2025 оны 05 сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд “Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан” болж, Улсын Их Хурлын гишүүн, Монгол улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн “Говийн бүсийн зөвлөл-эрх зүйн орчин” сэдвээр тусгай илтгэл танилцууллаа.
Монгол Улсын хувьд Говийн бүс нь аж үйлдвэрийн төрөлжсөн бүсийн чиглэлээр хөгжиж байгаа ба цаашид ногоон эрчим хүчний дэд бүс болох бүрэн боломжтой хэмээн онцлоод, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал-2024 баримт бичигт нийцүүлэн энэхүү бүсэд хэрэгжүүлж болох эрх зүйн орчны шинэтгэлийг танилцуулсан юм. Говийн бүсийн хувьд нийт 4 аймаг, 47 сум, 215 мянган хүн амтай ба Өрсөлдөх чадвараар Дорноговь аймаг 2-рт, Өмнөговь аймагт 4-рт, Дундговь аймаг 21-рт, Говьсүмбэр 5-р байрт тус тус жагссан байна. Инженерийн дэд бүтцийн хангамжийн хувьд Дорногов аймаг нийт 6 сум нь инженерийн бүтцэд бүрэн холбогдсон бол Өмнөговь аймгийн хувьд 15 сум, Дундговь аймаг 7 сум, Говьсүмбэр аймгийн 3 сум тус тус холбогдсон байгаа ба цаашид энэхүү тоог нэмэгдүүлж, дэд бүтцийг сайжруулахад авто замын төлөвлөлт чухал учир Мандалговь, Даланзадгадыг холбосон авто замын явцыг урагшлуулахад анхаарч ажиллаж буйг тодотгов.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийт бодлогоос Говийн бүсэд чиглэсэн 2 бодлого, 7 чиглэл, 43 зорилт, арга хэмжээ төлөвлөсөн ба 37 төсөл арга хэмжээнээс нийт 247.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тавихаар тусгасан байна. Энэ хугацаанд 14 мега төслөөс Говийн бүсэд 6 төсөл хэрэгжих бөгөөд иргэдийн амьжиргаа, амьдралын орчныг сайжруулахад чухал түлхэц үзүүлэх Хэрлэн-тоонот ус дамжуулах шугам, Орхон-Онги ус татах шугамын төслийн үйл ажиллагаа эхэлсэн нь эрх зүйн орчны шинэтгэлийн хүрээнд томоохон түлхэц болохыг онцоллоо.