Sunday, November 24, 2024

Австралид үзсэн дүйчин өдрийн тэмдэглэл

Date:

Нийтлэлч Г.Сонинбаяр

Буддагийн мэндэлсэн өдөрт зориулсан хамгийн том фестиваль Австралид гурван өдрийн турш үргэлжилж өндөрлөв. Бурхан багшийн мэндэлсэн өдрийг Энэтхэг, Түвд, Монгол, Хятад, Японд биш алс холын Австралид ийнхүү нижгэр тэмдэглэж, дэлхийн хамгийн том гэр бүлийн баяр болгож чадсан нь гайхалтай. Юутай ч энэ гайхалтай нууцыг тайлахыг хичээе. “Майн нэгнийг хөрөнгөтний газар үзсэн нь” гэдэг шиг Бурхан багшийн мэндэлсэн өдрийг Австрали тивийн зүүн эрэгт орших Брисбэн хотод хөл хөөртэй тэмдэглэн өнгөрүүлэхийг үзэх завшаан тохиов. Энэхүү боломжийг бидэнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ, Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга төслийнхөн олгосон юм. Тус байгууллагаас Монголын уул уурхайн сэтгүүлчдийг чадавхижуулах төслийг санаачлан дөрөв дэх модуль сургалтаа Австралийн Квийнслэнд мужид зохион байгуулж байгаа нь энэ ээ. Бөмбөрцгийн бүслүүрээс урагш орших ногоон тивд дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр цаг агаарын  хувьд хамгийн таатай өдрүүд үргэлжилдэг ажээ. Хэт халуун биш, далай тэнгисийн чийглэг зөөлөн салхи сэвэлзсэн энэ өдрүүдэд брисбэнчүүд “Buddha birthday” буюу “Буддагийн төрсөн өдөр” фестивалийг зохион байгуулдаг уламжлалтай юм байна. Тус хотынхон Буддагийн төрсөн өдрийг 1997 оноос тэмдэглэж эхэлжээ. Энэ жил уг фестивалийн 20 жилийн ой болж байгаа тул өмнөх өмнөхөөс өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхээр хичээсэн гэлтэй. Тухайлбал фестиваль болох газар буюу Өмнөд Брисбэний “Southbank Parkland” цэцэрлэгт хүрээлэнг олон өдрийн өмнөөс чимж бэлтгэсэн байв. Тиймээс бид Брисбэнд хөл тавьсан өдрөө “Southbank Parkland” цэцэрлэгт хүрээлэнд очихдоо дөрөв хоногийн дараа эхлэх фестивалийн талаар мэдээлэл авсан юм.

Аливаа фестиваль баяр наадмыг зохион байгуулахдаа ингэж эртнээс нямбай бэлтгэдэг нь бас л нэгэн соёл, нөгөө талаар менежмент ажээ. Дөрөвдүгээр сарын 28-нд эхэлсэн ‘”Buddha birthday” фестиваль гурван өдрийн турш шашин, соёл, урлагийн өвөрмөц тоглолт, зан үйл, ёслолоор дүүрэн байсан тул үзэгчдийг огт уйдаасангүй. Гурван сая гаруй хүн амтай энэ хотынхон Буддагийн мэндэлсэн өдрөөр гурав хоног сэтгэл тэнийн баярлав. Манайхаар бол улсын наадам болж байгаа юм шиг л хүн зон хөлхөлдөж, инээд хөөр цалгиж, өргөн их Брисбэн голын хөвөө дагасан цэцэрлэгт хүрэээн өнгийн солонго лугаа адил алагласан юм. Англи, Шотланд, Итали, Испани, Энэтхэг, Хятад, Япон гээд Австралид аж төрдөг олон үндэстнүүд шашин шүтлэг үл харгалзан энэхүү фестивалийг зорин иржээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн явган хүний замыг улаан дэнлүүгээр чимэглэсэн нь нэг талаар гоёл нөгөө талаар зочдыг хаашаа очих чиг зүгийг заах ажээ. Улаан дэнлүүт замыг дагасаар хагас дугуй задгай театрт хүрнэ. Уг театрын тайзнаа Бурхан багшийн сэрэг дүрийг залж өлмийд нь амьд цэцгийн баглаа дэвсчээ. Мөн түүний өлмийд өхөөрдөм нялх хүүхдийн дүртэй Буддаг анхилуун үнэрт уснаа олноор залсан байх аж. Баруун гараа дээш өргөн долоовор хуруугаараа тэнгэр өөд заасан Буддагийн энэ дүр нарийн утга учиртай гэнэ. Энэ бол Буддын шашинт хятадуудын эртнээс дагаж мөрдөж ирсэн зан үйлтэй холбоотой. Тэд Гаутма Будда анх мэндлэхэд есөн луу тэнгэрээс бууж ирэн хан хүүг усаар угааж ариутгасан гэж домоглодог. Буддагийн мэндэлсэн өдрөөр бурханы шашинт зарим улс оронд ч Буддаг анхилуун үнэрт усаар угаах зан үйлийг үйлддэг байна. Тиймээс Брисбэний фестивалийн гол зан үйл дээр өгүүлсэн Буддагийн угаал байлаа. Хүн бүр бяцхан Буддагийн баруун зүүн мөрөн дээр ээлжлэн гурван удаа анхилуун үнэрт усыг модон халбагаар хутган асгаж угаал үйлдэх зан үйлийг гүйцэтгэх аж. Энэ нь хүн бүр Будда мэт сэтгэлээ ариусган, дэлхий даяар амар амгаланд хүрэхийн бэлгэдэл юм байна. Мөн энэ үеэр бяцхан хүүхдүүдийг анхилуун үнэрт усаар ариулан угаах зан үйлийг хийсэн юм. Энэ бол “Buddha birth day” фестивалийн мөн л нэг гол зан үйл. Хүмүүс ч ихэд сонирхон үздэг байна.

Хүүхэд бол бурханаас өгсөн бэлэг гэж үзнэ. Тиймээс тэд хүн төрөлхтний итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, баяр баясгалан бас өнөөдрийн үргэлжлэл. Ийм утга санаагаар хүүхдүүдийг Буддагийн адил хэмээн үзэж ариун үнэрт усаар адислан ариулах зан үйлийг хийдэг уламжлалтай ажээ. Энэ мэтээр Брисбэний фестивалийн хүрээнд шашны олон сонин содон зан үйл, ёслолыг үйлдэв.

Монголчууд бид хэдийгээр эртнээс Бурханы шашинтай ард түмэн боловч Австрали тивийнхний тэмдэглэж буй дүйчин өдрийн зан үйл бүхэн сонирхлыг эрхгүй татна.

Тухайлбал Брисбэний Орчин үеийн урлагийн галерейд болсон Бодь модны адислал. Будда дор нь сууж гэгээрэлд хүрсэн Бодь модны мөчрөөс салаалуулан ургуулсан тарьцыг 2008 онд Квийнслэндийн хөрсөнд тарьсан нь жилээс жилд урган цэцэглэж байгаа юм байна. Тэр хэрээр Бодь модны навчийг адислах ёслолын үнэ цэнэ өсөх болно гэж фестивалийг зохион байгуулагчид таамаглаж байгаа ажээ. Жил бүр 200 мянган жуулчин “Buddha birth day” фестивалийг үзэхээр Брисбэнийг зорин ирдэг гэсэн статистик байдаг юм билээ. Нэг ёсондоо Буддын шашны зан үйл, соёл, урлагийг жуулчдыг татах хэрэгсэл болгож чаджээ. Энэ бол яах аргагүй Квийнслэнд муж болон Брисбэн хотын удирдлагуудын ухаалаг бодлогын үр дүн. Нөгөө төлөөр Австралид олноор суурьсан хятадуудын овсгоо, самбаатайнх. Австралийн нийгэм, эдийн засгийн олон салбарт ягуухан байр сууриа эзэлж байгаа хятадууд тус улсын соёл, урлагийн салбарт өөрсдийн нөлөөг бэхжүүлэхээр тэмүүлж байгаагийн тод жишээ нь “Buddha birth day” фестиваль гэж хэлж болох юм. Энэхүү фестиваль бүхэлдээ Хятадын соёлыг сурталчилж, хятадуудын бизнесийг дэмждэг ажээ. Фестивалийн агуулга тэр чигтээ Буддын шашинтай  холбоо бүхий хятад үндэстний уламжлалт зан үйл. Түүнчлэн Хятадын гардан тулааны урлаг, күнфүгийн үзүүлбэрийг ч фестивалийн хөтөлбөрт багтаасан байв.

Монголчууд бид Бурхан багшийн мэндэлсэн өдрийг Их дүйчин өдөр хэмээн нэрлэж, сүм хийдэд ном хуруулах, буян үйлдэх, мацаг барих гэх мэт явцуухан зан үйлийн хүрээнд тэмдэглэдэг. Гэтэл Австралид үүнийг аялал жуулчлалын брэнд болгож чаджээ.

Буддын шашны уламжлалт зан үйлээс гадна бясалгалын хичээл, буддизмын тухай лекц, цагаан  хоолтны өдөрлөг, хоолны баяр, уламжлалт болон орчин үеийн урлагийн тоглолт, бэлэг дурсгал болон хоол хүнсний худалдаа гээд олон арга хэмжээг хөтөлбөртөө багтаасан байв. Тэрчлэн гэр бүлээрээ ирсэн хүмүүс амарч тухлах орчныг бүх талаар бүрдүүлсэн нь юм юмханаас мэдрэгдэнэ. Фестивалийн сүүлийн өдрийн орой Брисбэн голоор хөвөх усан онгоцон дээрээс ёслолын буудлага буудсан нь олны цөсийг хөөргөсөн оргил агшин байв. Ёслолын буудлагаар фестиваль өндөрлөсөн ч брисбэнчүүд “Southbank Parkland” цэцэрлэгт хүрээлэнгээсээ явахыг нэг их яаралгүй голын хөвөөгөөр зугаалж, зүлгэн дээр хэвтэх нь хэвтэж, хүүхэд багачуудаа тоглуулж, задгай талбайд болж буй Нора Китчел хэмээх дуучин бүсгүйн амьд тоглолтыг үзэх нэг нь үзэж, ёстой л баярласан шиг баярлаж, амарсан шиг амарч байв. Брисбэнийхэн цаанаа л нэг  тайван амгалан, элэгсэг найрсаг хүмүүс. Брисбэн хүн амын тоо болон бусад үзүүлэлтүүдээрээ Сидней, Мельбурны дараа орох Австралийн гурав дахь том хот. Австралийн хүн амын 60 гаруй  хувь нь христийн шашинтай бөгөөд 2.5 хувь нь буддистууд ажээ. Хүн амд эзлэх тооныхоо олноор болдогсон бол тус улсад христийн шашны баярууд илүү олныг хамарч, гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татдаг баймаар. Гэтэл үгүй ажээ. Буддын шашинтнууд хамгийн цөөн Австрали тивд Буддагийн мэндэлсэн өдөрт зориулсан хамгийн том фестивалийг 20 жилийн турш зохион байгуулж иржээ. Монголчууд бид сар гаруйн дараа Бурхан багшийн их дүйцэн өдрийг тэмдэглэнэ. Сүсэгтэн олон Гандандаа очиж ном уншуулна, зул өргөнө. Зарим нь ганц орой махан хоол идэлгүй мацаг барина. Бөхийн өргөөнд ч юм уу, Буянт ухаагийн спорт цогцолборт лам нар төлбөртэй ном хурж магад. Ингэсгээд л өнгөрдөг энэ өдрийг үндэсний их баяр наадмаас дутахгүйгээр аялал жуулчлалыг татах арга хэмжээ болгох боломжтой. Дашрамд дурдахад улс орнууд Буддагийн мэндэлсэн өдрийг өөр өөр өдөр тэмдэглэдэг. Тухайлбал Зүүн Азийн ихэнх оронд сарны тооллын дөрөвдүгээр сарын шинийн найманд, Энэтхэгт тавдугаар сарын 10-нд, Японд аргын тооллын дөрөвдүгээр сарын 8-нд гэх мэтээр ялгаатай байдаг ажээ.

Улаанбаатар-Брисбэн. 2017 оны дөрөвдүгээр сарын 28.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...