Япончууд энэ асуултыг өөрсдөдөө тавьж байгаа гэнэ. Эмх цэгц, дэг журам, уламжлалт ёс заншлаа хатуу баримталдаг япончууд БНХАУ-д дэгдсэн энэ шинэ вирусийн тархалтыг маш анхааралтай ажиглаж, хянаж байгааа аж. Япон улс 2020 оны зуны олимпыг зохион байгуулах бэлтгэлээ нягт, шаргуу базааж байгаа ч коронавирусийн дэгдэлт тооцоолоогүй эрсдэл, хүндрэл үүсгэх вий гэж болгоомжилж эхэлжээ.
Шинэ вирусийн гол төв болсон Ухань хотод болох байсан боксын тэмцээн цуцлагдаж, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Нанжин руу шилжсэн зэрэг нь спортын ертөнцийнхнийг цочирдуулж буй. Хүн төрөлхтний спортын их наадам зуны олимпыг тэсэн ядан хүлээж буй хүмүүсийн хувьд энэ бол таагүй мэдээ. Вирусийн тархалт буурахгүй бол, халдварын эрсдэл нэмэгдсээр байвал Токиогийн зуны олимп үзэгчгүйгээр зохион байгуулагдах уу? Ийм таагүй нөхцөл байдалд хүрэхгүй байх гэдэгт япончууд итгэж байгаа гэнэ.
Япон улсад коронавирусийн халдварын ганцхан тохиолдол илэрсэн боловч энэ өвчний дэгдэлт нь зуны наадмыг үзэхээр хүлэээж буй сая сая жуулчдад халдвар авах эрсдэл үүсгэж байгааг онцолж буй юм.
“Токиогийн олимпод ямар нэгэн төрлийн халдварт өвчин гарч болзошгүй тул бид маш болгоомжтой хандах хэрэгтэй” гэж Японы Халдварт өвчин судлалын холбооны ерөнхийлөгч Казухиро Татеа хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. Мөн тэрбээр “Олимп зэрэг асар олон хүн нэг дор цуглардаг тэмцээн уралдааны үеэр халдварт өвчин, эмэнд тэсвэртэй бактерийн халдварлах эрсдэл нэмэгддэг” гэдгийг нэмж онцолсон байна.
Коронавирус Токиогийн олимпод нөлөөлөх үү?
Date: