Friday, November 22, 2024

Д.Намдаг: Авьяас бол эмзэглэл. Эмзэглэлд боловсрол хэрэгтэй

Date:

Монгол Улсын төрийн хошой шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Донровын Намдагийн мэндэлсний 110 жилийн ой ирэх жил тохионо. Монголын уран зохиолын ноён оргилуудын нэг энэ эрхэм хүмүүн Монголын үндэсний театрыг үүсгэн байгуулалцаж, анхны жүжигт нь дүр бүтээж, улмаар найруулагчаар ажиллаж, сор болсон жүжгийн зохиолуудаа туурвисан алдартан билээ. Тэрбээр 1962 онд “Цаг төрийн үймээн” романаар, 1983 онд “Ээдрээ”, “Оролмаа эх” жүжгийн зохиолоор төрийн шагнал, 1969 онд “Наян чулууны ой” жүжгийн зохиолоор МЗЭ – ийн шагнал, 1971 онд урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртжээ. Д.Намдаг зохиолч гэрийн шавь сургууль байгуулж жүжгийн зохиолч олон шавь төрүүлсэн билээ.

Д.Намдаг гуай зохиолч нөхдийнхөө тухай:

-Д.Нацагдорж юмны гоо сайхныг мэддэг хүн. Тэр театрын гуанзанд оромтгой. Тэнд гэдгэнэсэн, годгоносон хүүхэн их байсан. Тэндээс “Хи хи хи” шүлгээ сэтгэлийн эмзэглэл хөдлөөд биччихэж. Гоо сайханд дуртай, эмзэг учраас “Хөдөө талын үзэсгэлэн”-гээ бичиж. Эмзэглэлд боловсрол хэрэгтэй.

-Авьяас бол эмзэглэл.

-Гурав дахь хоногийн өглөө Нацагдорж бүрэн бичиж дууссанаа авчрав. Миний баярласан ч хэмжээгүй их. Гэвч бид баярласнаа мэдэгдэхгүй байхыг хичээнэ. Бичсэнээ надад уншиж өгөв. Энэ нь түрүүч түрүүчийнхээсээ давуутай болсонд нь би зөвхөн сэтгэлдээ л баярлав. Тэгээд жүжигчид дээрээ харвасан сум шиг харайлган орсон бөгөөд гартаа барьсан зохиолоо дээр өргөн “Зохиол бэлэн!” гэж хашгирав. Ингэж бид хийж, бүтээж амьдарч явлаа. Тэр цагаас хойш олон жил болов. Энэ зуур манай орны нийт театр урлаг танигдашгvй болтлоо өөрчлөгдөн хөгжив. Гэвч Нацагдоржийн бичсэн “Учиртай гурван толгой” өдий хүртэл үзэгч олонд тэргүүн зэргээр сонирхогдон жүжиглэгдсээр байгааг бахдахгүй хэн байх билээ.

-Миний бүтээл бүхэн туршлага

-Түүх дурддаг, утга зохиол тодруулдаг.

Д.Намдаг гуайн тухай зохиолчид ийн өгүүлжээ:

Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Л.Нямаа

-Намдаг гуайтай уулзсан түүх их сонин. 1981 онд нэг өдөр ажил руугаа явж байтал Өндөрхааны зочид буудлын дэргэдэх автобусны буудал дээр Намдаг гуай хөгшинтэйгөө зогсч байна. “Хаашаа явах гэж байгаа юм бэ, Намдаг гуай” гэж асуутал “Онгоцны буудал орох гэж байна. Дадал явна” гэв. Тэгмэгц нь “Намдаг гуай, та Хэнтийд ирчихээд бидэнтэй хууч хөөрөлгүй явна гэдэг чинь юу гэсэн үг вэ” гэж хэлтэл “Тийм ч юм уу” гээд хөгшин рүүгээ нэг харснаа эргэж буудалдаа ороод бидэнтэй уулзаж ярилцсан. “Хэрлэн” зочид буудлын №2 өрөөнд. Хөгжилтэй нь гэвэл урьд би Намдаг гуайтай огт уулзаж байгаагүй юм.

Намдаг гуай нарийн мяндсан ухаантай, төгс төгөлдөр хүн байсан даа.

Монголын нийгмийн амьдрал, үүх түүх, үйл явдал болгоныг өөрийнхөө оюун ухаанд хоногшуулаад, дүгнэлт хийчихсэн, тунгаан бодчихсон, түүнийгээ илэрхийлж ярьдаг хүн байсан. Магадгүй энэ нь герман боловсролынх нь ач буян байсан биз. Ямар сайндаа надад “Монголчууд хачин шүү, юу хийж байгаагаа мэдэхгүй баахан юм хийчихээд сүүлд нь амаа барьдаг. Хийж байхдаа ерөөсөө боддоггүй. Хийж дуусаад, бүх алдаа оноо нь шийдэгдчихсэн хойно бодож эхэлдэг” гэж хэлж байхав дээ. Энэ бол монгол үндэстний үеийн үед бодон явах ёстой үг шүү. 

Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж

-Намдаг гуайн жүжгүүд  дуугарч байгаа сэдэв нь эх орон, тусгаар тогтнол, монгол төр, уламжлал, газар шороо гэсэн дандаа монголчуудын үеийн үед эмзэг байсан сэдвийг хөнддөг. Нийгмийн хамгийн эмзэг сэдвийг Намдаг гуай хөндөж бичиж чаддаг, бусад зохиолуудаас далайцаараа маш том өргөн цар хүрээтэй байж чаддаг. Өөрөө маш хүнд амьдралыг туулсан, хэлмэгдүүлэлтийг амссан ч XX зууны Монголын шилдэг сэхээтнүүдийн нэг, нүүдэлчдийн соёлд орчин цагийн оюуны хувьсгалыг хийж чадсан том зохиолч.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуяг

-Өөнөөдөртөө Д.Намдагийн “Ээдрээ”, “Оролмаа” хоёроос давсан жүжгийн зохиол нэг ч төрөөгүй байна.

Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар

-Донровын Намдагийн гэрийн шавь сургалт бол Монголын жүжгийн зохиол, түүний судалгаа, театрын түүхэн хөгжлийн амьд лаборатори байсан юм. Д.Намдаг цаг үеэсээ ямагт тохой илүү, толгой өндөр байсан. Тиймээс Монголын театрын урлагийн ирээдүйн дэлхийн түвшигтэй нийцүүлэх цагийн урь унаж, ардчиллын салхи сэвэлзэнэ гэдэгт баттай итгэж байсныг түүний мөнхийн бүтээлүүд гэрчилнэ. Түүнийг соён гэгээрүүлэгч, элит, дахин давтагдашгүй үзэгдэл гэмээр санагдаж байна. Намдаг багшийн уран бүтээлийн арга барилын тухай ярина гэвэл үе үеийн шилдэг бүтээлүүдийн тухай ярих хэрэг гарна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...