Saturday, November 23, 2024

Түдэв гуайн 7 үг ба Төрийн тэргүүний 10 санаачилга

Date:

Эрдэмтэн, зохиолч Лодонгийн Түдэв гуай хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар санаа зовниж “Үнэн”, “Дал” сонинуудад асуудал дэвшүүлсэн олон эсээ, нийтлэл бичиж байсан юм. Тухайлбал, “Дал” сонинд “Хүнсээр эзлэх бодлого” нийтлэл, “Үнэн” сонины 2007 оны хоёрдугаар сарын 21-ний дугаарт “Доктор Түдэвийн 7 үг” буландаа “Ходоодонд хоргодсон хор” хэмээн бичиж байв.  

Уг бичвэртээ “Хүйс тэмтрэх” бодлогын шинэ хувилбар мэт аюул өнөө үед бид бүхний өөрсдийн мулгуу байдлаас болж ахин сэргэх ёр нүүрлэж эхэлсэн нь мөн л цаад утгаараа “хүйс тэмтрэгдэж” буйгаас ялгаа алга. “Гэдэс тэмтрэх” болжээ гэлтэй. Энэ үед “хүн дутсанаас хүнс дут” гэдэг өвгөдийн бодлогыг сэргээн тавьж, үндэснийхээ аюулгүй байдлыг хамгаалах нь чухал боллоо хэмээн үнэний үзгээр аюулын харанга дэлдсэн юм. Мөн “Хүнс нь хүнээ “идэж” нэг л мэдэхэд үндэсний аюулгүй байдал дэнжигнэх нь ээ. Арван хэдэн жилийн тэртээ /1995/ “Хүнсний тухай хууль” гаргаад түүнээ 1999 онд шинэчлэн найруулсан ч гэсэн хууль цаасан дээр, хоол ходоодонд хоржигносоор байна хэмээн Л.Түдэв гуай бичсэн.

Их хүмүүний 15 жилийн өмнө сануулж сэнхрүүлж, анхааруулга дохио болгож бичсэн хүнсний хангамж, аюулгүй байдал өнөөдөр эмзэг, ноцтой хэвээр. Тиймээс өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн УИХ-ын нэгдсэн чуулган дээр хийсэн мэдээлэл олны анхаарлыг татлаа. Монгол хүн, монгол хүний эрүүл мэнд бүхнээс үнэ цэнтэй. Харамсалтай нь энэ үнэт зүйлээ бид үнэ цэнгүйдүүлж, үй түмэн эрсдэл, золиос руу түлхэж байгаагийн хамгийн ноцтой нь хүнсний хангамж, аюулгүй байдал. Тиймээс Төрийн тэргүүн энэ асуудалд онцгойлон анхаарал тавьж байгаа аж. УИХ-ын чуулган дээр хэлсэн үгэндээ тэрбээр “Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байж ирсэн, цаашид ч байх учиртай. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нь монгол хүн бүрийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Хүнээ хамгаалъя, хүнээ хөгжүүлье гэвэл хүнсээ сайжруулах ёстой” хэмээн онцолжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс орны нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь реформын хүрээнд “100 жил-10 зорилт” хөгжлийн санаачилга дэвшүүлсэн. Уг 10 зорилтын нэг нь “Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох” юм. Тиймээс Ерөнхийлөгч дээрх зорилтод хууль тогтоогчдын анхаарлыг хандуулж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга дэвшүүлж байгаагаа зарлаж, тогтоолын төсөл өргөн барилаа. Энэ хүрээнд 10 суурь шинэчлэлийг хийхэд анхаарах шаардлагатай байгааг мөн онцлов. Энэ шинэчлэлүүдийг амжилттай хэрэгжүүлснээр иргэдээ хүнсээр бүрэн хангаж, цаашлаад хүнс экспортлогч орон болох төдийгүй олон мянган ажлын байр шинээр бий болж, иргэдийн амьжиргааг дэмжих боломж бүрдэнэ гэж үзжээ.

Ирэх таван жилд гол  нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнсний хувьсгал хийцгээе хэмээн Төрийн тэргүүн уриалав. Мах, гурил, төмс гэсэн гуравхан төрлийн бүтээгдэхүүнээр л дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, бусад хүнснийхээ 33-100 хувийг, тухайлбал хүнсний давсаа хүртэл 100 хувь гадаадаас авч байгаа өнөөгийн нөхцөлд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөс дутахгүй ач холбогдолтой. Угаасаа Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Эрүүл монгол хүн” хөтөлбөрүүд нягт уялдаатай хэрэгжих юм билээ.

“Хүнсний бүтээгдэхүүнийхээ гучаас дээш хувийг гадаадаас авдаг орныг бусдаас хараат улс гэж үздэг дэлхийн жишгээр яривал түүнийг нэг дахин нугалсан хэмжээнд бусдын хараат болчихсон нь падгүй гэж үзлээ ч гаднаас алга хавсран, аяга тосч авчирсан хүнсэн дотор юу байгааг хил, гааль дээр төвөггүйхэн мэдчихдэг, өндөр мэргэжлийн албатай болж орчин үеийн тоног төхөөрөмж, лаборатори байгуулж аваагүй нөхцөлд зөвхөн бусдын хараат төдийгүй бусдын “хараалт” хүнсээр иргэд, тэдгээрийн дотор хүүхэд нялхсаа ирээдvйн сул биетэн, хорт хавдар, үргүйдэл, удмын гарвал гажсан хүмүүс болгох бэлтгэлийг “хангаж” байгаад хэргийн гол нь нуугджээ” хэмээн Л.Түдэв гуай “Долоон үг”-дээ халаглан бичсэн.

Тиймээс “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн бол Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр дэмжиж, хамтран ажиллах ёстой санаачилга, үйл ажиллагаа юм. Энэ нь эх орондоо үйлдвэрлэсэн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхаас л эхэлнэ. Уул уурхайн баялгаас гадна, өсөн үржиж, урган арвиждаг хөдөө аж ахуйн баялгаараа дэлхийн зах зээл рүү гарч, өөрсдөө үйлдвэрлэж, эх орныхоо ариун дагшин хөрсөнд ургасан экологийн цэвэр хүнсээр хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ хүнс экспортлогч орон болох хатуу зорилго тавьж ажиллахыг Төрийн тэргүүн мөн уриаллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...