Thursday, November 21, 2024

Төсвийн “сүүлэн” дээрх хутга

Date:

Тойргоо услах гэсэн “бурхинууд” тогтолцооны өөрчлөлтийг гацаахыг санаархав уу?

Гишүүдийн тоогоо 126 болгож өргөжүүлсэн шинэ парламент бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан анхны төсвийг хэлэлцэж байна. Дов жалгын асуудал, тулга тойрсон эрх ашгийг хойш тавьж, улс орны, бүсийн хэмжээний хөгжлийн бодлогыг тэтгэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудыг тусгасан төсвийг хэт өөдрөг, үрэлгэн гэж шүүмжилж буй. Урьд өмнөх УИХ, Засгийн газрын үед байгаагүй  олон мега төслийг хэрэгжүүлэхээр болсон зэргээс төсөв тэлсэн нь мэдээж. Тиймээс зарим гишүүн Засгийн газар төсвөө буцаан татаж, урсгал зардлаас 3.6 их наяд төгрөгийг танах шаардлага тавив.

Гэхдээ төсвийн хэлэлцүүлгийн төгсгөлд ингэж гэнэт утаа май тавих нь богинын зайн улс төрөөс өөр юу ч биш. Учир нь төсвийн хэлэлцүүлэг нарийн дэг, цаг хугацааны босготой. Яг долоо хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 15 гэхэд 2025 оны улсын төсвийг баталсан байх ёстой. Тэгэхээр Засгийн газар төсвийн төслөө буцааж татах хугацаа ч байхгүй болчихсон. Улсын төсвийг хугацаанд нь баталж чадахгүй бол УИХ тарна. Үүнийг бүгдээрээ мэдэж байгаа. Мэдэхийн дээдээр мэдэж байгаа учир ингэж олонд таалагдах акци хийж суугаа юм.

Хоёрт, Засгийн газраас оруулж ирсэн төсвийг шүүмжилж, төсвийн төслийг задалж, тойргийн хөрөнгө оруулалтыг тусга гэж шаардаж буй гишүүд тойрог усалж сурсан хуучин “бурхинууд” голдуу байгаа нь тэдний цаад зорилго нь юу вэ гэдгийг төвөггүй хэлээд өгнө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зориглож хийсэн тогтолцооны өөрчлөлт, улс төрийн реформын эхний үр дүн 2025 оны төсвийн жилд гарна. Татвар төлөгчдийн мөнгийг жалгын нэг тараадаг бүтээн байгуулалтын 500 төслийг 38 төсөл болгон багцалж, цэгцэлсэн зэргээс эхлээд эрс шинэчлэлүүд хуучин тогтолцооны ашиг шимийг хүртэж ирсэн нөхдөд таалагдахгүй байгаа аж.

Арга ч  үгүй биз. Төсвийг бүсчилсэн хөгжлийн бодлогод уялдуулаад ирэхээр тойрогт мөнгөн бороо орохоо болино. Гишүүд тийм шидтэй “бороо” оруулдаг тэнгэрийн хүмүүс биш гэдгээ ойлгож хөрсөн дээр бууна. Оюукийн хэлсэнчлэн УИХ-ын гишүүн гэдэг албан тушаал ямар ч ашиггүй болж хувирна. Ингэхийг хүсэхгүй байгаа хэсэг бүлэг гишүүн үхэхдээ үхэр буугаа тавина гэгч болж, үхрийн сүүлэн дээр хутга, засгийн бодлогод зангуу тавьж суугааг ойлгож ядах юмгүй.  

Парламентын шинэ гишүүд харин энэ тал дээр зөв байр суурь, хандлага, үзэл баримтлалтай байгаа ажээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Өмнө нь 76 тойрогтой байхад тухайн тойргоос сонгогдсон гишүүн нь улс төрд нөлөө өндөртэй байвал илүү төсөв авчихдаг байсан. Жишээ нь зарим аймаг улсын төсвийн 17 хувийг авч байхад зарим нь улсын төсвийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний төсөв авч байсан. Ийм гаж тогтолцоог халах шаардлагатай байгаа. Одоогийн бодит байдал дээр “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д нийцсэн зураг төсөл орж ирэхгүй байна гээд байгаа. Төсвийн шилжилтийн хугацаа энэ парламентын 4 жилд үргэлжлэх байх. Төсвийн төлөвлөлт, эрэмбийг хойш нь тавиад байвал “Мөрөөдлийн жагсаалт”-ууд ирж, тэр нь зарим сайд нарын “лобби”-д автан, илүү лоббитой нь урагшлаад, лобби муутай нь үлдэнэ гэсэн үг” хэмээсэн байна.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Засгийн газраас оруулж ирсэн 14 мега төслийг эхлүүлж, хийж байж цаашаа эдийн засаг төрөлжиж хөгжинө гэсэн санааг илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн О.Номинчимэг нэгэнт төсвийн бодлогын шинэчлэлийг эхлүүлж, хөгжлийн гол төслүүдээ урагшлуулах Засгийн газрын бодлогын шийдвэр гарчихсан байхад тойргийн эрх ашиг яригдах нь зохимжгүй гэдэг байр суурийг илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Парламент яах гэж 126 гишүүнтэй болсон юм. Юуны тулд сонгуулиа томсгосон тойргоор хийсэн юм. Олон удаа сонгогдсон “өлсгөлөнгүүдийг” тэжээх гэж бид тогтолцооны өөрчлөлтийг хийсэн юм уу. Тойргийн эрх ашгаа хамгаалдаг асуудлыг огт хүлээн зөвшөөрч болохгүй. Монгол төрийн ажил тоглоом биш шүү дээ. Засгийн газар бүсчилсэн хөгжлийн байдлаар гээд стратеги төлөвлөгөөгөө гаргаад, түүндээ зориулж төсвөө оруулаад ирсэн. Энэ жилийн төсвийн гол зорилго нь төсвийг тойргуудад жижиглэхээс илүү том асуудлаа нэг мөр шийдье гэж л энэ их зардлыг нэмж орж ирж байгаа шүү дээ. Гэтэл үүнийг задалъя гэдэг бүр “лобби” бүлэг үүсгэчихсэн МАН-ын хэдэн гишүүд яваад байна гэсэн. Тэднийг ичиж амьдар гэж хэлэх хэрэгтэй” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...