Уулзвар дээр цагдаа зохицуулж байгаа л бол замын түгжрэл замбараагаа алддаг. Бухимдсан жолооч нар дуут дохиогоо хангинуулж, хараал урсгана. “Замын голоор алхалсан” цагдаа ах шүгэлээ хангинуулж, дохиураа гозолзуулан сүрийг үзүүлэх авч уулзвар нь авто зогсоол болж хувирдаг. Цагдаа зохицуулалт хийж байгаа уулзварт заавал ингэж түгжрэл үүсдэг. Тэгэхээр хүний хүчин зүйл л үүнд нөлөөлж байгаа хэрэг. Тухайн замын цагдаа өөрийн мэдрэмжээр л хөдөлгөөнийг зохицуулна. Тиймээс аль нэг чиглэлийнх нь машинуудыг ахиухан шиг явуулчихаар нөгөө талд нь хөдөлгөөн хязгаарлагдан түгжрэл нь ихэсч, цуваа нь уртасч таарна. Бүх замын цагдаа тийм биш байх. Гэхдээ ур чадвар, мэдрэмж дульхан цагдаа замын хөдөлгөөн зохицуулах юм бол түгжрэлийг нэмэгдүүлнэ үү гэхээс бууруулахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр маш сайн программчилсан гэрлэн дохио бол ямар ч сайн цагдаагаас илүү замын хөдөлгөөнийг зохицуулдаг гэдгийг л ойлгох хэрэгтэй санагдана. Гадаадын улс орнуудын том хотуудад манайх шиг замын цагдаа хаа сайгүй зогсч хөдөлгөөн зохицуулаад л, жолооч нарыг “хадны мангаа” шиг айлгаад байдаггүй. Тэгсэн хэрнээ замын хөдөлгөөн эмх цэгцтэй, түгжрэл үүсэхгүйгээр зохицуулагдсан байдаг. Ухаалаг систем гэдэг энэ. Ийм ухаалаг систем орчин үед бүхий л салбарт нэвтэрчээ. Замын хөдөлгөөн байтугай засаг төрийн үйл ажиллагааг ухаалаг тогтолцоонд шилжүүлсэн улс орнууд олон бий. НҮБ-аас Smart government index буюу Ухаалаг засаглалын индексийг гаргадаг болсон. Энэ индексээр монголчууд бидний хамгийн сайн мэдэх БНСУ тэргүүлж байгаа. Харин Монгол Улс энэ үзүүлэлтээрээ дундаас доош буюу 65-аас 70-ын хооронд савлаж явна.
Төр ухаалаг бус хүнд сурталтай, нүсэр том бүтэцтэй болоод ирэхээрээ улс орны хөгжил удааширч, хүний хөгжлийн хүчин зүйлүүд доройтож, амьдралын чанар буурдаг нь жам ёсны үзэгдэл. Ийм төртэй улс орнуудын улс төр, эдийн засаг хямарч, улмаар донор байгууллагуудын өрийн “угжинд” хошуу шунгадаг билээ. Өнөөдөр манай улс ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр хэмээх тун хатуу шалгуур босготой хөтөлбөрт хамрагдахаар болоод байгаа нь төрийн толгой хэт данхайсны л харгай. Төр бүхнийг мэдэгч, чадагч болсны гай. Төр алив юм бүхэнд оролцоод эхэлбэл аюул тэр.
Уг нь төр бол бүхнийг мэдэгч, хамгийг чадагч биш. Гэхдээ төрд байгаа хүмүүс төрийг тийм харагдуулахыг хичээдэг. Тийм байлгах гэж зүтгэдэг. Энэ нь эцэстээ төрийг шивнэсэн хүсэл бүхнийг биелүүлдэг шидэт бирд болгож хувиргана. Хэнд эрх мэдэл буй, түүнд хилэнц буй гэж Ноён хутагт айлдсан. Энэ үгийг өгүүлэн буй сэдэв рүүгээ хамаатуулах юм бол төрд хэт их эрх мэдэл төвлөрөх тусмаа л хилэнц нь арвижна. Өөрөөр хэлбэл хүчирхийлэл, дарамт, хүнд суртал, авлига гээд сөрөг үзэгдлүүд газар авна гэсэн үг.
Эдийн засгийн хүндрэл, авлига хээл хахууль, хууль завхруулагчид, оффшорчидтойгоо тэмцэхгүй хэрнээ энгийн иргэдийнхээ бизнестэй “дайн” зарлаж улсын сүрийг үзүүлж байгаагаас нь харахад өнөөгийн төр айдас хүйдэс төрүүлэм аварга биет амьтан мэт төсөөлөгдөж байна. Олон жилийн турш явж ирсэн алдаатай бодлогынхоо золиосонд төсвийн тодотгол хийгээд л, татваруудаа нэмж, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ нуруун дээрх ачааг улам нэмнэ. Дээр нь хяналт, шалгалтаар иргэдээ дарамтална. Цагдаа, хууль хяналтын байгуулагынхандаа төлөвлөгөө норм өгч байгаад торгуулийн мөнгө цуглуулж, авто зогсоолын асуудлыг шийдээгүй атлаа нэгдүгээр эгнээнд түр тавьсан машинуудыг эзнээс нь булаах шахам ачиж оддог зэрэг бол төр иргэнээ ил цагаан дээрэмдэж байгаа хэрэг. УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дээр мэргэжлийн хяналт, гааль, татварын байгууллагуудад дарамтлуулж, утга учиргүй олон шалгалтад нь залхсан аж ахуйн нэгжүүд олноор хандах болсон байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл онцолно лээ. Үнэхээр төрийн дарамт, хяналт шалгалт хэрээс хэтэрч байгаа. Ийм жишээ олон байна.
Бизнес эрхлэгчид төдийгүй боловсрол, соёл, урлаг, хүмүүнлэгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэдээ ч төр дарамтлах болжээ. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт “Зөв амьдрах ухаан” гэж төв бий. Энэ төвийг Г.Загдаа гэгч жирийн иргэн санаачлан байгуулсан бөгөөд орон гэргүй тэнэмэл, архины хамааралтай болсон иргэдийг нийгэмшүүлэх чиглэлээр 10 гаруй жил амжилттай ажиллаж, мянга гаруй хүнийг сайн сайхан амьдралд эргүүлэн оруулжээ. Тус төвд хөгшид, хүүхэд, залуус, дунд насныхан нийлсэн 130 гаруй иргэн 24 өрх болон амьдардаг. Мөн дэргэдээ хүүхдийн цэцэрлэг саяхан нээж, өөрийн төвд байгаа иргэдийн хүүхэд багачуудыг тохилог орчинд хүмүүжих боломжийг олгожээ. Гэтэл уг цэцэрлэгийг нээгдмэгц хууль хяналт, мэргэжлийн байгууллагуудын шалгалт ар араасаа цуварч, элдэв бичиг цаас нэхэн дарамт хүндрэл учруулж эхэлсэн байна. Орц, гудамж, траншей, хогийн цэгт эцэг эхийнхээ хамт хоног төөрүүлж явсан хүүхдүүдийг аав ээжтэй нь хамт авчран тохилог орчинд амьдрах нөхцөл бүрдүүлж өгсөн нь “Зөв амьдрах ухаан” төвийнхний буруу болох шахжээ. Тэгсэн атлаа хороо, дүүргийн нийгмийн ажилтнууд, цагдаагийн байгууллагынхан харж хандах хүнгүй болсон хөгшид, эсвэл засал авахаа больсон архичдыг хөтлөөд тус төвд авчирч тушаадаг гэж байгаа. Төсвийн мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудыг хийж чадахгүй байгааг хувь хүн санаачлан хийгээд явж байхад төр ингэж төмөр нүүрээ харуулж, түмэн чирэгдэл учруулж байгаа нь ойлгомжгүй.
Төр өөрийн чиг үүргүүдийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар аль болох цомхон бөгөөд ухаалаг болох нь дэлхий нийтийн тогтсон жишиг. Гэтэл Монголын төр үүний эсрэгээр явж байна. Иргэд нь ядуу дорой, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тэтгэвэр, тэтгэмж горьдсон халамжийн улс боллоо гэж учир мэдэх хүмүүс халагладаг. Үүний буруутан нь ажил хөдөлмөр хийж, бизнес, үйлдвэрлэл эрхлэх гэсэн иргэдээ дарамталж, хүсэл зоригийг нь мохоож, юм хийх нөхцөл боломжийг нь хавчиж шахдаг хэт их эрх мэдэлтэй том төр юм. Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга ийнхүү цаасан дээр үлдэн замхарч байгаа нь харамсалтай.
Хэдэн жилийн өмнө mongolforum.mn цахим хуудаснаас иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, товч эшлэлийн уралдаан цувралаар зарладаг байв. Уг эшлэлийн уралдааны нэг удаагийнх нь “Нээлттэй нийгэм бол…” гэсэн өгүүлбэрийг өөрийнхөөрөө гүйцээж бичих ёстой байв. Энэ уралдаанд сэтгүүлч Г.Сонинбаярын “Нээлттэй нийгэмд төр гэрлэн дохионы л үүрэг гүйцэтгэх ёстой” гэсэн өгүүлбэр тэргүүн байр эзэлж байсан юм. Энэ бол нээлттэй нийгмийн гол шинж чанарыг товч, тодорхой томъёолсон эшлэл. Дээр ярьсан бүхэн ч энэ өгүүлбэрт хураангуйлагдаж байгаа гэхэд болно. Гэрлэн дохионы л үүрэг гүйцэтгэдэг төртэй болчих юм бол нээлттэй нийгэмд бид сайхан амьдрах боломжтой. Гэрлэн дохио байсаар байтал замын цагдаа гарч ирээд шүгэлдээд эхлэхээр замын түгжрэл яаж нэмэгддэгийг эхэнд өгүүлсэн дээ. Нийгэм ч яг түүн шиг юм. Гэрлэн дохио шиг л төртэй болох сон.