Хулангийн тоо толгойг ойролцоогоор 60,000 орчим гэж эрдэмтэд тооцоолдог бөгөөд Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны Улаан жагсаалтад ховордож болзошгүй ангилалд багтдаг
Монгол орны говийн зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг саадгүй болгох, хамгаалах чиглэлээр Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) өнгөрсөн жилүүдэд олон ажил хийсний үр дүн гарчээ. Тодорхой хэлбэл, 1955 онооос хойш буюу 65 жилийн дараа өргөст торноос болж популяци нь хумигдсан ч хулан адуу анх удаа төмөр замын зүүн талд гарсан байна. Тус нийгэмлэгийн Байгаль хамгааллын захирал Кирк Олсон “Бид хуланг тал хээрт эргэж ирж буйг баримтжуулсан нь дэлхий дахинд зарлан мэдэгдэх онцгой үйл явдал боллоо” хэмээн дүгнэсэн байна. 1955 онд төмөр зам ашиглалтанд орсноос хойш хулан адуу нь төмөр замын торон хашааг нэвтлэн Монгол орны зүүн талын бэлчээрт хүрч чадахгүй байсан юм.
Өргөст тор саад болдог талаар 2000 он гартал эрдэмтэд маргалддаг байлаа. Харин олон жилийн судалгаагаар төмөр замын хоёр талын тор болон манай хилийн дагуух өргөст торууд цагаан зээрийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнд маш том саад бэрхшээл болдог нь нотлогджээ. Нүүдлийн амьтдад тулгарч буй эмгэнэлт хувь тавилан хулан адууг бас тойрсонгүй. Судалгаанаас харахад, 2013-2018 оны хооронд хулан, цагаан зээр зэрэг амьтанд GPS ашиглан хүзүүвч зүүж, нүүдэл шилжилт хөдөлгөөнд нь мониторинг хийжээ. Хулан адууны нүүдэл шилжилт хөдөлгөөн нь Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замын хашаа хүрээд буцдаг нь тогтоогдсон байна. Мөн төмөр замын дагуу Замын-Үүд хүртэл явж судалгаа хийхэд торонд өлгөгдсөн асар олон зээрийн сэг тоологдсон байна. Угаас байгалийн болон хүний хүчин зүйлээс шалтгаалан цөөрсөөр байгаа амьтад ийнхүү нүүдэллэх замдаа үхэж байгаа нь харамсалтай.
Иймд Улаанбаатар төмөр замын дагуу “Зэрлэг амьтдад ээлтэй” хэлбэрээр торон хашааны загварыг хэсэг газарт өөрчлөх, цаашлаад хуланд зориулсан гарцыг бий болгохоор туршилтын нэг жилийн төслийг эхлүүлсэн билээ. “Оюу Толгой “ ХХК-ийн санхүүжилтээр Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS), Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, ШУА, БОАЖЯ, ЗТХЯ, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах (CMS) конвенц зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд хулангийн нүүдэл шилжилт хамгийн их төвлөрдөг газруудад буюу хоёр хэсэг газарт хуланд зориулсан гарц бий болгосон байна.
Эдгээр гарцын ойролцоо 85 автомат камер байршуулсны нэгэнд нь өнгөрсөн гуравдугаар сард хулан гарсан нь бичигджээ. Түүнчлэн ганц хулан биш, хар сүүлт, цагаан зээр төмөр замын тор авсан хэсгээр орж гарч буйг баримтжуулсан байна. Дэлхий даяар хурдны зам, төмөр зам, хий дамжуулах хоолойн барилга байгууламжийн давхцалаас үүдэлтэй амьдрах орчны хуваагдал нь биологийн олон янз байдлыг алдагдуулахад нөлөөлж буй гол хүчин зүйлүүдийн нэг юм. Говь-тал хээрийн экосистем нь манай гарагийн хамгийн том бэлчээрийн экосистемүүдийн нэг бөгөөд олон улсын худалдааг хөнгөвчлөх шинэ тээврийн коридорууд баригдсанаас болж амьдрах орчин нь хуваагдах аюулд эдгээр зүйлүүд өртсөөр байна.
Хулангийн тоо толгойг ойролцоогоор 60,000 орчим гэж эрдэмтэд тооцоолдог. Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны Улаан жагсаалтад ховордож болзошгүй ангилалд хамаарагддаг байна. Мөн говь-хээрийн экосистем нь ойролцоогоор 850,000 хавтгай дөрвөлжин км нутаг бөгөөд 1,000,000 гаруй цагаан зээр энд бий.
Энэ талаар биологичид “Хулан төмөр замын зүүн талд гарснаар говь-хээрийн экосостемийг дахин холбох эхлэл тавигдлаа. Одоогоор говь-хээрийн экосистемд сөргөөр нөлөөлөх дэд бүтцийн хөгжлийн олон хүчин зүйл зэрэгцэн бий болж, амьдрах орчин, тоо толгой мөн чанарт нь нөлөөлөх болсныг цаашид сайтар анхааран, судлах шаардлагатай” хэмээн зөвлөж байна.