Saturday, November 23, 2024

А.Энхтайван: “Хунт нуур”-ыг судалж байж “Дангина” балетаа бичсэн

Date:

Ярилцсан Г.Сонинбаяр

-Агваанцэрэнгийн Энхтайваны хөгжим, Жүмпэрэлийн Саруулбуянгийн шүлэг, “Балжийн гол”. Улсын дуурь бүжгийн академик театрын гоцлол дуучин Агваанцэрэнгийн Энхтайван дуулна… Дуурийн театрт нэг ч хүнгүй мэт зритель чив чимээгүй. Энэхүү нам гүмийг эвдэн симфони оркестрын найрал хөгжим нүргэлэн нургилан дуурьсаж, хөвчийн тунгалаг Балжийн голын урсгал хүн бүрийн цээжнээ цалгин бялхах нь тэр ээ.

Хүлэг морио ундаалсан

Хөвчийн сайхан Балжийн гол оо

Хүслэнт зүрхийг булиглуулсан

Хүүхэн хонгор Балжмаахан…

Дахиад нам гүм. Залуу дуучны зүрх түг түг цохилоостой. Алга ташихгүй юм биш байгаа гэсэн түгшүүр төрнө. Гэтэл гэнэт л алга ташилт нижигнээд явчихав гэнэ. Нэг сайхан уужирч аваад л ёслов. Удирдаач Ч.Жамсранжав түүн рүү алга ташин баяр хүргэж байгаа харагдахад бүр ч тайвширч. Тайзны ар руу яаж орсноо ч мэдсэнгүй. Алга ташилт тасралтгүй нижигнэсээр, улам чангарах аж. Эргэн тайзнаа гарлаа. Ч.Жамсранжав удирдаач “Бүтнээр нь дуулаарай” гэж дохиж байгаа харагдана. Дууллаа, дууслаа. Дахиад л алга ташилт. Гурав дахиа тайзнаа гарч “Балжийн гол”-ынхоо сүүлийн бадгийг дуулав.    

Хүслэнт зүрхийг булиглуулсан

Хүүхэн хонгор Балжмаа минь ээ… Хоолойн цээл, хөгжмийн яруу нийлэн найрсаж, нарийсан нарийссаар усны урсгал, салхины сэвшээнд уусан алдрах мэт болов.

Алга ташилт шижигнэсээр. Хөвч тайгын намар цагийн их аадар мэт шаагисан тэр алга ташилт одоо ч сонсогддог аж. Магадгүй тэр алга ташилтаас авсан урам зориг, эрч хүч түүнийг өнөө хүртэл тэжээж, хөглөж яваа байх. Гадаадад сургууль дөнгөж төгсөж ирээд байсан гоцлол дуучин залуугийн өөрөө аяыг нь зохион дуулсан дуу 1985 оны арваннэгдүгээр сарын 14-нд Дуурь бүжгийн академик театрт болсон ЗХУ-ын ардын жүжигчин Ким Базарсадаев, Дугар Дашиев нарын тоглолт дээр ийнхүү анх олонд хүрч, үзэгчид болон сонгодог урлагийн мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авчээ.

Сонгодог урлагийн ариун сүмийн алтан тайзан дээрээс дуулаачийн замнал, хөгжмийн зохиолчийн алдраа зэрэг эхэлсэн тэр одтой, азтай, авьяастай залуу бол эдүгээгийн Монгол Улсын Ардын жүжигчин Агваанцэрэнгийн Энхтайван байлаа. “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд их эзэн Чингис хааны дүрийг бүтээж, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн энэ эрхэм ДБЭТ-ын тайзыг нэгэн үе эзэгнэж, дэлхийн сонгодог болон үндэсний томоохон бүх дуурийн гол дүрд дуулж явсан цээл хоолойтон. Бидний ярилцлага түүний дуурийн дуучны замналаа эхэлсэн залуу насных нь он жилүүдийн дурсамжаар эхэллээ.   

Дуурийн театрт намайг алтан үеийнхэн тосож авсан

-Монголын хөгжмийн ертөнцөд Зууны манлай дуурийн дуучин, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж гуай, төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж, Б.Шарав, Ардын жүжигчин А.Долгор, концертмейстер, Гавьяат жүжигчин Б.Солонго  гээд Уралын хөгжмийн дээд сургуулийнхан олон. Та ч бас Уралын хөгжмийн дээд сургуулийн “бүтээгдэхүүн”. Свердловск явахаасаа өмнө хөгжмийн анхны цагаан толгойг хаана заалгасан юм бэ?

-Би анх 1976 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн дэргэдэх найрал дууны ангид орсон. Гуравдугаар ангид ороход найрал дууны анги маань УБДС-ийн Кино драмын факультетэд нэгдэж Кино драм, найрал дууны анги болсон. Ингээд 1980 онд УБДС-иа төгсөөд ДБЭТ-т стажировк буюу дагалдан дуучнаар хуваарилагдсан. Ажилдаа орох гээд ДБЭТ дээр очоод байж байтал Соёлын яамнаас дуудсан. Очтол “За, Энхтайван. Чи сургуулиа сайн төгссөн юм байна. Мэргэжилдээ ирээдүйтэй гэж өндөр үнэлэлт авсан учраас бид чамайг ЗХУ-ын Свердловск хотод Уралын хөгжмийн дээд сургуульд урилгаар явуулахаар болж байгаа. Бэлтгэлээ хийгээрэй” гэдэг юм. Тэгээд л дуурийн театрт ажилласан юм байхгүй, шууд хойшоо явсан. Уралын хөгжмийн дээд сургуульд таван жил сурсан. Тэнд сурч байхдаа зүгээр байгаагүй ээ. Хөгжим бүжгийн дунд сургууль болон УБДС-д дөрвөн жил сурснаа бататгаж, мэргэжлээсээ гадуурх нотны, хөгжмийн анхны мэдэгдэхүүн дээрээ голцуу ажиллаж, шөнө оройн цагаар оюутны дотуур байранд төгөлдөр хуур хөгжмөөр хичээллэдэг байлаа.

Өнөөдрийн дуучдыг миний үеийн оюутнууд, дуучидтай харьцуулахад төгөлдөр хуур болон хөгжмийн онол, хөгжмийн гармон, найруулга тал дээрээ жаахан дутуу байна уу гэж надад бодогддог юм. Миний үед үнэхээр өдөр шөнөгүй сурч байж, хаана ямар нотон дээр ямар хөгжим тоглож байгаа, нарийн ярих юм бол дуурийн дуучин хүн тайзан дээр буруу хараад дуулж явахад ардаа тоглож байгаа оркестрийг, удирдаачийг бүгдийг мэдэрч сонсож байх ийм л хэмжээнд хөгжмийн талаар боловсорсон байх ёстой гэсэн зорилго өөртөө тавьж ажиллаж байсан. Уралын хөгжмийн дээд сургуулиа онц төгссөн. 1985 онд төгсөж ирэнгүүтээ шууд ДБЭТ-ын гоцлол дуучнаар хуваарилагдсан. 2005 хүртэл 20 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан даа. Энэ хугацаанд би ДБЭТ-т маш гоё хамт олонтой ажиллаж байсан. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр Монголд мэргэжлийн дуучин, дуурийн дуучин гэдэг энэ том мэргэжил үүсэж бий болсон тэр үеэс эхлээд тэрийг хөгжүүлэхийн төлөө зүтгэж явсан алтан үеийн сайхан дуучид бүгд тухайн үед байсан.

Зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдорж гуай, Г.Хайдав багш, А.Загдсүрэн гуай, П.Цэвэлсүрэн гуай, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан гуай, А.Хавлааш ах гээд яг тэр цаг үеийнхээ сор болсон алтан үеийн дуучидтай хамтарч, дуурийн театрт арваад ажил ажиллах боломж олдсон юм. Яагаад арваад жил гэж байна вэ гэхээр миний ажиллаж байсан 1985-аас 1995 он хүртэлх хугацаанд ихэнх ахмад дуучид маань тэтгэвэртээ гарсан. Дараагийн 10 жилдээ би өөрөө ахмад үе нь болж, надаас хойш төгсөж ирсэн залуу дуучидтайгаа дуулсан.

-Дуурийн дуучны чансаа дэлхийн болон үндэсний сонгодог дууриудад бүтээсэн дүрээрээ хэмжигддэг. Та хэчнээн дуурьт дуулсан бэ?

-Дэлхийн сонгодог болон үндэсний 32 дуурийн гол дүрийг бүтээсэн байдаг юм. Дэлхийн сонгодог гэхээр Ж.Пуччини, Ж.Верди, Ж.Россини гээд л агуу хөгжмийн зохиолчдын XVII-XIX зуунд бичсэн том дууриудыг дэлхийн сонгодог дуурь гэж нэрлэдэг. “Чио Чио сан” дуурийн Пинкертон, “Травиата” дуурийн Альфред, “Риголетто” дуурийн Герцог ван Мантаунский, “Турандот” дуурийн Клап, “Евгений Онегин” дуурийн Ленский, Хрениковын “Шуурганаар” дуурийн Левко гэх мэт олон сайхан дүрийг бүтээснээс гадна Монголынхоо үндэсний сонгодог дууриудын нэлээд хэдэн дүрийг бүтээсэн байдаг юм. Ялангуяа манай сүүлийн үеийн хөгжмийн зохиолчдын сор болж байсан Төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал ахын “Ламбугайн нулимс” дуурьт дуулж байлаа. Мөн Х.Билэгжаргал ахын “Гэрэл сүүдэр” гээд хоёрхон хүний дүртэй дуурьт Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж гуай, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан гуай хоёртой хоёулантай нь ганцаараа дуулж байсан. Надад дублёр гэж байсангүй ээ. Нэг ч орлон тоглогчгүйгээр дуулж байлаа. Намайг ид дуулж байх үед дуурийн театрт манай хөгжмийн зохиолчид их гоё гоё шинэ дууриуд тавьж байсан. Хуучцуулын зохиосон дууриуд ч байлаа. Д.Лувсаншарав гуайн зохиосон “Хан бүргэд”, “Нүцгэн ноён” гэж их гоё дуурь намайг ирсний дараахан тавигдсан. Эдгээр дууриудын гол дүрд дуулсан. Л.Мөрдорж гуайн “Хөхөө Намжил” дуурь байна. Тоолох юм бол яг тэр үед үндэсний арав гаруй дуурь байсан. Тэр бүгдэд дуулж байлаа. Дуурийн театрт ажиллаж байх үеийн нэг сайхан онцлогыг би мартаж чаддаггүй. Юу гэхээр Монгол Улсын хэмжээнд ДБЭТ гэдэг бол улсын нэг номерын тайз байсан. Энэ тайзан дээгүүр гадуур өмсдөг гуталтайгаа явдаггүй. Театрын дэг журам маш хатуу байлаа. Гэхдээ энэ бол диктатур биш. Энэ сайхан дэг журмыг тогтоож байсан хүн бол Төрийн шагналт, Ардын жүжигчин Х.Уртнасан, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Жамьяандагва гэдэг хоёр агуу хүн. Энэ хоёр хүн тайзаа, театраа хүндэтгэх тал дээр маш их анхаардаг байсан. Гадуур өмсдөг гуталтай хүн тайзан дээгүүр явахад шууд хашгираад зогсоодог байсан. “Яв, гар. Чи хэн юм. Гадуур хувцастай явж байдаг” гээд л. Өвөл уран бүтээлчдийг театр дотроо өмсөх шаахайгаа авчирч бай гэдэг. Ийм гоё дэг журамтай, ахмадуудаа маш их хүндэлдэг байлаа. Ахмадууд үг хэлнэ, бид үг дуугүй. “За багш аа” л гэнэ. Хойно төгсөж ирээд дуурийн театрт ороход надаас дээш үеийн бүх дуучид бүгд л зааж сургаж, хэлж байсан учраас бүгд л миний багш гэсэн үг. Тиймээс тэдэнтэй маш хүндэтгэлтэй харилцдаг, их гоё үе байлаа.

-Тухайн үед дуурийн  театрын удирдаач, концейртмейстерүүд хэн хэн байв?

-ДБЭТ-т гоцлол дуучнаар ажилласандаа баярлаж бахархаж, өөрийгөө маш азтайд тооцдог. Тэгж бодох шалтгаан болсон хоёр агуу хүн бий. Тэд бол Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, удирдаач Ж.Чулуун багш болон Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ч.Жамсранжав гуай нар юм. Энэ хоёр хүн шиг агуу сайхан удирдаач сүүлийн үед төрөхгүй юм байна аа. Ямар гоё дуучидтайгаа харьцдаг, тайз, хөгжмийн яам хоёроос ямар гоё сайхан мэдрэмжээр бие биедээ өгөө аваагаа өгдөг гээч. Үнэхээр мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн удирдаачид. Тэнгэрээс сүнс нь сонсож байгаа болов уу л  гэж бодож байна. Энэ хоёр хүн бол Монгол Улсын гайхамшиг байлаа. Монголд сонгодог урлагийн удирдаачаар энэ хоёр хүн ажиллаж байсан нь үнэхээр гайхамшиг. Тийм л чадвартай удирдаачид байсан. Энэ хүмүүстэй тасралтгүй арваад жил ажилласандаа маш их баярладаг. Тэднээс их юм сурсан. Мөн манай ДБЭТ-т мундаг сайхан концертмейстер Л.Халиунсүрэн багш маань ажиллаж байлаа. Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Халиунсүрэн эгч бол Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав багшийн охин шүү дээ. Л.Халиунсүрэн эгч дуучдад парт гэж бидний ярьдаг дүрийг хөгжмийн хэлээр ойлгуулахад маш чухал үүрэг гүйцэтгэж байсан. Одоо Л.Халиунсүрэн эгч шиг сайн концертмейстер бас дуурьт төдийлөн гарч ирээгүй л байх шиг байна. Гэхдээ сүүлийн үеийнхнийг бас сайн мэдэхгүй юм. Ийм алтан үеийн сайхан уран бүтээлчидтэй гар нийлж Монгол Улсын нэг номерын тайзан дээр 32 сонгодог дуурийн гол дүр бүтээж байсандаа баярладаг.

-Цээл хоолойтнуудын дуулахыг хүсдэг тэр бүх дүрд та дуулжээ. 

-Би дуурьт ирэхдээ “тэнгэрийн умдаг атгасан” хүн л дээ. Намайг ирэхэд Монголын дуурийн урлагт үнэхээрийн гоё цээл хоолойтой гэгдэж гайхагдаж байсан гоцлол дуучин, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав багш, Гавьяат жүжигчин Д.Банди ах хоёр байсан. Тэдний дараа Г.Хайдав багшийн шавь Баясгалан ах дуулж байсан ч удалгүй бурханы оронд заларчихсан. Намайг 1985  онд төгсөж ирэхэд түрүүний ярьдаг хоёр агуу удирдаач хамгийн түрүүнд дэмжиж, тулж түшиж авсан. ДБЭТ-т дэлхийн сонгодгуудыг дуулах, ялангуяа дээд өнгүүдийг гаргаж дуулах нарийн хоолой буюу тенор хоолойтой хүн маш ховор байсан. Би төгсөхдөө “Богема” дуурийн Рудольф, “Евгений Онегин” дуурийн Ленский гэсэн хоёр дүрээр дипломоо хамгаалж ирсэн. Нэг дурсамж сөхөхөд, 1983 онд мэргэжлийн дуу дуулаачдын улсын анхдугаар уралдаан болсон юм. Тэр уралдаанд эдүгээгийн Ардын жүжигчин А.Долгор бид хоёр Свердлловскоос ирж оролцсон. А.Долгор дөрөвдүгээр курс, би гуравдугаар курсийн оюутнууд байлаа. Тэр уралдаанд ДБЭТ-д ажиллаж байсан гоцлол дуучин Ч.Мөнхшүр түрүүлж, А.Долгор хоёрдугаар байрт, би гуравдугаар байрт орсон. А.Долгор бид хоёр дэлхийн том том дуурийн сонгодог аринуудыг дуулж оролцсон. Мөн “Евгений Онегин” дуурийг бүтнээр нь тавихад би Ленскийн дүрд, А.Долгор Ольгагийн дүрд тоглосон. Ингээд тэр уралдаанаас шагналт хүртэцгээж, улсын хэмжээнд анх удаа сонин хэвлэлээр гарч, ийм сайхан дуучид төгсөж ирэх нь гэсэн магтаал сонсож байсан. Тэгээд төгсөөд ирсэн чинь А.Долгор миний өмнөх жил төгсөж ирээд шууд гоцлол дуучин болсон байсан. Би бас ирээд шууд гоцлол дуучин болсон.

Намайг дуурьт ороход маш олзуурхаж, хоолойгоо хайрлаж, удаан дуулах талаар зөвлөгөө өгч, хамтарч том дууриудын үндсэн гол дүрүүдийг дуул гэж өгч байсан хоёр хүн бол удирдаач Ж.Чулуун багш, удирдаач Ч.Жамсранжав багш хоёр. Дээр нь манай ДБЭТ-ын ерөнхий найруулагч Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган ах их тусалж дэмжсэн. Л.Эрдэнэбулган ах бид хоёр үнэхээр сайхан хамтарч ажиллаж байсан. Энэ хүн намайг маш сайн ойлгож, тоглох ур чадвар дээр, найруулгын тал дээр тавилуудыг минь тавьж өгч байсан. “Травиата”, “Риголетто” хоёр дуурьт Цэрэндолгор багш тавилыг нь тавьж өгч байсан юм. Бусад бүх дуурийг Л.Эрдэнэбулган ах тавилыг нь тавьж өгч байсан. Нэг үгээр хэлбэл 30 дуурийн гол дүр дээр Л.Эрдэнэбулган ахтай тайзан дээр ажилласан.

Миний хоолойг тухайн үедээ маш их үнэлдэг байсан. Нэг сайхан дуурийн гол дүрд дуулаад гарч ирээд бараг хөлсөө арчаагүй байхад “За дараагийн дүр чинь энэ шүү, энийг сурна шүү” гэж шахдаг, гол дүрүүд өгдөг байсан. Тэр үед надтай орлон тоглогчоор дуулж байсан хүн бол ганцхан манай Баясгалан ах л байсан. Сүүлд надаас хойш Дамдинсүрэн гэж дуучин ирж байсан. 2005 онд ДБЭТ-аас гарсны дараа Дамдинсүрэн маань л үлдэж ихэнх нарийн хоолойтой дүрүүдэд дуулсан.

-Таны партнёрууд хэн хэн байв?

-Миний алтан партнёр гэвэл Зууны манлай дуурийн дуучин, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Х.Уртнасан гуай. Намайг ирснээс хойш шууд өөрийнхөө алтан партнёроор сонгож авч, ер нь хаана очиж дуулна бүх юман дээрээ дагуулж явдаг байлаа. Б.Шарав ахын алдарт “Аав ээж хоёр минь”-ээс эхлээд дэлхийн сонгодгуудаас дуулуулна. “Энхтайван, чи тэр Отелло, Дездомон хоёрын дуэтийг сурна шүү. Долоо хоногийн дараа гала концерттой, тэрэнд дуулна шүү” гээд үүрэг өгдөг. Намайг ингэж уран бүтээлээр шахдаг байсан. Маш мундаг бодлоготой. Уртаа эгчээс гадна миний алтан партнёр Ардын жүжигчин А.Долгор, ардын жүжигчин Б.Жавзандулам хоёр маань байлаа. Ерөөсөө энэ гурван эмэгтэй партнёртой хамт дуулаагүй дуурь гэж байхгүй гэж хэлж болно. Эрэгтэйчүүдээс басс, баритон хоолойтой дуучид бүгд л миний партнер байсан. Ц.Пүрэвдорж багш, Д.Жаргалсайхан багш гээд л алдартай цолтой тэр том дуучидтай бүгдтэй нь тэр алтан тайзан дээр өөрийнхөө муу жижигхэн хоолойны чадлаар л орилж байлаа. Гэхдээ миний хоолойг жижиг гэдэггүй байсан. Би өөрөө жижиг гэж боддог байсан болохоос. Ардын жүжигчин Н.Жанцанноров гуай хэлдэг байсан. “Үнэхээр маш сайхан хоолойтой дуурийн дуучин төгсөж ирж. Би маш олон дуу зориулж бичнэ ээ” гэж надад хэлж байсан. Н.Жанцанноров гуай надад зориулж анх “Хүний заяа” дууг бичиж өгч байсан. Мөн “Хүн тэнгэр” гээд өчнөөн олон дуу бичиж өгсөн. Мөн надад зориулж тенор хоолойд зориулсан 15 романс бичиж өгөөд, хоёулаа тэрийгээ дуулаад Хөгжим бүжгийн сургууль, Соёл урлагийн дээдийн оюутнуудад тайлан концерт хийж байлаа. Ганцаараа 15 романсыг нэг тайзан дээр дуулна гэдэг ямар байх вэ, тийм ээ. Тэгэхээр тухайн үедээ миний хоолой бас гайгүй байсан юм шиг билээ.

-Хоолойгоо зөв авч явах, гамнах тал дээр та хэр анхаарч байв?

-Хоолой  гамнана гэдэг чухал. Ахуйн талаасаа гам барилгүй яах вэ. Хамгийн гол нь өөрийн дуулах техник гэж байдаг. Миний хувьд өөртөө эрхэмлэж байсан юм бол ер нь дуулна гэдэг бол амьсгалын урлаг юм байна, тэгэхээр амьсгаагаа их зөв олж, анхнаасаа шинэ дуу, шинэ романс, шинэ ари сурахдаа дандаа амьсгааныхаа тавилтыг зөв тавьж дуулах юм бол хоолойнд  нэг их түүртэл бага байдаг юм байна гэж боддог байсан.

-Тэр зөв, сайн суурийг тавьж өгсөн багш тань хэн бэ?

-Монголд миний багш Ардын жүжигчин Г.Хайдав багш маань байсан. Дуулах ур зүйг надад анх заасан хүн. Харин Свердловскт доцент багш, СССР-ын гавьяат жүжигчин Курлапов гэж хүн байсан. ДБЭТ-т ирээд нэг жил болж байхад маань СССР-ын ардын жүжигчин Данилян гэж армян хүн багшаар ирсэн. Тэр Данилян багш надтай бүтэн жил ажиллахдаа жинхэнэ амьсгалын урлагийг ойлгуулж өгсөн. Ер нь урьд нь би дулимагхан л байсан юм билээ. Оюутны ширээнээс гарахаар их л мундаг болчихлоо гэж боддог байсан. Ирээд ажиллахаар бүх л юм тэгээс эхэлж байгаа юм шиг санагддаг юм билээ. Данилян багштай нэг жил ажиллахад надад их ойлголт өгсөн шүү. Тэр хүний зааснаар олон дуурьт дуулсан.

-Одоо манай дуучид гадаадад олон улсын уралдаан тэмцээнд их оролцож байна. Таныг ид дуулж байх үед өөрийгөө сорих тийм боломж байв уу?

-Би Алма-Ата, Пермь, Кызыл, Барнаул тэгээд олон хотод очиж дуулж байсан.  “Россия” зочид буудлын концертын танхимд маш том тоглолт хийж байлаа. Ер нь СССР-ын хэд  хэдэн бүгд найрамдах улсаар явж дуулсан. Тухайн үед бидний хүрээ тийм л байж. Монголдоо бол очоогүй аймаг, сум гэж байхгүй дээ. Бүгдээр нь явсан. Тэр үед бригадаар явж төлөвлөгөө биелүүлдэг байсан. ДБЭТ маань хоёр хуваагдаад л баруун, зүүн аймгаар явж тоглодог, дараа жил нь солбиод явдаг байсан.

-Зохиолын дуу дуулахаар дуурийн дуучдын хоолой өөр болдог, эвдэрдэг гэдэг. Үнэн үү?

-Үгүй л дээ. Мэргэжлийн дуучин гэдэг нэгэнт л дуулах арга зүйгээ мэргэжил болгож авсан ийм хүмүүс. Тэгтэл өнөөдөр СУИС төгсөөд гарч ирж байгаа дуучид нэг дуу надаас аваад дууллаа гэхэд багш аа энийг чинь дуурийн хоолойгоор дуулах уу, ардын хоолойгоор дуулах уу, нийтийн дуучин шиг дуулах уу гэж асуудаг юм. Тийм биш ээ. Тэр хүн өөрийнхөө амьсгааг нэг л зөв тавьсан бол зөв амьсгаатай хоолойгоороо тэр дууг том дуу байсан ч, жижиг дуу ч байсан сайн дуулах ёстой. Мэдээж дуулж байхад дунд нь нюанс хийнэ гэдэг бол өөрөө зохицуулж зүйл. Хаана нь чанга дуулж, хаана нь аяар дуулж яах ёстой билээ гээд.

-Та дуурийн дуучны карьерынхаа хувьд хүсч мөрөөдөж байсан тэр оргилдоо хүрсэн үү?

-Чадсан гэж боддог. Миний дуурийн театрт дуулсан хамгийн том дүр маань “Риголетто” дуурийн герцог, “Турандот” дуурийн Клап. “Турандот” дуурийн Клап бол тенор хоолойтой дуучдын хамаг юмыг шавхдаг тийм том дүр л дээ. Энэ дүрийг би хамгийн анх ДБЭТ-д дуулсан. Миний дублёр нь Д.Банди ах байсан. Би Х.Уртнасан эгч, Б.Жавзандулам хоёртой энэ дуурьт ээлжилж дуулдаг байсан.

“Балжийн гол”-оо анх Ким Базарсадаев, Дугар Дашиев нарын тоглолт дээр дуулсан

-Дуучин хүн хөгжим зохиож, бүр мэргэжлийн дуучдын хоолойн чансаа шалгадаг том дуунуудын аялгууг зохиох болсон нь учиртай байх?

-Би нэг их айхтар хөгжим зохиочихъё гэж бодож байгаагүй юм аа. 1985 онд төгсөж ирээд есдүгээр сард манай дуурийн театрын ажил цуглаад, бид бригадаар явах болдог юм. Тал тал тийшээ урлагийн тоглолт хийгээд явна гэсэн үг. Бид эхний ээлжид зүүн аймгууд руу явах болов. Удирдаач Ч.Жамсранжав гуай манай багийн ахлагч. Орон нутагт тоглолтоор явах хүмүүс чинь дуулах дуугаа сонгох болдог юм. Дандаа л симфони оркестрийн цөөхүүлтэй л дуулна шүү дээ. Одоогийнх шиг фонаграмм байх биш. Тэгээд нот хайсан чинь монгол дуу ерөөсөө байдаггүй. Байгаа монгол дуунуудыг нь бүгдийг нь ахмад дуучид авчихаж. “Ижилдээ ганцхан шарга” гээд дуу байхаар нь авах гэтэл “Бэх-Очир дуулж байгаа” гэнэ. “Хөдөөгийн баясгалан” гээд дууг авъя гэсэн чинь “Наадахыг чинь Баясгалан ах авчихсан” гэнэ. Ингээд надад юу ч байхгүй. Тэгээд маэстрод хэллээ дээ. “Би дуулах дуу байхгүй. Монгол дуу байхгүй юм байна” гэлээ. Сонгодгоосоо дуулаад явахгүй юу гэнэ. Тэгээд хөдөөгүүр сонгодог дуурийн ари, романсаас дуулаад явлаа. Сүүлдээ ч хоолой нэлээд цуцах маягтай болж байна. Ерөөсөө өөртөө л дуу зохиож авахгүй бол над шиг дөнгөж төгсөж ирсэн шинэковт дуу зохиож өгдөг хэн байх вэ. Ямар ч байсан өөрөө нэг концертод дуулдаг дуутай болъё гэж бодлоо. Ингэж би “Балжийн гол” дууны хөгжмийг анх бичсэн. Ж.Саруулбуянгийнхаа бичсэн шүлгийг аваад уншиж үзсэн чинь их сайхан урт, тайвуухан аятай, гоё дуу болмоор санагдаад. Тэгээд аялгууг нь бичсэн. Тухайн үед өөрөө хөгжмийн гармони, төгөлдөр хуурын парти биччихмээр санагдаад, нотныхоо дэвтрийн гол цааснаас авч байгаад шууд төгөлдөр хуур тоглох партитай нь бичээд Л.Халиунсүрэн эгчтэй тоглоод үзсэн чинь надад маш том урам өгсөн. “Болж байна шүү дээ Тайваан. Янзын сайхан болж байна. Энэ дээр ингээд хоёр нот засчих” гээд зөвлөөд л. Дараа нь нөгөө аяндаа симфони оркестровк хийлгэхийн тулд Ч.Жамсранжав удирдаачдаа хандлаа. Жаамаа багшид “Нэг ийм дуу бичсэн юм” гэсэн “За тогло” гэнэ. Тэгэхэд “Учиртай гурван толгой” дуурь тоглох гэж байсан юм. Дөнгөж л театрын нээлт л болж байсан байх. Удирдаач тоглолтын хувцсаа өмчихсөн байж байсан. Би ч төгөлдөр хуур дээр нь аяа тоглоод дууллаа. “Балжийн гол”-ынхоо нэгдүгээр бадгийг дуулсан чинь Жаамаа багш сортолзоод л, их сонин болж байснаа хоёрдугаар бадгаа тоглосон чинь бүр дэргэд хүрээд ирлээ. Тэгээд гуравдугаар бадгаа дуулаад л дээш нь бариад л эхэлсэн чинь “За болно, болно. Ёстой янзтай. Чи ёстой гайхамшигтай. Чи өөрөө бичсэн юм уу” гэнэ. Тийм гэсэн чинь “За мундаг байна. Сайн байна. Наад нотоо наанаа орхичих” гэсэн. Тэгээд хоёр хонолоо. Миний нотыг өгдөггүй. Яаж байгаа бол оркестровк хийж байгаа болов уу гэж бодоод хүлээгээд байлаа. Тэгсэн Жаамаа багш гурав дахь өдөр нь над дээр ороод ирлээ. “За Энхтайван юу хийж байна” гэнэ. “Юмаа бэлдээд байж байна” гэсэн чинь “Нөгөөдөр буриадын хоёр дуучин ирж байгаа. Тэдэнтэй гала тоглолтод “Балжийн гол”-оо дуулаарай” гэнэ. ”Үгүй, багш аа. Оркестровк хийгээгүй” гэсэн чинь “Би хийлгэчихсээн хийлгэчихсэн. Болчихсон” гэж байна. Тэгээд маргааш нь Л.Халиунсүрэн эгчтэй “Балжийн гол”-оо жаал бэлдлээ. Гурав дараалаад дуулсан чинь Халиунсүрэн эгч “За одоо болно оо. Наад хоолой чинь болохоо байчихна. Маргааш тоглолттой” гэнэ. Маргааш өглөө нь симфони оркестртой бэлдэж хоёр удаа дуулж үзээд л орой нь гала концерт дээр дуулсан. Ким Базарсадаев, Дугар Дашиев гэж СССР-ын Ардын жүжигчин хоёр мундаг дуучин ирчихсэн. Гала концертын нэлээд сүүлээр намайг зарлаад урилаа. Хэдхэн өдрийн өмнө зохиосон шинэ дуугаа тэр том тоглолт дээр анх дуулахад их сандарсан. Тэгсэн гурван удаа дахиулсан шүү. Зритель нижигнэтэл алга ташаад л, зарим нь хөөе гэж орилоод, зарим нь браво ч гэж байх шиг.

Дуулчихаад тайзны ард ороод ирсэн чинь Дугар Дашиев гуай тэвэрч аваад “Чи ямар гоё бузартай дуулдаг хөвүүн гээшив. Энэ дууг чи өөрөө зохиогоо юу” гэнэ. Тийм ээ гэсэн чинь “Сайн миний хүү” гээд тэвэрч байсан юм. Ингэж анхны бүтээл “Балжийн гол” дуу маань төрсөн. Би ч концертод дуулдаг дуутай болж авсан.

“Балжийн гол” дууны шүлгийг бичсэн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зураач, сэтгүүлч, доктор Ж.Саруулбуянгийн хамт

-Анхны дуунаасаа асар том урам авч. Дараагийн дуунууд тэр урмаар бүтсэн байх даа?

-“Балжийн гол” дуу төрснөөс хойш аялгуу хийх урам ороод явчихсан. Тэгээд хэдэн дуу бичсэн. Хийсэн бүтээсэн дуунууд маань тодорхой хэмжээгээр хүнд хүрээд байх шиг. Монголын урлагт 35 жил ажиллаж. Тиймээс би боддог юм. Энэ 35 жилд хийсэн юмаа эргээд нэг харахсан гэж. Монголын урлагийн аль аль төрөлд нь ямар ямар юм хийчихэв дээ гэж бодож явдаг юм.

-Дууны урын сандаа хэчнээн дуутай болж вэ?

-Нийтийн дуу 300 гаруй, мэргэжлийн дуу 200 шахам байна.

-Таны “Балжийн гол”-ыг дуулаач бэлддэг их дээд сургуулиуд хөтөлбөртөө оруулсан байдаг. Энэ дууг дуулалгүй төгсдөг дуулаачийн ангийн оюутан гэж үгүй байх аа?

-1990-ээд оноос хойш “Балжийн гол”, “Ижийнхээ ачийг яалаа даа”, “Ноён Сэврэй” гээд миний арав гаруй дуу дуулаачид бэлтгэдэг сургуулиудын сургалтын хөтөлбөрт орсон юм билээ. Оюутнууд ч дуулах сонирхол их байдаг юм шиг билээ. Ер нь нарийн хоолойтой эмэгтэй дуучид, эрэгтэй дуучдад хоолойнд нь тохирсон, мэргэжлийн сургалтад нөлөөлөх хэмжээ ихтэй дуунууд болсон юм болов уу гэж боддог. Гэхдээ би мэргэжлийн хөгжмийн зохиолч биш. Д.Лувсаншарав багш маань байхдаа намайг Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүнээр бүртгэж авч байсан юм. Миний хөгжмийн зохиол тал дээр нөлөөлсөн хамгийн том багш маань Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж багш маань юм аа. Ц.Нацагдорж багш надад маш их тусалж байсан. ДБЭТ-ын дарга байхдаа хүртэл намайг өрөөндөө дуудаад “Энхтайваан, чи энэ дууныхаа клавир дээр ингэж ингэж зас. Ийм юмнуудаа ингэж хий. Энэ нь сайн болж, энэ дээр жаахан тиймхэн болсон байна. Энэ дууны чинь аялгуу сайн байна, энэнийхээ аялгууг жаахан ингэвэл яасан юм” гэж маш их зөвлөдөг байлаа. Өөрөө миний хөгжмүүдийг тоглож үзээд шалгадаг байсан. “Чи энэ байдлаараа явбал нэг л өдөр дуурь бичнэ шүү” гэж урам өгдөг байсан. Үнэхээр би нэг дуурь бичиж байгаа. Ямар ч байсан Консерваторт ч юм уу, Соёл урлагийн дээдэд ч юм уу, тэдний дуулаачдын ангийн оюутнуудын сургалтад зориулаад тавьчих хэмжээнд биччихсэн байгаа. ДБЭТ-ын тайзанд тавих арай болоогүй..

“Монголын нууц товчоо”-г дуурь, балет болгож сонгодог тайзнаа тавих ёстой

-Дуурь гэснээс та хөгжмийн өөр төрлөөр бүтээл хийсэн үү?      

-Дан хөгжмийн зохиолууд хийж үзсэн. “Тэмүүжин танаа” гэж оратори бичиж үзлээ. “Өэлүн эх”, “Бөртэ сэцэн хатан” гээд дан хөгжмийн бүтээл бичсэн. Оркестрт тоглогдох нэг нь тоглогдсон. Зарим нь тоглогдоогүй л байна. Хөгжмийн зохиолын төрөл дээр яг нарийн ярих юм бол балет гэж мундаг том хөгжим байдаг. Энэ бол ямар ч үг байхгүй. Дандаа бүжгийн хөдөлгөөнд  тохируулж, өөрөө дотроо төсөөлж, бодож бичдэг. Өөрийн гэсэн дүрэмтэй. Балетын хөгжмийг тэр болгон хүн аваад шууд санаанаасаа биччихдэггүй юм шиг байна лээ. Дуурь бол либрет нь яаж гарсан байна, түүгээр нь либретэн дотроо хуваарилалтаа хийгээд, энэ нь ари буюу бодрол дуу, энэ нь романсын хэлбэртэй, энэ нь хоршил дуу, энэ нь гурвал дуу, энэ нь квартет буюу дөрвөл дуу, энэ нь төгсгөлийн хоор, дунд талын найрал дуу гээд биччих тийм боломж байдаг юм шиг байна лээ. Балетад хөгжим бичихэд маш нарийн дэг жаяг хэрэгтэй байдаг юм билээ. Тэрийг нь би нэлээд нарийн судалж үзсэн. Үүнийхээ үндсэн дээр өнгөрсөн оны есдүгээр сард ДБЭТ-ын уран сайхны зөвлөлд “Би нэг ийм дуурь бичье ээ” гээд либретийг нь оруулж өгч, саналаа хэлсэн юм. Тэд үзчихээд “Ёстой дэмжиж байна. Та үүнийгээ бичээд ир. Хөгжмийг нь бичээд ирэх юм бол бид дэмжье” гэсэн. Тэгээд би арваннэгдүгээр сард АНУ яваад тэнд бүтэн гурван сар байх хугацаандаа зөвхөн П.И.Чайковскийн “Хунт нуур”-ыг олон талаас нь судалж үзсэн. Ингээд зориглоод балетын хөгжим бичиж эхэлсэн.

-“Дангина” гэж балет билүү?

-Тийм. “Дангина” буюу “Дагина” гэдэг балет. Дангина гэдэг үг хурмастын хатан гэдэг утгатай юм билээ. Тэнгэрийн дагина, тэнгэрийн гүнж ч гэж орчуулагдсан байна. Манайхан бодохдоо буриад үг  хэллэг л гэж боддог. Гэтэл энэ бол эртний монгол үг юм билээ. “Дангина” балетыг либретийнхээ дагуу бичсэн. Либретийг нь МУСТА, МЗЭ-ийн гишүүн Б.Баярмагнай гэж хүн бичсэн. Сэдэв нь IX зууны үеийн монголчуудын түүх. “Дангина” балет монголчуудын өндөр дээд угсаа гарвалын тухай өгүүлнэ. Юм болгонд бид Чингис гэдэг цаг өнгөрсөн. “Монголын нууц товчоо” гэдэг зохиолыг ингэж сонгодог хэлбэрээр балет, дуурь болгож бичих ёстой гэж би боддог.

Либретээ сайн уншиж байгаад сүүлд нь бүх ангиуд хооронд нь бодож байгаад бичиж үзээд, хэд хэд сайн засварлаж, маш олон удаа хөгжмийн зохиолчдоос асууж, зөвлөгөө авч, судалсан. Манайд балетын хөгжим бичдэг хүн цөөхөн байдаг юм байна. Сүүлийн хоёр балетаа бичиж тоглуулсан МУСТА, Аюурзанын Батдэлгэр гэж хүн байдаг. А.Батдэлгэр ахтай би сайн харьцаатай, хоёул хамтарч ажилладаг. Энэ хүнээс зөвлөгөө авсан. Ингээд клавираа бичээд өнгөрсөн нэгдүгээр сарын 20 гэхэд бараг дуусчихсан. ДБЭТ-ын Уран сайхны зөвлөл хоёрдугаар сарын нэгэнд хуралдаад шийдвэрээ гаргасан. Уран сайхны зөвлөл нь их өргөн бүрэлдэхүүнтэй хуралдсан. Балет ангийн дарга, гоцлол дууны ангийн дарга, театрын ерөнхий найруулагч, ерөнхий удирдаач нар, мөн хөгжим судлаач С.Энхбулаг гээд олон хүн орсон байсан. Бүгдээрээ миний балетын хөгжмийг сонсож, хэлэлцсэн. Дараа нь бас манай студи дээр ирж төгөлдөр хуураар биш компьютерийн ауди бичлэгээр ч сонссон. ДБЭТ-ын ерөнхий удирдаач нь балет ангийн дарга А.Өлзий-Орших, уран сайхны удирдаач Б.Түвшинбат, хөгжим судлаач С.Энхбулаг зэрэг зургаан хүн ирж сонссон. Балетын 37 номерыг бүгдийг сонсоод хөгжим судлаач С.Энхбулаг “Яг үндсэн зарчмаар нь бичжээ. Их сайхан болсон байна. Энхтайваан баяр хүргэе. Бид үүн дээр ямар ч маргах, татгалзах юм байхгүй ээ” гэсэн. Тэрэнд нь баярлаад ДБЭТ-т тавихаар боллоо дараачийн бэлтгэл ажилдаа орсон. Кинон дээр хамтарч ажилладаг байсан, тайз, дэлгэцийн зураач Батнасантай хамтарч балетынхаа бүх эскизийг хийсэн. Хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлтэй балет л даа. Дөрвөн үзэгдлийнх нь бүх тайзыг зуруулсан. Их сайхан ч зураг болсон. Эхнээс нь зохиол дээр зөвлөгөө авч бичсэн болохоор миний санаа бол А.Батдэлгэр ахыгаа ерөнхий балетмейстерээр ажиллах байх гэж бодсон. Дээрх нь гоцлол бүжигчид болон масс бүжигчдийнхээ бүх хувцасны эскизийг хийчихсэн.

Одоо Соёлын яамнаас юм уу, эсвэл ДБЭТ-ын захиргаа шийдээд энэ балетыг тавья гэвэл бэлэн болчихоод байгаа гэсэн үг. Гэтэл энэ маань юунаас болоод гацаад байгааг би ойлгохгүй байна. Чухам хэзээ тавих гээд байгаа юм. Өөр хөгжмийн зохиолчид өөр балет зохиож ирсэн хойно өрсөлдүүлж байгаад шалгарсныг нь тавих гээд байгаа юм уу, бүү мэд. Монгол Улсын ДБЭТ-т өнөөдрийг хүртэл сүүлийн арван жилд шинээр зохиогдсон ийм балет байхгүй, дуурь ч байхгүй юм билээ. Балетийг нь хүн ингээд сэтгэл зүрхээ  гаргаад бичээд ирж байхад дэмжиж аваад шууд тоглуулчих болов уу гэж театрын удирдлагад их найдсан юм аа.

Энэ маань жаахан бүрхэгдүү байгаад байна. Энэ дээр Соёлын яам анхаарах ёстой юм уу, эсвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газар анхаарах ёстой юм уу. Эсвэл бүр Ерөнхий сайд маань анхаарах ёстой юм уу, би ойлгохгүй байгаа юм. Уг нь дуулгахын хувьд бүгдэд нь дуулгасан. Өнөөдөр Монгол Улсын сонгодог урлагийн бодлогод ямар үр нөлөөтэйгөөр нөлөөлөх гээд байгаа юм. Шинэ бүтээл хийгээд ирсэн хүнийг, шалгаруулалт байвал зохих бүх шалгаруулалтыг нь даваад гараад ирчихсэн байж байхад бүтээлийг нь тавихад юу саад болоод байгаа юм. Монгол Улсын хэмжээнд ганц шинэ балет тавьчих мөнгө байхгүй байна гэж үгүй байх. Энийг би ойлгохгүй байгаа. Ийм учраас би чамайг зорьж ирсэн болохоор чинь хэлчихье. Ам нээвэл уушги нээ гэдэг биз дээ. Энэ балетыг олны хүртээл болгох тал дээр анхаараад, сонсоод, туслаад, дэмжээд тавьчих хувь хүн, байгууллага байж болно. Эсвэл Соёлын яам дэмжих байх. Эд нартаа би дуулгаад л байгаа. Хэн нь ч хариу өгөхгүй байна. Яагаад, хаана, хэн дээрээ очоод гацаад байдаг юм. Дуурийн театрын уран сайхны бодлогод шинэ балет, шинэ дуурь тавина гэсэн зорилго, зорилт байдаггүй юм болов уу. Бүр гайхаад яваад байгаа. Юунаас болж хойшлоод байгааг, чухам хэн нь гацаагаад байгааг мэдэхгүй.

-Та бас хэд хэдэн киноны хөгжим бас бичсэн байх аа?

-Би найман киноны хөгжим бичсэн. Анх Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Д.Банзрагчийн зохиолоор Монгол, Казахстаны уран бүтээлчид хамтарч хийсэн “Хүмүчи мэргэн” гэж киноны хөгжмийг бичсэн. Энэ хөгжим бол дан симфони оркестртой бичигдсэн. Дараа нь “Мойлхон” киноны хөгжмийг 2008 онд бичсэн. Энэ киноны хөгжим бас их онцлог болсон. “Мойлхон” киноны хөгжмийн симфони оркестрийн хөрвүүлгийг Б.Шарав ах хийж өгч байсан. Б.Шарав ах маш их урамтай “Үгүй, чи Энхтайваан, их гоё, үнэхээр тансаг аялгуу сонгож авсан байна” гэж байсан. “Мойлхон” киноны хоёр дууны шүлгийг Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн ах бичиж өгсөн. Тиймээс энэ киноны хоёр дуу тодорхой хэмжээгээр ард түмэнд хүрсэн. “Мойлхон” киноны хөгжим АНУ-ын Нью-Йорк хотод болсон олон улсын кино наадмаас шагнал авч байсан. Энэ хөгжмийг “Метрополитан” театрын симфони оркестр тоглох гэж байсан юм шүү. Бас нэг жаахан юман дээр гацаад өнөөдрийг хүрсэн.

Мөн “Тэнгэрийн  хүү” гэж кино хийсэн. Тэр киноныхоо хөгжмийг бичсэн. Бас “Тэнгэр язгуур” гэж Алун гоо эхийн тухай дуулалт кино хийсэн. Энэ мэтчилэн найман киноны хөгжим бичжээ. Эдгээр хөгжмүүдийг харж байхад ганцхан “Бардо” киноны хөгжмөөс бусдыг симфони оркестртой хийсэн байдаг юм. “Бардо” киноны хөгжмийг манайхны ярьдгаар медиа хөгжмөөр хийсэн.

-Таны дуунууд ч ихэнх нь симфони оркестртой дуулагддаг. Ер нь таны ихэнх бүтээлийн суурь нь симфони оркестр бололтой?

-Томоохон хэмжээний дууг симфони оркестртой, амьд хөгжимтэй хийж өгөх нь өнөөгийн залуу дуучдын хоолойных нь багтаамжийг богиносгочихгүй, барьчихгүй, бас амьсгаа нь зөв байх талд чухал нөлөөтэй. Өнөөдрийн манай дуулаачдыг бэлтгэж гаргаж байгаа багш нар тодорхой хэмжээгээр өөрсдийнхөө практикаар л амьсгалыг тавьж өгч байгаа байх. Мэргэжлийн багшийн тавьж өгсөн тэр тавилыг манай дуучид төдийлөн ашиглахгүй яваад байна. Нийтийн дуу гэдэг нэг талаас нийтэд сайхан сонсогдохыг нь бодож, тэдний таашаалд нийцүүлж хийж байгаа боловч энэ нь мэргэжлийн дуучид дуулахад мэргэжлийн гэдэг утга нь алдагдахаар болчихоод байгаа юм. Нийтийн дуу гэдэг бол олон нийтийн таашаал сонирхолд нийцүүлж бичсэн, олон нийт өөрсдөө дагаж дуулахаар тийм дууг хэлээд байх шиг байгаа юм. Мэргэжлийн дуу гэдэг бол олон нийт сонсох дуртай, зарим нэг нь дагаж аялах дуртай, гэхдээ амьдрах чадвараараа хэдэн арван жилийг давж, хэдэн үеийн дуучид түүнийг дахин дахин давтаж дуулах тийм бүтээл юм. Ийм ялгаатай. Энэ талаар Н.Жанцанноров гуай  их гоё хэлдэг л дээ. Би бол Жанцанноров багш шигээ судлаач биш болохоор сайн хэлж, тодорхойлж чадахгүй байж болох юм. Гэхдээ өнөөдөр Монголын дуулаачийн сургуулийг төгсөөд дипломыг нь өвөртлөөд гарч байгаа дуучид цөм мэргэжлийн гэдэг нэр хүндийг үүрч явах ёстой. Мэргэжлийн дуучин гэдэг үнэлэмжээ манай дуучид хадгалаасай. Мэргэжлийн сургуулиа төгсөөд мэргэжлийн дипломыг нь өвөртлөөд явж байгаа нийтийн дуучид маань симфони оркестртой ядаж ганц хоёр ч болтугай сайхан дуу дуулаасай. Тэрийгээ ард түмэндээ гоё хүргээсэй. Тэр симфони оркестр нь заавал дуурь байх албагүй. Үндэсний найрал хөгжим байж болно. Юм болгонд медиа хөгжим гэж хошуурахаа жаахан багасгаасай гэж би боддог юм.

-Мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдаан дуучдыг их хурцалж өгдөг шиг санагддаг.

-Энэ арваннэгдүгээр сард Улс тунхагласны баярыг тохиолдуулаад ч юм уу, өөрийнхөө дан мэргэжлийн дуунуудаараа 18-40 насны залуу дуучдын дунд уралдаан зарладаг юм билүү гэж бодоод л байна. Тэгвэл шинэ залуу дуучдад урам өгөх болов уу. Мэргэжлийн диплом өвөртлөөд мэргэжлийн дуу дуулахгүй явж байгаа дуучдад үлгэр дууриал болох биз.

Цаашид давтамжтайгаар, хоёр жилд нэг удаа зохион байгуулаад яваад байвал яадаг бол гэж ч бодож л байна. Айхтар өндөр шагналгүй байж болно. Өндөр болзолгүй байж болно. Хамгийн гол нь шалгуур нь өндөр байх ёстой. Яг өнөөдөр багшилж байгаа мундаг багш нар, ид дуулж байгаа мэргэжлийн дуучдаараа шүүлгээд, ийм нэг уралдаан зохион байгуулчихдаг юм билүү гэсэн бодолтой яваад байгаа. Аравдугаар сард багтаад шийдвэрээ гаргачих болов уу.

Мэдээж ДБЭТ-тайгаа хамтарна. ДБЭТ-ын захирал Ц.Түвшинтөгс гавьяат надад арваннэгдүгээр сард таны уран бүтээлийн тайланг дуурь дээр тавья гэж амласан юм. Тэр үгийг би бодоод тайлангийн тоглолтынхоо өмнө нэг, хоёрдугаар шаттай конкурс зарлаад, гуравдугаар шатны шалгаруулалтаар нь дуурийн театртайгаа нийлээд гала тоглолт хийдэг юм уу гэсэн бодолтой.

Мэргэжлийн 200-гаад дуунаасаа 40-ийг нь сонгоод төгөлдөр хуурын клавир, партитай цомнол гаргая. Үүнийгээ уралдаанд орж байгаа дуучдадаа түгээе. Ороогүй дуучид ч авч болно. Тэгээд СУИС, Консерватор гээд бүгдийнх нь номын санд эсвэл багш нарт нь өгье гэж бодож байгаа.  

-Таны ярьж байгаагаас харахад “Дангина” балет, “Тэнгэр язгуур” дуулалт кино гээд түүх, угсаа гарвал, домог зүйн сэдэв рүү нэлээд түлхүү орж байх шиг?

-“Монголын нууц товчоо” бол монгол түмний түүх, хэл, уран зохиолын хөлгөн бүтээл. Дэлхийд монголчууд бид үүгээрээ гайхуулах ёстой. Өвөг дээдэс маань бидэнд ийм алтан уг сурвалж бичиг үлдээсэн. Энэ бол хэдэн мянган тонн алт, хэдэн мянган тонн эрдэнэс үлдээснээс илүү. Яагаад “Монголын нууц товчоо” гэж яриад байна вэ гэхээр түүн дотор тайлагдахгүй утга, агуулга маш их. Энэ бүхнийг их сонирхож, түүхчидтэй санаа оноо солилцож, ярилцдаг юм. Мөн үүнд нөлөөлж байгаа хүн бол миний эхнэр. Эхнэр маань МЗЭ-ийн гишүүн Б.Баярмагнай гэж зохиолч хүн бий. Энэ хүн сүүлийн үед 30 гаруй түүхэн кино зохиол бичсэн. Дандаа түүхэн эх сурвалжтай. Бичих бичихдээ дандаа “Монголын нууц товчоо”-ноос, уг хөлгөн судрын 282 зүйлийнх нь энд тэндээс өөрөө хайж судалж байгаад бичнэ. Одоо нэг ийм зохиол бичиж байна, үүгээр нэг кино хийчих гэдэг. Би найман зохиолоор нь кино хийлээ. Бүгд түүхэн кино. Тэгэхээр ханийн маань бичсэн энэ зохиолууд намайг бас их хөглөж өгч байгаа.

Дууны  хувьд гэвэл бас ялгаа байхгүй. Би өөрөө агуу их түүхийн эх орон, тэр дундаа түүхийн голомт болсон нутагт төрж, өссөн хүн. Онон хатан ижий, Хэрлэн хатан ижий, Бурхан Халдун уул, Хан Хэнтий уулаа магтан дуулахгүйгээр уран бүтээл хийнэ гэсэн ойлголт надад байхгүй. Энэ бүхнийхээ л тухай уран бүтээл хийдэг. Энэ талаар бичиж найруулж, зохиол туурвиж байгаа хүмүүстэй их хамтарч  ажилладаг. Тэднийхээ бүтээлийг заримыг нь гуйж авч, заримыг нь захиалж бичүүлж ая хийж байна. Жишээлбэл, Хэнтийн Батхүү гэж яруу найрагчид “Хэрлэн голын тухай сайхан дуутай болмоор байна. Чи надад шүлэг бичиж өг” гээд ноднин АНУ-д байхдаа захиалж “Хэрлэн гол минь” гэж шүлэг бичүүлж авсан. Тэр дууг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Баатарсүрэнгийн Эрдэнэсаруул гэж сайхан залуу дуучнаар дуулуулаад, клипийг нь хийлгээд байна. Энэ мэтээр уран бүтээл хийхдээ зарим хүний санаагүйг сануулдаг гэх юм уу, эсвэл өөрийнхөө хүсэл бодлоор захиалж, ялангуяа яруу найрагч нарт захиалж олон уран бүтээл хийсэн.  Хэнтийн Биндэр сумын нутгийн зөвлөлийн уулзалт дээр тус сумын уугуул Содномын Цэдэндорж ахайтайгаа хамт сууж байгаад, жижиг түүвэр номуудыг нь харж байгаад “Ах аа, эндээс чинь дуу хийж өгье” гээд “Онон гол миний мөрөн” гэж дуу хийсэн. Энэ бол гарцаа байхгүй мэргэжлийн дуучин дуулахаас өөр аргагүй том дуу болсон. Клипийг нь ч хийсэн. Дуурийн хувьд Алунгоо эхийн тухай “Тэнгэр язгуур” гэж дуурь бичиж байгаа. “Тэнгэр язгуур”-аар би өмнө нь дуулалт кино хийсэн. Одоо дуурь болгож байгаа. Дэлхий дээр анх атгасан гар шиг, багласан сум шиг эвтэй бай гэдэг эвийн сургаалыг айлдсан Алун гоо эх их эзэн Чингис хааны маань өндөр дээд эмэг шүү дээ. Үүнийг бид магтан дуулахаас өөр аргагүй. Тиймээс энэ дуурийг бичиж байгаа юм. Кинонд бол би их эзэн Чингис хааны дүрээс өөр дүр бүтээгээгүй хүн.       

Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар, гэргий, зохиолч Б.Баярмагнай нарын хамт
“Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны уран бүтээлчид. Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Балжинням, төрийн шагналт зураглаач Л.Шаравдорж, төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд, гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан нарын хамт

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...