Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн С.Баатарсүхийг “Амралтын шуудан”-гийн зочноор урьж ярилцлаа. “Цэнхэр залаа”-гийн Баатарсүх хэмээн олонд нэрлэгдсэн энэ эрхэм гавьяатын тэмдгээр энгэрээ мялаагаад удаагүй байгаа. “Цэцгэн зүйрлэл”, “Нүдэн нуур”, “Дөрвөн улирал ба хоёр амраг”, “Халтар манан хөөрөг”, “Хүрээ байшин” гээд үе үеийнхний сэтгэлд хоногшсон сайхан дуунууд С.Баатарсүхийнх. Түүний нийтийн хүртээл болсон олон дуунаас гадна мэргэжлийн төвшний, томоохон хэмжээний бүтээлүүд нь үндэсний соёлын өв болж радио, телевизийн алтан фондод хадгалагдан буй юм.
-Юуны өмнө урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэнд тань баяр хүргэе?
-Баярлалаа. Энэ бол ард түмний хүсэл, сэтгэл шингэсэн сайхан шагнал. Ард түмнийхээ хүндлэл, төрийнхөө хайр хишгийг хүртсэндээ баяртай байна.
-Аливаа шанал тухайн хүний хувьд хийж бүтээснийг нь үнэлснээс гадна илүү ихийг хийгээрэй гэсэн итгэл, урмын ташуур болдог гэдэг. Тэр тусмаа уран бүтээлч хүн төр, түмнийхээ хайр хишгийг хүртэнэ гэдэг урам бадарч, онгод хөглөгдөж байгаа биз?
-Тэгж хэлж болно оо. Гэхдээ би боддог юм. Гавьяат гэдэг энэ цол хүндэтгэлийн дээр авьяас билэг гэж агуу чанар бий.
-“Цэнхэр залаа” гэдэг хөгжим таны овог болчихжээ. Энэ аялгуу их түүхтэй бүтсэн гэдэг байх аа?
-“Цэнхэр залаа”-гийн 40 жилийн ой ирэх жил болно. Энэ аялгууг би 1969 оны хавар бичсэн. Зүүдэндээ бичсэн аялгуу байгаа юм.
-Зүүдэндээ бичсэн аялгууг яаж цаасан дээр буулгасан бэ?
-Би тэгэхэд ноот огт мэддэггүй байсан. СУИС-ийн төгсөх курст байхдаа сургуулиа хаячихсан хүн шүү дээ, би. Зүүдэнд орж ирсэн аялгууг ноотлуулах гээд Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимиддорж багш дээр очсон. Би гитар дээр аялгуугаа дараад л, багш толгой сэгсрээд л ноотлоод байсан. Тэгэхээр нь би “Энэ ч авах аргагүй хачин юм болж байгаа бололтой” гэж бодоод л эмээж байлаа. Т.Чимиддорж багш аялгууг маань ноотлож дуусаад “Ийм юм байдаг аа” гээд толгой сэгсрээд байхаар нь бүр айсан. Гэтэл багш тэр дороо Ж.Бадраа багш руу утасдаад, “Энэ хүүхэд нэг ийм аялгуу хийчихэж. Аялгуу гэхэд ч хаашаа юм, юу гэмээр юм бэ дээ” гээд л ярьж байна. Ж.Бадраа багш тэр дороо ирж л аялгууг маань сонссон. Тэгээд маргааш нь ирээд “Цэнхэр залаа” гэж нэрлэе гэсэн. Би гайхаад юун “Цэнхэр залаа” билээ гэсэн чинь Ж.Бадраа багш, “Энэ чинь угтаа хөх Монгол гэсэн үг байгаа юм” гэсэн. Ингэж л “Цэнхэр залаа” аялгуу төрсөн түүхтэй. Анх “Баян Монгол” чуулга энэ аялгууг гитарын гоцлол болгон тоглосон. Тэр үед нийтийн дууг л их дахиулдаг байснаас дан хөгжмийг дахиулдаггүй байв. Гэтэл “Цэнхэр залаа”-г концерт дээр тоглоход доод тал нь гурав дахиулж байсан. Долоо хоногт гурван удаа тоглолт хийгээд дараагийн долоо хоногт тоглоход үзэгчид пиг дүүрэн, өмнө үзсэн хүмүүс дахиад л ирж үздэг байлаа.
-“Цэнхэр залаа” ятгын дөрвөлийн тоглосноор ард түмэнд илүү хүрсэн санагддаг?
-“Соёл-Эрдэнэ” хамтлаг байгуулагдсаны дараа ятгын дөрвөл энэ аялгууг тоглосон. Наранбаатар, Батсайхан, Эрдэнэхуяг энэ хэд бүгд Хөгжим бүжгийн сургууль төгссөн залуус ятгаа үүрээд л ирж байсан. Тэд Соёлын яамны сайдын тушаалаар “Соёл-Эрдэнэ”-д ирж энэ аялгууг тоглосон.
-Энэ аялгуу яаж яваад цаг агаарын мэдээний хөгжим болчихсон юм бэ?
-Тухайн үед Монгол телевизийн цаг агаарын мэдээг хөгжимтэй болгох гээд, олигтой хөгжим олдохгүй байсан юм билээ. Тэгээд “Цэнхэр залаа”-г гарангуут шууд авсан. Сүүлд цаг агаарын хөгжмийг сольё гэсэн чинь хөдөөгийн олон малчид захидал бичиж “Цэнхэр залаа”-г явуулж байгаач гэж хүссэн гэнэ лээ.
-“Цэнхэр залаа” таны анхны бүтээл үү?
-Тийм. Миний бүтээлүүд ер нь их онцлогтой. “Цэцгэн зүйрлэл” миний анхны дуу. Үүнээс гадна миний “Нүдэн нуур”, З.Хангалын “Аяны шувууд” гэсэн энэ гурван дуу бол анх удаа 8\1 ритмээр бичигдсэн дуунууд. Үүгээрээ Монголын дууны урлагт цоо шинэ ритм оруулж ирсэн. “Цэнхэр залаа” бол рок, поп хэлбэрээр бичигдсэн Монголын анхны дан хөгжмийн бүтээл. Нэгэн үе “Цэцгэн зүйрлэл”, “Нүдэн нуур” зэрэг дууг хүмүүс концерт дээр сонсоод л шууд цээжлээд дуулдаг байсан.
-Ноот мэддэггүй байхдаа анхны дан хөгжмийн зохиолоо бичсэн гэлээ. Ингэхэд та хаана хөгжмийн боловсрол эзэмшсэн бэ?
-1974 онд ЗХУ-ын Уралын консерваторид суралцахаар очсон. Гэхдээ их хөгтэй. Над шиг ноот мэддэггүй хүн Уралын консерваторид огт очиж байгаагүй. Би хойно очсон эхний хоёр жил Оросын хөгжмийн дунд сургуулийн дөрвөн жилийн программыг үзэж дуусгаад нэг жил хэлний бэлтгэл хийж байж жинхэнэ консерваторид орсон. Эхний гурван жилд суралцаад дипломын ажлаа хамгаалчихсан. Сүүлийн хоёр жил нь Оросоор сайхан тэнэсэн дээ. Тэгээд 1982 онд консерваторио ганцаараа алтан медальтай төгссөн. Намайг анх элсэхэд нэг их мундаг амьтад байсан оросууд төгсөхдөө хулхи нь буучихсан байсан. Свердловскийн театрт нэгдүгээр симфониороо дипломоо хамгаалж байлаа.
-Нот мэддэггүй байж яаж тэр том сургуульд элсэн хэрэг вэ. Шалгуур их өндөр байсан биз?
-Энэ бас л түүхтэй. Намайг Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимиддорж багш, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжав багш хоёр тэр үеийн ЗХУ-д сургуульд явуулна гээд. Би явахгүй гэж зүтгэж байсан ч тэр хоёрт аргагүй дийлдсэн. Хойно очоод шалгалт өгөх болсон чинь өөрийнхөө бүтээлүүдийг төгөлдөр хуур дээр тоглож чаддаггүй. Төгөлдөр хуур тоглох байтугай ноот ч мэдэхгүй амьтан очсон юм чинь. “Цэнхэр залаа”, “Долоон бурхан”, “Сансрын хүлэг”, “Нүдэн нуур” зэрэг аязуудаа хүнээр ноотлуулаад аваачсан байлаа. Төгөлдөр хуур дээр тоглож чадахгүй алдсан чинь шалгалт авч байсан олон эрдэмтэд элгээ хөштөл инээгээд, дэлхийн түүхэнд консерваторид орж байгаа хүн ийм байгаагүй гээд л. Дараа нь тэд миний аялгуунуудыг сонсоод их гайхсан. Тэгээд л тэнцсэн дээ. Консерваторид байхад миний “Цэнхэр залаа”-г их тавьдаг байсан.
-Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан хүн тэндээс хоосон ирээгүй биз дээ?
-Би 1980 онд Лениний мэндэлсний 110 жилийн ойгоор зохиогдсон ЗХУ-ын залуу хөгжмийн зохиолчдын конкурст түрүүлж байсан. Мөн тэр жилээ Москвагийн Олимпод зориулсан бүх Оросын хөгжмийн конкурст “Медведженок” бүтээлээрээ оролцож түрүүлсэн. Тэр үед манай хөгжмийн зохиолчид иймэрхүү гадаадын томоохон хөгжмийн наадам, конкурсээс шагнал аваагүй байсан. Сая Урлагийн гавьяат цол өгсөн нь миний энэ өчүүхэн зүтгэлийг үнэлснийх байх.
-Та “Баян Монгол”, “Соёл-Эрдэнэ” чуулгуудыг үүсгэн байгуулагчдын нэг. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцаач?
-Би 1969 онд “Баян Монгол” чуулгыг үүсгэн байгуулахад нэлээд идэвхтэй оролцсон хүмүүсийн нэг. Дараа нь 1970 онд “Соёл-Эрдэнэ” хамтлагт орсон. “Соёл-Эрдэнэ”-ийнхэн миний “Цэнхэр залаа”-г тоглодог байсан. 1972 онд Улсын филармони байгуулагдахад тэнд очсон. Улсын филармони симфони оркестр, “Баян Монгол”, “Соёл-Эрдэнэ” гэсэн бүтэцтэй байв. Урлагийн гавьяат зүтгэлтэн гэдэг цол хүртээхэд үүнийг маань ч үнэлсэн болов уу.
-Таны “Монголын нууц товчоо” дан хөгжмийн бүтээл мэргэжлийн түвшинд тун өндөр үнэлгээ аваад байгаа. Энэ хөгжмийг хэр удаан бичсэн бэ?
-30 минутад л бичсэн. Энэ бол ердөө есхөн минут үргэлжилдэг хөгжмийн зохиол. Ноднин жилийн 12 дугаар сарын эхээр тоглогдож, оны шилдэг симфониор шалгарч 3,5 сая төгрөгийн шагнал хүртсэн. Тиймээс сая шилдэг бүтээлийн тоглолтод орсон.
-“Монголын нууц товчоо”-г хөгжмийн хэлээр илэрхийлэхэд хэцүү байсан уу?
-“Монголын нууц товчоо”-г хэн зохиосон юм бүү мэд. Янз бүрээр ярьдаг. Ямар ч байсан энэ зохиолыг би анх хөгжмийн бүтээл болголоо. Миний бодлоор “Монголын нууц товчоо” бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурвыг харуулсан бүтээл. Монголчуудын үүсэл гарал нь өнгөрсөн цаг, Чингисийн байлдан дагуулалт нь одоо цаг, харин их хаан тэнгэрт халихын өмнө “Өмнө зүгт Тангуд улс буй гэдгийг өглөө бүхэн сануулж бай” хэмээн айлдсан нь үр хойчдоо, ирээдүй үедээ захисан гэрээс байсан. Энэ үүднээс л би симфонио бичсэн. Би аливаа хөгжмийн зохиолыг бичих гэж нэг их бодоод, сүйд болоод байдаггүй. Гэнэт л ороод ирдэг. Хөгжмийг хэт их бодож, техникжүүлж болохгүй. Аливаа уран бүтээлийг зохиодоггүй, төрүүлдэг. Гэтэл зарим хүмүүс зохиох гээд мужааны ажил хийгээд байгаа юм. Хүн бүр бурхнаас заяасан авьяас, мэдрэмжээрээ л туурвиж чадвал үнэхээр цагийг эзэлсэн бүтээл болно.
-Яруу найраг, уран зураг, хөгжим гурав салшгүй холбоотой. Өнөөдөр манай урлагт модернизм их нэвтэрч байна. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Модернизмын бүтээл хийхэд авьяас хэрэггүй. Зүгээр л мэргэжлийн боловсрол байхад л болно.Би модернизм гэж ярьдаг хүмүүсийг хараад инээд хүрдэг. Энэ бол ердөө л стиль, техник. Тухайлбал миний нэгдүгээр симфонид имперсионизм бий.
-Тэгвэл уламжлал шинэчлэлийн тухай юу хэлэх вэ?
-Уламжлал зайлшгүй байх ёстой. Намайг анх гитар барьсан хүүхэд байхад Ж.Бадраа багш их чиглүүлсэн. Тэрбээр, аливаа юм их учиртай. Үндэсний уламжлалаа хаяж болохгүй гэж их захьдаг байв. Тэр нөлөөгөөр би “Цэнхэр залаа”-г бичсэн. Одоо ч гэсэн би Хүрээ дуурь бичиж байгаа маань үүнтэй холбоотой. Би хэзээ ч монгол Шастакович, монгол Бетховен гэгдэхийг хүсдэггүй. Баатарсүх Баатарсүхээрээ л байх ёстой. Миний диплом хамгаалсан нэгдүгээр симфонийг хэнтэй ч адилгүй бүтээл боллоо, Азид симфони төрж байна гэж мэргэжлийн судлаачид үнэлсэнд их баялаж явдаг юм.
-Та яг одоо ямар бүтээл туурвиж байна вэ?
-“Цэнхэр залаа”-г маань ятгын концерт болгон шинэчилж байгаа. Олон хүн ийм санал тавьсан юм. Мөн “Хөх судар” симфони бичиж байгаа. Удахгүй “Монголын нууц товчоо” бүтээлээрээ нэрлэсэн тоглолтоо хийж ард түмэндээ уран бүтээлээ тайлагнах төлөвлөгөөтэй байна.
СЭТГҮҮЛЧ Г.СОНИНБАЯР
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонины амралт чөлөөт цагийн тусгай дугаар “Амралтын шуудан” сонин. 2009 он