Sunday, November 24, 2024

Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдлээ

Date:

2023 оны есдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ. Тус чуулганд Соёлын сайд Ч.Номин тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Буган чулуун хөшөө нь хүрлийн цаг үеийн Төв Азийн нүүдэлчдийн бүтээсэн соёлын орон зайг танин мэдэх, нүүдэлчдийн угсаа гарвал, нийгэм, аж ахуй, соёл, овог аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг олон талт ой санамжийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг түүх, соёл, урлаг, гоо зүй, танин мэдэхүйн асар их мэдээллийг агуулсан, нандин, дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв юм.

Тус өвийн соёлыг бүтээн туурвигчид түүхэн тодорхой цаг үеийг дангаараа эзэгнэж байсангүй, аж ахуй, соёлын хувьд харилцан адилгүй нүүдэлчин овог аймгуудтай зэрэгцэн оршиж, өөрийн соёлыг бусдад түгээж, бусдын соёлын ололтыг өөртөө шингээн хөгжүүлж байсныг судлаачид тэмдэглэсэн байдаг.

ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенц нь байгалийн болон соёлын өвийг хамгаалж, таниулан сурталчлах, хойч үедээ үлдээх зорилгоор 1972 онд батлагдсан байдаг. 2023 оны байдлаар тус конвенцод 192 улс нэгдэн орсон бөгөөд 167 улсын нийт 1157 байгалийн болон соёлын өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсний дотор 900 нь соёл, 218 нь байгалийн, 39 нь хосолмол өв байна.

Монгол Улс тус конвенцод 1990 онд нэгдэн орсноосоо хойш Дэлхийн өвийн жагсаалтад Увс нуурын ай сав газар (2003), Дагуурын ландшафт (2017), Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004), Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011), Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015) зэрэг 5 өвийн газрыг бүртгүүлээд байсан бол Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд өвийн газрыг ийнхүү бүртгүүлсэнээр нийт 6 байгаль, соёлын өвийг бүртгүүллээ.

1972 оны конвенцид заасны дагуу Дэлхийн өвд бүртгүүлэхийн тулд тухайн соёлын болон байгалийн өв нь дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнтэй байх ёстой бөгөөд түүнийг нотлох 10 шалгууруудаас нэг буюу түүнээс илүүг хангах зайлшгүй шаардлагатай. Үүнээс гадна тухайн өв нь “эрх төрх байдал” (Authenticity), бүрэн бүтэн байдал (Integrity) бүхий шинж чанарыг тус тус агуулах шаардлагатай байдаг.

“Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэхэд Соёлын яам, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Байгаль, соёлын өвийг хамгаалах сан ТББ, МУИС-ын археологи-антропологийн төв хамтран ажилласан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...