Saturday, November 23, 2024

Парламентын дархлаа ба гишүүний бүрэн эрх

Date:

-УИХ-ын гишүүний халдашгүй байдал бол парламентын ч, сонгогчийн ч дархлаа юм-

УИХ-ын дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэхээр прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг Халдашгүй байдлын дэд хороо дэмжих боломжгүй гэж мэдэгдлээ. Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд “Гишүүдээс ирүүлсэн мэдүүлэг, тайлбарыг тодруулах зүйлс байна. АТГ-аас гишүүдийг нэг удаа гэрчээр дуудаж уулзсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа зэргийг харгалзан үзээд нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг энэ удаад дэмжих боломжгүй байна. Эцсийн эцэст бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ шийднэ. Гишүүдийг түдгэлзүүлэх асуудал прокуророос нууцын зэрэглэлтэй орж ирсэн учир тодорхой зүйл ярих боломж хуулиараа бидэнд байхгүй” гэжээ.

Эндээс харахад нэр бүхий гишүүдийг хууль хяналтын байгууллагууд дуудаж уулзаж, мэдүүлэг, тайлбар авахад ямар нэг хүндрэл гараагүй, тиймээс бүрэн эрхийг нь заавал түдгэлзүүлэх шаардлагагүй гэдэг дүгнэлт гарч байна. Парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь хамгийн эцсийн арга болохоос давын өмнө шүүрч аваад шийдээд байх асуудал биш. Учир нь парламентын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал бол тухайн хувь хүнд олгосон эрх ямба биш, парламент буюу хууль тогтоох дээд байгууллага, институцийн тогтвортой байдал, дархлаатай холбоотой. Нөгөө талаар төлөөллийн ардчиллын зарчмаар төрд төлөөллөө илгээсэн сонгогчийн ч эрхийн асуудал мөн.

Тиймээс дэлхий нийтэд, парламентат ёс төлөвшсөн улс орнуудад парламентын гишүүний халдашгүй эрхийг маш чухалчлан авч үздэг. Энэ ойлголт 1700-аад оны үед Англид үүсчээ. Францад парламентын гишүүний халдашгүй бүрэн эрхт байдлыг 1892 оны  Парисын хувьсгалын дараа хуульчилсан аж. Анх цөөнхийн гишүүдийг эрх баригчид болон хууль, шүүхийнхнээс хамгаалж, хараат бусаар ажиллах боломжийг нь олгох зорилгоор халдашгүй байдал, бүрэн эрхийг нь хамгаалдаг байсан бол парламентын хөгжлийн явцад энэ ойлголт олонхийн бүлгийн гишүүдэд ч хамаатай болжээ. Өөрөөр хэлбэл олонхийн бүлэг доторх өөр үзэл бодолтой гишүүдийн үзэл бодлоо  илэрхийлэх, намын бус сонгогчдын, улс орны язгуур  эрх ашгийг хамгаалж дуугарахад чиглэгдсэн зохицуулалт болж хувирсан байна. ​Тийм учраас гишүүний халдашгүй бүрэн эрх гэдэг хувь гишүүний эрх бус, харин ард түмний элчийн хувьд тэднийг төлөөлөх төлөөллийн эрхийг хамгаалсан зохицуулалт гэдэг нь эндээс тодорхой харагдана.

Нөгөө талаар парламентын гишүүд гүйцэтгэх засаглалд хяналт тавих, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг шалгах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрхийг нь хангах эрх зүйн хүрээнд зайлшгүй байх ёстой зохицуулалт гэж үздэг.

Парламентын гишүүний халдашгүй эрх засаглалын тэнцвэрийг хангахад ч чухал үүрэгтэй. Шүүх болон гүйцэтгэх засаглал нь хууль тогтоох дээд байгууллагынхаа хүзүүн дээр мордчих юм бол улс оронд засаглалын хямрал нүүрлэнэ. Тиймээс гишүүдийнх нь бүрэн эрх, халдашгүй байдал нь парламентын дархаа болж өгдөг. Дэлхийн улс орнуудад засаглалын нэг оргил болсон парламентыг гүйцэтгэх болон хууль хяналтын байгууллагын хараат байдалд орохоос хамгаалах нь өөрөө засаглалын хяналт, тэнцлийг хангах сонгодог жишиг болон тогтсон зүйл.

Энэ дархлааг сулруулах гэсэн оролдлого байнга гардаг. Ялангуяа парламент дахь улс төрийн намуудын хүчний харьцаа ойролцоо үед гишүүний халдашгүй байдалд халдах замаар “төрийн эргэлт” хийх эрсдэл бодитой болж ирдэг. Үүнийг манайхан “шүд сугалах” гэж нэрлэх нь бий. Парламент “шүдээ сугалуулсаар” байх юм бол хоосон буйлаар юуг ч дийлэхгүй. Товчхондоо бол хуулийн байгууллагын саналаар парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлснээр түүний халдашгүй байдалтай хамт парламентын дархлаа унадаг. Энэ тохиолдолд ард түмний сонголт үнэгүйдэж, зүгээр л дэмий хоосон зүйл болж хувирна. Цаашилбал гадна дотнын улс төрийн хуйвалдааны улмаас “төр эргэх” аюул ч бий болж болзошгүй учраас парламентын дархлааг гишүүний бүрэн эрхээр дамжуулан хамгаалж байдаг гэдгийг мартаж болохгүй. 

Энэ дархлааг нийгэмд зориуд дуулиан шуугиан дэгдээх, захиалга биелүүлэх байдлаар золионд гаргаад байвал төлөөллийн ардчиллын зарчим алдагдаж, ард түмнийг төлөөлж буй парламентын гишүүдийн  бүрэн эрх бүтэн бус болно.

Ийм байдал ужгирвал ардчилал, тусгаар тогтнолд ч аюул заналхийлэх эрсдэлтэй. Гишүүдийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх сонирхлын цаана парламентыг бүхэлд нь “түдгэлзүүлэх”, үгүйсгэх хандлага ямагт дагалдаж байдаг. Гэм зэмтэй бол парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах, шүүхэд шилжүүлэн хэргийг нь шийдвэрлэх хуулийн боломж хэзээд нээлттэй байсаар ирсэн, одоо ч нээлттэй хэвээр байгаа. Эдгээр боломжийг ашиглалгүй гагцхүү бүрэн эрхэд нь л халдах гэж яарах нь жоомоо алах гээд байшингаа нураахын үлгэр юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...