Sunday, April 13, 2025

Ц.Гантулга: Олигархижсан, авлигажсан төрийг засаж залруулахын тулд ардчиллын төлөөх намууд нэгдэх хэрэгтэй

Date:

Ард түмнээс бодитой дэмжлэг авч, өөрийн үзэл баримтлал, үйл ажиллагаа, зохион байгуулалт гээд олон талаараа ялгарч байсан Шинэ нам АН-тай нэгдсэн нь олны анхаарлын төвд байна. Тиймээс энэ талаар Цэндсүрэнгийн Гантулгатай ярилцлаа.

-Богино хугацаанд олны дэмжлэг авч чадсан Шинэ нам АН-тай нэгдэх болсон нь зарим талаар гэнэтийн шийдвэр мэт санагдсан байх. Гэвч энэ нь өчигдөр шийдээд өнөөдөр нэгдэх болсон хэрэг биш болов уу. Та нам тэргүүлж байсан хүний хувьд байр сууриа илэрхийлнэ үү?

-Шинэ нам олон мянган гишүүнтэй, ард иргэдийн чамгүй дэмжлэгтэй улс төрийн хүчний хувьд өнөөдөр гэнэт шийдвэр гаргаад маргааш нь АН-тай нэгдчихээгүй. Гишүүд, дэмжигчидтэйгээ хэлэлцэж, бодож боловсруулж байж угшил нэг, үзэл баримтлал ойролцоо АН-д нэгдсэн. Шинэ намд олигархи бүлэглэлээс болон төрийн өндөр дээд албан тушаал дамжсан ямар нэг төлөөлөл байгаагүй. Хэн нэгний ч дэмжлэггүй, жинхэнэ бор зүрхээрээ зүтгэж яваа нэр цэвэр хүмүүсийн нэгдэл юм. Энд ард иргэдээс дэмжлэг авсан Төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоод, эрдэмтдийн төлөөллөөс бүрдсэн улс төрийн хүчин учраас богино хугацаанд иргэдийн дэмжлэг авч чадсан. Хоёр нам 2019 оноос хойш туурга тусгаар болж, УИХ-ын хоёр, орон нутгийн хоёр, Ерөнхийлөгчийн нэг гээд нийт таван сонгуульд тусдаа оролцсон. Энэ хугацаанд Шинэ нам хоёр сонгуулиар нийт ард иргэдийн таван хувийн дэмжлэг авсан. Хамгийн гол нь Шинэ намын эрдэмтдийн тооцоо судалгаанд үндэслэн гаргасан онол, хуулийн төслүүдийг гудамжнаас ч юм уу, цөөн бүлээр хэрэгжүүлэх боломж хомс байна. Олигархижсан төр хүчтэй байхад бид эвсэж нэгдэж байж энэ бүхнийг хийх ёстой. Тийм учраас энэ бүх санал санаачилга, хуулийн төслүүдээ АН-тай хамтран хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн.

-АН, Шинэ хоёр улс төрийн хүчин үзэл баримтлалын хувьд ойролцоо, угшил нэгтэй учраас хамтраад явахад зөрчилдөх зүйл байхгүй байх. Гэхдээ л туурга тусгаар байсан хүмүүс үзэл бодлоор зөрчилдөх болов уу?

-АН-д шударга, зарчимч олон мянган хүн байгаа гэдэгт итгэдэг. Нөгөө талаар АН бас шинэчлэгдэж байна. Ийм үед нь Шинэ нам өөрийн хийж бүтээсэн төсөл хөтөлбөрөө нэмэрлэж, үндэсний ардчиллыг хөгжүүлж, ардчиллаа аваръя. Шинэ намын үндсэн суурь зарчим бол үндэсний ардчилсан /либерал консерватив/ үзэл санааг л Монголын хөрсөн дээр буулгах зорилготой улс төрийн хүчин. Жижиг үндэстэн бол үндэсний ардчилсан үзэл санаатай байх ёстой. Энэ утгаараа аливаа үндэстэн олон үзэл санаанд хуваагдах нь сайн зүйл биш. Цагтаа АН-ын удирдлагууд ардчиллын төлөө таван намыг нэгтгэн тэмцэж байсан. Өнөөгийн удирдлага ч АН-ын шинэчлэлийн төлөө, ардчиллын төлөө, энэ улс орны төлөө гэсэн чин сэтгэлээр зүтгэж, энэ зүгт бусдыг уриалж байна. Ийм цаг үед нь үзэл бодол, итгэл үнэмшлээрээ дэмжих нь бидний үүрэг гэж ухамсарлаж ирсэн. Саяхан АН-ын 35 жилийн ойн баяр тохиолоо. Ингээд харахаар 35 жил гэдэг бага хугацаа биш ч  хүнээр бол ид хийж бүтээх идэрхэн насандаа ирчихжээ. Ийм л торгон ирэн дээрээ байгаа учраас бид үзэл санаа, хийе бүтээе гэсэн сэтгэлээ нэгтгэн улс орныхоо төлөө зүтгэхээр эвсэн нэгдсэн.

-Шинэ нам нийгмийн дэмжлэгтэй болчихсон, Улс төрийн намын тухай хуулиар төрөөс санхүүгийн дэмжлэг ч авах учраас дангаараа улс төр хийгээд явж болох байсан болов уу гэх хүмүүс бий. Таны хувьд?

-Таны хэлж байгаа шиг дангаараа оршин тогтнож болох байсан уу гэвэл болох байсан. Гэвч том агуулгаар нь харахаар өөр зүйл. Ард түмнээ хүчирхэг байлгах нь ардчилсан төрийн туйлын зорилго байдаг. Энэ зорилгыг биелүүлэхийн тулд  ШИНЭ нам, АН-даа нэгдэж бүтэн зүтгэхээр ирсэн. АН эв нэгдлийг эрхэмлэн, ард иргэдийн итгэлийг олж, удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль, цаашлаад 2028 онд төрийн жолоог атгахын төлөө ардчиллын төлөөх бусад намуудыг нэгтгэж чадна гэдэгт итгэж байгаа. Үүнийг намын удирдлага ч хийж чадна гэдэгт итгэл дүүрэн байна. Иймд нэг намын дарангуйлаас ангижирч ардчиллын суурь болсон хүний амьд явах, эрх чөлөөтэй байх, өмч хөрөнгөтэй байх, эрхийг хамгаалахын төлөө “дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг” байж устах аюулд ороод байгаа ардчиллаа хамтдаа аварцгаая гэж нэгдсэн. Сонгуульд ард иргэдийн тодорхой дэмжлэг авсан нам эвсэл төсвөөс санхүүжих хуультай. Энэ хуулийн дагуу Шинэ нам өнгөрөгч сонгуулиар иргэдийн 4.9 хувийн дэмжлэг авсан учраас төсвөөс 350 орчим сая төгрөгийг жил тутам авна. Тэгэхээр бид АН-д санхүүтэйгээ, бүтэцтэйгээ, онолтойгоо, улс орноо аврах улс төр, эдийн засгийн бодлоготойгоо,  эрдэмтэдтэйгээ, үзэл санаатайгаа, өнгөрсөн зургаан жилийн турш хийсэн маш олон тооцоо судалгаатайгаа очиж байна гэсэн үг. Шинэ нам, АН-д нэгдсэнээр Монгол Улсад ардчилал шинэчлэгдэж, шударга ёсны жигүүр бүтэн болно.

-Шинэ намаас эхлүүлсэн нэг том ажил бол Тавантолгойн ордыг ард иргэдэд эзэмшүүлэх байсан. Зөвхөн нэг ордоор хязгаарлагдахгүй “Баялагийн хувьсгал” гэсэн том ажил өрнөсөн. Үүнийг цааш яах вэ?

-Шинэ нам “Баялагийн хувьсгал” гэсэн бодлого боловсруулж, 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд “Эрдэнэс Тавантолгойн хувьцааг иргэнд өмчлүүлэх” хуулийн төслөө танилцуулж, 110.000 гаруй иргэнээр дэмжүүлж чадсан. Үүний үндсэн дээр манай хуульчид эрдэмтдийн баг хуулийн төсөл боловсруулсан. Харамсалтай нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарт удаа дараа шахалт шаардлага хүргүүлсэн ч энэхүү хуулийн төсөл дэмжигдээгүй. Гэхдээ 2012 оноос хойш төрсөн 900 гаруй мянган хүүхдэд өгөх ёстой 1072 хувьцааг “амилуулж” чадсан нь бас нэг амжилт. Энэ бол бага ч гэсэн баялгаасаа иргэн нь адил тэгш хүртэх боломжийг нээсэн, цаад утгаараа том асуудлыг хөндөж, эхлүүлж чадсан гэж боддог. Үүнийг эрх баригчид хийхийг огт хүсэхгүй байгаа ч одоо парламентад 40 гаруй суудалтай, Засгийн газарт хамтарч байгаа АН-тай нэгдсэн учраас бодит ажил болгохын төлөө явна. Шинэ нам байгуулагдсан цагаасаа тэмцлийн замаар  улс төр, эдийн засагт бий болсон алдаа завхралыг арилгахад хангалтгүй гэж үзэн эгнээгээ эрдэмтэн мэргэдээр бэхжүүлж, улс орныг төрийн тогтооцооны хувьд, улс төр, эдийн засгийн хувьд, хүний эрх, эрх чөлөөг, дэлхийн хөгжилтэй улс орны хэмжээнд хөгжүүлэх гарц гаргалгааг дэвшүүлсэн “Шинэ хувьсгал” хэмээх бүтээлийг гарган нийт ард түмэндээ таниулан ойлгуулах, соён гэгээрүүлэх ажлыг тасралтгүй хийсээр ирсэн.

-Төрийн тогтолцооны хувьд ч шинэ хувьсгал өрнүүлэх хууль боловсруулсан. Энэ цаашид хэрэгжих боломжтой юу?

-Ардчилсан нийгэмд сонгууль бол тогтолцоог өөрчлөх цорын ганц зам гэдэгт итгэдэг. Бид АН-д нэгдсэнээр улам хүчирхэг болж, хувьсгалаа өрнүүлэх боломжтой болно. Монгол Улсын иргэдийг сайн сайхан амьдруулахад ганц эдийн засгийн эрх чөлөө хангалтгүй учир улс төр, төрийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Тиймээс сонгодог хоёр танхимтай парламент бүхий УИХ-тай, шүүхийн тогтолцоог ард түмний хяналтад өгөхийн тулд Тангарагтны шүүхийг бий болгох, засгийн эрхийг ард түмний мэдэлд өгөх гэх мэт шийдэл бүхий “Их засаг” Үндсэн хуулийн төслийг санаачлан, ард иргэддээ танилцуулсан. Эрх баригчдад ч танилцуулсан. Даанч өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөж байсан учраас авч хэлэлцэхийг хүсээгүй. Та бүхний оролцоотойгоор бид байгуулагдсан цагаасаа нийгэмд шударга ёсыг тогтоох, байгалийн баялагийн тэгш хуваарилалт, үндэсний шинэ мөнгөний бодлоготой болох, аж ахуйн нэгжийг татварын дарамтнаас чөлөөлөх шийдэл, дарангуйлал бүхий Үндсэн хуулийг цогцоор нь шинэчлэхээр ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, эрдэмтэд судлаачидтайгаа хамтран боловсруулсан зүйлсээ ажил хэрэг болгохын төлөө тууштай явна. Өнөөдөр нэг намын дарангуйлал тогтох бодит аюул нүүрлээд байгаа учраас бид нэгдэж эвсэж үүнийг халах ёстой.

-Та бүхний ард иргэдээ ядуурлаас гаргах, үйлдвэрлэлтэй болох зэрэг олон дэвшилтэт санаачилга нь ажил хэрэг болоогүй ч иргэдийн итгэлийг ч тэр, хийе бүтээе гэсэн олон хүний хүслийг өрдөж өгсөн. Энэ галыг унтраахгүйгээр ажил хэрэг болгох нь чухал болоод байна?

-Энэ галыг унтраахгүй, улам бүр өрдөж асаах ёстой. Бид үүнийг зүгээр нэг санаанаасаа зохион гаргаж ирээгүй. Шинэ намын дэргэдэх эрдэмтэн судлаачдын тооцоо судалгаанд үндэслэн гаргаж, боломж байгааг хамтраад хийе гэж ард иргэддээ, эрх баригчдад ч танилцуулсан. Даанч төрөөс дэмжлэг аваагүй. Зөвхөн Тавантолгой ордод түшиглээд үндэстэн дамжсан корпораци байгуулах хэрэгтэй. Үндэстэн дамнасан корпораци байгуулж, иргэдээ байгалийн баялгийн жинхэнэ эзэн болгож, байгалийн баялгийн өгөөжийг хүртдэг болгох, ард иргэдээ ядуурлаас гаргах ажлаа хийх зорилго хэвээрээ байгаа учраас цаашид тэмцэнэ. Үндэстэн дамжсан корпорацитай болохгүй бол хэдхэн олигархиудыг баяжуулсаар байх болно. Мөн орд газруудаа түшиглээд полимер-химийн үйлдвэр байгуулж чадвал нүүрсээ боловсруулаад шатахуун, барилгын материалын түүхий эдүүд, хуванцар, мяндас, хулдаас, цавуу гэх мэт 10 мянга гаруй төрлийн түүхий эд гарган авах боломжтойг манай эрдэмтэд гаргаж ирсэн. Эдгээр түүхий эдээс хамгийн наад зах нь айл өрхүүд гутлын цавуу, мяндсан олс гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэн, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх боломжтой. Өрх айл болгон полимер-химийн үйлдвэр байгуулах санхүүгийн боломж байхгүй учир төр засаг нь бодлого, стандарт, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд л ААН-үүд нь хамгийн сүүлийн үеийн технологи, хүчин чадал бүхий дунд оврын үйлдвэрийг оруулаад ирэх боломжтой. Гэтэл Монгол Улс Хятадын түүхий нүүрсний хэрэглээг хангах төдийхөн бодлого баримтлан, хилийн боомтод ачиж буулгах хүчин чадлаа нэмэгдүүлэн, жилд экспортлох хэмжээг нэмэгдүүлэх тухай ярьж байгаа нь харамсалтай.

-Нэг намын дарангуйлал тогтлоо гэж байна. Энэ хэрээр авлига, албан тушаалын асуудал газар авлаа. Үүнийг яах ёстой юм?

– Өнөөдөр төрийн дээр нам гарчихсан, намаар дамжуулан албан тушаалын наймаа явдаг. Албан тушаалаар дамжин авлигын сүлжээ бий болчихсон. Улс төр, бизнес бүлэглэлийн гар хөл шүүх засаглал бүгдийг нь атгаж байгаа энэ цагт ард түмэн ядуу, улс орны амьдрал уруу дорой байхаас өөр аргагүй. Энэ бүхнийг ардчиллын төлөөх намууд хамтарч өөрчлөх цаг нь эрт болчихсон. Үндсэн хуулиа шинээр бичиж, төр, нийгмийнхээ тогтолцоог өөрчилсөн цагт буруу замаар явж байгаа улс орныхоо хувь заяаг засаж чадах юм. Шинэ нам АН-тай нэгдсэнээр манай эрдэмтдийн боловсруулсан хувьсгалыг хийх боломжтой болно. Үүнд төрийн тогтолцооны хувьсгалыг зайлшгүй хийх шаардлагатай болчихсон. Би энэ тухай дээр дурдсан. Өнөөгийн хамгийн эмгэнэлтэй жишээ бол ард түмний итгэлийг олж авсан улстөрчид зарим нэг эрх мэдэлтэнүүд, сайд дарга нар, тэр ч бүү хэл төрийн өндөрлөгүүдийн дунд авилга цэцэглэж, баяжих уралдаан явдаг болсон, өмч хөрөнгийн төлөөх тэмцэл үй зайгүй өрнөх болсон. Үүнийг төрийн тогтолцоо, улмаар шүүхийн шинэчлэл гэсэн хувьсгал өрнүүлж байж сая байхгүй болгоно. Бидний нэг том зорилго бол засаглалыг өөрчлөх явдал учраас цаашид үүний төлөө явна.

-Ингэхэд Шинэ нам хичнээн гишүүд, дэмжигчтэй байсан юм бэ?

-Бид өнгөрөгч хугацаанд шударга ёсны төлөө тэмцэхийн зэрэгцээ төрийн шинэ тогтолцоо, эдийн засгийн болон баялагийн хувьсгал, шинэ мөнгөний бодлого зэрэг онол ном, үзэл баримтлал боловсруулсан. Үүнд итгэл үнэмшлээ өгч намд нэгдсэн 30 гаруй мянган гишүүд дэмжигчдээ үнэмлэхжүүлсэн. Үүнээс гадна иргэний нийгмийн байгууллагууд, шударга ёсны төлөөх Төрийн бус байгууллагууд ч дэмжиж ирсэн юм. Сая болж өндөрлөсөн Их хуралд 21 аймгийн 17 аймгаас болон есөн дүүргээс 1000 гаруй төлөөлөгч оролцож, АН-тай нэгдэх нь зөв хэмээн нийт төлөөлөгчдийн 99,3 хувь нь санал нэгдсэн. 

-Шинэ намыг Л.Болд, Ж.Батзандан нарын хамааралтай гэж холбох нь бий. Гэтэл энэ хоёр намын үйл ажиллагаанд оролцож харагддаггүй нь ямар учиртай байсан юм?

-Огт тийм зүйл байхгүй. Л.Болд, Ж.Батзандан нарын хувьд Шинэ намыг үүсгэн байгуулагч 801 хүний хоёр нь байсан уу гэвэл байсан. Харин 2020 оны сонгуульд ялагдал хүлээсэн учраас дүрмийн дагуу хариуцлага хүлээгээд намаас явсан. Тэр цагаас хойш Шинэ намд хамааралгүй болж, бид цоо шинэ баг хамт олон эрдэмтэн судлаачдын хамт үйл ажиллагаа явуулж ирсэн.

Эх сурвалж: С.Ууганбаяр, “Өглөөний сонин”

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан” үндэсний музейд 38,6 сая хүн нэгэн зэрэг “зочлов”

АНУ-ын алдарт YouTuber, стример IShowSpeed буюу Даррен Уоткинс Жр...

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Засгийн газрын хуралдаан...

Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй...