Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусаж, галт тэрэгний хөдөлгөөний зүгшрүүлэх тээвэрлэлтийг амжилттай эхлүүлжээ. “Монголын төмөр зам” ТӨХК болон “Оюу толгой” ХХК-тай хамтарсан гэрээний дагуу гуравдугаар сарын 5-ны өдөр 50 вагон 3200 тонн зэсийн баяжмалыг Замын-Үүд боомтод хүргэн, хил нэвтрүүлэн экспортод гаргахад бэлэн болсон байна. Зэсийн баяжмалаа “Оюутолгой” ХХК-аас автомашинаар тээвэрлэн авчирч, гаалийн хяналтад шилжүүлэн бүртгэлжүүлж, галт тэрэгт шилжүүлэн ачжээ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сум, Дорноговь аймгийн Мандах, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамран 416.1 км урт, нэг өртөө, зургаан зөрлөгтэй, өргөн царигаар баригдаж ашиглалтад орж байгаа нь энэ.
Ингэснээр Монгол Улсын ашигт малтмалын нөөц бүхий ордуудыг ашиглах, аж үйлдвэрийн парк байгуулах, орон нутагт ажлын байрны тоог нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн бодит үр өгөөжийг өгөх юм. Түүнчлэн ойролцоогоор 1200 орчим шууд ажлын байр шинээр бий болж жилд 15.0 сая тонн ачаа тээвэрлэнэ хэмээн урьдчилан тооцоолжээ.
УИХ “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг 2010 онд баталсан. Уг бодлогод Монгол Улсад шинээр 6600 гаруй километр төмөр замыг гурван үе шаттайгаар барихаар заасан бөгөөд үүний эхний үе шатад баригдах 1100 орчим километр төмөр замын хэсэгт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахаар тусгасан байдаг. Үүний дагуу 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан юм. Ийнхүү 2019 оны тавдугаар сарын 24-нд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлсэн түүхтэй. Төмөр замын дэд бүтэц хөгжихийн хэрээр говийн эмзэг хөрс, бэлчээрийг сүйтгэхээс сэргийлж, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдлын асуудал багасна гэж тооцоолж буй юм.