Sunday, November 24, 2024

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Date:

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг чуулганы нэглдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Ийн хуралд оролцсон гишүүд 67.7 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүд санал хэлж, асуулт асуулаа.

М.Оюунчимэг: Асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Нийслэлийн эрх зүй, эдийн засаг, татвартай холбоотой асуудлууд орхигдсоор ирсэн. 1994 онд нийслэлийн хүн ам 600 мянга байхад үйлчилж байсан хууль хүн ам хоёр дахин өссөн ч хэвээр байна. Улаанбаатар хотод түгжрэл, агаар, хөрсний бохирдол гээд тулгамдаж байгаа олон асуудал бий. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай” гэдгийг онцлоод “Хэсэгчилсэн инженерийн дэд бүтэц гэдэг осолтой. Нэг газар осол гарвал нийслэл тэр чигээрээ зогсоно. Үүн дээр салбарын яамны байр суурийг хэрхэн тусгасан бэ” хэмээн асуусан юм.

Үүнд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Нийслэлд холбогдох асуудлыг Эрчим хүчний яам хариуцна гэж байхгүй. Яам улсын хэмжээний асуудлыг хариуцна. Нийслэлийн усан хангамж, дулаан, цахилгаантай холбоотой асуудлыг нийслэлд өөрт нь хүлээлгэхээс өөр аргагүй. Ус, дулаан, цахилгаан хангамж бол нийслэлийн амин чухал асуудал. Үүнийг нийслэл хариуцахгүй бол бүгдийг Эрчим хүчний яам хариуцаж чадахгүй” хэмээн хариулсан  бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хэсэгчилсэн инженерийн хангамж, дулаан, ус, цахилгаан гэх мэт дэд бүтцийн асуудал Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд харьяалагдаж байгаа. Мөн Улаанбаатар хотын дэд бүтэцтэй холбоотой бүх хүн, хүчний нөөц хотод төвлөрдөг. Засаг даргын зөвлөлийн хурлаар асуудлаа ярьж, тодорхой хэсгийг нийслэлийн төсөвт суулгаж, ажлуудаа хийж ирсэн. Үүн дээр буруу ойлголт байгаад байна” гэв.

Ц.Сандаг-Очир: Улсын төсөв харалгүйгээр тулгамдсан асуудлаа шийдэх боломж энэ хуулиар үүснэ

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: -Улаанбаатар хоттой холбоотой асуудалд онцгой ач холбогдол өгч, төсөв, санхүүг шийдэж, хууль, эрх зүйн орчинтой холбоотой асуудлыг оруулж ирж байгаад талархаж байна. Нийслэл хотын тулгамдсан асуудлыг зөвхөн улс, нийслэлийн төсвөөр шийдэх боломжгүй. Тиймээс өнгөрсөн хаврын чуулганаар баталсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нийслэл, аймгуудад үнэт цаас гаргах, концессын гэрээ хийх эрхийг олгосон нь зөв зүйтэй. Цаашид Улаанбаатар улсын төсөв харалгүйгээр байгаа өмчөө ашиглаж мөнгө босгох, тулгамдсан асуудлаа шийдэх боломж энэ хуулиар үүснэ гэж харж байна.

С.Одонтуяа: Дүүрэг, нийслэлийг хөгжүүлэхэд эрх зүйн орчин байхгүйгээс ажил явдаггүй

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Энэ хууль 2008 оноос хойш яригдаж байгаа. Дүүрэг, нийслэлийг хөгжүүлэхэд эрх зүйн орчин байхгүйгээс ажил явдаггүй, урагшилдаггүй. Иймээс хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байна” гэв. Мөн тэрбээр хот төлөвлөлтийн хариуцлагыг хүлээх механизм хэрхэн хуульд туссан талаар асуухад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын төлөвлөлт алдагдсан. Үүнийг цэгцлэх гэж эрх зүйн зохицуулалтыг оруулж ирж байгаа. Улаанбаатар хотын төлөвлөлт уялдаагүй байна. Хотод бүтцийн асуудал яригдана. Улаанбаатар хотын Ерөнхий архитектор хот төлөвлөлтийн талаар шийдвэр гаргасан бол хэн ч өөрчилдөггүй, зөрчдөггүй байх зохицуулалтыг оруулах гэж байна. Тэгж байж хотын нэгдсэн стандарт, төлөвлөлт явна. Хот төлөвлөлтөд онцгой анхаарна. Хууль батлагдвал хотод байх ёстой стандарт, хэм хэмжээг тогтооно” хэмээн хариуллаа.

Б.Саранчимэг: Ажлын хэсэгт орох саналтай байна

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжиж байна. Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд тус хуулийн төслийг хэлэлцэх явцад онцгой анхаарч, ажлын хэсэгт орох саналтай байна. 2020 оны  хүн амын тооллогоор Улаанбаатар хотын хүн ам 1.539.810 байсан. Хүн амын төвлөрөл Улаанбаатар хотод их байна. Тэр дундаа Баянзүрх дүүргийн хүн ам сүүлийн 10 жилд 130  хувиар нэмэгдэж, 361.700 болж, хамгийн их хүн амтай дүүрэг болсон” хэмээгээд “Хотын төвлөрлийг сааруулахад хуулийн төсөлд ямар бодит арга хэмжээ тусгасан бэ. Хуулийн төсөлд дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулахаар тусгажээ. Иргэдийг ямар хөшүүрэг, нөхцөлөөр тэнд суурьших зохицуулалт хийсэн бэ” гэдгийг асуусан юм.  

Т.Доржханд: Өв соёлоо хадгалж, хамгаалах бодлогуудыг хуульд тусгаарай

УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Хотынхоо асуудлыг ярьж байгаа тул ямар агуулгаар хотоо хөгжүүлэх хэрэгтэй вэ гэдэг дээр товчхон санал хэлмээр байна.  Өндөр барилгатай, дээр нь камер өлгөчихсөн, иргэдээ хянадаг биш, эсрэгээрээ иргэд нь гудамжаа дүүргэж байдаг, өндөр биш, илүү их тархсан бүтэцтэй хот бол аз жаргалтай, хамгийн сайхан үзүүлэлттэй хот гэх судалгаанууд дэлхий нийтээр байна. Иймд бид ч энэ жишгийг дагах нь зүйтэй. Монголчууд цөөхүүлээ, өргөн уудам тал нутагтай боловч ганц асуудал нь дэд бүтэц. Үүнтэй холбоотойгоор инженерүүдийн зүгээс байнга тавьж буй зүйл нь “Улаанбаатар хотын нягтаршил ихтэй газар өндөр байшин битгий бариулаач ээ, шууд хориглооч ээ” гэж байгаа. Энэ зохицуулалтыг хуульдаа тусгамаар байна. Ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, хүүхдийн талбайгаас бусад газарт хотоо тэлье. Тэлэхдээ дэд бүтцийг нь л оруулна. Цэвэр, бохир ус, зам талбайг нь л оруулдаг олон улсын жишиг байна. Олон улсын жишиг шиг санхүүгийн механизм руу орж, хотоо тэлэх, дагуул хот бий болговол боломж нь бий. Хотын төвдөө, нягтаршил ихтэй газар өндөр байшин барихгүй, зөвхөн ногоон байгууламж байгуулах хэрэгтэй. Мөн жуулчдад түүхээ зарахын тулд өв соёлоо хадгалж, хамгаалах бодлогуудыг хуульд тусгаарай.

Ж.Чинбүрэн: Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: -Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж байгаа. Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн заалтыг тус хуульд тусгах хэрэгтэй. Мөн аккумлятор, автомашины тос, масло солихтой холбоотой хөрсний бохирдолд анхаарах шаардлагатай. Баянзүрх дүүрэгт “Да хүрээ” зах байдаг бөгөөд эргэн тойронд нь аж ахуй нэгжүүд иймэрхүү үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс үүнд стандарт тогтоох, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Хүнд металлаас шууд хамааралтай хорт хавдрын өвчлөл их байдаг. Тиймээс хөрсний бохирдолтой холбоотой стандартчилал, заалтыг харах хэрэгтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...