Манай улсын хүн амын тэргүүлэх өвчлөлүүд болох зүрх судас, чихрийн шижин, хоол боловсруулах зам, элэг цөсний өвчлөл, жингийн илүүдэл зэрэг нь буруу хооллолтоос хамаарч буйг судалгаагаар тогтоосон байдаг. Гэвч эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл багатайгаас хүмүүс богино хугацаанд их жин хасахаар шийдсэний улмаас өөрт тохиромжгүй хоолны дэглэм барьж, урт хугацаандаа үр дүнгүй арга хэрэглэн, эрүүл мэндээрээ хохирох нь элбэг. Угтаа бол зохистой жин чухал хэдий ч түүнд хүрэх арга зам эрүүл бөгөөд зөв байх нь үүнээс ч илүү чухал гэдгийг мэдүүштэй. Халдварын бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, үүсгэгч хүчин зүйлсийн нөлөөг бууруулах, эрт үед оношлон эмчлэх, цаашлаад хүн амын хооллолтын буруу дадал зуршлыг өөрчлөн тэнцвэртэй, шим тэжээлтэй хооллох мэдлэг олгох нь зайлшгүй шаардлагатай, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Монголд анх удаа эх хэлээрээ бүтээсэн эрүүл мэнд, зохистой хооллолтын боловсрол олгох “Tibi” аппликейшнийг эмч, эмчилгээний хоолзүйчид ажиллуулж эхэлжээ. Тэдний нэг нь эмчилгээний хоолзүйч С.Мөнхтуул. “Тиби” аппликейшн /апп/ үүсгэн байгуулагч, контентор, эмчилгээний хоолзүйч, Монголын хоолзүйчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, анагаах ухааны магистрант С.Мөнхтуултай ярилцсанаа хүргэе.
-Ярилцахын өмнө мэргэжлийн хоолзүйчдийн талаар асууя. Ийм мэргэжилтэй хүн манайд хэр олон байдаг юм бэ. Сүүлийн үед сошиал орчинд зөв, зохистой хооллолтын зөвлөгөө өгдөг хүмүүсийн тоо нэмэгдсэн. Цахим хэрэглээ давамгайлахын хэрээр элдэв мэдээллийн урсгалд автаж байна. Мэргэжлийн хоолзүйчийн талаар мэддэг хүн тун цөөхөн юм?
-Монголд хоол зүйн мэргэжилтэн бэлтгээд 20 орчим жил болж байна. Анх ШУТИС ийм төрлийн мэргэжлээр элсэлт авч, зах зээлд гаргасан байдаг. Одоо бол ШУТИС-аас гадна АШУҮИС, “Хүрээ”, “Шинэ Анагаах” дээд сургууль, Техник, технологийн коллежид бакалавр зэрэгтэй мэргэжлийн хоолзүйч бэлтгээд ажлын байранд гаргаж байна. Улсын хэмжээнд 170 гаруй мэргэшсэн, магистр, доктор хоолзүйчид бий. Бүгд л улсын бүх шатлалын эмнэлэг, хувийн эмнэлэг, эрдэм шинжилгээний байгууллага, яам тамгын газар, сургууль, цэцэрлэг, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад ажиллаж байна. Анхны хоолзүйч нар одоо мэргэжлээрээ 15 дахь жилдээ ажиллаж байгаа. Манай мэргэжил эмч нар шиг илүү нарийсаж мэргэшдэг. Сургуулийн болон эмчилгээний хоол зүйн чиглэлээр мэргэшээд ажлын байранд гараад 4-5 жил ажиллаад туршлагатай хоолзүйч болох эхлэлтэй болдог. Олон салбар шинжлэх ухааны нийлмэл шим тэжээлийн шинжлэх ухаан нь судлагдахуун ихтэй учир хоолзүйч нар унших судлах, мэдлэгээ тэлэх байнгын шаардлага гардаг. Мөн мэргэжлийн ёс зүй гэж чухал. Химийн хичээл, хүнс судлал, анатоми, физиологи, шим судлал, эмчилгээний хоолзүй гээд маш олон хичээл судалдаг. Эдгээр мэргэжлийн хичээлийг чадвартай, сайн багш нараар заалгаж, үргэлж л багш нартайгаа холбоотой байж, сургалт, судалгаанд оролцож мэргэжлийнхээ ур чадварыг ахиулдаг. Сүүлийн жилүүдэд хооллолттой холбоотой хэрэгцээ шаардлага маш их нэмэгдэхийн хэрээр энэ мэргэжилтний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа. Яг сургууль төгссөн хоолзүйч, курсийн коуч хоолзүйч нарын хооронд мэргэжлийн ялгаа их бий. Хоолзүйч коучууд бол илүү олон нийтэд мэдээлэл хүргэх, контент хийх, сургалт зэргийг явуулдаг бол эмчилгээний мэргэжлийн хоолзүйч нар илүү нарийн хүн бүрийн хооллох байдалд үнэлгээ, судалгаа хийсний дагуу зөвхөн тухай хүнд тохирох хоолны зөвлөгөөг боловсруулж өгдөг. Дээрээс нь өвчний үеийн хооллолтоор эмчилгээ хийдэг. Эмч нар эм бичдэг бол хоолзүйч ямар хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвлөдөг.
-“ТиБи” апп-ийг бий болгожээ. Зайлшгүй ийм шаардлага тулгарсан уу?
-Хоолзүйч хүн нэг хүнтэй тулж уулзаад, зөвлөгөө өгөхөд маш их цаг хугацаа шаарддаг. Мөн иргэд маань цаг заваа гаргаж хоолзүйч нараас ирж зөвлөгөө мэдээлэл авах нь ховор байдаг. Уг нь бол хүн өөрийн эрүүл мэндийн төлөө урьдчилан сэргийлэх үзлэг, амьдралын хэв маягаа өөрчлөх, хооллох арга барилдаа эртнээс анхаарах нь чухал. Гэвч өөрөө өвдөөд эсвэл хэн нэг ойрын хүн нь өвдөхөд л, эсвэл эмнэлэгт хэвтэж байхдаа хоолзүйч нартай уулздаг. Мөн ажлын цагаас болоод тэр бүр өөртөө зориулж зөвлөгөө авахаар ирдэггүй. Тиймээс арай хялбаршуулж, хүн бүрд цахим хоолзүйчийг хүргэхийг хүссэн. Эмч, эмчилгээний хоолзүйч, программ хөгжүүлэгчдээс бүрдсэн манай багийн уялдаа сайтай ажиллагаа, чиглэл бүрдээ мэргэшсэн байдал зэрэг нь зах зээлд томоохон давуу талыг бий болгодог. Үр дүнд нь бид Монголын анхны, төрөлх хэл дээрээ ашиглах боломжтой, зөв зохистой хооллолтын хэв маягт хөтлөн сургах, зөвлөх үйлчилгээний цогц платформыг амжилттай хөгжүүлэн ажиллаж байна. Бидний өгч буй зөвлөгөө мэдээлэл шинжлэх ухааны үндэслэлтэй, монгол хүний физиологийн онцлог, хоолны соёлд тохирсон, түгээмэл хэрэглэгддэг хоолны цэсэнд суурилснаараа онцлог бөгөөд зөвхөн тухайн хүнд зориулсан хөтөлбөр санал болгодог. “ТиБи”-гээс санал болгож буй зөвлөгөө нь ямар нэг хүнсийг хориглох, 18:00 цагаас хойш хооллохгүй байхыг сануулах, бусад төрлийн хоолны дэглэмээс санал болгодоггүй. Учир нь, иймэрхүү дэглэмүүд тухайн үедээ үр дүнтэй санагдаж болох ч эрүүл мэнд, эд эрхтнүүдийн үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар сөргөөр нөлөөлөх нь элбэг байдаг. Тийм ч учраас бид хэрэглэгчдийнхээ зорилгод тааруулан тогтмол, эрүүл, зөв, тохиромжтой хоолны хуваарь, төлөвлөлтийг санал болгодог. Манай апп өнгөрсөн дөрөвдүгээр сард нээгдсэнээс хойш 10 мянга гаруй харилцагчтай болжээ. Одоо хоёрдугаар вишионоо хөгжүүлээд ажилллаж байна. Энэ вишионоороо диетокс буюу хоолоор хоргүйжүүлэх, хөхүүл ээжийн хооллолт, ковидын үеийн эдгэрэлтийн хоолны хөтөлбөрүүдээр апп-аа баяжуулж байна.
-Зөв зохистой хооллолт гэж ярих нь элбэг болжээ. Энэ нь яг ямар ойлголт юм бол?
-Хүмүүс янз бүрээр тайлбарладаг. Олон ургальч үзлээр л хандаж байна. Гэхдээ ерөнхий ойлголт нь тухайн хүний өндөр, биеийн жин, ажил хөдөлмөрлөлтийн байдал, нас, хүйс, оршин суугаа газар зэрэгтээ зохицуулан хүнсний зургаан бүлгийн хоол хүнсийг зохимжтой хэмжээгээр хэрэглэхийг хэлдэг. Товчхондоо бол дурдсан хүнсний зургаан бүлгийг бүгдийг нь хэрэглэхийг л зохистой хооллолт гээд байгаа юм. Түүнээс биш аль нэг хүнсний бүлгийг хасах, нэгийг нь хэт ихээр хэрэглэхийг зохистой хооллолт гэдэггүй. Хүнсний зургаан бүлэгт үр тариа, мах, өөх тос, жимс, ногоо, сүү, цагаан идээ багтана. Эдгээр нь уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс бодис, амин дэм гэсэн шимт бодисыг агуулж байдаг. Аль нэг бүлгийг орхигдуулахад л хэрэгцээт амин дэмээ гүйцэт авч чадахгүй гэсэн үг. Харин монголчууд бидэнд гайхалтай хоол хүнс заяасан нь сүү цагаан идээ. Үүнд бүхий л төрлийн шимт бодис байдаг. Тиймдээ ч хоолзүйч, эрдэмтэн судлаач нар дуу нэгтэйгээр сүү, цагаан идээг төгс хүнс гэж нэрлэдэг. Үндсэн гурван шимт бодис болох уураг, өөх тос, нүүрс ус бол бидний илчлэг, энергийн эх үүсвэр. Энэхүү энергийг үүсгэх, бодисын солилцоо, дааврын бүтэц, өсөлт хөгжил, дархлаа зэргийг хэвийн явуулахад амин дэм, эрдэс бодисыг бид заавал хоол хүнсээр авах ёстой юм. Тэр нь жимс, ногоо, сүү, цагаан идээнд хамгийн ихээр агуулагддаг. Хэрвээ зөвхөн мах, гурил, будаа идээд байвал илчлэгийн илүүдэл болно. Ингэснээр жингийн илүүдэлтэй болно гэсэн үг. Зөвхөн илчлэгээ хангаж амин дэм, эрдэс бодисоо дутуу авбал шим тэжээлийн давхар дарамтад өртдөг.
-Иргэдийн дунд нийтлэг ойлголт байна. Энэ нь төв суурин газар бүх зүйл нь элбэг. Гэтэл орон нутагт хязгаарлагдмал гэж. Үүнтэй санал нийлэх үү. Үнэхээр тийм байдаг гэж үү. Хэрвээ тийм бол зөв зохистой хооллолт алдагдах нь ээ?
-Энэ бол өрөөсгөл ойлголт. Хотынхон хүнсний хангамж сайтай, сонголт ихтэй ч хөдөө байгаа хүмүүс илүү давуу талтай. Яагаад гэвэл, тэд сүү, цагаан идээ буюу уламжлалт хоол хүнсэндээ хамгийн ойр байгаа шүү дээ. Тиймээс туйлшрахгүйгээр өөрсдөдөө байгаа зүйлээ тохируулж хэрэглэхийн сацуу нэмээд дасгал хөдөлгөөн хийвэл зохистой. Ер нь сүүлийн 30 жилд бидний хооллолтод нэлээд өөрчлөлт орсон. Хүнсний сонголт арвин болсон. Энэ хэрээр хүмүүсийн амтанд дасах, хууртах байдал нэмэгдсэн учраас амтлаг зүйлд хошуураад байгаа юм. Амтлаг зүйл гэхээр нөгөө үйлдвэрийн бүтээгдэхүүн болно. Гол нь хэмжээгээ хэтрүүлэхгүй байх нь чухал.
-Сүүлийн 20-оод жилд түргэн хоолны сүлжээ Монголд эрчимтэй хөгжиж байна. Монголчууд ч дэлхийн жишгийг дагаад үйлчлүүлэх нь ихсэж, хэрэглээндээ гүн нэвтрүүлжээ. Энэ хэр сөрөг нөлөөтэй вэ?
-Энэ нь хотжил, цаг завгүй амьдралын хэм маягтай холбоотой. Замын түгжрэлд хамаг цагаа алдаж байна. Зарим нь түгжрэлд өлсөхгүйн тулд бэлэн бүтээгдэхүүнээр хоолныхоо хэрэгцээг хангаж байгаа юм. Нэг хэсэг нь түгжирч очсоор байтал оройтдог. Тэгээд бэлэн хоол хүнс сонгож хэрэглэдэг. Мөн амтлаг байдалд нь болоод сонгож байгаа. Ямар нэг байдлаар хүн бүр түргэн хоол иднэ. Гэхдээ хэт хэрэглээндээ оруулахгүйгээр гэрийн хоол хүнстэйгээ хоршуулж, өөрийнхөө эрүүл мэнд талаасаа харж сонголтоо ухаалаг хийх хэрэгтэй. Сөрөг нөлөөний хувьд дэлхийгээр дүүрэн судалсан судалгаа, эмнэлгээр дүүрэн элэг цөс дотрын асуудалтай хүмүүс байна. Гол учир нь, түргэн хоолонд ордог тос, сахар, амт оруулагч зэргээс үүдэлтэй. Аливаа зүйлийн хэрэглэх хэмжээ хэтрэхээрээ хэвийн биш болж байгаа юм. Түүнээс жилд, сард ганц, хоёр удаа идээд, бусад үед зохистой хооллоход болно шүү дээ. Бас шууд л “Битгий ид” гэх боломжгүй. Бид сайн, муу талыг нь ярьж өгнө. Сонголтыг та л хийнэ. Багаасаа түргэн хоол ихээр идэж өссөн хүүхдүүд өсвөр насандаа, насанд хүрсэн хойноо жингийн илүүдэлтэй болж байна. Манай үндэсний хоол шим тэжээлийн V судалгаагаар хоёр хүн тутмын нэг, гурван хүүхэд тутмын нэг нь жингийн илүүдэл таргалалттай гэсэн тайлан гарсан. Энэ бол сөрөг нөлөө, асуудал юм.
-Нэг өдрийн шим тэжээлийн хэмжээ ямар байдаг юм бол?
-Жишсэн дундаж хүний үзүүлэлт нь 2500 ккал. Энэ нь эрүүл саруул биетэй, 25 настай эрэгтэй хүний үзүүлэлт. Эрэгтэйчүүдийн илчлэгийн хэрэгцээ эмэгтэйчүүдийнхээс арай илүү. Энгийн жишээ хэлье. Нэг өдрийн хоол хүнснээсээ авах ёстой илчлэг нь 1800ккал байлаа гэж бодъё. Үүнийгээ өдөр бүр 100 ккал-аар илүү идээд байвал тухайн хүн жилийн дараа гэхэд дунджаар 3-5 кг жин нэмнэ. Ийм сөрөг үр дагавартай. Тэгэхээр дээр дурдсанаар өндөр, жин, нас, хүйс зэрэгтээ тохирсон илчлэгтэй хоол хүнсийг хүнсэндээ хэрэглэх шаардлагатай.
-Хүмүүсийн хооллолтын хэв маяг харилцан адилгүй болсон. Эндээс магадгүй таны яриад байгаа сөрөг үр дагаврууд ихээр гарч байгаа байх. Үүнд юу хэлэх вэ?
-Өдөрт хамгийн багадаа 3-4 удаа хооллоорой гэж зөвлөдөг нь инсулин дааврыг тогтвортой байлгахын тулд юм шүү дээ. Инсулин даавар огцом өсөх, эсвэл буураад байвал мэдрэг чанараа алдана. Үүнээс шалтгаалан чихрийн шижин өвчлөл гардаг. Тиймээс л хооллох давтамжийг зааж зөвлөдөг юм. Гэнэт хоол ихэдвэл инсулин даавар огцом өснө, хоол идэхгүй удвал огцом буурна. Энэ нь өнөө, маргаашдаа мэдэгдэхгүй. Хэдэн жилийн дараагаас сөрөг үр дагавар нь мэдэгдэнэ. Одоо байгаа таны эрүүл мэнд тав, арван жилийн өмнө юу идэж, уусныг тань тодорхойлдог. Харин өнөөдөр хэрхэн идэж ууж байгаа нь тухайн хүний ирээдүйн эрүүл мэндийг тодорхойлно.
-Буруу зуршлаар хооллодог хүмүүст “ТиБи” апп ямар үүрэг гүйцэтгэж, тус нэмэр болох вэ?
-Гар утсандаа апп-аа татаж аваад өөрийн мэдээллээ оруулна. Өндөр, нас, хүйс, хөдөлгөөний идэвх зэрэг. Үүн дээр нь үндэслээд танд үнэлгээ хийсний дараа өдрийн хоолны илчлэгийн тооцооллыг хийж өгнө. Ингээд өөртөө тохирсон хөтөлбөр худалдаж авна. Манай апп дээр өдрийн уух усны, хэмжээ, алхалт зэргийг давхар тооцоолж хянадаг. Мөн ус уух, хооллох цагийг хэрэглэгчдэдээ сануулдаг. Заримдаа хүн ус уухаа мартсан байдаг шүү дээ. Хоолзүйч хүн бүртэй тулж ажиллаж чадахгүй учраас бид аппликейшнээрээ дамжуулаад тухайн иргэнийг зөв зохистой хооллолтын зуршилд сургах гээд байгаа юм. Манай апп-аас санал болгосон хөтөлбөрийг аваад яг өөртөө цаг заваа зориулаад сарын турш дагаж мөрдөхөд 1.5-2.5 кг-аар жингээ бууруулж чадна. Энэ хасалт нь хамгийн эрүүл бөгөөд эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй. Аппликейшн дотор маш олон төрлийн хоолзүй, эрүүл мэндэд хэрэгтэй мэдээлэл ч багтсан.
-Эмэгтэйчүүд аливаа тэмдэглэлт арга хэмжээний өмнө жин хасах зорилгоор янз бүрийн арга хэрэглэж байна. Мацаг барих, кето хоолны дэглэм барих гэх мэт. Энэ зөв үү. Үүний үр дагавар яаж илрэх бол?
-Дэглэм гэхээсээ илүүтэй нэн тэргүүнд амьдралын хэв маяг, зуршлаа өөрчлөх хэрэгтэй. Хоол, шим тэжээл, сэтгэл зүй, ажил амралт, дасгал хөдөлгөөн хийдэг байх гэсэн үндсэн дөрвөн алхмыг зөв голдиролд оруулж чадвал жин хасах маш амархан. Харамсалтай нь, санаснаар болдоггүй. Манай бүсгүйчүүдийн гаргадаг гол алдаа нь богино хугацаанд их жин хасах арга хэмжээ авдаг. Хурдан хугацаанд турах арга олон бий. Маш сайн үр дүнтэй аргууд ч бий. Гэхдээ энэ нь амьдралын хэв маяг биш. Түр зуурын л үр дүн. Бүсгүйчүүд маань янз бүрийн аргаар турчихаад дараагийн алхамд орохдоо алдаа гаргадаг. Тиймээс амьдралын хэв маягаа өөрчил. Дараа нь жин бууруулах аргаа тодорхойлоорой гэж зөвлөе.
-Сөрөг тал нь?
-Турахдаа хэрэгжүүлж буй аргаас шалтгаална. Уураг, өөх тос их хэрэглэвэл элэг, нойр, цөс бөөрөнд ачаалал үүснэ. Цаашлаад цөс, нойр булчирхайн үрэвсэл бий болох эрсдэлтэй. Нүүрс усаар дутагдвал тархи толгой өвдөх, манарах, төвлөрөх чанар багасаж, дархлаа мууддаг. Мөн ажиллах эрч хүч, чадвар сулрах, нойргүйдэх гэх мэт олон сөрөг тал бий. Энэ нь хүн бүрд харилцан адилгүйгээр илэрдэг. Заримд нь илрэхгүй ч байж болно.
-Кето хоолны талаар юу хэлэх вэ?
-Уг нь бол эпилипси буюу уналт таталтын үеийн эмчилгээний хоол юм. Тухайн өвчтөнд эмч, хоолзүйчийн хяналт дор өгдөг. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд жин бууруулах зорилгоор маш ихээр хэрэглэх болсон. Үр дүнгээ ч тодорхой хэмжээнд өгдөг. Гэхдээ кето хоолоор тодорхой хугацаанд үр дүнд хүрсний дараа дээр хэлсэнчлэн амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Түүнээс биш кето хоолыг амьдралын хэв маяг болговол энэ нь өрөөсгөл юм. Учир нь, их хэмжээний өөх тос, уураг, багахан нүүрс усны харьцаатай. Нүүрс ус бол бидний биеийн энергийн эх үүсвэр. Гол асуудал нь энгийн буюу биед хурдан задарч цусны сахрын хэмжээг хурдан өсгөдөг нүүрс уснаас татгалзах хэрэгтэй. Энэ нь нөгөө л амттан, ундаа, жүүс шүү дээ. Хэрэв хүн нүүрс усаа бүрэн авч чадахгүй бол ядрах, сульдах, толгой өвдөх, бүр цаашаа даамжирвал эргэшгүй өөрчлөлт ч гардаг.
-Та “Токио 2020” олимпын шигшээ багийнхантай ажилласан. Манай тамирчдын иддэг хоол хүнс бусад орныхоос юугаараа ялгаатай байв?
-Оршин суугаа газар, байгаль, цаг уур, хүрээлэн буй орчин нь бусад улсаас өөр. Дан ганц тамирчин гэлтгүй гол хоол хүнс нь мах, сүү, цагаан идээ, үр тариагаар хооллодог ард түмэн. Баг тамирчидтай ажиллахын өмнө тухайн тамирчнаа маш сайн судлах, хооллох хэв маяг, дуртай дургүй хүнс, багадаа идэж өсөн хоол хүнс, ачаалал даах чадвар, хурд хүч гээд олон зүйлийг тодруулсны дараа нь яг л тухайн тамирчинд тохирсон хоолны төлөвлөгөө боловсруулж байлаа. Тамирчидтай ажиллахад олон давуу талтай байсан. Яг ид гэсэн хоол хүнсийг цагтаа идэж, усаа цагтаа ууж байлаа. Тамирчдын сахилга баттай, тууштай зан чанар нь манай хоол зүйн баг ажиллахад, ажлын ч үр дүнгээ сайн өгөхөд нөлөөсөн. Хоол зүйн баг үндэсний шигшээ баг дээр 2021 оны хоёрдугаар сараас эхлэн тамирчидтайгаа ажиллаж, ДАШТ, Азийн аварга зэрэг тэмцээн уралдаанд орох үеийн хооллолт дээр нь ажиллаж байсан. Олимп болохоос хоёр сарын өмнөөс тамирчидтайгаа хамт байрлаж, өөрсдөө орцыг нь граммлаж, зарим тохиолдолд хоолзүйч нар нь тогоочоо хийсэн. Тамирчин тус бүрийн, спортын төрлөөс хамаарч хоолны илчлэг өөр. 63 кг-д тулалдах боксчин, 63 кг-д барилдах бөх хоёрын хоорондох хоол, илчлэгийн хэмжээ тэс ондоо. Тиймээс жин хасах, нэмэхээ шалтгаалж бүх тамирчинд өдөрт 7-9 удаагийн хооллолт өгсөн. Тухайн өдөр ямар бэлтгэл хийхээс хамаарч ямар хоол, хэр хэмжээтэй өгөх нь гол ажил. Спортын хоол шим тэжээл бол өөрөө маш нарийн шинжлэх ухаан юм.
-Амжилт ололт, алдаа дутагдал юу байв?
-Анхлан хийж байгаа ажил учир алдаа оноогүй гэж юу байх вэ. Нэг хоолзүйчид 10-12 тамирчин ногдох, цар тахлын үетэй холбоотойгоор бэлтгэл тасалдах, төлөвлөсөн хугацаандаа хоолоо идэж чадахгүй байх, хөл хорионы үеэр зарим нэн шаардлагатай хүнс тасрах зэрэг хүндрэл гарч байсан. Товчхондоо бол бэлтгэл алдагдахад хүндрэл гарч байгаа юм. Амжилтын хувьд гайхалтай байсан. Тамирчид маань усаа уугаад, хоолоо идээд жингээ хасаж чадаж байгаа нь хоол зүйн багийн гол амижлт байв. Манай хоол зүйн багийн ажлыг маш сайнаар хүлээж авсан тамирчид болон спортын холбоод. Мөн хоол зүйн багийг ажиллах боломж, нөхцөлөөр спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төв, спортын бүх холбоо маань дээд зэргээр хангаж өгсөн.
Б.МӨНХЗУЛ