг төгс эзэмшсэн хүн гэвэл энэ Л.Лувсандорж хүү мөн юм даа” гэж дуу алдаж байхыг би хоёр чихээрээ сонсч байсан юм.
Сэтгүүлч Г.Сонинбаяр