Хөвсгөл, Булган,Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад нийт 525 мянга гаруй иргэн оршин суудаг. Дээрх таван аймгийн нийт хүн амын 10 гаруй хувь нь хавдрын хяналтад байна. Жилд хавдраар 929 хүн нас барж байна. Үүгээр зогсохгүй цаашид энэ төрлийн өвчлөлөөр жилд 579 хүн өвдөх эрсдэлтэй гэсэн судалгааг ХСҮТ-өөс гаргажээ.
Тиймээс хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах, хорт хавдрын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, өвчлөлийг эрт илрүүлж, оношлох хэрэгцээ шаардлага үүссэн. Иймд Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг нээх шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм.
Өнөөдөр тус дэд төвийг нээж, маргаашаас эмчилгээ, тусламж үйлчилгээг үзүүлж эхэлнэ. Хойд бүсэд хавдрын дэд төв нээгдсэнээр хорт хавдрын эрт илрүүлгийн хувь нэмэгдэнэ. Хүн амын дундаж наслалт уртсах нөхцөл бүрдэж, хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг бууруулна. Мөн хувь хүн, гэр бүл, нийгэмд үзүүлэх санхүүгийн дарамт буурч, амьдралын чанар сайжрах давуу тал, ач холбогдолтой юм.
Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв таван кабинетээр дамжуулан хавдрын эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлнэ. Эхний ээлжид хөх, эмэгтэйчүүд, элэгний хорт хавдрын мэс засал хийнэ. Одоогоор хоёр MRI болон томографийн аппараттай. Цаашид үе шаттайгаар нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжөөр хангахаар төлөвлөжээ. Хүний нөөцийн хувьд 177 орон тоотой. Хавдар судлалын үндэсний төвөөс 10 эмч ирж, ажиллана. Нэг ээлжид 35 хүн хэвтүүлэн эмчлэх боломжтой төдийгүй өдрөөр 30 хүнд химийн эмчилгээ хийнэ. Түүнчлэн амбулаториор өдөрт 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай юм.
Ийнхүү Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн хавдрын хяналтад байгаа 5852 хүн Улаанбаатар хот явж, олон өдрөөр дугаар хүлээхгүйгээр гэртээ ойр эмчилгээ, үйлчилгээ авах боломжтой боллоо. Хавдрын эмчилгээ, үйлчилгээнээс гадна эрт илрүүлэн, эрт эмчилж, нас баралтын тоог бууруулах нөхцөл бүрдлээ. Хойд бүсэд хавдрын оношилгоо, эмчилгээг үзүүлж эхэлснээр ХСҮТ-ийн ачаалал 16 хүртэл хувиар буурах тооцоо гарчээ.
