-Чингис хааны эш хөргийг Монгол даяар нэг өдөр, нэг цагт залъя-
Эхэнд өгүүлэх нь
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааныхаа эш хөргийг айл өрх, албан байгууллага бүр хүндэтгэн залах зарлиг буулгав. Энэ зарлигийн үзэл санаа бидний сэтгэлгээг шинэ өндөрлөгт уриалан дуудлаа. Эх түүхийн шарласан хуудаснаа өгүүлсэн нь,
- “Монголын нууц товчоо”-ны 62-р зүйлд Дэй сэцэн өгүүлрүүн “Энэ хөвгүүн чинь нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй хөвгүүн байна”
- “Монгол төрийн шийдвэр уул мэт бат бэх байх ёстой”. Их хаан Мөнх.
- “Тэнгэрийн зарлигаар бус бол хэн юуг яахин хийх билээ”. Их хаан Гүег.
- “Хиан овгийн эрдэм увдисыг ухан ойлговоос үүлэн арилж, наран мандах мэт сэтгэлийг уясуулнам буй заа”. Бат хаан.
Эрдэмтэн, мэргэд тэрлэсэн нь,
- Марко Поло. “Чингис хааны билиг ухаан хурц, үг хэл цэцэн мэргэн”
- Алаадин Ата Мэлик Жувейни. “Чингис хааны мэлмий нэн хурц”
- В.Б.Бартольд. “Чингис хаан өгөөмөр сэтгэлтэй”
- Ж.Саундерс. “Чингис хаан оюуны ер бус чадвартай. Аливааг өвөрмөц, гүн гүнзгий, язгуур чанараар нь ухаардаг”
- Лев Гумилев. “Дайснаа ч хүндэтгэн нөхөр болгож чаддаг. Өрөвч зөөлөн сэтгэлтэй. Эрдэм номыг эрхэмлэдэг”.
- Жек Уэтерфорд. “Чингис хаан мөнх оршихуйн талаар ихэд анхааран сонирхож байсан. Гэхдээ нэгэн биеийн мөнх амьдрах тухай асуудал биш. Харин хаант улсынх нь засаглал, өөрийнх нь үзэл санаа, удам угсаа мөнх орхихын тухай байсан юм”.
- Доктор Б.Даш-Ёндон. “Суут Богд Чингис хаан үр удам биднийгээ хожим унаж доройтвол өмгөөлж хамгаалах хүнийг бэлтгэж өгөөгүй одсон юм шүү. Чингис хаан үйл ажиллагаа, зан авираараа, ялалт ололтоороо дэлхий дахинд шинэ ёс зүй, шинэ гүн ухааныг бий болгосон юм”.
- Зохиолч Чинагийн Галсан. “Чингис хаан бол мөнх хүн юм. Энэ хүн тэвчээр, уужуу ухаанаараа түүхэнд үлдэж чадсан. Дайснаа нөхөр болгодог ухаан Чингис хаанаас л гарсан”.
- Академич Ш.Бира. “Чингис хаан өөрөө ч тэнгэрээс хайрласан ер бусын хувь заяандаа хатуу итгэсэн төдийгүй бусдыг ч түүндээ бишрүүлэн дагуулж чадсан үнэхээр гарамгай харизматик удирдагч байв”.
- Орчуулагч, түүхч Готовын Аким. “Монголын нууц товчоо” болон “Шашдирын чуулган” зэрэг олон түүхэн сурвалж бичгүүдэд өгүүлсэн Чингис хааны үйл ажиллагааг нягтлан судлахад “Хөрстөд ганцхан Чингис хаан Хөх Монголын өлзий учралыг бүтээжээ. Мятаршгүй зориг, нөхрөө хайрлах сэтгэл, хэлсэндээ хүрдэг үнэнч чанар, тус болсон хүний ачийг үл мартах хүний мөс, ард олны болон нөхдийн санааг сонсож өөрийн шийдвэрийг өөрчлөх зориг, урваж шарвахыг үл тэвчих ёс жудаг, өршөөн уучлах, шийтгэхийн учрыг олдог ухаан, ямагт эв эеийг сахих түүний үзэл санааг тодруулж гаргасан нь өнөөгийн бидэнд доктор Даваахүү гуайн онож хэлснээр “Чингис чанар”-ыг танин мэдэхэд ач холбогдолтой юм.
Нүдний гал, соронзон чанар
Ерөнхийлөгч зарлиг буулгасны дагуу айл бүхэнд, байгууллага бүрт морилон ирэх Чингис хааны эш хөргөөс бид юу унших вэ? Доктор Я.Ганбаатар “Их хааны харц үнэхээр жир биш, ямархан нэг ид шид, нууцхан увдис шингэсэн мэт харагдана. Тогтон харах тусам тэр харц далд гүн утга харуулах мэт, хүнд гүн бодолд автсан мэт, эс бөгөөс чимээгүйхэн ямархан нэгийг асуух мэт. Чингис хааны харц асар ихийг агуулнам, өгүүлнэм” гэжээ. Бид түүхч, зохиолч Я.Ганбаатарын биширч, догдолж өгүүлсэнчлэн Чингис хааны харц ихийг агуулж, өгүүлж буйг танин мэдэх учиртай. Бид “Монголын нууц товчоо”-нд Дэй сэцэн “Хөвгүүн чинь нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй” гэсэн агуу метафор учрыг тайлах учиртай. Галын тухай, хүн төрөлхтөн галыг олж, галыг дагаж, дагуулж ирсэн түүхийг их эрдэмтэн Ж.Ж.Фрейзер “Алтан гишүү” алдарт бүтээлдээ өгүүлсэн билээ. Монголчуудын түүх ч галтай гүнзгий холбоотой. Монголчууд оршихуйгаа галтай холбон ухаардаг. Гал голомт нь мөнх амьдрахын хүндэтгэл, бэлгэдэл юм. Монгол гэдэг үгийн язгуур утга нь мөнх гал хэмээн эрдэмтэн мэргэд судалж тогтоов. “Нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй” метаформ утгыг эрдэмтэн мэргэдийн онол, сургаалаас эрэх шаардлага гарав. Оросын их эрдэмтэн К.Э.Циолковский, Н.К.Рерих, В.И.Вернадский болон бусад эрдэмтэд “Гэрэл цацруулсан хүн төрөлхтөн”-ий тухай санаашран бичиж байв. Н.К.Рерих “Азийн зүрх” алдартай бүтээлийнхээ 16-р талд “Оюун санааны эрчим хүч байгаль ертөнц даяар ялангуяа хүмүүн нүгүүдэд төрөлхийн чанартай байдаг болохоор энд хийсвэрлэсэн утга огт байхгүй” гэжээ. Оюун санааны эрчим хүчний тухай агни ёогийн судрыг сөхвөл “Галаар дүүгэх оюун чи төөрөлдөлгүй, тэвчээртэй шатан харанхуйг нэвт сүлбэнэ” хэмээн оюуны галыг хамгаас дээгүүр үнэлжээ. Галын үйлчлэлийн хязгаар хаана орших вэ. Соронзон ба гал хоорондоо холбоотой биш гэж үү! Соронзонгийн мөн чанарыг юу тэтгэн тэжээдгийг өнөөг хүртэл эцэслэн нотлоогүй байна. Гагцхүү сэтгэхүйн энерги гадагшаа илрэхдээ нүд, нүдний харцаар дамждаг болохыг орчин үеийн хүн судлалын шинжлэх ухаан баталжээ.
Оросын эрдэмтэн Л.С.Выготский, Германы эрдэмтэн Йельс нарын олон мэргэд хүний тархины бүх нейроны 60-аас илүү хувь нь аль нэг байдлаар гаднын харагдах мэдээллийг харах, хүрэн хүртэх, өөрчлөн боловсруулахтай холбоотой байдаг гэж тогтоосон. Тухайлбал, нүд нь цахилгаан гэрлийн соронзон долгионы уртыг бус давтамжийг хуран хүртдэг. Өнгөний цацралт секундэд нүдний торны мэдрэмтгий альгени хэдэн удаа “сэгсэрдэг”-ээс хамаардаг. Харааны системийн хувьд хуран хүртэх хугацаа нь ердөө 175-225 м/с /нэг милли секунд 0.001 секунд байна/ мэдээлэл хүлээх хэмээн тодорхойлоод төв нэвтрүүлэх чадвар 5000000 биттэй тэнцдэг тэнцдэг хэмээн нэрт сэтгүүлч С.Лхагвасүрэнгийн ариутган шүүсэн “Хөх толбот монголчууд” номд өгүүлжээ.
Хүннүгийн нийгэм, хүндэтгэхүйн ёс суртал
Хүмүүний “нүдний гал” хэмээх онцгой чадварын тухай судалгаа үргэлжилсээр байна. Хөх толбот монголчуудын бие хийгээд оюун ухаан, сэтгэлийн нууц тайлагдсаар байна. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь, XXI зууны монголчууд бид их хааныхаа галтай харц, долгион цацраг илчээс ухаалаг үгнээс юу ухаарч болох вэ гэдэг асуултад хариулахыг оролдсу.
Нэгэн зүйл. Чингис хаан айлдруун, Хөвгүүн эцгийнхээ сургаалыг дуулдаггүй, дүү нь ахынхаа үгийг тоодоггүй, эр нь эхнэртээ итгэдэггүй, эхнэр нь эрийнхээ үгийг дагадаггүй, хадам нь бэрээ хайрладаггүй, бэр нь хадмаа ойшоодоггүй, том нь багаа хүмүүжүүлдэггүй, бага нь томынхоо сургамжийг хайхардаггүй, эзэн нь боолынхоо /харц ардынхаа/ сэтгэлд байдаггүй, баян нь эд хөрөнгө хураавч төр барьдаг дээдсээ хүчирхэгжүүлэн бататгахыг боддоггүй, ёс төр, засаг хууль, оюуны чадвар, мэдлэгийн хүчийг ойлгодог нь нэг болсны уршгаар тэр иргэний дотор дээрэмчин, тонуулчин, луйварчин таарч хүн ардыг хөөж тууж алан хядаж, талан тонож, адуу малыг нь ч үймүүлэн бужигнуулж, агт морьдыг арьс махтай нь хатаана гэжээ. “Шашдирын чуулган” II боть, 448-р тал.
Их хааны минь энэ айлдвар их төрийн доторх бага төрийг цэгцлэх ухааныг бидэнд сануулж буй. “Их Засаг” хуульд “Өрх гэр төрийн үндэс” гээд гэр бүл оршихуйн үндэс нь хүндэтгэл хэмээн дурдсан буй. Солонгосын түүхч Ким Жон Рэ Хүннү гүрний тухай “Шуурганаар төрөгсөд” бүтээлдээ Хүннүгийн нийгэм хүндэтгэл дээр оршдог, садарлах самуурах огт байгаагүй учраас Хүннү гүрний төр бат тогтвортой байсан гэжээ. Монголчуудын ахас ихэсээ хүндэтгэх ёс нь хэдэн мянганы түүхтэй гэжээ. Хүмүүн төрөлхтөний хүндлэн хайрлахын язгуур чанарыг танья гэвэл эртний судруудын алтан хуудсыг сөхөн үзэлтэй билээ. “Бхигвад-Гита” сударт хүний мөн чанарыг гурван түвшинд хуваасан буй. Энэ нь ачлал, шунал, мунхаг. Ачлал нь, сахил сахих, энэрэнгүй, эвсэг, сайхан сэтгэл. Шунал нь, их зан, харамлан бодох, эрх тушаалд дурлах, хүндэтгэл наманчлалд хэт шунах, юм бүхнээс хувийн ашиг олох эрмэлзэл. Мунхаглал нь үзэшгүй муухай зан төрх, залхуурал, биеийн болон ёс суртахууныг бузарлаж, бусдын тав алдуулах дур хүслийг нэрлэн тодорхойлжээ.
Энэ загваруудыг үзээд монгол ардын сурган хүмүүжүүлэх ухааны үүдийг нээхүй дор, эцэг хүний таван эрдэм, монгол бүсгүйн шинж, эхнэр хүний найман хориг, сайн бэр, муу бэрийн шинж, эр хүний есөн эрдэм, эрхэм сайн охины шинж, эрхэм сайн хөвгүүний шинж, түшмэл хүний есөн эрдэм, хатан хүний 15 эрдэм, хаан хүний 35 эрдэм хэмээн орчин үед ойлголтоор бол хүмүүжил, төлөвшлийн стандартыг тогтоогоод залуу үеэ хүмүүжүүлж ирсэн мэргэн ухаалаг ард түмэн билээ.
Аху төр, алтан гэрээс
Өнөөгийн хүмүүний ертөнц ойлгож ухаарахад төвөгтэй болов. Ирээдүй судлаач К.Лоренц “Хүн төрөлхтнийг нөмөрсөн арван хар аюул” бүтээлдээ энэ үеийн хүмүүс өөрөөсөө, аав ээж нь үр хүүхдээсээ хүнийсэн хөндийрч байна. Энэ аюул нь хүн хүндээ анхааралтай, хүндэтгэлтэй хандах хүмүүнлэг чанарт цэг хатгаж байна гэжээ. Хэдэн жилийн өмнө Б.Баттогтохын орчуулж хэвлүүлсэн, зохиогч тодорхойгүй “Орос төсөл” дөрвөн боть бүтээлд мэдээллийн чөлөөт урсгал нь хүн төрөлхтөнийг нийгэмшсэн амьтан болгож байна гэж бичжээ. Ийм нөхцөлд бид Монголын хүүхэд залуучууд болон монгол хүний тухай, монгол гэр бүлийн мандал бадралын тухай нухацтай хэлэлцэх цаг нь болжээ. Их хааныхаа харцнаас бие засахуй, гэр засахуйн тухай сургаал, айлдварыг нь судалж хэрэгжүүлье.
Нэгэн зүйл. Чингис хаан айлдруун. Мөнх тэнгэрийн хүчин дор миний билиг оюунаа шижир мэт тунгаан тунгааж, тэр бүхний учир утгыг олж сэнхэрсний ачаар өдгөө болтол хөл хөсөр, гар газар сууж, магнай тэнүүн баярлан жаргаж, найр хуримыг зохион цэнгэж амуй хэмээн таван зуун жил, мянган он түмэн оныг хүртэл намайг залгамжлах миний хойч удам төрөн гараад хаан төрийг барихдаа яаж том болох нь хамаагүй. Гагцхүү Чингисийн төр ёс /yosun/ засаг хууль /yasag/ үл өөрчилж, хадгалж, баримтлах аваас мөнх тэнгэр хишгээ хүртээн тэд маань өнө мөнхөд гэр хотлоороо энх амар, төрөл саднаараа түвшин жаргалтай байх болмуй за. Рашид Аддин “Шашдирын чуулган” 448-р тал.
Чингис хааны их төр өнөөдөр ч гэсэн энх түвшин оршиж, олон зууныг туулах жамтай бүлгээ. Чингис хаан айлдвар сургаал, үйл хэргээрээ төр оршихуй их ухааныг монголчууд болоод хүн төрөлхтөнд үлдээсэн юм. Чингис хааны айлдвар сургаалд аху төр, алтан төр, хас төр, бүтэн төр, төрийн алтан аргамжаа хэмээн олон үнэт ойлголт буй. Чингис хаан айлдруун. Хас төрийн дээд эрдэнэ хэн хэмээвээс,
Чин шударга
Чигч журамт
Эрдэм дэлгэр
Билиг хурц
Зориг чанга
Зүтгэл үлэмж
Зөв санаат
Зорьсноо бүтээгч
Төрд үнэнч
Тэр болой хэмээжээ.
Ийм шалгуураар шалгарч, их төрд зүтгэгчид эзэн хааныхаа алтан гэрээсийг биелүүлж байжээ. Алтан гэрээс нь,
Зовж байгуулсан төрийг минь
Зонхилон үүдсэн үйлсийг минь
Амь лугаа адил сахигтун
Ам тангаргаа ашид батлагтун хэмээн айлдан “Буй биеэ гадсан болгож төрийг бэхэлсү” гэж учирлажээ. Их хааны төр олон зууныг туулахдаа байгаль болон хүмүүний шалгарлыг давж тэсэж үлдэж өнөөг хүрэхдээ ухаан сэтгэл, зориг хатуужлын ган хадаасаар төрөө бэхэлж, өнөө үед авчирсан гавьяаны өмнө бид мэхийн ёслох учиртай. Ардчилал, эрх чөлөөний наран гийсэн XXI зууны геополитикийн болон багагүй адармаатай ертөнцөд их хааныхаа зовж байгуулсан төрийг хэрхэн, яаж авч явахыг бидэнд сануулан байна.
Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод, монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг, тогтвортой засаглал тогтоож, захиргааны оновчтой бүтэц зохион байгуулалт бүхий төрийн алба төлөвшүүлэн, цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжин, төр хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа бүх хүрээнд өргөжиж, хүний эрхийг бүрэн хангасан шударга ёсны тогтолцоог бүрэн төлөвшүүлж, авлигагүй улс болно хэмээжээ. Энэ өргөн агуулгатай зорилгыг хэрэгжүүлэхэд өнөө маргааш юу хийх вэ.
Санал болгох нь,
-Бүх шатны төрийн ажилтан бэлтгэх тогтолцоо бий болгох. Төрийн, хувийн их, дээд сургуулиудад төрийн ажилтны анги нээх хөтөлбөрийг шинжлэх ухаан, боловсролын төв байгууллага боловсруулах,
-Ирээдүй судлал, дэлхийн төрийн удирдагчдын түүх, суут удирдагчдын туршлага, сургаал, Монголын хаад, монголчуудын төр удирдахуйн түүх замнал, либераль арт зэргийг таниулж, дэлхийн хэмжээнд сэтгэж, Монголын хүрээнд ажилладаг байя. Даргаас Ерөнхийлөгч хүртэл төгс төгөлдөр үлэмж чанартай удирдагчийг бэлтгэхийг Монголын өнөөдөр, маргааш хүсэн хүлээж байна.
Хүн төрөлхтний шинэ дэг журам
Нэгэн зүйл, Чингис хаан айлдруун. “Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино”. Аливаа үндэстэн оршин амьдрах цаг хугацаандаа өөрийн үндэстний өмнө хариуцлага хүлээхээс гадна хүн төрөлхтний өмнө үүрэг хүлээх ёстойг онцлоод монголчууд шиг хүн төрөлхтөнд хөгжил авчирсан үндэстэн байхгүй. Монголчуудын хөл нь хүрч оюун санааны хүч хүрсэн газар шинэ дэг журам тогтоон тухайн газар оронд хаана ч байгаагүй бүтээн байгуулалт өрнөдөг тухай Энэтхэгийн их удирдагч Ж.Неру хэлсэн байдаг. Япон, Солонгосын эрдэмтэд Хүннүгийн даяаршил тухайн үед дэг журмыг өөрчилж, өнөөгийн дэлхий дахин Их Монгол улсын мандал бадралын үед “Pax Mongolica” буюу Ази-Европт шинэ дэг журам тогтоон, дэлхийг нээлттэй болгосныг хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр хүн төрөлхтний хөгжил дэвшил, ирээдүйд шинэ дэг журам хэрэгтэй болов. 2000 оны эхэнд Солонгосын Сөүл хотноо хуралдсан Дэлхийн философиийн 22-р чуулганаар орчин үеийн америк даяаршил бол хүн төрөлхтнийг боолчлох шинэ хэлбэр мөн гэсэн дүгнэлт хийснээс үзэхэд хүн төрөлхтнийг аврах шинэ философи, шинэ дэг журам хэрэгтэй болжээ. Бид хүн төрөлхтөнд хайрлаж хүндэтгэхээр үнэт зүйл бүтээе гэвэл эзэн хааныхаа галтай нүд, гэрэлт царайнаас эхлээд монгол удмынхаа оюун санаанаас түүнийг эрж олох хэрэгтэй болов. Чингис хаан зарлиг болруун,
Даян дэлхийг төвшитгөн зассугай гэхүл
Даяар олон иргэнийг хураан эелүүлэгтүн
Дэлхийн хүмүүн олныг эелүүлье гэхүл
Далай их сэтгэл итгэлийг ологтун
Эгэл иргэн олны сэтгэл итгэлийг олвоос
Энэхэн дэлхий даяараа энхжин болмуй.
Бид Чингис хааныхаа сургаалыг хүн төрөлтхтөнд ойлгуулахын тулд, хүн төрөлхтөн эе эвдэрч дайсагналцахаас татгалзах, эрүүл саруул ухаанаар хэлэлцэн дэлхий даяар энх амгалангийн засаглал тогтоох, улс орон бүр ард түмнээ тэгш сайхан амьдруулах арга замыг түгээн дэлгэрүүлэх учиртай.
Кембрижийн их сургуулийн судалгааны төслийн удирдагч Гедленсирийн санал болгосноор сайн засаглалыг төлөвшүүлэн хөгжлийн зөв замыг олж замнах чухал. Манай улсын хөгжлийн зөв зам бол Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан “Хүмүүлэг, иргэний, ардчилсан нийгэм” болно.
Ромын клубын ерөнхийлөгч А.Пецчей хүн төрөлхтний ирээдүйн нийгэм хүмүүнлэгийн нийгэм байх болно. Шинэ хүмүүнлэг үзлийг хүн төрөлхтнийг авран хамгаалах үзэл болгох ёстой гэж хэлснийг бид биелүүлэх, дэлхий дахинд ойлгуулах түүхэн үүрэгтэй. Бид Мөнх тэнгэрийн хүчин дор Аугаа их суу залийн ивээл дор үүнийг хийх учиртай, тэнгэрийн зарлигтайг өчсү.
Их хааныхаа галтай нүд, гэрэлтэй царайтай эш хөргийн дор санал болгох нь:
- Чингис хааны эш хөргийг залах их үйлсийг зурхайч мэргэдээр зуруулж, Монгол орон даяар нэг өдөр нэг цаг мөчид зохион байгуулах,
- Чингис хааны билэг сургаалыг хойч үедээ таниулах, ойлгуулах итгэл үнэмшил болгох арга зүйг боловсруулан 2023 оноос хэрэгжүүлэх,
- Монголын алтан ургийн хаадын удирдахуйн ухааны өв соёлыг их, дээд сургуулиудад заах, төрийн ажилтныг шалгаруулах гол үзүүлэлт болгох, Монголын хаадын удирдахуйн ухаан судлал туурвилаар гадаад, дотоодод эрдэмтийн бүтээлийг ботилж хэвлүүлэх,
- “Pax Mongolica” буюу даян дэлхийн энх амгалангийн үзэл санааг нарийвчлан судалж, дэлхийн гол таван хэлээр хэвлүүлэх,
- 2026 онд болох Их Монгол Улсаа байгуулсны түүхэн ойгоор “Pax Mongolica-21” дэлхийн их чуулганыг зохион байгуулж, хүн төрөлхтөний хөгжлийн шинэ дэг журмыг тодорхойлох.
Хэдэн жилийн өмнө Улаанбаатар хотноо болж өнгөрсөн АСЕМ дэлхийд шинэ дэг журам тогтоож магадгүй гэсэн их хүлээлт байсан хэмээн Оросын судлаач Леонид Крутаков ярилцлагадаа тэмдэглэж байсныг сануулахад илүүдэх юун. Монголын нэрт судлаач Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Эрдэнэ “Pax Mongolica үндэсний даяар төсөл, монгол гарц, дэлхийн аврал” бүтээл гаргаад удлаа. Энэ бүтээлд дэвшүүлсэн үзэл санааг хэрэгжүүлэхийг цаг үе хүсэн шаардаж байна. Америкийн эрдэмтэн Ричард Кортич “Хүн төрөлхтөнд хөгжлийн шинэ философи юу юунаас илүү чухал болсон” гэж удаа дараа хэлж бичсээр байна. Монголын нэрт эрдэмтэн доктор Г.Эрдэнэжав биосфер, атмосфер, геосферийг шүтэлцүүлэн, хүн төрөлхтөнд хэрэг болох үзэл гаргаж болох тухай олон улсын хуралд илтгэл тавьж, олон мэргэдийн анхаарлыг татаж байсан билээ. Монголын эрдэмтэд хамтарч биосфер, гидросфер, атмосфер, психосфер, геосфер, космосфер, техносфер зэрэг 10 сфер буюу мандал хүрээг шүтэн барилдуулж, ирээдүйн он жилүүдэд хүн төрөлхтөнд тохиолдож болох аюулаас хамгаалах шинэ онол боловсруулж болно гэж үзэж буй. Энд дорнын гүн ухааны зохирол, өрнийн гүн ухааны найрсал тус болно.
Их хааныхаа галтай харц, гэрэлт царайнаас их ухаарал сэхээрэл авч, эвлэлдэн нэгдэж, ирээдүйгээ бүтээн байгуулцгаая. Аливаа улс гүрэн хөгжихийн тулд цаг алдалгүй хийх нэн тэргүүний ажил, их үйлс байдаг. Монголчуудын хувьд тэр нь юу вэ гэвэл Монгол удмын их хаан Доголон Төмөрийн бунхны ханан дээрх бичээс юм. Энэ бичээсийг Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Шударга байхдаа хүчтэй гэсэн үг юм. Бид эвтэй байхдаа хүчтэй гэж ярьж бичдэг шүү дээ” гэж “Соён гэгээрүүлэгч” телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн юм. Энэ түүхэн баримтыг эргэцүүлж бодвол шударга байдал, шударга ёс л эв нэгдэл, хүчирхэг байдлыг төрүүлнэ. Энэ хүч нь хүнд сорилтыг даван туулах тэсэж үлдэх чадварыг өгнө. Шударга ёс тогтсон нийгэмд бусдыг хүндэтгэх хийгээд эрх чөлөөний тухай ярих боломжтой гэж ирээдүй судлаач А.Печчер хэлсэн буй. Монгол ардын “Эрхэм төр” уртын дуунд
Эрхэм төр энхжээд
Эрх чөлөө нь тунгалаг
Энгийн олон нөхөдтэйгөө
Эгүүрд хамтаар цэнгэн жаргана зээ… хэмээн өгүүлдэгчлэн эрхэм төрийн буулга дор тунгалаг гэгээн ёс суртахуун, үзэл баримтлалтай болж төлөвших учиртай. Монгол үндэстэн, монгол төрийн сүлд биднээс их өөрчлөлтийг хүсэн, хүлээж байна. Үүнд үндэсний үзэл, бахархал, үндэсний мөрөөдөл, зөн билэг, сэтгэлгээ бидэнд тус болно. Болгоон соёрхогтун.
Ломбын Нямаа