Thursday, November 21, 2024

Их цагаан сүлдтэй энх төрийн наадам

Date:

Нийтлэлч Г.Сонинбаяр

“Ээдрээ” жүжгийн тугийг нь зээлсэн нь

Энэ жил есөн хөлт Их цагаан туг 30 дахь жилдээ Төв цэнгэлдэхэд заларна. Гэхдээ 1990 онд анх Төв цэнгэлдэхэд заларсан есөн хөлт цагаан туг нь УДЭТ-ынхан “Ээдрээ” жүжигтээ зориулан бүтээсэн туг байжээ. Мэдээж хожим нь Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль батлагдсанаар эдүгээгийн есөн хөлт Их цагаан тугийг бүтээн залсан байна.

Эзэн Чингисийн үеэс эрхэмлэн дээдэлж ирсэн төрийн есөн хөлт Их цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залж, Монгол Улсын Ерөнхийлөгч цагаан эсгий дээгүүр алхан индрийн өмнө тусгайлан зассан тавцан дээрээс түмэн олондоо хандаж үг хэлснээр Монгол төрийн их цэнгэл, Ардын хувьсгалын ой, Үндэсний баяр наадам эхэлдэг. Наадмын нээлтийн ёслол хүндэтгэлийн тоглолтыг жил бүр өөр өөр найруулагч дэглэн тавьдаг ч дээр өгүүлсэн нэн хүндэтгэлт, ёслол төгөлдөр зан үйл хөдлөшгүй хөтөлбөр болж тогтсон юм. Есөн хөлт Их цагаан тугаа залахыг харж, Ерөнхийлөгчийнхөө үгийг сонсох гэж наадамчин олон жил бүрийн долдугаар сарын 11-ний өглөө Төв цэнгэлдэх хүрээлэндээ хуран цуглаж, эс бөгөөс өргөө гэрийнхээ хойморт залсан цэнхэр дэлгэцээ ширтэн суудаг болсоор 30 жилийг үджээ. Монгол наадмын нээлтийн ёслолын хэчнээн үзэвч уйддаггүй энэ сүрлэг сайхан бөгөөд утга төгөлдөр дэглэлтийг анх санаачилж, найруулан тавьсан хүн нь ард түмэндээ Арслангийн дүрээрээ хайрлагдан мөнхөрсөн, нэрт найруулагч Гүрсэдийн Доржсамбуу агсан юм.

Ардчилсан Монголын анхны наадмын автор

1990 оны цагаан морин жилийн үндэсний их баяр наадмын нээлтийг найруулах хүндтэй үүрэг нэрт найруулагч Г.Доржсамбууд ногджээ. Ардчилсан хувьсгал өрнөөд ердөө л хагас жилийн нүүр үзэж байсан үе. Монголчуудын оюун сэтгэлгээнд тэсрэлт бий болж, шинэ, чөлөөт нийгмийн үүд нээгдэн, үндэсний үзэл сэргэж эхэлсэн анхны жилийн наадам. Үзэл сурталжсан нийгмийн улаан туг бүрхсэн хөдөлмөрчдийн сүрт жагсаал, уриа лоозонт баярын парад бус эзэн Чингисийнхээ байгуулсан эртний сурвалжит монгол төрийн их баяр цэнгэлийг төрт ёс, түүх соёл, үндэсний бахархал дүүрэн ёслол төгөлдөр, гүн хүндэтгэлтэйгээр нээх санаа Г.Доржсамбуу найруулагчийн зүрхэнд лугшиж, тархинд нь бүрэлджээ.

Ийнхүү төрийн есөн хөлт Их цагаан тугаа хуяг дуулга агсаж, хүлэг морио унасан баатар эрс Төв цэнгэлдэхэд ёслол төгөлдөр залж, Монгол Улсын Ерөнхийлөгч цагаан эсгий дээгүүр алхалсаар саран дугариг эсгийт индэр дээр гарч түмэн олондоо хандан хүндэтгэл, бахархалын үг айлдан Ардын хувьсгалын 69 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг албан ёсоор нээсэн түүхтэй.

Ардчиллын анхны жилийн наадмын бахархал, омогшил дүүрэн энэхүү нээлтийн талаар нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны  тухай хөрөг, дурсамжийн “Арслан” номд тодорхой өгүүлжээ. Есөн хөлт Их цагаан тугийг залах ёслолын сүр жавхлант хөгжмийг Монголын хөгжмийн урлагийн нэгэн их оргил Нацагийн Жанцанноров зохиож, хөтлөгчдийн унших яруу тансаг найргийн цацал шүлгийг үгийн урлагийн их мастер Бавуугийн Лхагвасүрэн агсан бичсэн билээ. 

Монгол Улсын төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров энэ тухай ийн дурсчээ. “1990 онд П.Очирбат гуай анхны Ерөнхийлөгч болох үед Б.Балжинням Соёлын яамны сайд, би нэгдүгээр орлогч сайд, наадмын соёл урлагийн арга хэмжээг хариуцаж байлаа. Цэнгэлдэх хүрээлэнгийн хөтөлбөрийг Доржсамбууд өгсөн. “Мандухай цэцэн хатан” киноны хувцас, эд хэрэглэл тарж алга болоогүй. Түүнийг ашиглаад манай хүн төлөвлөгөө гаргажээ.

Үндэсний юмнууд гэнэт цочмог хийлээ гэж би хаширлаад хассан юм зөндөө бий. Цагаан эсгийний хоёр талаар аргал асаагаад, утаан дундуур нь Ерөнхийлөгчөө алхууллаа. Очирбат гуай биднээс зөрөхгүй, “Ингээд үү?” гээд л хэнэггүй сайхан. Монголын XV зууны үеийн цэрэг, дайчид Цэнгэлдэх хүрээлэнд гарч ертөнцийн нүд нээгдсэн юм. Туг, харуул, эсгий индэр гээд бүх санаа, шийдэл, найруулга Доржсамбуугийнх. Би хөгжмийг нь л бичсэн ухаантай. Хэн, юу хийснийг хойч үеийнхэн мэдэх ёстой”

Харин Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн 1990 оны наадмын нээлтийн тухай дурсахдаа “Доржсамбуу наадмын найруулагчаар ажиллахдаа текст, шүлгүүдээ намайг бич гэсэн. Үг, санаа их нийлдэг болохоор ам, ажил зөрөөгүй. Чингис хаан морьтойгоо давхидаг хэсгийг ч тэр л сэдсэн. Одоо ч түүнийхээр л яваа. Анхдагч болсон Доржсамбууг дурсахгүй байгаад дургүй хүрдэг. Дурсаж чадахын тэнхэлгүй болно гэдэг бол амьдаараа мөхөж байна л гэсэн үг” хэмээжээ.

Арслан Доржсамбуугийн хаан сэтгэлгээ

1990 оны долдугаар сар. Ардчилал хөлд орох яагаа ч үгүй, арайхийн дөнгөж “хэлд орж” байсан үед есөн хөлт Их цагаан тугийг хэрхэн “бүтээж” Төв цэнгэлдэх хүрээлэнд залсан нь сонирхолтой. 1986 онд “Ээдрээ” жүжгийг ардын жүжигчин Б.Мөнхдорж шинэчлэн найруулж тавихад ардын зураач Ч.Гунгаасүхийн хийсэн Есөн хөлт цагаан тугийг Г.Доржсамбуу найруулагч “Хоёр өдөр хэрэглээд өгье” хэмээн гуйж авч наадмын нээлт, хаалтын ёслолд ашигласан ажээ. Наадмын дараа Г.Доржсамбуу найруулагч “Бөхчүүд бүгд туганд мөргөөд сүртэй байсан шүү” хэмээн ярьж байжээ. Энэ тухай УДЭТ-ын үйлдвэр ангийн дарга, соёлын тэргүүний ажилтан Ч.Ранаажавын дурсамж “Арслан” номд орсон бий.

1990 оноос өмнөх улсын баяр наадмын нээлтийн ерөнхий хөтөлбөр нь Төв цэнгэлдэхэд шүхэрчид буух үзүүлбэр, хүүхдийн гимнастик, баярын парад алхаж бөмбөлөг хөөргөх төдий л байв. Ийм тогтсон хэв маягийг гэнэт эвдэж наадмын нээлтээр есөн хөлт цагаан  тугийг хөө хуяг өмсч, зэр зэвсэг агссан хүлэг баатрууд хүндэтгэлтэйгээр залж, сүрлэг цагаан дээлтэй Чингис хаан морьтой давхин гарч ирсэн нь наадамчдыг ёстой л гайхашруулж, бас баяр бахдал, омогшлыг нь төрүүлсэн юм. Хэлэх гэсэн санаа нь тодорхой, үйл явдал нь цомхон бөгөөд сүрлэг ийм нээлтийг өөр хэн ч биш найруулагч Г.Доржсамбуу л хийх байсан, хийж ч чадсан юм. Монгол төрийн их баяр наадмын нээлтийн ёслол ийнхүү Арслан Доржсамбуугийн хаан сэтгэлгээгээр анх амилж, эдүгээ хүртэл тасралтгүй үргэлжилсээр ажгуу. Өнө хожмоо ч энх төрийн их баяр наадам нэрт найруулагчийн сэдэж дэглэсэнчлэн эзэн Чингис хааныхаа Их цагаан тугийг залснаар ёслол төгөлдөр эхэлсээр байх бизээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...