Sunday, November 24, 2024

Дэлхийн тунгалгийг таньсан илт гайхамшиг

Date:

ШҮЛЭГ УРАН ЗОХИОЛЫН ДООРД ШАТ УУ

Ийм нэртэй шүүмжийг 1936 онд Чимиддоржийн Дашням бичиж байлаа. Яасан гэхээр Ц.Цэдэнжав залуу авьяастнуудад зөвлөмж айлтгахдаа шүлгийг нийтээр зохиоход амархан, энэ нь болбоос урлаг, уран зохиолын доорд шат гэж бичсэнд нь хариу барьж, энэ бол айхавтар гэнэн бодлого, ташаарал мөн болохыг нь илчилсэн түүхтэй. Даруй нэгэнзуугаад оны тэртээ гарсан энэ шүүмж, түүний хариу сэлтэд гарч буй агуулга, ойлголтыг яг өнөөдөр татаж авчран ярьж хөөрөх шалтаг гараад байна цаана чинь.

Нэгэн үе шүлэг үнэхээр уран зохиолын “доорд” шат болох шахсан, болсон мэт харагдаж байсныг хэлэх юун. Ерэн оноос өмнө “дээрд” шатанд заларч явсан шүлэг маань капитализмын гарт тун ч өршөөлгүй өртөж, хэнд, юунд, ямар хэрэгтэйгээ байцаалган буланд шахуулж, нүдээ бүлтийлгэн хэл нь ээдэрч явсан үе бий бий. Тэгж яривал шүлэг байтугай уран зохиол, урлаг өөрөө нийгмийн хамгийн доорд шатанд гэлдэрч явсан юм чинь. Энд мэдээж олон шалтаг, шалтгааныг гадгаад хүчин зүйлээс эрж, буруутныг хайдаг ч, шүлгийг үйлдэгчид өөрсдөө санамсартай болон санамсар үгүйгээр “доорд” шатанд очиход гар бие оролцсоныг хүлээх учиртай. Нийгмийн ядуу сэтгэхүйд дөрлүүлэн “шүлгийг” лангуун дээр уралдан өрж, тэр хэрээр “шүлэгчидтэйгээ” цуг яаж доошоо орж байсныг хараад л сууцгааж байлаа. Амь зуух бурхан болохоос хэцүү гэлээ гэгчээр капитализм өөрөө лангууг гудамжны болон оюуны гээд зааглаад өгчихсөнд нь талархах ёстой л доо. Аль алинд өөр өөрийн зам мөр, жам хууль, зорилго бийг ч хүлээн зөвшөөрсөн нь ерөөсөө зөв. Ингэж ялгарч байгааг харуулах бас нэг жишээ бэлээхэн гараад ирлээ цаана чинь.

Яруу найргийн зохиолыг ч биш ерөөсөө уран зохиол, урлагийн алив контентыг харж, сонсож, уншиж, барьж, тэмтэрч, мэдрэх гэж нэг ойлголт байна аа. Харин мэдэрч чадсан тохиолдолд та түүний “амт”-ыг хүртэнэ. Хэрэв таны мэдрэхүйн “эрхтэн”-д таашаагдвал бүр шунана. Халуурна. Согтоно. Аристотель өвөө энэ үйл явцыг “катарсис”-т автах гэсэн маягаар тодорхойлсон. Өнөө үед таны “эрхтэн”-д хүргэх арга хэлбэр нэн өргөн болжээ. Яруу найргийг уншиж бас сонсож, тэр ч бүү хэл харж хүртэж болно гэнэ. Өндөр түвшинд ингэж хүртээх нь өөрөө яруу найрагт хүндэтгэлтэй хандах, “доорд” шатанд очоогүйг нь илтгэх бас нэгэн хэлбэражгуу. Гадна талд уран зохиолын үйл ажиллагаанд даруухан, цомхон хүрээнд явагддаг иймэрхүү ажлуудыг яруу найргийн “уншлага” гээд хэвшчихсэн нь үүнтэй холбоотой. Социализмын жилүүдэд болж агсан “Уран үгсийн чуулган” уг нь ийм зорилготой байсан.Сүүлхэнд “Хулангийн үдэш” болж байв даа. Залуусын санаачлаад буй “Poetry night”цуврал одоо ерээд оноор аялуулах гэж байна. Эд явж явж яруу найраг “доорд” шат биш ээ гэдгийг цаагуураа яриад яваа соён гэгээрүүлэл, үлгэрлэл, уриалал юм л даа. Сайн хэрэг.Ийм хандлага, ойлголт нэгэн үе тайзны уралдааны туйлшралтай холилдож, яруу найргийн үнэлгээг “доорд” шатанд аваачилцсаны гол буруутны оройд бас л яруу найрагчид өөрсдөө цохиж явав. Үүнээс л ангижрах гээд байна аа даа. Эхлээд шүлэг гээч зүйлээ болгоох, ойлгох, ухаарах ингэж чадаж гэмээ нь түүнд хүндэтгэлтэй хандах бололцоотой. “Шүлэг” бичигчийн хувьд өөрийгөө хүндэтгэх гэж юм эндээс л үүднэ. Ийм ийм хүрээнд холбогдох яруу найргийн нэгэн “уншлага” явагдах нь ээ цаана чинь. Эдгээр учир утгад нийлэх хоёр ном гараад ирж ээ цаана чинь.

Юу болох гээд байна вэ гэж үү.

ДЭЛХИЙН ТУНГАЛАГ

… Баагиулахдаа урсан сонины хэлтэрхий шиг үүлтэй ч

Багтахаан байгаад халисан дусалхан нулимс шиг бороотой ч

Хэрэлдчихсэн юм шиг хэсэг бүлэг зэгстэй ч

Хэлэлцчихсэн юм шиг хэдэн зуун шувуудтай ч…

Баллуурдаж орхимоор зураг

Базаад хаячихмаар цаас… тэр өглөөнөөс хойш

… Ээ намрын гүн рүү алсрах шувуудын тоглох пянзыг ээ. /Энэлэнт намрын зураг/

Дөрвөн цаг, улирал, байгаль, тэр тусмаа намрын дүрслэл хамгийн өргөн сэдэв болдог манай яруу найргийн орон зайд намрын тухай ингэж бичиж, ийнхүү зурагласныг төдийлөн хараагүй юм байна.Намрын дүрслэлийн тухай Ванчинбалын хүүд нарын сонгодог мөрүүд, Нацагдоржийн үеийнхний уран үгс, Явуугийн “Нүүдэлчний намар” тэргүүт, Нямсүрэнгийн өвсний толгойд ассан намар, Бавуу, Галсангийн сэтгэлгээний үргэлжлэл гээд олон зүйл ярьж болно. Зүгээр л энэ хэдэн мөрийн сүүлийн үгс дээр анхаарлаа төвлөрүүлэх гээд үзье. Үүлтэй ч, бороотой ч, зэгстэй ч, шувуудтай ч…зураг, цаас, пянзыг ээ…Бидний сонгодог гээд байдаг намар биш гэж үү. Харин сэтгэлгээний тогтсон хэв шинж гэж болох намрын эдгээр ухагдахууныг зүйрлэлийн сонирхолтой, өвөрмөц хэлбэрээр илтгэсэн, тэр бүхнээ үргэлжлүүлэн ургуулсан, цааш харж дэлгэсэн тэр газарт ялгарах онцлог нь яригдах ёстой.Нэг талаас уран сайхны үзэгдлийн уламжлалыг хөгжүүлсэн, зүгээр ч нэг биш тодорхой хэлбэрээр баяжуулж, өнгө хөг нэмж чадсан гэж хэлэх гээд байна.Ийм онцгой зүйрлэл, өвөрмөц зураглалыг та эндээс хүртэнэ ээ, хэрэв анзаарвал.

            … Аянгат сум тэнгэр нумнаас алдуурч өнөөх цагийг бут ниргээд

            Алхам тутамд жижгэрсээр байгаа хүн чанар шиг минь хэлтэрхийг нь

            Аварга том байшингийн доторх жижигхэн өрөөнд минь өлгөхдөө

            Алга болж байгаа төрөл зүйл бол хүн шиг “хүн” гэдгийг… /Суурин иргэншлийн цаг/

            … Сониуч гөлөгний хуцалтыг агуу авьяас хэмээн

Түүнд яс шидэн өгч

Сонгодог өвгөн шүлэгчийг зөнөсөн банхар хэмээн

Түүнийг чулуугаар шидэлнэ… /Заль/

Тал, хээрийн аглагт дураараа гандах өвсний үхэл

Тагтан дээрх ваартай цэцгийн эрх чөлөө юм

Тасарч унасан ганц дэлбээнийх нь хээ

Тархины чинь хэлбэршил юм гэж

Олон зууны тэндээс дээд төрөл минь надад шивнэснийг

Одоо би энэ цэцэгчин охинд яаж тайлбарлах вэ… /Сэтгэлгээний гунигшил/

Ерөөсөө энэ шүлгийн, энэ номын, энэ зохиолчийн үзэл санаа, итгэл үнэмшил, дуу хоолойг эндээс чагнаж болно. Та бид ер нь хэн бэ, хэн байсан бэ, хэн болоод байна вэ, хаашаа зүтгээд байна вэ, юунд тулж очих вэ гэдгийг дахин нэгэнтээ тунгаан эргэцүүлж,эрихлэн бясалгахыг хэрхэн ойлгуулах юм бол оо.Монгол гэдэг их түүхтэй багахан угсаатан үндэстэн, улс гэр гэгч маань юу болж хаашаа одож явааг мөн нэг удаа ухаж сэхээрэн, бодож болгоохыг нээрээ яаж тайлбарлах вэ. Энэ бол хаа сайгүй хавчуулж, амны зоргоор үсчүүлж байдаг шүлс биш, харин үүний оронд үзэл бодлынх нь салшгүй нэгэн орон зай болж, хүсэл эрмэлзлийнх нь үзүүрт учир утгатайгаар уягдаж тогтсон тун буурьтай ухамсар гэдгийг та аяндаа мэднэ ээ. Аль наяад онд Ц.Чимиддорж тогтоол зарлиг дундуур бүдэг бадагхан цохилох судасны минь лугшилт “Сэлбэ” боллоо, битгий сэрүүн зүүдэлж, сэрж мартацгаа хэмээн бачимдан хашгирч байлаа. Монголын радио хятадаар мэндчилэхэд Галсаа амиа егүүтгэнэ гэвэл гайхах юмгүй болж дээ. Будагны үзүүрт нялж, шүлэгний завсар хавчуулсаар байгаад улиг болсон зарлалын самбар төдий чбиш, чин үнэн сэтгэлээсээ хандаж, санааных нь мухарт салшгүйгээр тогтож ирсэн мөнхийн үзэл санаа юм шүү гэдгийг үе үеийн зохиолчид хэлж л явсан. Иймэрхүү утга зорилго, бодол ухаарлыг ч хүртэнэ, хэрэв хүсвэл.

            … Талын зэрэглээнд шингэн тэнгэрийн толиндох далай болоод

Тагнын улаан сухайд хувилан тарнитай уулын тэмдгээр тодорч

Өнжүүл богдын зарлигласан газраас тасрах эрчим хүчийг

Өөр бусад үл хүртэх их тавилан гэдгийг мэдэх үү?… /“Утаат” даяанч/

гэж асуун, “УТААТ” даяанч багшийнхаа “өв”-ийн судрыг эмхэрдэн эргүүлж суудаг юм. Өнжүүл богдынхоо, “УТААТ” багшийнхаа аашлаад буух үгэн мөндрийг аргагүй л үгүйлж суугаа даа, аргадан үнэрлэх үггүй хөдөлгөөнийг нь эрхэтгүй санаж л яваа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Багшийн нь гашуун шорвог үнэн, догшин хэрцгий хууль, тархи зүсэж дотор эвгүйцэм дүрслэл түүний шүлэгт бас “өв” болон үлдсэнийг та харна аа. Тун сонирхолтой ганц “өв” хуваалцья. “Монголын нэг өдөр ‘Оломгүй далайг’ дуулахуй” гээд шүлэг байна. Энэ бол багшийн нь “Уянгын тойрог” хэмээх шүлэгтэй амь сүнс нэгтэй, яалт үгүй тэрхүү санаа савыг багтааж, хүрээ хязгаарыг тэмтэрсэн сэтгэлгээ явж байна. Монгол гэрээ гороолон хөлд орж буй хүүхдийн бойтогны чимээ эндээс жин жин хийж байна.

            … Сүнс нь одсон өвсний цантсан сормуус дээрх

            Ганц хувь нулимсыг

Энэ дэлхийн хамгийн сүүлчийн зовлон гэж итгээд

Намар орой модны дэргэд малгайгаа аван зогсогч

Хөөрхий… Ганзулын тэнэглэл

Хэц уулын энгэрт магадгүй сая жил оршигч

Хиргисүүрийн хуучилсан их ухаарал гэдгийг… /Сэтгэлгээний гунигшил/

андынхаа тэнэглэлээс, хөөрхий Ганзулын “өв”-ийн судраас танин барьж суудаг юм.Ганзулын тэнэглэлийг хамгийн сайн мэдэх хүний хувьд өвсний сормуусан дээрх ганц хувь нулимсыг олж харах, олж харсныг нь олж харах, түүнийг энэ дэлхийн сүүлчийн зовлон гэж итгэснийг нь олж харах, намар орой малгайгаа аван зогсоог нь олж харах нүд түүнд бий. Ийм л нүдээр харсан учирт ихээ ухаарлыг эндээс ялган таньж, ухан сэнхэрч буйд гайхах явдалгүй юм. Ийм төрлийн санаашрал, санагалзал, гэгээн дурсахуйг ч хүртэнэ, хуваалцаж чадвал.

            Хөх өвсний үзүүрт эрхлэх дусалхан шүүдэр

            Гоо бүсгүйн нулимс юм

            Хөөрхөн бүжин дэгдэн гүйх нь

            Миний зүрхний гижиг юм

            Цөөрмийн цаад эрэг дээрх дэгдээхэйнүүд

            Нялх үрс минь юм

            Цөмцийтөл зогсоо энэ хэдэн морьд

            Миний андууд юм

            Талын дундах энэ хүйс толгой

            Гэрэл цуулан одсон аав минь юм

            Тааваараа ч ганцаар ганганах

            Гангар хун миний ижий юм

            Хөдөөгийн дундах энэ жижигхэн бүрд

            Миний амьдрал юм

            Хөөрхий тэрүүхэнд харагдах ганц хайлаас

            Миний шүлэг юм.

Нямсүрэнгийн “Дөрвөн цаг”-ийн сонирхолтой, этгээд, өвөрмөц хэлбэр ч гэхнээ болох энэ мөрүүд түүний үрс нь ч, аав нь ч, ижий нь ч, амьдрал нь ч ерөөсөө шүлэг нь ч мөн буюу. Хөдөөгийн дундах энэ жижигхэн бүрд түүний буй бүх юмс ажээ. Тэр жаахан бүрдний буй бүхэн, эргэн тойрон бүхэлдээ, цогцлоон бүтээгч сэлт нийлээд түүний нүдээр ингэж харагддагт л гол нууц нь оршиж байна.Тэрүүхэнд харагдах ганц хайлаасны навчны чимээг ч хүртэнэ, барьж чадвал.

Хүртэж чадвал энд өөр олон юм бий. Чоно багшийн ээх наран, гийх сарны туяаны дүрсгүйхэн цуулдас ч бий. Онжид нэрний цаана давхардуулан харсан задгай сэтгэлгээ гэгч тэр мөн. Шохоорхож байвал “Намрын дурлал” гээд зураглалыг үйл явдлыг нь хөөж биш, уран сайхнаар хийсвэрлэн дүрсэлсэн сэтгэлгээний үйл ажиллагааг нь задалж үзэх гээд нэг ажиглаарай.Далан тавдугаар талд байх есөн мөр шүлгийн бараг сүүлчийн мөрийг дангаар нь үлдээсэн байхад хангалттай. Ихээ эртний улбаатай, дорно дахины сонгодог яруу найргийн айхавтар гүнзгий сэтгэлгээ тэр сүүлийн мөрөнд яваа юм. Дахин хэлэхэд энэ бүхнийг та хүртэж чадна, мэдээж барьж тэмтэрч гэмээнэ шүү дээ.

ИЛТ ГАЙХАМШИГ

            … Хоосон лугаа буй хэрхэн нийцтэйн учир

            Хоёр үнэний хооронд худлыг байлгах нууц нь

            Учир шалтгааны сүлбээгээр шүтэн барилдаад байгааг

            Улмаа цааш нь хэн, гүн дэлгэрэнгүй номнох вэ…

            Хуран үүдсэн бүхэн мөнх бусын шалтгаантай ч

            Хумхан доторх агаар шиг хааяа заримдаа мөнх… /Чойрын номтноос асууна/

Энэчлэн чойрын номтноос асуух юм юу мундах вэ. Ганц энэ шүлэг биш, ерөөсөө ном бүхэлдээ нэгэн цогцболбор болж, агуулга нь хэлбэртээ багтан орж чадаж, чадсаны учир нэгэн бүхэл цул болж, болсноороо танин мэдэхүйн тун тодорхой нэгэн арга замыг барив. Зүгээр нэг шашин, бурхны ном, буддизмын түүх, бурсан хувраг, үлээсэн тарни төдийд үзэхийг яарахын хэрэггүй. ингэж нэгэн баринтагт багтаах шалтгаан нь ч, боломж нь ч түүнд бий гэдгийг мартах учиргүй. Дундад зууны монголын олон газар орны мэргэдийн түүхийг яриад яахав. Ерөөсөө тэр үед ном, шүлэг, шашин, шинжлэх ухаан нь ч ихээхэн нийлэг шинжтэй, их өөр ангилал зүйгээр ханддаг байсныг мэднэ.О.Дашбалбар 1991 онд “Бурхны мэлмий” гээд ийм чиглэлийг барьсан тун ч тод ном бүтээж билээ. Т.Содномнамжил, Б.Одгэрэл нарт энэ талын агуулга, утгад илт хэлбийсэн шүлэг бас байдаг. Мэдээж эдэнд тийм эрх нь, боломж нь, чадал нь бий. Иймэрхүү шашин-урлагийн шүргэлцэх торгон хярхаг, хувраг-шүлэгч хоёрын бясалгахуйн огтлолцох гүн шижим, бурхны сургаал-шүлгийн үзэл санааны уусан нийлэх нэгэн өнгийг олж хүртэж чадна аа, хэрэв болгоовол.

            … Насгарсан хар үс нь толирон гилрэн намиатаж

            Наранд эсрэглэн гялтганаад өнгөний хар нь үнэн байна

            Намайг түүнд дурлаад дотуураа яаж бэтгэрснийг

            Нарийн тоосны төдий өчүүхэн ч тоосон шинжгүй байна. /Амгалангийн орон/

Алтан цэцгийн хур хөллөн буусан амгалангийн оронд та магадгүй заларч гэмээнэ ийм өнгөний харыг олж харах юм. Дурлах, дурлаад дотуураа бэтгэрэх гэж ойлголт энд үгүй бололтой. Гүнначүгийн үсний хар эгнэгт бэхсийн харыг даран чаддаг тэр хар өнгө мөн дөө мөн. Диваажингийн оронд оршигч үсний хар өнгө хаанахын ямар уламжлалын холбооноос эх сурвалжтай гэдгийг зөвхөн энэ нэгэн дүрслэлд биш ер олон харьцууллын арга, бэлгэдлийн сэтгэлгээнд илэрч гарна. Иймэрхүү зүйрлэл, жишээ үлгэрийн гэрчийг хүртэж болно, хэрэв олж харвал.

            … Гэгээрэхүйн их дөрвөн мөрийг мэдюү гэтэл

            Гэзэг үсний минь хархан өнгийг урвуулаад

            Залуу насны минь цэцгэн завилгааг үймүүлэн

            Замилан чи яасан их тохуурхав… /Шалтгаан үр/

            … Шүүдрийн дусал цэцэгт шунадгийг олоод

            Шүлэг шиг яруу орчлонд хөөрөн хөөрөн баясюу

            Бүсгүйн хүйс, нууцын орны гайхамшигт нэвтрээд

            Бүхий л биеэрээ би жаргалын алтан суварга болюу би. /Нууцыг мэдрээд/

Амгалангийн орноо агчүсний хар хэзээ өнгө урвуулдаг юм бол оо. Энд хэлж өгчээ. “Дуу дарам”-ын уянгат өнгийг түрж, аалигүйтэн инээсэн бүсгүйн тэр дуу дур хүслийн алтан тачаангуйд бүүвэйлэн оддог гэнэ дээ. Юун бодь мөрийн замд орох, бурхны зургаар явах, гэгээрэхүйн дөрвөн үнэнд нэвтрэх вэ дээ. Ийм хоромхон чөлөөнөөс одож чадахгүйгээс хойш ирэх зам тодорхой буюу шалтгаан үрийн мөнгөн жүнзийг дүүргэн хүртэх л юм гэнэ. Гэхдээ ухан бодвол тэрхүү бодь мөрийн замд орох, дөрвөн үнэнд хүрэх зам гудас заавал ч үгүй таардаг тэр шалгахуйн ухаан мөн байх гэж таамаглаж бас болно. Тиймээс л нууцыг мэдэрч байгаа хэрэг биш үү.

Бурхан багшийн айлдсан сургаал, таньсан ухаарал олон оны явцад шашин болон төлөвшихдөө зөвхөн ном бүтээх тухайд өөрийн гэсэн тусгай бүтэц, дэг ёс, арга зүй, уламжлалыг бий болгосон байна. Энэ уламжлалыг барьж, тахилын шүлэг, завсрын шүлэг дайж, багш, бурхан, ном, хувраг, мэргэдийг тогтоон барьж, түүнд хүрэх замаар өнөөх “нууц”-д тэмүүлж, зорьж болно буй. Халхын их Заяын гэгээнтэн номын агаар сэлгэсэнд гашуудан өргөл өргөж. Бүр ингэж хэлж байгаад. “… үхэл мөнх бусыг санан санан буяныг хичээгээд аяа, биднээ түргэн залраасай хэмээн аврал итгэлийг одуулан талбисан нь Яруу найрагчийн хэтийдсэн алдрыг өөрийн биед хуурмагаар нөмрөгч бичгийн их доорд хүн Пэрэнлэйн Нямлхагва болой” гэсэн үүнийг зөвхөн тэр гэгээнтэнд төдийгүй, ерөөс энэ ном, энд өгүүлсэн шүлэг, тэдгээрт дагалдах сэтгэлийг барьж хэлсэн тайлбар хэмээн сэтгэв. Ер энэ бүхнийг хураангуйлан нэгтгэсэн, багтаан агуулсан зүйлийг “Бэдэн явагч” шүлэгт тун тодорхойгоор хэлж ярьж өгснийг сануулж хэлмээр бодогдлоо.

… Орчлон ертөнцийн хоосныг олоод гэгээрэлд хүрнэ

            Огоот сансрыг дам гийгүүлээд жамаас тасарна

            Жан Шамбалын үүд нь хаанааг би мэднэ

            Жаргалыг тэндээс амьтанд түгээгээд сэтгэлийг олно оо. /Өөрийгөө онохуй/

Ерөөс гэгээрэлд хүрэх зам бясалгал хэмээн хэлэх болж. Бясалгал үйлдэх арга зүйг шашинд тайлбарладаг. Ихээхэн алдаршсан хөтлөгч нар ч дуулддаг. Тэгвэл бясалгал үйлдэх өөр нэг арга шүлэгт бий. Шүлэг бичих үйл буюу дотоод сэтгэлийн гүн тийшээ аялан одохуй нь өөрөө бясалгалтай нэн төстэй буюу тун ойр үйл явц, үзэл ойлголт гэцгээнэ. Ингэж цээжний алс руу хязгаар хярхаггүй гүнд одсоноор хэний ч хөл тавиагүй газар орон зөндөө байдгийг мэддэг, ингэж мэдсэнээ шинээр нээж зарлаж чадах л асуудал байдаг гэдэг бус уу, андуураагүй бол.Лав А.Эрдэнэ-Очир тулгаж буудсан бууны сум хүрэхээргүй цээжний алсад эх орон гээч юм байдгийг баримжаалсан. Тэгэхээр овоо зайтай эд байх гээд байна.Тэгж ярьвал бодит орон зай гэдэг маань гадагшаа төдийгүй дотогшоо ч хязгааргүй, лав өнөөдөртөө ямар нэгэн юманд тулж очоогүй яваа гэнэ билээ, бид.Ингэхээр шүлэг гээч түүнийг чадагчид ихээхэн том боломж гэж харагдаад байна аа даа. Гэх мэтчилэн бясалгал үйлдэх даяанчийн гүн алсад одсон зам мөрөөс хүртэж болно, хэрэв бишрэлийг одуулах ахул. Ингээд бодохоор шүлэг уран зохиолын доорд шат уу гэж дахин нэгэнтээ асуусан ч болно. Ерөөсөө уран зохиолд, урлагт дээрд болон доорд шат гэж үгүй. Харин түүнийг хүртэж, хүлээн авах оюуны чадал чансаа, багтаамжид бол дээрд, доорд шат гэж харин ч нэг бий юм шүү. Үүнийгээ уран зохиол, шүлгийн мөн чанараар тайлбарлаж хаацайлах нь өнөө Чимиддоржийн Дашнямын өгүүлснээр айхавтар гэнэн бодлого, ташаарал даруй мөн.

Ийм ийм орон зайд та хүрч, ийм дуу чимээ байдгийг сонордож, ийм үсний хар өнгө байдгийг ялгаж, ийм агшин зуурын мэдрэмж сэлтийг хүртэх боломжтой юм. Хүртэж байна гэдэг таны оюун санаа дахин ачаалагдаж байгаагийн баталгаа.

2022.05.10

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...