Одоогоос 80 жилийн тэртээх энэ өдөр буюу 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монголын ард түмэн бүх нийтээр тусгаар тогтнолынхоо төлөө 100% санал өгч, Монгол Улс тусгаар тогтнолоо олж авсан юм.
XX зууны дунд үед монголчуудын түүхэнд үнэлж баршгүй их чухал байр суурь эзэлсэн нэгэн үйл явдал бол энэхүү тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалт байв. Тухайн үед хамгийн чухал нь хөрш орон болох Дундад Иргэн улсын Засгийн газраар тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэн баталгаажуулах шаардлага БНМАУ-ын өмнө тулгараад байлаа.
Улмаар манай тусгаар тогтнолын асуудлыг ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох юм гэсэн мэдэгдэл нот бичгийг Бүгд Найрамдах Дундад Иргэн улсын Гадаад яамны сайд Ван Си Зыгээс манай улсад 1945 оны наймдугаар сарын 14-ний өдөр явуулжээ.
Энэ нот бичгийг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдээс 1945 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 76 дугаар хурлаас тогтоол гаргасан бөгөөд үүнд “Бүх ард түмний саналыг тус улсын бүх дэвсгэр нутаг дээр 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулахаар тогтоосугай” хэмээн заасан байна. Харин БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 85 дугаар тогтоолд: “Санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог, нэрийн доор “зөвшөөрөх” буюу “татгалзах” хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Хэрвээ бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар” гэж заасны дагуу санал хураах ажил явагджээ.
Ингээд 1945 оны 10 дугаар сарын 20-нд санал хураалт эхлэхэд Дундад Иргэн улсын Засгийн газраас Ли Фа Жан тэргүүтэй хүмүүс ирэн ажиглалт хийсэн байна. Санал хураалт тухайн өдрөө бүрэн дуусч, санал хураах төв комисс 1945 оны аравдугаар сарын 30-нд протокол үйлдэн, тогтоол гаргаж ЗХУ болон Дундад Иргэн улсын Засгийн газарт хүргүүлжээ.
Ийнхүү санал хураах төв ба орон нутгийн комисс зорилгоо амжилттай биелүүлсэн гэж үзсэн тул Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 11 дүгээр сарын 12-ны 100 дугаар тогтоолоор татан буулгасан байна.
Энэхүү ажлын үр дүнд 1946 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Хятадын Гадаад Яамнаас маршал Х.Чойбалсанд манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөн баталсан тухай нот бичиг ирүүлсэн юм.
Уг нот бичигт “Хятадын 1934 оны 10 сарын 20-нд Гадаад Монголын ард түмнээс явуулсан санал хураах ажлын дүнгийн тухай таны нотыг хүлээн авлаа. Энэ нь Гадаад Монголын ард түмнээс өөрийн тусгаар тогтнолыг баталсныг илэрхийлж байна. Батлан хамгаалах Дээд зөвлөлийн тогтоол ёсоор Хятадын Засгийн газар нь энэ өдрөөс эхлэн Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээснээ зарлана. Үүнийг мэдэгдэхээр энэ нотыг явуулав” гэжээ.
Ийнхүү Монголын ард түмэн өөрсдийн асар их хүчин чармайлтын үр дүнд Хятад улсаар тусгаар улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ. Энэхүү улсынхаа тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалтад сонгуулийн насны 494960 хүн оролцох байснаас 487409 хүн саналаа өгчээ. Ийнхүү 98.5 хувь нь бүгд тусгаар тогтнолоо батлан “Зөвшөөрөв” хэмээн саналаа өгч, татгалзсан хариу нэг ч гараагүй байна.
